Хөгжлийн банктай холбоотой асуудал өнгөрсөн долоо хоногийн гол сэдвийн нэг байлаа. Өчигдөр УИХ-ын чуулганаар Хөгжлийн банктай холбоотой асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлуулчихсан. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа ярилцлага өгч, цөөнгүй зүйлийг ярьжээ.
Тэрбээр “Хөгжлийн банкны гаргасан зээлийн 70-90 хувь нь чанаргүй гэж дүгнэх нь буруу. Нэгдүгээрт, Засгийн газрын баталгаатай, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төслүүдийн хувьд өглөгөө Хөгжлийн банкнаас авах авлагадаа суутгуулан тооцох болж байна.
Ингэхээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр олгогдсон 2.5 орчим их наядын зээлийг чанаргүй гэж үзэх нь утгагүй болсон. Хоёрдугаарт, арилжааны банкуудаар дамжуулж 1,600 орчим төсөлд олгосон 800 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөгдөх эрсдэлийг гэрээний дагуу арилжааны банкууд хүлээсэн.
Банкууд зээлдэгчдээсээ авна, одоогоор төлбөр, тооцоогоо саадгүй хийж байгаа, харилцагчид нь асуудалгүй байгаа учраас эдгээр зээлүүдийг муудсан гэж үзэх нь утгагүй юм.
Гуравдугаарт, Хөгжлийн банк цэвэр өөрийнхөө хөрөнгөөр шийдэж олгосон 1.4 их наяд төгрөгийн 16 төсөл хэрэгжиж байна. Хаалттай хуралдаанаар энэ төслүүдийг компани бүрээр, явц байдлынх нь талаар шаардаж байж зарим нэгэн мэдээлэл авсан. Гэхдээ бүрэн биш. Энэ зээлүүдийн хувьд л чанарын асуудал яригдахаар байна.
Хөгжлийн банкны асуудлыг улс төрийн маргааны бай болгосноор энэ банкны нэр хүнд унаж байна. Өнгөрсөн хугацаанд хоёр нам өөр, өөрийнхөө өнцгөөс хараад нэг нь энэ банкийг маш муу байсан, нөгөө нь сайн байсан гэж хоёр туйлаас их үзэлцлээ.
Улстөрчдийн акциас болж Хөгжлийн банкны үндсэн үүрэг бүдгэрч эхэлж байна. Зарим гишүүдийн амнаас Хөгжлийн банкийг татан буулгах тухай үг унаж байгаад сэтгэл эмзэглэж байна. Бид урагшилсан хөгжлөөсөө хойшоо ухармааргүй л байна.
Хөгжлийн банкийг анх байгуулсан зорилго бол Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах, төсвийн хөрөнгөөр өгөөжөө өгөх том, том төслүүдээ санхүүжүүлж чадахгүй учраас гадны зах зээлээс бонд гаргах замаар хөрөнгө оруулалт босгон, төслүүдээ санхүүжүүлэх зорилготой байгуулсан. Ийм банк Монгол Улсын эдийн засагт урт хугацаатай хөрөнгө оруулалт татаж чадна.
Хамгийн гол нь хөрөнгө оруулалтынхаа банкны үүргийг зохих ёсоор гүйцэтгээд явах тэр замыг нь дэмжээд хууль эрх зүйн орчныг нь сайжруулж, зөв менежментээр удирдаж, улс төр ашиг сонирхлоос ангид байлгаж, хөрөнгө оруулалтын банк утгаар хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж чадсан нөхцөлд Монгол Улсын эдийн засагт маш их хэрэгтэй” хэмээн ярьжээ.
“Монголын мэдээ” сонин