Авлигачдаа хилийн чинадаас хэзээ авч ирэх вэ?

-Эрх мэдэлтэй авлигачдын эх орондоо учруулж байгаа хор уршиг тэрбум тэрбумаар тоологдоно- 

Төрөөс төрсөн тэрбумтнууд буюу Монголын төрөөр даажигнагчид хилийн чинадад гарч Монгол төрийн хуулийг гууль болгож ард түмнээрээ даажигнасаар нэлээд хугацааг үдлээ. Тодруулбал, тэд улсаас зарласан тендер, төсөл, хөтөлбөрийн мөнгийг нэг зуун сая ч биш хэдэн арван тэрбумаар нь идэж уугаад “сүүлээ хавчсан чоно” шиг айж, зовохгүйгээр хилийн дээс алхан, очсон газраа тансаг амьдралыг бүрдүүлж амар тайван амьдардаг.

Мэдээж тэднийг ийм бололцоогоор хангасан хүмүүс нь эрх мэдэл бүхий албан тушаалтнууд. Тиймээс тэднийг дэлхий даяар эрэн сурвалжлахыг зогсоож тэдэн рүүгээ байнга Монголд болж буй үйл явдлыг мэдээлж “жаахан л тэс. Удахгүй чамд зориулагдсан хууль батлагдах болно” хэмээн хэлдэг нь нууц биш.

ХЯТАДУУД “БАР БА ҮНЭГНИЙ АН” ТУСГАЙ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ 1,053 ХҮНИЙГ ГАДААДААС ЭХ ОРОНДОО АВЧ ИРЖЭЭ

Угтаа бол эрх мэдэлтнүүдэд Монгол Улсын тусгаар тогтнол, эрх ашиг бус өөрсдийнх нь амьдралд хэдэн арван тэрбум төгрөг орж ирж л байвал энэ улсыг хөсөр хаяхад бэлэн болжээ гэсэн дүр зураг харагдаж буй юм. Хэрвээ тэд улсаа ард түмнээ бодсон бол хажууханд нь байгаа хөрш БНХАУ-аас санаа авах ёстой.

Тус улс авлигатай тэмцэх тэмцлээ “баруудыг ч, ялааг ч устгана” гэсэн уриатай эхэлж 2013-2016 оны 1,053 хүнийг хилийн чинадаас баривчилсан байна. Өөрөөр хэлбэл тэд бүх шатандаа авлига, хээл хахуулийг устгахын тулд гадны улс орны хууль хяналтын байгууллагатай нягт холбоотой ажиллах болсноор ийнхүү үр дүнд хүрчээ.

Тухайлбал, БНХАУ-ын дарга Си Зиньпин 2012 онд ажлаа авснаас хойш тавьсан хамгийн том зорилгуудын нэг нь авлигын эсрэг хүчтэй тэмцэх явдал байсан гэдэг. Тэрбээр “Бар ба Үнэгний ан” тусгай ажиллагааг зохион байгуулсан нь авлигатай тэмцэх талаар дэлхий нийтэд үлгэр жишээ болж, орос ах нар ч үүнээс суралцаж төрийн мөнгөнөөс хулгайлсан нөхдөө барьж, авчирсаар байна. Гэтэл хоёр хөрш ийм том ажиллагааг манай томчуудын нүдэн дээр явуулсаар байхад бид хараагүй юм шиг царайлж суугаа нь үнэхээр өрөвдөлтэй.

Тиймээс л бид өнгөрсөн хугацаанд эрх баригчдаасаа хоёр хөрш авлига, хээл хахуулийн эсрэг хайр найргүй тэмцэж, барууд ба акулуудаа баривчилж, зохих ял шийтгэлийг ногдуулж байна. Харин манай Монголд энэ ажиллагаа хэзээ эхлэх вэ гэсэн асуултыг өнгөрсөн хугацаанд олонтаа тавьсан.

Тухайлбал, оросын Думын гишүүн Д.Савельев “авлигын хэргийг улс орноос урвасантай адилтган авч үзэх хэрэгтэй. Эрх мэдэлтэй авлигачдын эх орондоо учруулж байгаа хор уршиг тэрбум тэрбумаар тоологдоно. Энэ бол бусдыг шулж мөлжин баяжиж байгаа хэрэг төдий биш, үндэсний ашиг сонирхлоосоо урваж буй хэрэг. Энэ бол эх орноосоо урвасан хэрэг, үүний төлөө зохих шийтгэлийг нь тэдэнд ногдуулах ёстой” гэж хэлсэн нь цахим ертөнцөд шуугиан тарьж байна.

МАНАЙ УЛС АВЛИГАЧДАДАА ЗОРИУЛЖ ХУУЛЬ БАТАЛДАГ

Уг нь манай хууль хяналтын байгууллагынхан төрийн мөнгөнөөс баруун, солгойгүй идэж уусан нөхдийг илрүүлж шат, шатны газруудад нь шилжүүлдэг ч дээрээс “том ах нар” ганц утас цохиод л тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байсан түүх олон бий. Тухайлбал, 2014 онд татварын Ч.Гансүх гэгч этгээд нууц амрагаа долоон тэрбумаар эрхлүүлээд зогсохгүй, хань хамсаатнуудтайгаа нийлж улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр ял авч байсан.

Ингэхдээ шүүхээс Ч.Гансүхийн хууль бусаар олсон 1.4 тэрбум төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гаргасан ч эргэж төлсөн эсэх нь эргэлзээтэй. Мөн Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, Эдийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, тус яамны ТНБ-ын даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар нарыг АТГ-т шалгаж буй. Тэднийг “Чингис”, “Самурай” бондын мөнгөтэй холбоотой асуудлуудаар шалгаж, одоогоор улсад хэдий хэрийн хэмжээний хохирол учруулсан гэдгийг нь тогтоогүй байгаа.

Энэ мэтээр тоочоод байвал маш урт жагсаалт гарах нь ойлгомжтой. Тухайлбал, 2016 оны байдлаар гэхэд авлигачдаас болж улсад 46 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдэг албан ёсны тоо байдаг юм билээ. Уг нь аливаа гэмт хэрэгт заавал хохирлын хэмжээ гэж байдаг.

Гэтэл хэн нь хэчнээн төгрөгийн хохирол барагдуулсан талаарх мэдээлэл бүрхэг байдаг учраас хохирлыг төлүүлж чадаж байгаа эсэх нь ихэд эргэлзээтэй юм. Тиймээс л авлигатай тэмцэх улс орнуудын сайн туршлагуудыг монголын төр авч хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг хэлээд байгаа юм.

Тиймдээ ч элгээрээ хэвтсэн эдийн засгаа сэргээхийн тулд бондын мөнгөнөөс завшсан, төмөр замын төслөөс мөнгө “хумсалсан” гэх эрхмүүдийг яаралтай баривчилж улсыг хохиролгүй болго гэх үгс олон нийтийн цахим сүлжээгээр хүчтэй тарж эхлээд байгаа.

Ямартай ч одоогоор бидний мэдэж буй “Шинэ төмөр зам төсөл”-ийн эзэн холбогдогчид нь өдгөө хууль хяналтын байгууллагад шалгагдаж хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй ч зарим нэр бүхий хүмүүс нь аль хэдийнэ гадаад улс руу дүрвээд зогсохгүй гадны иргэншилтэй болчихсон байх жишээтэй.

Тус төсөл дээр ажиллаж байсан “Либерти Партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбат, МТЗ-ын дэд захирал асан П.Бат-Эрдэнэ мэтийн нөхдөөс болж хэрэг шийдэгдэлгүй өнөөг хүрч тэдний хэргийг тусгаарлах болсон юм.

Ямартай ч улсад онц их хэмжээний хохирол учруулсан албан тушаалтнууд Монгол Улсаас дүрвэн гарсан өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн хамсаатнуудыг эрэн сурвалжилж, баривчлахын тулд бид гадны хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллахад болохгүй гэх зүйл байхгүй шүү дээ. Юутай ч төрийн эрхийг бариад долоон сар болж буй МАН-ынхан энэхүү ажиллагааг эрчимжүүлж чадвал олон хүнд гоё харагдах байх даа.

Эцэст хэлэхэд хоёр хөрш маань авлигатай хайр найргүй тэмцэж чадаж байна. Энэ бүхнээс суралцах цаг нь болжээ Монголын хууль сахиулагчдаа.

Өглөөний сонин

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …