Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, доктор Ц.Мандах нар 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 19-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор Истанбул хотноо зохион байгуулагдсан Олон улсын Истанбулын эрх зүйн чуулга уулзалтад оролцож, албаны хүмүүстэй албан ёсны яриа, хэлэлцээр хийв.
Истанбулын олон улсын чуулга уулзалт нь БНТУ-ын Ерөнхийлөгчийн ивээл доор, БНТУ-ын Хууль зүйн яам, БНТУ-ын Шүүх, прокурорын дээд зөвлөл, БНТУ-ын Хууль зүйн академи зэрэг байгууллагууд хамтран анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Тус чуулга уулзалтын нээлтийн арга хэмжээнд БНТУ-ын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоан оролцож үг хэлсэн бөгөөд тэрээр БНТУ болон бусад гадаад улсын хууль, шүүхийн байгууллагууд харилцан туршлага судалж, хамтран ажиллах нь чухал болохыг онцолж энэ удаагийн олон улсын эрх зүйн чуулга уулзалт нь 48 улсын хууль, шүүхийн байгууллагын төлөөлөгчид оролцож байгааг дуулгав.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж БНТУ-ын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоантай мэндчилж, хуулийн чуулга уулзалтад Монголын төлөөлөгчдийг урьж оролцуулсанд талархал илэрхийлэв. Энэхүү чуулга уулзалтаар Үндсэн хуулийн эрх зүй ба шүүхэд мэдүүлэх эрх, Шүүн таслах ажиллагааг үр нөлөөтэй явуулах болон шүүхийн сургалт, Эвлэрүүлэн зуучлал, Арбитр, Прокурорын байгууллага ба үр нөлөөтэй хянан шалгалт, Эрүүгийн процессын ажиллагааг шийдвэрлэх арга зам, Дүрвэгсдийн эрх зүйн асуудал, Олон нийтийн сүлжээ: иргэний болон эрүүгийн хариуцлага зэрэг цаг үеийн олон асуудлыг хөндөж, хэлэлцүүлэг өрнөн явагдсан юм.
Олон улсын Истанбулын эрх зүйн чуулга уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж болон Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, доктор Ц.Мандах нар “Үндсэн хуулийн хяналт: Хүний үндсэн эрх ба шүүхэд мэдүүлэх эрх” сэдвээр илтгэл бичиж оролцсон бөгөөд тус илтгэлийг Үндсэн хуулийн эрх зүй ба шүүхэд мэдүүлэх эрх салбар эрх зүйн хуралдаанд хүрээлэнгийн захирал, доктор Ц.Мандах танилцуулсан юм.
Тус хурлыг БНТУ-ын Шүүх, прокурорын дээд зөвлөлийн дэд ерөнхийлөгч Мехмет Илмаз даргалж байсан бөгөөд хурлын хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын шүүхийн ерөнхий зөвлөлийн талаар асуулт хариулт явагдсан юм. Улмаар хурал даргалагч, ноён Мехмет Илмаз Монгол Улсад шүүхийн шинэтгэл амжилттай явагдаж байгааг онцолсон бөгөөд шүүгчдийн цалин хамгийн өндөр байдаг талаар хуралд оролцогчид нэмэлт мэдээллийг өгсөн юм. Энэ үед хуралд оролцсон нийт хүмүүс алга ташилтаар Монгол Улсын шүүхийн шинэтгэлийн хүрээнд олсон амжилт болох шүүгчдийн цалинг сайшаасан юм.
Салбар хуралдааны дараа БНТУ-ын Шүүх, прокурорын дээд зөвлөлийн дэд ерөнхийлөгч Мехмет Илмаз, тус зөвлөлийн 1 дүгээр танхимын дарга Халил Коч нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндоржийг халуун дотноор хүлээн авч уулзав.
БНТУ-ын Шүүх, прокурорын дээд зөвлөлийн дэд ерөнхийлөгч Мехмет Илмаз хоёр байгууллагын хооронд найрсаг ахан дүүсийн харилцаа тогтож, ойр ойрхон уулзалдаж, туршлага, мэдээлэл солилцож байгаа нь цаашдын найрсаг хамтын ажиллагаанд чухал хувь нэмэртэй байгааг онцолж, БНТУ-ын Истанбул хотод тавтай морилохыг хүсэв. Мөн тэрээр БНТУ-ын Шүүх, прокурорын дээд зөвлөл шүүх, прокурорыг хариуцаж байгааг эрх зүйн шинэтгэлийн хүрээнд тус тусад нь салгах хуулийн төсөл парламентад хэлэлцүүлгийн шатанд яваа талаар дуулгав. Мөн тэрээр сүүлийн үед БНТУ-д өрнөөд байгаа улс төрийн нөхцөл байдал зэргийн талаарх мэдээллийг өгөв.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж найрсаг дотноор хүлээн авсанд талархал илэрхийлж энэхүү олон улсын эрх зүйн томоохон чуулганыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэв. Тэрээр Монгол Улсад парламентын болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн сонгууль болсон тухай болон сүүлийн үеийн хууль шүүхийн хүрээний мэдээг дуулгаж, Монгол Улсын шүүгчид БНТУ-ын Хууль зүйн академид амжилттай сургалтад хамрагдсан талаар онцолж цаашид энэ сургалтыг амжилттай явуулахад дэмжлэг үзүүлж байхыг хүсэв. БНТУ-ын Шүүх, прокурорын дээд зөвлөлийн дэд ерөнхийлөгч Мехмет Илмаз энэ сургалт хоёр орны шүүхийн байгууллагын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд чухал үүрэгтэйг онцлон бүх талаар дэмжлэг үзүүлж байхаа илэрхийлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндоржийг тааламжтай цагтаа БНТУ-ын Шүүх, прокурорын дээд зөвлөлд айлчлахыг урив. Хоёр тал цаашдын хоёр байгууллагын найрсаг хамтын ажиллагааны талаар үргэлжлүүлэн ярилцаж, харилцан дурсгалын зүйл солилцсоноор албан ёсны уулзалт өндөрлөв.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж, хүрээлэнгийн захирал Ц.Мандах нарыг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр БНТУ-ын Хууль зүйн академийн ерөнхийлөгч, ноён Илмаз Акчил болон дэд ерөнхийлөгч, ноён Мустафа Артуч нар халуун дотноор угтан авч, хүрэлцэн ирсэн явдалд талархал илэрхийлэв.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж хоёр байгууллагын хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулснаас хойш олон талын хамтын ажиллагаа амжилттай явааг онцолж, тус томоохон арга хэмжээнд урьсан явдалд талархал илэрхийлэв. Мөн тэрээр найрсаг хамтын ажиллагааны хүрээнд БНТУ-ын Хууль зүйн академийн зохион байгуулдаг Монгол Улсын шүүгчдийн богино хугацааны мэргэшил дээшлүүлэх сургалтад энэ жил шүүгчид хамрагдаагүй бөгөөд ойрын хугацаанд энэхүү сургалтыг зохион байгуулах боломжтой эсэх талаар асуусан юм. БНТУ-ын Хууль зүйн академийн ерөнхийлөгч, ноён Илмаз Акчил энэ жил хэдийгээр зохион байгуулах боломжгүй болсон ч 2017 онд энэ жилийн квотыг оролцуулан нийт 30 Монгол Улсын шүүгчдийг хамруулж өгөх талаар баярт мэдээг дуулгасан юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж БНТУ-ын Хууль зүйн академийн зүгээс Монгол Улсын шүүгчдийн мэргэшил дээшлүүлэх чухал үйл хэрэгт үнэтэй хувь нэмрийг тасралтгүй оруулж байгаад талархаж байгааг дахин онцолж БНТУ-ын Хууль зүйн академийн удирдлагуудыг тааламжтай цагтаа Монгол Улсад албан айлчлал хийхийг урьж, харилцан дурсгалын зүйл солилцсоноор албан ёсны уулзалт өндөрлөв.
Олон улсын Истанбулын чуулга уулзалтад оролцох үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж БНТУ-ын Шүүх, прокурорын дээд зөвлөлийн дэд ерөнхийлөгч асан, зөвлөлийн гишүүн Метин Яндырмазтай уулзаж түүнийг тусзөвлөлийн дэд ерөнхийлөгч байх хугацаандаа Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, БНТУ-ын Шүүх, прокурорын дээд зөвлөл хооронд найрсаг хамтын ажиллагаа тогтооход үнэтэй хувь нэмэр оруулж ажилласанд талархал илэрхийлж, тухайн үед Шүүхийн ерөнхий зөвлөлд бэлэглэсэн бага оврын Форд машиныг хүлээн авч албан ажилд ашиглаж байгаа талаар мөн дуулгасан юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж Олон улсын Истанбулын чуулга уулзалтад оролцох үеэр албан бусаар ОХУ-ын Шүүхийн мэргэшлийн хорооны дарга Тимошин Николай Викторовичтой уулзсан бөгөөд бусад гадаад улсын Үндсэн хуулийн шүүх, Дээд шүүх, Хууль зүйн яам, Шүүхийн академи зэрэг байгууллагуудын албан тушаалтнуудтай уулзаж, харилцан мэдээлэл, туршлага солилцсон юм.
Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж Турк улсын “Туркийн мэдээ” телевизэд ярилцлага өгч Олон улсын Истанбулын чуулга уулзалтын ач холбогдол болон тус уулзалтын талаарх сэтгэгдлээ хуваалцсан юм.
Ийнхүү гурван өдрийн турш үргэлжилсэн Олон улсын Истанбулын эрх зүйн чуулга уулзалт амжилттай өндөрлөсөн бөгөөд тус хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж, Шүүхийн судалгаа, мэдээлэл сургалтын хүрээлэнгийн захирал, доктор Ц.Мандах нар амжилттай оролцлоо. Тэд салбар эрх зүйн хуралдаануудад оролцож, илтгэл тавьж, туршлага судлахын зэрэгцээ БНТУ-ын найрсаг хамтын ажиллагаатай байгууллагуудын удирдлагууд болон бусад гадаад улсын хууль, шүүхийн байгууллагуудын албан тушаалтнуудтай уулзаж, хамтын ажиллагаа болон бусад асуудлаар харилцан ярилцаж, мэдээлэл, туршлага солилцлоо.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ