“Цаг агаар шинжих монгол арга”

Мал, амьтадын байдлаар:
Сарлаг тал хөндий, нам дор, нөмөр газар бараадан идээшлэх, үхэр бэлчээрт гарахын өмнө их мөөрөх, зуны цагт үнээ тугалдаа хоргодон мөөрөлдөх, морь дахин дахин тургих, ботго бага насны тэмээ тонгочин тоглох, тэмээ жалга энгэр нөмөр газар бараадан хэвтэх, ингэ ботгондоо хоргодон буйлаад байх, хонь ямаа өглөө бэлчээрт гарахын өмнө дэвхрэх, хөөцөлдөх, мөргөлдөх, эсвэл хашаанаасаа гарах дургүй байх, бэлчээрт гарсан хойноо өвс тасралтгүй идэх, хонь ямааны хамар түгжрэх, шуухинах, үс ноос нь хөвсийн чийглэг нойтон болох, салхи руу харж хэвтэх зэрэг шинжүүд нь цаг агаарын байдал муудах, тэнгэр бүрхэх, бороо цас орох, хүйтрэх, салхи шуурга тавихын дохио.

Ямаан сүрэг задгай газраар бэлчээрлэх дуртай байх, өглөөгүүр малын хот хэвтэр рүү харахад хонь ямааны олонхи нь салхи сөрөн хивж хэвтэх, тэнгэр муухай бүрхэг байлаа ч гэсэн бух урамдах, зэлтэй унага унгалдах, адуу шилгээх, ингэ ботгоо орхиод бэлчээрт гарах, мал бэлчээрт гарахыг яарах, бэлчээрт гарсан хойноо тал тал тийш харж, тайван идээшлэх, зэрэг төлөв нь тэнгэр сайхан болохын шинж

Бороо орохын өмнө хонины ноос зөөлөрч, шулуун болно. Өвлийн эхэн сард хонь ямаа хот, хэвтрээсээ гарч хэвтээд байвал тэр өвөл нь өнтэй дулаан болох. Намар нядалсан хонины гүзээний үс нь их байвал өвөлдөө их цас орох, хүйтрэх, цаг зутруу болдог гэж малчид ярьдаг байна.

Цаг агаар муудах үед сохор номин нүхэн дээрээ ихээхэн шороо овоолдог ба, усархаг бороо орохын өмнө нүхнээсээ гардаг байна. Нарлаг сайхан өдөр ойд жирх гэнэт чанга шуугилдах маягтай хашгиралдвал тэнгэр бүрхэж бороо орохын дохио болдог ажээ. Хэрэм хүйтрэх, цас орох, салхи шуурга болохын өмнө үүрэндээ орж нүхээ сайтар бөглөөд хэдэн өдрөөр ч гаралгүй хэвтдэг байна.

Харин цас орж байхад модноос бууж үүрээ орхиод, цасан дээгүүр гүйж эхэлбэл цаг агаар сайжрахын тэмдэг. Хэрэм үүрээ нам газар зассан ажиглагдвал хүйтэн өвөл болох, өндөрт зассан байвал өнтэй өвөл болох

Тарвага, зурам, үхэр огодой, ам цагаан хулгана зэрэг амьтад эрт ичих, хөеөгөө их цуглуулах нь өвөл хүйтэн, цаг нэлээн зутруу болохын шинж. Тэнгэр муудахын өмнө агаар чийгшиж, нисдэг хорхой шавьжийн бие, далавч, өд сөд чийг даан хүндрэн газрын гадарга орчмоор ниснэ. Цаг агаар сайхан байлаа ч гэсэн бууцны цох хорхой үзэгдэхгүй бол хэдэн цагийн дараа бороо орох, салхи гарахын дохио. Зөгий өглөөгүүр үүрнээсээ сүргээрээ нисэж гарвал тэр өдөртөө цаг агаар тааламжтай байна

Зөгий үүрнээсээ гарлаа ч хол явахгүй эргэлдэх, үүрнээсээ гарах дургүй, тасралтгүй дүнгэнэн дуугарч байвал удахгүй тэнгэр бүрхэж бороо орох, өглөөнөөс орой хүртэл бал цуглуулж ердийнхөөсөө хожуу эргэж ирж байвал тэнгэр нэлээд хугацаагаар муудахын шинж

Амьдрал, эд ахуйн зүйлсээр:
Бие нозойрон залхуу хүрч нойрмогловол зуны цагт бороо орохын шинж

Бие хүндрэн ууцаар хөшиж нүд бүрэлзэн тархи толгой манарах нь тэнгэр эвгүйрэхийн тэмдэг

Гаансны бохь түгжирч устаж ирэх нь тэнгэр муудаж бороо орохын шинж

Зуух, пийшэнд хийсэн модыг асаахад дүрэлзэн шатаж дөл нь хүхээрүүгээ татагдаж байвал салхи, шуурга болохын, мод чад пад хийн дуугаран утаа савсан муу шатаж байвал бороо хур орох буюу дулаан тогтуун өдөр болохын шинж.

Газар орны байдал, ургамал:

Шөнө хотгор хөндий газар хүйтэвтэр, дов толгод өндөр газраар дулаавтар байвал маргааш нь тэнгэр тогтуун байна.

 

 

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …