Хүн нь байвал хэрэг нь олддог гэдгийг С.Зориг агсны хэрэг харуулж байна

-1999 онд Д.Булганы өгсөн мэдүүлгийг худал гэдгийг ажлaын хэсгийнхэн тогтоож байжээ-

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал өчигдөр Цагдан хорих 461 дүгээр ангид болж, хурлыг долоон хоногоор хойшлуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргалаа. Учир нь уг хэргийн хавтаст материал 13 мянган хуудас учраас шүүгдэгчид болон хохирогч талын өмгөөлөгч нар хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж амжаагүй байгаагаа тайлбарлан хойшлуулах хүсэлтийг тавьжээ.
Тиймээс шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг нь хангасан юм. Гэхдээ дээрх нэр бүхий хүмүүс хойшлуулах хүсэлт гаргаагүй бол С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт шүүгдэгч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гурван хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүж, гэм буруутай эсэхийг нь эцэслэн тогтоох байв. Харин ч энэхүү шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан нь хэрэгтэйгээ танилцаж амжаагүй гэж хэлэгдэж байсан М.Алдар шүүгчид ч 13 мянган хуудас хавтаст хэргийн хаана нь юу байгааг нарийвчлан шалгаж тогтоох цаг хугацаа гарч байгаа нь сайшаалтай. Ийн хэлэхийн учир нь бүтэн 18 жилийн турш улс төрийн аллага хэмээн нэрлэгдэж байсан уг хэрэг шүүх хурал болохоос өмнө ахуйн хүрээний аллага болон хувирч, дээрх нэр бүхий хүмүүс юуны учир С.Зориг агсны аминд хүрэх вэ гэсэн асуулт гарч ирсээр байсан юм.

Миний хүү, Т.Чимгээ хоёр нэг хүний гүтгэлгээр хилсээр ял үүрэх гээд байна

Шүүх хуралдаанд ирсэн шүүгдэгч Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа гуай “Хэрэгтэйгээ бүрэн танилцаж амжаагүй байгаа хүүд минь хүчээр ял өгчих вий гэж айж, эмээж байна” хэмээх тайлбарыг өгч байсан юм. Ингээд тэрбээр дараах зүйлийг нүдэндээ нулимстайгаар өгүүллээ. “Өнөөдрийн /өчигдрийн/ шүүх хуралд оролцохоор Б.Содномдаржаагийн дүү, эгч нарын хамтаар 10 гаруй хүн Эрдэнэтээс ирсэн. Гэвч шүүх хуралд хэнийг нь ч оруулсангүй. Миний хүүг ингэж хилс хэргээр хэнийг ч оруулахгүйгээр шүүж байгаад үнэхээр гомдолтой байна. Хүүг маань хилс хэргээр нэг жил дөрвөн сар хорьж байгаа. Түшиг тулгуур болсон хүүг минь хорьсноос хойш эхний гурван сар огт уулзуулаагүй. Харин сүүлийн саруудад хүүтэйгээ уулзсан. Турж эцээд, сэтгэл санааны гүн дарамтад орчихсон байна билээ. Үнэхээр гомдолтой байна. Миний хүү Т.Чимгээ хоёр нэг хүний гүтгэлгээр хилсээр л ял үүрэх гээд байгаад айж байна. Хэргийг энэ чигээр нь шийдчихгүй байлгүй дээ гэж горьдож сууна. Миний хүү ийм хэрэг хийгээгүй юм чинь би хэрэг хүлээхгүй, хавтаст хэрэгтэй танилцахгүй гэдгээ хэлсэн. Гэвч хүчээр ял өгчих вий гэж айж байна” хэмээсэн. Шүүгдэгчийн ээжийн яриа үнэний ортой гэж хэлэх хүн ч маш олон байна. 18 жилийн өмнө С.Зориг агсны хэрэг дээр ажиллаж байсан ажлын хэсгийн мундаг чекистүүд 1999 онд Д.Булганы өгсөн мэдүүлгийг худал гэдгийг нь тогтоогоод зогсохгүй энэ аллага улс төрийн зорилготой байсан гэдгийг тогтоосон байдаг юм. Түүнчлэн уг хэрэгт холбогдоод байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар аймшигт хэрэг гарах үед 16-19 насны хүүхдүүд байсан юм билээ. Мөн дээрх нэр бүхий хоёр хүнийг хэрэгт татан оролцуулаад буй Ц.Амгаланбаатар ч 1998 онд 16-хан настай хүү байсан. Тиймээс л эдгээр нэр бүхий хүмүүсийг хэлмэгдүүлээд байгаа юм биш үү гэсэн хардлага нийгэмд хүчтэй давалгаалж байна. Ямартай ч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хилс хэрэгт гүтгээд буй Ц.Амгаланбаатарын өргөмөл эгч Н.Гансүрэн “16-хан настай хүү яаж ийм гэмт хэрэг үйлдэх юм бэ. Хэрэг гардаг тухайн он жилд дөнгөж иргэний үнэмлэхээ авч байсан жаахан хүүхэд байсан шүү дээ. Миний дүү бид хоёр нэг айлын өргөмөл хүүхдүүд. Дүү маань 2007 онд хүн амины хэргээр шоронд ял эдлэх болсон. Гэтэл шоронд ял эдэлж байгаа хүн гэв гэнэтхэн Монголын төр нийгмийн зүтгэлтний амь насыг хороосон хэрэгт холбогдчихоод байгаа нь бодит үнэнд нийцэхгүй байна” хэмээв. Энэ мэтчилэн шүүгдэгчдийн ар гэрийнхэн хэрэг болсон хар өдөр хэрэгт холбогдоод байгаа хүмүүс бүгд 16-19 насны залуус байсан гэдгийг хэлж байна. Тиймээс л уг хэргийг илрүүлсэн мэт сэтгэгдлийг олон нийтэд төрүүлж, хэргийг хэнд ч хамаагүй үүрүүлж улс төрийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх хүсэл хэн нэгэнд байна гэдэг нь ойлгомжтой. Хэргийг дээрх нэр бүхий хүмүүст үүрүүлж ялласан ч энэ аймшигт хэрэг өнө мөнхөд яригдсаар байх нь гарцаагүй.
Өөрөөр хэлбэл, тус хэргийг үйлдсэн жинхэнэ захиалагчид хэргийн гадна үлдэж, гэмгүй хүмүүсийн хувь заяа орвонгоор нь эргэснээр насан туршийн шаналал зовлон авчрах бололтой.

Гэр бүл, үр хүүхдээ орхиод хэн нэгний үйлдсэн ял зэмийг хүртэх вий

Энэ асуудлаар Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн “Яг үнэндээ өнөөдөр /өчигдөр/ шүүх хурал болоод, гэр бүлийн хүн маань хийгээгүй хэргийнхээ төлөө ял үүрээд явах вий гэсэн айдас маш их байсан. Ямартай ч долоон хоногийн дараа болох шүүх хурлаар эхнэрийг маань цагаатгана байх гэж итгэж байна. Хийгээгүй хэргийнхээ төлөө гэр бүл, үр хүүхдээ орхиод хэн нэгний үйлдсэн гэмт хэргийг өмнөөс нь хүлээж болохгүй биз дээ. Монголын шүүх хэр шударга ажиллахыг тус хурал харуулна гэж бодож байна. Ард түмэн ч энэ хэрэгт анхаарлаа хандуулсан байгаа учраас хэргийн үнэн зөвийг дэнслэх М.Алдар шүүгчийг хар цагааныг ялгаж салгаад, гэм зэмгүй хүмүүсийг цагаатгана гэж бодож байна” гэв. Ямартай ч 25 жилээр эрхээ хасуулсан Ц.Амгаланбаатарын өгсөн мэдүүлгээс үүдэж хууль хяналтынхан малчин, ногоочин хоёрыг буруутгах болсон нь Монголын хууль иргэддээ ямархуу байдлаар хандаж байгаагийн хамгийн тод жишээ гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх. Уншигчид анзаарсан бол хэргийн он дарааллаар 16-20 настай байсан залуус улс төрийн захиалгат аллага үйлдэж, хүн амины ноцтой хэрэг хийж чадах эсэх нь эргэлзээтэй. Хэргийг үйлдсэн байлаа ч хөдөө орон нутгийн хүүхдүүд нийслэлд ирээд, хүний амь насыг зэрлэгээр хөнөөчихөөд яваад өгнө гэж үү. Хэрвээ тэгсэн бол тухайн үеийн цагдаа, тагнуулынхан, бүр цаашилбал хэрэг дээр ажиллаж байсан тусгай ажлын хэсгийнхэн мэдээгүй өнгөрсөн гэвэл бүр хачин асуудал болно.
Хүн амины хэргээр 25 жилийн ял авсан Ц.Амгаланбаатар энэ хэргийг хүлээж мэдүүлэг өгөөгүй бол С.Зоригийн аллага илрэхгүй, цааш явсаар л байх байсан бололтой. Ямартай ч энэ хэргийг хууль хяналтынхан бүтэн 18 жилийн дараа илрүүлсэн болж, хэн нэгэнд тохох бүх замыг нь заслаа. Ингэхдээ бүр малчин, ногоочин хоёрыг найман зүйл ангиар яллахаар болсон нь үнэхээр хачирхалтай, харамсалтай. Эцэст нь хэлэхэд хүн нь байвал хэрэг нь олддог гэдэг үнэн юм даа.

Эх сурвалж:

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …