Монгол Орны баруун бүсэд газрын доройтлыг бууруулна

БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” МОН /16/301 төслийн нээлт 2016 оны 12-р сарын 9 ны өдөр боллоо.Төслийн хамтын ажиллагааны санамж бичигт БОАЖ-ын дэд сайд Ц. Батбаяр, Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан, Ховд аймгийн засаг дарга Д.Галсандондог нар гарын үсэг зурлаа.

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр төслийг нээж хэлсэн үгэндээ  “Байгаль орчин ялангуяа цөлжилт, газрын доройтлыг бууруулах нь тулгамдсан асуудал болсон өнөө үед НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх чиглэлээр энэхүү чухал төслийг эхлүүлээд  6 сар боллоо. Энэ богино хугацаанд орон нутагт дүйцүүлэн хамгааллын асуудлыг таниулан сурталчлах болон хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох судалгааг амжилттай хэрэгжүүлсэнд төслийн хамт олонд баяр хүргэе.2030 он хүртэл 14 жилийн хугацаанд Монгол Улсад тулгамдаж буй газрын доройтлын асуудлыг Монгол орны баруун бүсэд буцалтгүй тусламжаар загварчлан шийдсэнээр бид шинээр ногоон ажлын байрууд бий болгож, бүх нийтийн оролцоог хангасан шийдвэр гаргах, байгаль орчноо хамгаалах, газрын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, хяналт тавих, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх замаар ядуурлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулах болно гэдэгт гүнээ итгэж байна. Өнөөдрийн арга хэмжээ нь төслийн үйл ажиллагааг албан ёсоор нээх мөн төслийн баримт бичгэнд туссан хүлээгдэж буй үр дүн, шалгуур үзүүлэлтүүдийг сайжруулах, оролцогч талууд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөг бууруулах, дүйцүүлэн хамгааллын асуудлаар нэгдсэн ойлголтонд хүрэх   зорилготой юм. Мөн төслийн үр дүнг манай оронд цаашид амжилттай нутагшуулахад шаардлагатай эрх зүйн орчинг бий болгох тал дээр тусгайлан санал солилцохыг хүсч байна.Та нартаа хандан хэлэхэд орон нутгийн асуудлаа шийдэхдээ идэвх зүтгэл гарган, төрөөс баримтлах бодлогод түшиглэн сонгогдсон уул уурхайн аж ахуйн нэгжүүдийг уг төсөлтэй хамтран хэрэгжүүлэх дүйцүүлэн хамгааллын арга ажиллагаанд татан оролцуулах, улмаар байгаль хамгааллын шинэчилсэн аргачлалыг сурталчлах, орон нутгийн иргэдийг нөхөн сэргээлт, газар ашиглалт, төлөвлөлт, бэлчээрийн тогтвортой менежмент, түүний хэрэгжилт, хяналтын ажилд өргөнөөр оролцуулж байх ажлыг зохион байгуулахыг уриалж байна” гэв.

Төслийн зорилго нь Монгол орны баруун бүс нутагт газрын доройтлыг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг газар ашиглалтын төлөвлөлт, менежментэд нэвтрүүлэн газар нутагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулахад оршиж байгаа юм.

Уул уурхайн компаниудын буруутай үйл ажиллагааны улмаас байгаль экологид ихээхэн хохирол учирч байгаа. Үүнийг дүйцүүлэн хамгаалалаар шийдэх боломжтой юм. Дүйцүүлэн хамгаалал гэдэг нь уул уурхайн ажиллагааны улмаас хохирол учирсан газартай адил хэмжээний газарт нөхөн сэргээлт хийх арга юм.

Энэхүү төслийн хүрээнд газрын доройтлоос сэргийлэх, Баруун 5 аймгийн 41,5 сая га нутагт газар ашиглалтын төлөвлөгөө менежментийг нэвтрүүлэх, экологийн бүс нутгийн үнэлгээнд үндэслэн хамгаалалттай газар нутгийн хэмжээг 10 хувиар нэмэх, доройтсон газар нутгийн 30 хувийг сэргээх гэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна гэж БОАЖЯ-ны ХМА-аас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …