Зуны дэлгэр цаг налайж, газар газрын наадам болж иргэд амралт зугаалгаар ихээр явж байгаатай холбоотой жилийн энэ үед ходоод, нойр булчирхай, бөөр зэрэг хоол боловсруулах эрхтэн системийн өвчлөлүүд ихээхэн нэмэгддэг билээ. Эдгээр асуудлын шалтгаан болон хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл хүргэхээр энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн эмчтэй ярилцлаа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Аюушийн Энх-Амар гэдэг. АУ-ны Доктор, Монгол Улсын Ахлах зэргийн эмч мэргэжилтэй. 2004 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны Их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. 2010 онд ЭМШУИС-д Анагаах ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2015 онд Япон улсын анагаах ухааны Жичи Их сургуульд анагаах ухааны Докторын зэрэг хамгаалсан. Одоогоор АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Дотрын тэнхимд багшилж, мөн эмчийн ажлаа давхар хийж байна.
-Таньтай уулзсан гол зорилго руугаа орцгооё. Монголчуудад тохиолддог түгээмэл өвчин юу байна?
-Хоол боловсруулах замын хавдрын өвчлөл их байгаа. Тэр дундаа элэгний хавдар болон ходоодны өмөн өвчлөл тэргүүлдэг. Сүүлийн үед бүдүүн гэдэсний өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Монголчуудад сүүлийн үед хотын суурьшмал амьдралын хэв маягтай холбоотой, идэж байгаа хоол ундтай холбоотой зарим олдмол өвчлөлүүд ихсэх хандлагатай байгааг судалгаануудаас байнга харж санаа зовинодог болоод байгаа. Үүнд, чихрийн шижин, тулай, цусны даралтихсэх, нойр булчирхайн үрэвсэл гэх мэт. Ялангуяа хоол хүнстэй хамааралтай өвчлөлүүд, тэр дундаа махны хэтэрсэн хэрэглээ, архи дарсны замбараагүй хэрэглээтэй холбоотойгоор тулай өвчин элбэгшиж байгаа.
Тулай өвчин гэдэг нь шээсний хүчлийн давс эрхтэн тогтолцоо тэр тусмаа үенд хуримтлагддаг бодисын солилцооны өвчин юм. Тулай өвчнөөр эрчүүд эмэгтэйчүүдээс хэд дахин илүү өвчилдөг. Үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс цусны даралт ихсэлт, чихрийн шижин зэрэг суурь эмгэгүүд, удамшлын урьтал байдал, шээсний хүчил ихээр үүсгэдэг хэт их уураглаг болон хүчиллэг хоол хүнс (мах, махан бүтээгдэхүүн, махны нитгэл, архи, пиво, вино, ликор, хэт өтгөн цай, кофе) тогтмол ихээр хэрэглэх зэрэг юм. Өвчин гэнэт эхэлж, хүчтэй өвдөлт өгөх ба үе мөчүүдээр халуун оргих, улайх, хавдах том шинжээр илэрдэг. Тулай өвчний сэдрэл нь ихэнхдээ шөнийн цагаар эхэлнэ. Ихэвчлэн хөлийн эрхий хуруу, гарын үеүүдийг гэмтээдэг. Ийм шинжүүд илэрвэл эмчид хандах хэрэгтэй.
-Түгээмэл тохиолддог өвчнүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх нь зүйтэй вэ?
-Саяхан болтол монголчууд махыг өнөөгийнх шиг дөрвөн улирлын турш өдөр бүр хүртдэггүй байсан тухай бид мэддэг. Судалгаа, шинжилгээгээр ч нотлогддог. Дээрх өвчнүүдээс сэргийлэхийн тулд юуны түрүүнд амьдралын хэв маягаа өөрчлөххэрэгтэй.
- Илүүдэл жингээ аль болох бууруулах, өөрт тохирсон дасгал хөдөлгөөн тогтмол хийх хэрэгтэй. Япон, Солонгост эмч нар илүүдэл жинтэй хүнийг эрүүл мэндийн шалтгаанаар жин нь нэмэгдээгүй л бол маш дурамжхан хүлээж авдаг. Өөртөө хайргүй байгаагийн хамгийн тод үзүүлэлт бол илүүдэл жин.
- Мах, махан бүтээгдэхүүнийг тохируулж хэрэглэх, махны нитгэлийг шүүж, идэхгүй байх, хэрэв тулай өвчин оношлогдсон бол гэдэс, дотор мах , айраг зэргийг огт хэрэглэхгүй байх хэрэгтэй
- Архи пиво, виног хэрэглэхээр бол тохируулан, стандарт тунгаар хэрэглэх, хэтрүүлэн хэрэглэхгүй байх
- Хүнсэндээ сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс ногоо түлхүү хэрэглэх
- Өдөрт 250 мл-ээр 8-10 удаа зөөлөн ус ууж байх гэх мэт энгийн дэглэмүүдийг мөрдсөнөөр урьдчилан сэргийлж болно. Эдгээр арга зөвхөн тулай өвчинд биш, хоол боловсруулах эрхтэн системийн бүх асуудлаас урьдчилан сэргийлж чадна. Сүүлийн үед хэлэгддэг болсноор эрүүл хооллолтын аргууд гэх юм уу даа.
Зөвхөн эрүүл хооллолт л чухал гэвэл бас өрөөсгөл болчихно. Сүүлийн үед оюун санаа болон бие махбодийн түвшинд эрүүл байхыг эрүүл байдал гэж тодорхойлдог болсон. Тиймээс сэтгэл санаа, идээ ундаа, явдал мөр гурваа зөв тохируулах хэрэгтэй.
Сэтгэл санааг тайван байлгах, стресст өртөхгүй байх, стресс менежмент хийж сурах, аливаа асуудлыг хэт их бодож өөрийгөө зохиомол депрэсст оруулахгүй байж, тайван байдлаа хадгалах хэрэгтэй. Ингэхийн тулд ямар нэг хоббитой болж, түүндээ цаг заваа зарцуулвал сайн үр дүн үзүүлдэг гэдгийг япончуудын жишээнээс харж болно.
Түүнчлэн зохистой идээ ундаа сонгож сурах нь чухал. Зохистой идээ ундаа гэж өөртөө шаардлагатай байгаа эрдэс бодисоо л авахын тулд хоол хүнс хэрэглэхийг ойлгож болно. Заавал ямар нэг зүйлээс хэтрүүлэн хэрэглэж байж сэтгэл ханадаг бол энэ нь яваандаа өвчин дуудахын эхлэл л болно. Мах идэхгүй, дан ганц ногоон хоолтон болно гээд хэтрүүлэн хэрэглээд уургийн дутагдалд ордог хүмүүс ч цөөнгүй. Тэгэхээр эрдэс бодисын тэнцвэрт байдлыг хадгалж, зөвхөн өөрийн биедээ хэрэгтэй хэмжээ, тунгаар хүртэж сурвал сая эрүүл хоолтон болно. Мөн ус сайн уух нь онцгой ач холбогдолтой бөгөөд шээсний хүчил шүлтийн тэнцвэрийг зохицуулж, өнгө, нягт болон шээсний үнэрт сайнаар нөлөөлнө, өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 2000 мл ус, тэр дундаа болж өгвөл шүлтлэг шинж чанар өндөртэй, зөөлрүүлсэн ус ууж хэвших нь шээсний Рh ийг өглөөд 6.5 аас оройдоо Ph 7.5 хооронд байлгахад тустай.
Гуравдугаарт хэлсэн явдал мөр гэдэгт хөдөлгөөний идэвх, дасгал хөдөлгөөн зэрэг багтдаг. Хүний биеийн булчингийн масс хэвийн хэмжээнээсээ алдагдаж, багасаад ирвэл бас элдэв өвчний үүр уурхай болоод эхэлдэг. Тэгэхээр хүн өөртөө таарсан, таалагдсан дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж, биеэ хөдөлгөж байх хэрэгтэй. Бид чинь амьтан шүү дээ.
Эдгээр гурван хүчин зүйлийг зөв түвшинд тохируулан биеэ авч явахад түгээмэл тохиолдох өвчнүүдээс урьдчилан сэргийлээд зогсохгүй маш их урт наслаж болно.
-Таны ярианд зөөлөн ус гэдэг үгс их анхаарал татлаа. Яаж зөөлөн усыг ялгадаг юм бэ?
Химийн бүтцээр нь авч үзвэл хатуу ус нь кальци, магни болон ион агуулдаг бол зөөлөн усанд эдгээр нь бараг байдаггүй буюу маш бага тунгаар байдаг юм. Зөөлөн усыг ялгахад амархан, энгийн үгээр бол ус крантны усыг ус буцалгагч болон кофе чанагчинд тэр чигээр нь буцалгаж хэрэглэхэд ёроолд нь кальци магнийн хуримтлал үүсч бөөгнөрсөн харагддаг. Байнга хатуулаг өндөртэй усхэрэглэх нь эрүүл мэндэд маш муу бөгөөд бөөр, давсаг зэрэг эрхтэнд чулууүүсэх, хоол шингээлтэнд сөрөг нөлөө үзүүлдэг. Дэлгүүрт зарагддаг цэвэр уснууд дээр Ph буюу хүччиллэг, шүтлэгийн харьцааг нь бичсэн байгаа харагддаг. Тэдгээрээс харж байгаад Ph өндөртэй усыг сонгож хэрэглэвэл шүлтлэг сайтай, зөөлөн ус хэрэглэж байна гэсэн үг.
-Дээр үеийн монголчууд их бие сайтай, баргийн өвчнийг илааршуулж чаддаг, мэдлэгтэй, айхавтар хүмүүс байсан гэдэг. Орчин үеийн анагаах ухаанд хэрэглэгддэг ардын уламжлалт арга бий юу?
-Дээхнэ үеийн монголчууд хий шар бадгана гэсэн ойлголтыг маш сайн мэддэг, аль нэг нь илүүдвэл хоол хүнс болон хөдөлгөөнөөрөө зохицуулан амьдралын зөв хэмнэлтэй амьдарч чаддаг байж. Түрүүн ярьсан тулай өвчнөөр жишээлээд ярья.Хуучны хүмүүс хоол ундандаа хүчиллэг дардаг шүлтлэг ус, хоолны хужраарзөөлрүүлсэн усыг байнга хэрэглэдэг байсан. Эдгээр нь цээж хорсох буюу ходоод улаан хоолойн сөргөө өвчнөөс сэргийлдэг байж. Мөн биед шээсний хүчил хуримтлагдаж ихсэхээс сэргийлж чаддаг байж гэх мэт.
-Ярилцсанд баярлалаа.
news.mn