Хамгийн ядуу Ерөнхийлөгч

sssssssssss   Буркина-Фасо улсын Ерөн­­хийлөгч Тома Исидор Ноель Санкара армийн ахмадад олгодог сарын 345 ам.долларын цалингаараа амьдарч, Ерөнхийлөгчийн 2000 ам.долларын цалингаа өнчин, ядуусын санд хан­дивладаг байжээ. Түүнийг нас барсны дараахан хувийн хамгийн том эд хөрөнгө гэх зүйлсэд нь засагт гарахаас өмнөхөн худалдаж авсан хуучин “Пежо”, хөлдөөгч нь эвдэрсэн хөргөгч, гурван гитар, дөрвөн унадаг дугуй л тоологдсон гэдэг. Санкара улс орноо нийгмийн эхлэлээс нь удирдаж байсан бөгөөд өрөөндөө агааржуулагч тави­хыг ч хориглодог нэгэн байв. Учир нь тэрбээр ийм тансаг зүйл өрөөндөө тавьчихвал хүмүүсийн өмнө ичгэвтэр гэж үздэг байлаа.

Тэрээр Африкийн бусад удир­даг­чид гайхалтай үлгэр жишээ болж чадсан юм. “Африкийн Че Гевара” хочит энэ Ерөнхийлөгч харам­сал­тай нь хамгийн дотны нөхөр, ойрын зөв­лөхдөө алуулсан ч ард түмнийхээ дунд амьд домог болж чадсан билээ.

Санкара болон түүний ойрын 12 туслахыг Ерөн­хийлөгчийн найз гэг­дэх Блез Компаорегийн зо­хион байгуулсан төрийн эр­гэл­тийн үеэр хөнөөж, цогц­суудыг нь нэргүйгээр булсан аж. Гэтэл тун удалгүй тэд­нийг оршуулсан газар эр­гэл мөргөлийн гол объект болжээ.

Санкара дөрвөн жил нийгмийн хувьсгал хийхдээ Аф­рикийн нэгэн жижиг улсыг танигдахын аргагүй болтол өөрчилж чадсан юм.

Офицер, гитарчин, байкер

Санкара 1949 онд өөр өөр омог аймгаас гаралтай гэр бүлд төржээ. Үүний улмаас Тома мосси омгийнхон дундаа шоовдорлогдсон хүүхэд болгоход нөлөөлсөн байна. Эцэг эх нь Томаг католик сүмийн гэгээнтэн болгохыг хүсдэг байсан ч тэр хорвоогийн сайн сайхны төлөө тэмцэхээр шийдэж, 19 насандаа цэргийн хүн болжээ. Удалгүй тэрээр амжилтад хүрч жилийн дараа гэхэд Мадагаскарт офицеруудын сургуульд элсэв.

Энд тэрээр 1971, 1972 онд болсон ард түмний хоёр ч бослогын гэрч болсон нь ирээдүйн хувьсгалчийн улс­­­­төрийн үзэл бодолд бат нө­лөөл­жээ. Эх орондоо ир­мэгцээ Санкара Уагадугу орны нийслэлд амархан алдар­шиж чадлаа. Залуу офицер, дээрээс нь муугүй гитарчин Тома “Tout-a-Coup Jazz” хамтлагт тоглож, байкерын хорхойтон бол­жээ.

1976 онд Санкара ту­шаал дэвшиж, Армийн командлалын сургуулилтын төвийн командлагч болов. Гэхдээ энэ нь нэрт команд­лаг­чийг улстөрийн амьдралаас хол цөлсөн хэрэг байлаа. Тус лагерьт Тома Анри Зонго, Жан-Баптист Букари Лингани, Блез Компаоре зэрэг санаа нэгдсэн нөхөдтэйгөө танилцаж, “Ком­му­­­­нист офицерүүдийн бү­лэглэл” байгууллагаа бай­­­гуул­­­жээ. Тухайн үед Аф­­ри­кийн орнуудад залуу офице­­рүүд гэдэг хувьсгалын томоохон хүч байсан юм.

Унадаг дугуйтай сайд

1981 оны есдүгээр сард Цэргийн Засгийн газрын мэдээллийн төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Санкара эхний хурал­даан дээрээ унадаг дугуйтай ирж, танхимын нөх­дөө гайхшируулжээ. Гэвч дөрөв­­дүгээр сар гэхэд То­ма цэргийн сөрөг хүчин болж чадав. Харин 1982 оны арваннэгдүгээр сард гарсан цэргийн эргэлтээр Санкара Ерөнхий сайд болов.

Харамсалтай нь тэр Засгийн газрын тэргүүний суудалд удаан сууж чадаагүй. Фран­цын Африкийн асуудал эрхэлсэн зөвлөх, Францын Ерөнхийлөгчийн хүү Жан-Кристоф Миттеран тус улсад ирсний дараахан Санкараг огцруулж, гэрийн хорионд суулгажээ. Дээд Вольтод эзэрхэн суусан Франц улсад Засгийн газрын тэргүүн хэмээх радикал үзэлтэй залуу офицер таалагдаагүй бо­лолтой.

Харин Санкараг огцорсны дараахан Уагадугу дүүргийн ядуу иргэд бослого дэгдээн, хоёр сарын дараа Блез Компаорегийн командлалын гарнизон Францын эсрэг босчээ. Суллагдсан Санкара ч улсынхаа Ерөнхийлөгч болж, Дээд Вольт хэмээх газрыг Буркина-Фасо (Шу­дар­­гуудын газар нутаг) улс болгон нэрийдэв.

Шударга үнэний хувьсгал

33 настай Санкара улс орондоо нэрвэгдсэн авлига, өлсгөлөн, өвчин, бичиг үсэг тайлагдаагүй байд­лыг зогсоох ардчилсан, ардын хувьсгал эхлүүлэв. Юуны түрүүнд тэрээр ом­гийн дайчдаас авдаг алба гувчуур, тариачдын хүчээр, үнэ хөлсгүй ажилладгийг зогсоож чадлаа. Түүнчлэн офицеруудад ховор бараа худалддаг армийн дэлгүү­рийг бүх нийтийнх болгож, эмэгтэйчүүдийн хэлүүг огтолдог, олон эхнэр авдаг эрт­ний уламжлалуудыг халж, жирэмслэлтээс хам­гаа­лах хэрэгслүүдийг ард олондоо тарааж эхэл­­­жээ. Эмэгтэйчүүд эрчүүд­тэй тэгш эрхтэй болж, “Эмэгтэй­чүүдийн өдөр” хэмээх тусгай өдөр ч тэмдэглэдэг болов. Энэ өдөр эрчүүд гэр орны ажлаа хийх үүрэгтэй.

Үүнээс гадна “Эрүүл мэндийн төлөөх тэмцэл” аяны хүрээнд 2.5 сая ширхэг вакциныг хүүхдүүдэд хийж, жижиг түрээслэгчдийн өрийг дарж, хүн амыг татвараас чөлөөлж, Сахарын цөлийн элсний нүүдлээс хамгаалж 10 сая ширхэг мод, бут суул­гасан байна.

Санкара Засгийн газрын мэдлийн бүх “Мерседес” машиныг зарж, тухайн үед хамгийн хямдад тооцогдож байсан “Рено-5” авто ма­шиныг сайд нартаа авч өгчээ. 1986 онд Дэлхийн банк Буркина-Фасо улсыг ав­лигыг ор үндсээр нь устгасан орноор зарлаж байв.

Гэвч Санкарагийн үйл хэрэг хөрш орнуудын улс­төрчдөд, зарим хүмүүст таа­лагддаггүй байсан юм.

Санкарагийн дараа

Санкарагийн эсрэг хуй­вал­­дааныг түүний хамгийн сайн нөхөр гэгддэг Блез Компаоре толгойлж байлаа. Офицер найзуудын зам төд удалгүй салцгаасан. Учир нь Компаорег Засгийн газ­рын томоохон албанд томилогдсоны дараахан ха­­­­­­маа­тан саднууд нь илт баяжиж эхэлжээ. Ерөнхий­лөгчийг хөнөөсний дараа хувьсгалыг хамгаалах олон хороо түүнтэй тэмцсэн боловч яаж ч чадаагүй юм.

Кампаоре Ерөнхийлөгч болмогцоо хамгийн түрүүнд Санкарагийн Уагадугу дүүр­­­гийг сайжруулахаар хад­­­­­­­­галсан мөнгөөр өөртөө “Боинг” онгоц худалдан авчээ. Шорон гяндангууд улс­­­­­­­­төрийн хоригдлуудаар дүүрч, олонх нь эрүүдэн шүүлт даалгүй амиа алдаж байлаа.

Харин Францын төр засаг уг үйл явдлыг ард­чилсан хувьсгал хэмээн нэрлэж, Компаорег төрийн тэргүү­нээр ажиллахад ту­салж бай­сан юм.

Өглөөний сонин

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …