Хүнчүүдийн хаан удмын хүн ард маань сөнөхийн цагт отгон гэр бүлд бэрлэж ирээд удаагүй байсан залуухан хатан нэгэн шөнө үзэсгэлэн төгс бяцхан хөвгүүнтэй боллоо хэмээн зүүдэлжээ. Тэр хатан сарын дараа хөөрхөн хүү төрүүлсэнд баярлаж хөхийсөн ханхүү эцэг хатан эх хоёр нь нэр хайрлажээ. Жонон эцэг, хатан эх нь нуган хүүдээ хэтэрхий хайртай байсан тул хэтийн хувь заяанд нь санаа зовж, аглаг уулын даяанч зайран олж тэр буянтай өвгөнөөс хөөрхөн хүүгийнхээ заяаг төөргийг асуужээ. Өвгөн даяанч суудлаасаа босч Жонон, хатан хоёрыг хүндэтгэн ёслоод ирээдүйн байдлыг тоочин өгүүлж, чиний хүү манай эх нутагт нэн их гашуун зовлон нүүрлэх үед Сэнгүн ноён өргөмжлөгдөнө.
Харь дайсан манай газар шороонд цөмөрч хүн ард маань зөнөхийн цаг боловуу гэж айн эмээх тэр цагт зүүднийхүү их цэрэг дайчлан дайсныг дарж нутаг усаа аваран ариутгана гэжээ. Үнэхээр ч тэр үеэс Нахиадын дайнч , догшин эзэн Уди гэгч хүн улсыг хялалзан занаж , ямар ч аргаар хүнчүүдийг дарна, устгана гэж андгай тангараг тавин алс баруунаас цэрэг зэвсгийн хүчээр тэнгэрийн адуу гэгдсэн адууг булаан авчируулах санаа сэдэж байв. Ингээд Ичиси, Үшир, Гилхүү сэнгүнтэй дайтсан дайнд ялж гарч чадаагүй хэдий ч нанхиад хүний мухар зөрүүд зангаараа улайран зөрүүдэлж булаан муухай үгээр заналхийлсээр байлаа. Хан хэнтийн аглаг бөглүү салаа уулын хавьд хүнийг мөнх бусын босгоноо хөтлөгч үхлийн эзэн догшин эрлэг номуун хааны эрхшээлийн газар байсан гэдэг.
Өнгөрч одсон хүний цогцсыг билээр нь оршуулдаг тул чулуугаар хашсан олон булш дээр нь өвс ургаж байдаг байлаа. Тэр хавийн нүцгэн уулан дээр цогцлон газар орны сэнгүн ноёны цогцсыг оршуулдаг, үүндээ нутаг усны олонд хууль цааз тогтоож өгсөн мэргэн монголыг хамгийн түрүүнд оршуулсан байжээ.
Дараагаар нь түүний ширээг залгамжилсан жаран үеийн сэнгүн нарыг оршуулсан бөгөөд гэлхүү сэнгүн ноёны зүрх цохилохоо больсон хойно бас тэр газар оршуулсан гэдэг.
Ингээд их ноёнд, зонхилогчид Хан хэнтийн тэндээсХэрлэн голын хөндийд хурж, Зүүднийхүүг засаг ноён болгон өргөмжлөөд Их шивээнээ баяр хөөр , дуу шуу болцгоон сэнгүн ноёны ширээнээ залж, Монгулын малгай ёслон өмсгөсөн ажээ.
Нанхиадын эзэн Уди тэр их ёслолд төрийн яруу элч зарж, баярын үг хэлүүлэхийн даваан дээр зэрэгцээ хүнчүүдийн сэнгүн ноёныг дагаар ор гэж ятгуулахыг оролджээ. Тэрхүү ёсон бусын ятгалгыг шинэ сэнгүн ноён хатуу үгээр цочоон нугалсанд хорсож өширхсөн нанхиадын элчис хүнчүүдийн дээд язгуртнуудыг хутган үймүүлж хүн улсын төрийн шадар зөвлөх Байруг, хороож сэнгүний сэцэн ухаалаг хатныг нь хулгайлах хуйвалдаан сэдсэн байлаа. Гэсэн ч хуйвалдаан цагаасаа өмнө илэрч сэм хуйвалдан нам нийлэгсэд цөм баригджээ.
Хилэгнэж дүргүйцсэн сэнгүн ноён хятадуутай хуйвалдагадыг хатуугаар засаглан хороогоод нанхиадын элч нарт эс бөгөөс эх нутагтаа буцахаас сайн дураар татгалзах, эс бөгөөс толгойн цаазад унах хоёрын аль нэгийг сонгож авахыг тулгасан ажээ. Тэр тулган шаардлагыг элчисийн тэргүүнээс бусад нь хүлээн авсан ч хүнчүүд элчийн тэргүүнийг хороогүй гэдэг. Улс төрийн бүдүүлэг явуулга нь бүтэлгүйтсэнд Уди-гийн булай их уур хүрч, голомтыг нь самрана, хүйс тэмтэрнэ хэмээн уулгалж, Хүн улсын нутагт, гурван замаар их цэрэг илгээжээ.
Нанхиадын шилдэг жанжин Ли Гуан-ли гэгч гурван түмэн морьт цэргийн хүчээр Тэнгэр уулын зүүн хормойг даган Бар хөл нуурын хавиар баруун сэцэн ноёны хүрээг уулгалан дайрч талан дээрэмдэж, олон эмэгтэйчүүд, хөгжид хүүхдүүдийг олзолж аваад буцахад нь хүмүүн цэрэг амжин нэхэж очоод бүслэн авч байлджээ. Нанхиад цэрэг долоон мянган хүнээ алдаж, бусад нь арай ядан амь мултарч гарсан бөгөөд нөгөө замын цэрэг захирсан жанжин нь умрын хээр талаар дэмий тэнүүлчилж байгаад буцсан гэдэг . Гурав дахь замын цэргийн жанжин Ли Лин таван мянган шигшмэл цэрэг удирдан Сөнгө уул хүртэл давшин ирээд тэнд хүнчүүдийн занга бүслэлтэнд орж, тулалдавч найдлагагүй тул цэргийн хамт бүгдээр бууж өгчээ.
Дайнд явцад Зүүднийхүү сэнгүн ухаалаг бодлоготон, алсын хараатай жанжин гэдгээ харуулсан шигээ өгөөмөр агуу сэтгэлтэн гэдгээ үзүүлж, Ли Линий амийг өршөөсөн гэдэг. Бас олзны хүний адилаар ч байлгасангүй, охиноо гэргий болгон өгч хакасуудын эзэн ноён болгож, баруун цэцэн ноён цол хайрлажээ.
Эх сурвалж:Зүрхэн нутаг танин мэдэхүйн сэтгүүл 2016 оны 7 сар