ШӨХТГ-ын дарга асан О.Магнай өнөөдөр /2016.10.11/ хэвлэлийнхэнд хандав. Тэрээр МАН 100 хоногт гэсэн тайлангийн товхимол гаргажээ. Тайлангаа танилцуулахдаа аль нэг нам улс төрийн хүчинтэй хамааралтай биш иргэн хүний байр сууринаас судалгаа хийж нэгтгэсэн хараат бус тайлан гэв. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-МАН-ын томилгооны асуудлыг тайландаа тусгасан байна. Энэ талаар мэдээлэл өгвөл?
-Сонгуулийн үеэр мөнгөөр хүмүүсийн саналыг худалдаж авсан ч гэсэн нэг нам ялж, Засгийн газар байгуулсан. МАН сонгуульд ялснаас хойш 100 хоног өнгөрсөн. Энэ хугацаанд тэд юу хийв, улс орныг хааш нь чиглүүлж явна, иргэд юу хүлээж байсныг нэгтгэн тайлан гаргасан. Тайлан МАН юу амлав, ураг төрлийн томилгоо, 100 хоногт ямар ажил хийв гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.
МАН-ын дарга М.Энхболд зөвхөн ах дүү амраг садныхаа 20 гаруй хүнийг томилсон нь улс төрийн хүчин мөн үү гэдэгт эргэлзэхээр байдал үүсгэлээ. Эсвэл нэг хүн дарангуйлал тогтоох гэж ах дүү амраг саднаараа байгуулж байгаа юмуу. Мөн МАН-аас томилогдсон удирдах албан тушаалтнуудын жагсаалтыг гаргасан. Нэр бүхий гишүүд дарга нарын ойр дотны хүмүүсээс гадна Монголын морин спорт уяачдын холбоо холбоогоороо дарга болсон. Холбооны дэд тэргүүн нь Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд, дэд ерөнхийлөгч нь Барилга хот байгуулалтын яамны дэд сайд болсон. Нийслэлийн морин спорт уяачдын холбооны дарга, тэргүүлэгч нь ХХААХҮ-ийн яамны газрын дарга нар болцгоосон байна. Энэ юуг харуулж байна гэвэл өнгөрсөн хугацаанд хийсэн бүх томилгоо ах дүү амраг садны сүлжээгээр буюу өндөр албан тушаалд томилсон томилгооны 70 хувь нь МАН-ын удирдах албан тушаалтай ямар нэг байдлаар холбогдож байна. Ийм л төр 100 хоногийн хугацаанд бүрдэж бий болсон байна.
МАН-ын амлалт энэ хугацаанд 100 хувь эсрэгээрээ болж байна. Мөрийн хөтөлбөрийн 4.2.7-д Төрийн байгууллагыг удирдаж байгаа хүмүүс ах дүү, хамаатан саднаа ажилд авахыг хориглоно. 4.2.8-д Төрийн албанд шат ахиулан албан тушаал дэвшүүлэх Мерит тогтолцоог хэвшүүлнэ гэсэн байгаа. Мерит тогтолцоо бол ажилдаа байгуулсан гавьяагаараа албан тушаал дэвшдэг зарчим байдаг. Гэвч бодит байдал дээр юу болсныг хүмүүс мэднэ. Монголыг ирэх дөрвөн жил удирдах баг тэр чигтээ МАН-ын удирдах албан тушаалтнуудын ах дүү амраг садан гэр бүлийн баг байх юм гэдгийг 100 хоногийн хугацаанд харлаа. Ах дүү, амраг садан нийлээд төр удирдана гэдэг бол нэгийгээ шүүмжлэхгүй гэсэн үг. Буруу зүйл хийсэн бол алдааных нь хажуугаар чимээгүй өнгөрнө гэсэн үг. Жирийн иргэн хүн улс эх орондоо мөрөөдлөө биелүүлэх боломжгүй болж байна. Яаманд мэргэжилтэн хийж байгаа олон залууст мөрөөдөл бий. Тэдгээр чадварлаг залуусын мөрөөдөл биелэхгүй байх суурийг МАН тавилаа.
-Засгийн газар 100 хоногт ямар ажил амжуулав. Үүнд ямар үнэлгээ өгч байна вэ?
-Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг судлаад үзэхэд бодитой шийдвэр гаргасангүй. Ядаж 100 хоногийн дотор зөв чигээ олох ёстой. Нийгэмд хамгийн их тулгамдсан асуудал бол авлигатай тэмцэх. Авлига албан тушаалын гэмт хэрэг бүх шатандаа эх захаа алдсан учраас 100 хоногийн хугацаанд МАН авлигтай тэмцэхээ хэрхэн эхлэхийг ард түмэн хүлээж байсан. Харамсалтай нь юу ч хийсэнгүй. Эдийн засаг хямарлаа гэсэн асуудлыг МАН сонгуулийн өмнөх нэг жилд хангалттай ярьсан. Тиймээс Монгол Улсыг хямралаас гаргах төлөвлөгөөгөө МАН танилцуулсангүй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямралаас гаргах төлөвлөгөө баталж чадалгүй гурван сарыг ардаа орхилоо.
Өндөр настан, залуучуудтай холбоотой нэлээдгүй ажлыг гацаалаа. Засгийн газрын хуралдаан болгон дээр 2-3 ажлыг МАН-ын Засгийн газар зогсоосон гэдэг нь судалгаанаас харагдаж байна. Ажил хийдэг биш зогсоодог Засгийн газар байгуулагдсан гэж дүгнэхэд буруудахгүй. 1990 онд Монголын ард түмэн хувьсгал хийсний үр дүн нь 1992 онд батлагдсан Үндсэн хууль юм. Гэтэл коммунист удирдагчийн 100 насны төрсөн өдрийг Монгол орон даяар татвар төлөгчдийн мөнгөөр тэмдэглэлээ. Гэхдээ хувь хүнийх нь тухай ярих шаардлагагүй. Ардчилсан нийгэм байгуулж байгаа улсад өнгөрсөн нийгэм рүү санагалзаж ухарч байгаа энэ үйл явдал Монголчуудыг оюун санааны хувьд хойш нь алхуулсан үйл явдал болсон гэж дүгнэж байна. Ардчилал, хүний эрх эрх чөлөөнд хандах хандлага жаахан сулрах юм бол нэг дарангуйлагч гараад ирнэ. Тийм хүний төрсөн өдрийг ингэж тэмдэглэж байгаа нь дарангуйлагч төрөх эхлэл болж байна. Үүнийг зөвшөөрч болохгүй.
-Тоглоомын Ерөнхий сайдтай боллоо гэж хурлын үеэр хэлсэн. Үүнийг тодруулахгүй юу?
-Урьд нь тоглоомын дарга гэж ярьдаг байсан бол тоглоомын Ерөнхий сайдтай боллоо. Парламентын засаглалтай аль ч улс оронд ялсан намын дарга Ерөнхий сайд болоод эрсдлээ үүрээд явдаг бичигдээгүй дүрэм журам ёсзүй байдаг. Гэтэл өөрийнхөө хүнийг Ерөнхий сайд болгоод ард нь сууж байдаг шинэ жишгийг тогтоож байна. Монголын ард түмэн ямар ч сонголт хийгээгүй байхад 2017 онд хэн Ерөнхийлөгч болох нь тодорхой боллоо гэж яригдаж байна. Иймэрхүү байдлаар Монгол орныг эзэлж, жирийн иргэдийг түрэмгийлж байгаа байдлыг зүгээр хараад сууж, хүлээн зөвшөөрч болохгүй. Бэлэн мөнгөний эргэлтийн 60-70 хувь, экспортолж байгаа түүхий эдийн 50-иас дээш хувь нь нэг бүлэглэлийн гарт орчихлоо. Бүлэглэлийн тогтолцоо бий болж Монгол Улс байхгүй болох тийшээ явж байна.
-Ялсан намын дарга Ерөнхий сайд болдог жишгийг эвдлээ гэлээ. Энэ жишгийг АН эрх барьж байхдаа тогтоосон. Тэр үед та ямар байр суурьтай байсан бэ?
-АН олонхийн суудал аваад Н.Алтанхуяг дарга Ерөнхий сайд болсон. Би Ч.Сайханбилэгийн Засгийн газрын эсрэг байсан. Одоо ч гэсэн МАН шударга ёсыг тогтоох гэж сонгуульд орж байгаа бол Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт хариуцлага тооцоосой гэж боддог. Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар нийлээд Монголоор яаж тоглосныг бүгд мэднэ. Тэр үед яах гэж Засгийн газрыг огцруулсан нь өнөөдөр тодорхой болж байна. Зүгээр хоёр хүн биш ардаа том бүлэглэл байсан юм байна.
Энэ бүхнээс гарах нэг л гарц байна. МАН, АН гэлтгүй улстөрийн намуудыг бүгдийг тараагаад дахиж шинээр бүртгээд цааш явах юм бол монголчууд хожиж болно. Монгол Улсын төлөө АН, МАН байдаг юмуу, эсвэл энэ хоёр намын төлөө Монгол байдаг юм уу гэдэг асуултад хариу авах ёстой. Улстөрийн намын төлөвшил 1990 оноос хойш буруу явсан. Хэлтгий зүйл дээр барьсан байшингаа заавал нурааж байж шинээр эхлэх үү, замаас нь засаад явах уу гэдэг сонгол ард түмний өмнө байгааг мартаж болохгүй. Өмнөд Солонгост Гадаад хэргийн сайдын охин нь аавдаа хэлэлгүй шалгалт өгөөд тэнцэхэд аав нь огцорч байна. Ийм байдлаар ёс зүйтэй байх хэрэгтэй.
С.Золбоо
Эх сурвалж: www.polit.mn