“Унасан бөхөд шалтаг мундахгүй” гэж монголчууд ярьдаг. Яг л түүн шиг АН-ынхан УИХ-ын сонгуулиар ялагдсандаа одоо ч итгэж чадахгүй, зарим нь өнөөгийн эрх баригчдыг гоочилж эхэлжээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийсэн нь улс, орны хувьд ил дэлгэх ёсгүй байсан зүйл хэмээн УИХ-ын дарга асан З.Энхболд болон хотын захирагч асан Э.Бат-Үүл нар хэлсэн. Түүнчлэн төсвийн бүх мөнгийг бид үрэн таран хийгээгүй гэдгээ ч илэрхийлээд амжсан. УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ хүртэл ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуул, Ерөнхий сайдтайгаа хариуцлага тооц гэх зэргээр өгүүлсэн шаардлагаа МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн.
Гэтэл УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга асан Б.Гарамгайбаатар ч саяхны ярилцлагадаа “Засгийн газар юу хийх ухаанаа олохгүй байна” хэмээн мэдэгдэж орхив.
Тэрбээр “Намайг Эдийн засгийн байнгын хорооны дарга болсны дараа УИХ-ын дарга “Монгол орны эдийн засаг яг ямар түвшинд байна. Цаашид ямар асуудал тулгарахаар байна. Энэ бүгдээс гарах ямар гарц байна” гэдгийг тодорхойлох том ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг нь би ахалж байсан. Тэр дүгнэлтийг УИХ-ын гишүүд гаргаагүй. Эдийн засгийн чиглэлийн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан юм. Тийм ч сайхан эдийн засаг үлдээгээд явчихсан хүмүүс нь МАН-ынхан биш шүү дээ. Ардчилсан намынханд муу муухай бүхнээ нялзаах гээд хэрэггүй. Хамгийн энгийн жишээ хэлэхэд Оюу толгой, Таван толгойгоос сонгуульд зориулж халамж өгөх гэж эх үүсвэргүй мөнгө тараасан гэдэг нь тодорхой байсан. Хэрэв эдийн засгийн асуудал ярих гэж байгаа бол эндээс эхэлж ярих ёстой. Яагаад бонд босгох болов, яагаад УИХ бонд гаргахыг зөвшөөрөв гээд асуултууд урган гарч ирнэ. 2012 онд үнэхээр 17.3 хувийн эдийн засгийн өсөлттэй, тийм хэмжээний санхүүгийн эх үүсвэртэй Засгийн газрыг хүлээлгэж өгсөн бол бондын асуудал яригдахгүй. Тэнэг хүн ч үүнийг ойлгоно. Тийм биш байсан тул бондын асуудал босч ирсэн. УИХ-д бонд босгох асуудал оруулахад таван тэрбум ам.долларын бонд босго гэдэг шийдвэр гарсан. Үүнээсээ эхлээд 1.5 тэрбумаа босго гэж шийдсэн. Одоо хэн нь хэнийгээ буруутгах гээд байгаа юм бэ. Ардын намынхан тэр үед хүчтэй цөөнх байсан… Монгол ардын намынхан сонгуульд санал авахын тулд боловсруулсан өөрсдийн мөрийн хөтөлбөр нь худлаа байсан юм. Ард түмний саналыг худалдаж авсан байна гэдгийг илүү тодорхой болгож байгаа хэрэг… Ардын нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй байх арга замыг хайж буруутанг тогтооход бүх анхаарлаа чиглүүлж байна гэдгийг гадны экспертүүд тодорхой биччихсэн байна лээ. Бодит үнэн ердөө л энэ. Би МАН-ын Засгийн газрыг 100 хоноогүй байхад нь тийм, ийм гэж ярихаасаа илүүтэй мэдэгдэл хийж байгаа хүмүүс нь туйлын хариуцлагагүй байна л гэж хэлэх гээд байгаа юм” хэмээжээ.
Мэдээж эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн хэмээн мэдэгдсэн энэ үед үүний буруутан нь хэн бэ гэдгийг тогтоох нь зөв боловч Ардын намынхан өмнө нь хүчтэй цөөнх байсан гэж суугаа нь даанч өрөвдөлтэй. Учир нь АН ч гэсэн өдгөө бодлогын хувьд хүч сөрөг хүчин байх нөхцөл бүрэн бий. Гэвч тус намынхан гадаадад ертөнц буюу олон нийтэд бурууг МАН-аас хайж байгаа мэт харагдаж байгаа ч дотооддоо бол өөрсдийн алдаа, албан тушаалын төлөөх тэмцэл, фракциудын зөрчилдөөн зэргээс үүдэлтэй гэдгээ хэдийн хүлээн зөвшөөрчихсөн. Тиймдээ ч энэ удаагийн ҮЗХ-ны хурлаараа бүх асуудлыг шийдчих санаатай шинэчлэлийн ажлын хэсгээ байгуулчихсан байгаа. Үүнийг нь зарим хүн бүтэхгүй асуудал гэх нь ч бий. Учир нь одоо хэр нь АН-д оршин буй фракциуд намын даргын суудлын төлөөх тэмцлээ эхлүүлчихсэн. Юун төр, засгийн ажил манатай маргаж яваа.
Тийм байтлаа л УИХ дахь бүлэг нь ямар нэгэн алхам хийж чадахгүй байсаар чуулганы хуралдааныг завсарлуулах цагтай золгосон. Хэдийгээр АН-ынхан бүхий л буруугаа МАН руу чихэж, олон нийтэд таагүй харагдах үйл явцыг ч зохион байгуулсан гэж байгаа ч дотоод асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгааг нь өдгөө бараг хүн бүр мэддэг болсон. Тэгэхээр энэ удаагийн ҮЗХ-ны хурлаар дарга, цэргээ сольсон ч улс төрийн хүрээнд хамгийн сайн байж чадахаар сөрөг хүчний хувьд шалтгаа хайж байхаар шалавхан төрийн ажилд хувь нэмрээ оруулаасай. “Өчигдрийн хувьсгалч, шинэчлэгчид маргаашийн хуучинсаг үзэлтэн болдог” хэмээх үгийг амьдралд хэрэгжүүлэхгүйн тулд урагшаа харж ажиллаасай.
Санал болгох мэдээ
Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе
Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …