Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамцтай ярилцлаа.
-Монгол түмний уламжлалт баяр Цагаан cap хаяанд ирлээ. Айлчлан ирж буй гал тахиа жилийн өнгө төрх ямар байх талаар яриагаа эхлүүлэх үү?
-Баярлалаа. Цагаан cap бол ах дүү, төрөл саднаараа орж, мэнд усаа мэдэлцэж, эвсэж нэгддэг их сайхан баяр л даа. Тийм ч учраас хүн бүр энэ баярыг хүсэн хүлээдэг. Ер нь, Монгол Улсын хэмжээнд цагаан cap, наадам гээд хоёр том баяр бий. Эдгээр баярыг үзэж сонирхох гэж гадны жуулчид хүртэл хөвөрдөг болж. Тэгэхээр дээрх баярууд маань дэлхийд данстай болсны илэрхийлэл юм болов уу.
-Саяхан УБТЗ-ынхан танай хийдэд ном хуруулсан гэж сонслоо. Ямар ном хуруулав?
-УБТЗ-ын хамт олон Гандантэгчэнлин хийдэд зочилж “Арван хангал” буюу биднийг сахин хамгаалж байдаг бурхадуудад ирэх жилийнхээ ажил үйлсийг даатгаж, хурал ном хуруулсан. Энэ бол үнэхээр ерөөлтэй үйл явдал юм. Төмөр замын ажил үргэлж ундарч байдаг, цаг минутаар хэмжигддэг, маш нарийн нандин байхыг шаарддаг юм байна. Ер нь, улсын хэмжээнд олон хүнийг цалинжуулж, ажил амьдралыг нь нуруундаа авч явдаг компани бол яах аргагүй УБТЗ юм. Тэгэхээр энэхүү хариуцлагатай ажлыг гүйцэтгэж буй олон хүний төлөө санаа зовинож, сахиус бурхандаа даатгахаас ч аргагүй. Нөгөөтэйгүүр төмөр замчдын маань дийлэнх нь буддын шашинтан. Тиймээс бид гал тахиа жилдээ төмөр замчид аваар осолгүй, аюулгүй, амар тайван, эд таваар элбэг дэлбэг байхыг ерөөж ном уншлаа.
-Төмөр замчдад хандаж та ямар сургаал айлдахсан бол?
– Нэг компанийн ажилтнууд гэдэг үндсэндээ нэг гэр бүлийн гишүүд. Тийм учраас хоорондоо эв зүйтэй, бие биенээ хүндэлж хайрлаж байх нь хамгийн чухал юм шүү гэдгийг чандлан захья.
Яагаад вэ гэхээр нэг айл гэр байлаа гээд бодоход өрхийн тэргүүлэгчээ зүй зохистойгоор хүндэтгэж, хэлсэн үгийг нь эерэгээр хүлээн авч, бодол сэтгэлийг нь дэмжиж, гэр бүлээрээ сайхан байх юм бол тухайн айл хэчнээн сайхан эв түнжинтэй, амгалан жаргалтай байдаг билээ. Үүний адилаар хүн бүхний оролцоо нэгдмэл байж гэмээнэ тэр байгууллагын ажил үйлс өөдрөг сайхан байх учиртай юм. Монголд ганц дутаад байгаа зүйл бол бие биенээ хүндлэх явдал. Удирдлагаа шүүмжилдэг. Тэгсэн мөртлөө хаана, хаанаа хариуцсан ажлаа хийдэггүй. Болсон ч, болоогүй ч шүүмжлээд л байдаг. Энэ дутагдал нь албан байгууллагын ажил үйлсийг урагшлуулахгүй байна уу гэсэн сэжим харагддаг.
“Эд биднийг тэжээх ёстой” гэсэн явцуу үзлээр хандаад байдаг тал бий. Зах зээлийн нийгэм бол хүн бүр өөрийнхөө толгойг дааж амьдрах хууль зүйтэй. Ингэхдээ хүн бүхэн дор бүртээ хариуцлагаа ухамсарлаж, ажил албандаа сэтгэл зүтгэлтэй ханддаг. Түүнийг нь дагаад мэдлэг боловсрол нь дээшилдэг учиртай. Хариуцсан ажилдаа тогтвор сууршилтай, үргэлж шинийг санаачлагч байж гэмээнэ ар гэрийнх нь ахуй амьдрал ч дагаад дээшилдэг зарчим хэрэгжиж байгаа. Нэг үгээр хэлбэл хуучны нийгэм шигээ хүнээр тэжээлгэх тухай бодоод байвал ажил алба ч урагшлахгүй, ахуй амьдрал ч дэвшихгүй, нэг л хэвэндээ байх ийм л нийгмийн тогтолцоонд орсон учраас бид өөрсдөө зүтгэх ёстой юм.
-Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй. Бүлээн усаар угаавал хиргүй гэдэг. Зөв шүүмжлэлийн ач тус ч бас байдаг л болов уу?
-Үнэхээр зөв зүйтэй шүүмжлэл байж болно л доо. Байх ч ёстой. Гэвч өөрт нь таалагдахгүй байгаа бүхнийг хэн нэгэн рүү чихдэг зуршил хэзээ ч байж болохгүй. Чухамдаа энэ байдал л улс орныг хөгжүүлэхгүй байгаа юм.
Жишээ нь Япон,Солонгос, Англи, Америк, Герман зэрэг өндөр хөгжил дэвшилтэй, бидний жишээ татдаг орнуудад шүүмжлэл байдаг уу гэвэл байдаг. Гэхдээ болохгүй гэж бодсон бүх зүйлээ бусдад чихдэг үзэгдэл байхгүй шүү дээ. Хамгийн гол нь өөрсдийн хариуцсан ажлаа яв цав гүйцэтгэж чаддаг. Хөдөлмөрийн бүтээмж нь маш өндөр харагддаг шүү дээ. Гудамж талбайнх нь өнгө төрхөөс эхлээд ажлыг ямар хэмжээнд хийж байна вэ гэдэг нь тод харагддаг. Гудамж нь бараг л бидний гэр орноос цэвэрхэн харагддаг. Ажиллаж, амьдарч байгаа орчноо үргэлж угааж, булан тохойдоо ширхэг ч хог хаяхгүй өөриймсөг сэтгэлээр хандаж байгаа учраас тэр.
Ямар сайндаа л би тэнд очоод “Манай хотын гудамжинд уурлаад хүн рүү авч шидэх чулуу хаа сайгүй байдаг. Энд харин ширхэг ч чулуу алга шив дээ” гэж алиалж байсан. Хүн бүр хариуцсан ажлаа яв цав хийгээд ирэхээр ойр орчин нь өнгөө засаад л, хаана хаанаа алдаа дутагдал ч гарахгүй болоод эхэлдэг. Сайн хийсэн ажлын үр дүн өнөө маргаашаар бус хэдэн жилээр гардаг. Энэ зоргоор тухайн байгууллагын засвар үйлчилгээнд зарцуулдаг мөнгө багасдаг. Төмөр зам ч үүнтэй агаар нэг. Энэ бүтээмж эв нэгдэл дээр суурилж ирдэг учиртай.
Тиймээс хамтрагчдаа хүндлэх, удирдлагад нь ажиллаж буй хүмүүсийн санаачлагыг нь дэмжих үзэл юу юунаас илүү чухал. Нэг нь өнгөтэй өөдтэй явахад татаж унагаад, өөрөө ч тэр хэмжээнд хүрч чадахгүй бол улс орноо, албан байгууллагаа, өөрийнхөө хөдөлмөрийн үр дүнг, амьдралаа хорлож буй явдал юм. Өнгөтэй яваа нэгнээ дэмжээд байвал тийм өөдрөг хүмүүс олноор төрөн гарна. Тэр зоргоор компанийнх нь нэр төр өсч, нийгэмд эзлэх байр суурь бэхжиж, ажил үйлс нь цэгцэрдэг жамтай.
-Олон хүнийг эв нэгдэлтэй байхын үндэс суурийг шашны номлолд юу гэж сургасан байдаг вэ?
-Буддын шашинд хүн гэдэг ойлголт нь бие, хэл, сэтгэл гурвын нэгдэл юм гэж тодорхойлдог. Тиймээс “Би хүнтэй сайхан харьцана гэдгийг яаж ойлгох вэ?” гэсэн нэг томоохон асуудал бий. Намайг тойрон хүрээлж буй хүмүүсийн надтай харьцаж буй аяг, араншин бол миний төрхийг илэрхийлж байдаг учиртай. Яагаад гэвэл би хүн рүү муухай харж байгаа тохиолдолд хүн над руу хэзээ ч сайхан хардаггүй.
“Өөртэй нь адилхан байя” гэсэн үүднээс тэр хүн өөр рүү чинь хялайж л хардаг. Хүнийг биеийн хүчээрээ байнга айлгах гэж нударгаа зангиддаг бол цаад хүн нь ч мөн адил дийлдэхгүйн тулд аливаа нэгэн арга сүвэгчилж, төмөр, чулуу барих ухаан өгдөг.
Иймд биеийн болон хэлний хөдөлгөөнөө үргэлж хянаж, аливаад ухаалгаар хандаж байх хэрэгтэй. Тухайлбал, урд өдөр нь уулзах гэж цаг товлосон хүн очиж чадаагүй бол өмнөөс ” Чи муу яагаад ирдэггүй юм” гээд угтвал, нөгөө хүн “Хуц. Чамд ямар хамаатай юм бэ” гэж хариулна. Яагаад тэр хүний өмнөөс “Миний найзад юу тохиолдоод ирж чадсангүй вэ” гэж асууж болохгүй гэж. Аль болох өөрөө зөөлөн байх тусам эсэргэлдэгч хүмүүс мөн л эв эеэр харьцдаг.
Ямар ч хүн сэтгэлийн илэрхийлэл байдаг. Сэтгэл зөөлөн, дотроо үргэлж сайн сайхныг бодсон бол хэл, бие хоёр дагаад зөөлөрдөг. Хүнийг хүндэтгэхийн хэрээр хүмүүс буцаад хүндэлдэг.
Сайхан зүйл ярих тусам сайхан зүйлийг хариуд нь хэлдэг. Энэ зоргоор тухайн хүн тайвшралыг олж, халуун дулаан уур амьсгалтай хамт олны дунд ажиллаж, амьдрах үндэс бүрддэг. Иймд төмөр замчид минь ажилдаа ч, ар гэртээ ч бие, хэл, сэтгэлээ ариун байлгаарай. Энэ л та бүхний сэтгэл өөдрөг, жаргалтай амьдралын эх үүсвэр юм шүү.
-Түрүү үеийн хүмүүс ихэвчлэн урт насалж, өвчин зовлон тусах нь ч бага байсан гэдэг. Энэ юутай холбоотой вэ?
-Манай эцэг өвгөд энэ ертөнц дээрх дөрвөн зүйлийг өөртөө болон гэр орондоо бүрдүүлэх гэж мэрийж ирсэн байдаг. Энэ юу вэ гэхээр нэн тэргүүнд урт нас. Ямар ч их эд хөрөнгө, мөнгө төгрөг хураасан богино насалбал ямар ч хэрэгцээгүй шүү дээ. Иймд хүн өөрөө эрүүл, өвчингүй байхыг боддог.
Улмаар бурхан шүтээндээ залбирч, ажил амралтаа зөв зохицуулахыг эрмэлздэг. Ингэснээр насыг бүтээж, зөвхөн өөрөө ч бус гэр бүл, хамт олноороо эрүүл саруул сайхан байхын жаргалыг эдэлдэг. Хувцсаа тааруулах, зөв зохистой хооллох гээд эрүүл байхын үндэс шалтгаан нь хувь хүнээс их шалтгаалдаг лдаа. Гуравдугаарт, “Барцадгүй байлгаж өгөөч” гэж бурхандаа залбирдаг байсан. Хүн хулгай хийж, худал хэлэхээс эхлээд бусармаг зүйл хийгээд л байх юм бол өөрөө сайхан амьдрах нь бүү хэл шоронд ороход тулдаг.
Шоронд орсноос хойш юун эхнэр хүүхэд, хамт олон. Эрх чөлөөтэй байх бүх эрхэм чанараа үгүй хийдэг. Мөн түүнчлэн гаднаас ирдэг барцад болох аюул ослоос өөрийгөө хамгаалах нь чухал. Алхам бүрээ хянаж, гүйцэтгэж байгаа ажлынхаа дүрэм журмыг чанд сахиж, анхаарал болгоомжоо алдахгүй байх явдал. Энэ нь эргээд надад урт нас авчрахын гол үндэс юм шүү гэдгийг санаж явах хэрэгтэй.
Эцэст нь эд таваар. Өөрийн амьдралд хүрэлцээтэй хэмжээний цалин, эд таваартай байхгүй бол хүн сайхан амьдарч чаддаггүй. Хувцас муутай, гэдэс өлсгөлөн явж байгаад өвчин тусдаг. Бусармаг зүйл урган гардаг. Иймд өөрөө хөдөлмөрлөх, тэгэж гэмээнэ сайхан амьдрах боломж бүрддэг юм.
-Төмөр замчид амьгүй зүйл буюу техник хэрэгсэлтэй ихэвчлэн харьцаж ажилладаг. Осол зөрчлүүд ч техникийн хүчин зүйлээс урган гарах тохиолдол их бий. Ийм төрлийн ослоос ангид байхын тулд юуг анхаарах шаардлагатай вэ?
-Нэн тэргүүнд болгоомж хэрэгтэй. Болгоомж гэдэг нь ажлаа мэдсэн мэдлэг, анхаарал хоёрын нэгдэл юм. Мэдлэггүйгээсээ болж техник хэрэгсэлтэй буруу харьцах. Улмаар осол аваарт өртөх нигуртай л даа. Иймд энэ техниктэй ингэж харьцвал юу болох вэ гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй. Тийм ч учраас хөдөлмөр хамгаалал гэдэг зүйл яригддаг. Чухамдаа хөдөлмөр хамгааллын дүрэм журмаа нягт мөрдөж, үргэлж сэрэмжтэй байж чадвал осол аваараас ангид байх бүрэн боломжтой.
-Нөгөө талаасаа төмөр замчид чанд хатуу дүрэм журмын доор дээд зэргийн сахилга баттай ажилладгаараа онцлогтой. Энэ онцлогоосоо шалтгаалан захирах, захирагдах ёстой холбоотой үл ойлголцол, зөрчилдөөн, уур бухимдлын асуудал ч урган гардаг юм болов уу гэж боддог. Ер нь удирдагч хүн уур хилэнгүй байх, үл ойлголцолд бага орохын тулд юуг хичээх хэрэгтэй вэ?
-Захирах, захирагдах ёс гэдэг зүйл хаана ч байх ёстой л доо. Тийм ч учраас өндөр боловсролтой, хамт олныг удирдан зохион байгуулах ур чадвартай хүмүүсээ бид удирдагчаараа сонгож ирсэн. Энэ утгаараа удирдагч байгаа тохиолдолд тухайн хүний ажил албанд нь хүндэтгэлтэй хандаж, үүрэг даалгаврыг нь биелүүлэх хэрэгтэй. Үнэхээр болохгүй зүйл гарвал “Та энд алдаж байна шүү” гэдэг зүй зохистой зөвлөгөөг өгнө үү гэхээс үг бүрийг нь сөрөөд, эсэргүүцээд байвал тухайн байгууллагын ажил зогсох тал руугаа явна шүү дээ.
Дарга гэдэг ганцхан мөст байдаг учраас доор нь ажиллаж буй хэдэн зуун хүн ч хамаагүй бодит байдлыг бодож үзэх ёстой Монголчууд сүүлийн үед бүгдээрээ дарга болох хүсэл эрмэлзэлтэй байгаа нь зарим талаар харагддаг. Гэвч энэ бол бодит байдал биш.Тиймээс удирдлагынхаа үгэнд орж явна гэдэг ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүний эрхэм чухал соёл юм даа. Нөгөөтэйгүүр хамт олноо удирдаж яваа дарга хүн ч ажилтнуудынхаа үгийг сайн сонсч, алдаа дутагдлаа цаг алдалгүй засч, нөхцөл байдалд зөв, шударга дүгнэлт өгч байх хэрэгтэй. Өөрийгөө хаан мэтээр төсөөлж болохгүй.
-Төмөр замд тухайн мэргэжлээр сургууль төгсч, онолыг нь сурсан нарийн мэргэжлийн хүмүүс гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай ажил олон байдаг л даа. Гэвч мэргэжлийн бус хүмүүс хөндлөнгөөс төмөр замын асуудалд их хутгалдаж оролцох нь харагдах юм. Таны хувьд ийм үзэгдэлд ямар дүгнэлт хийх вэ?
-Дээд түвшний хүмүүс доод талынхаа хүмүүсийн санал сэтгэгдлийг их хүндэтгэлтэйгээр хүлээж авах хэрэгтэй л дээ. Жишээ нь, төмөр замын мэргэжлийн бус дарга нар “Өргөн, нарийн цариг” гээд л хэвлэл мэдээллийн хэрэгслээр их л мэргэн цэцэн ярьж буй нь харагддаг. “Эд нар мэргэжлийнх нь хүмүүсээс заавар зөвлөгөө авсан болов уу” гэж бодох үе ч гардаг л даа. Яагаад вэ гэхээр төмөр замчидтай уулзаад ярилцахад “Шал дэмий юм ярьж байна. Мэргэжлийн талаасаа бол бүтэхгүй зүйл ярих юм. Том дарга гэхээрээ л бүхнийг мэддэг гэсэн үг биш шүү дээ” гэсэн санааг цухалзуулдаг. Үүнээс дүгнэн харахад тухайн мэргэжлээ сайн мэддэг хүн л удирдлагуудаар нь ажиллах нь зүйтэй юм болов уу.
Тухайн ажлын байранд мэргэжлийн мэдлэг огт байхгүй хүнийг авчраад тавьчихаар хий дэмий цаг алдаад, тэр хүн ажлын байрандаа суралцаж, дадлагажсаар байтал албан байгууллага, хамт олных нь ажил хойш татагдчихдаг юм болов уу гэж хардаг. Коммунист нийгэм бол хэцүү цаг үе байсан. Гэхдээ боловсон хүчний талдаа бол сүрхий байсан шүү дээ. Хөдөө гадаа томилж, амьдрал үзүүлж байж тохирсон албанд нь томилдог Тэндээс нь шалгаруулж удирдах албан тушаалд томилдог байлаа шүү дээ. Ингэснээр тухайн удирдагч өөрөө ажилтан байсан учраас мэргэжлийнхээ онцлог, нөхцөл байдлыг сайн мэддэг. Улмаар алдаа дутагдал гаргадаггүй байсан.
Одоо жишээ нь УИХ-д амьдрал мэддэгхүн орж байна уу, үгүй юу гэвэл эргэлзээтэй шүү дээ. Ямар ч мэдлэггүй хүн шийдвэр гаргах түвшинд томилсноос болоод улс орон хохирдог дутагдал аль ч намд нь ажиглагдаад байдаг юм. Би лам хүн учраас бүх хүн зовлон жаргалаа ирж уудална. Тэдний яриаг харьцуулж бодоод байхад ийм дүгнэлт заримдаа буудаг л юм.
-“Нийгэм бүхэлдээ бухимдалтай байгаа учраас би ч бас бухимдаж байна” гэж ярих хүн олширсон.Энэ тухайд юу хэлэх вэ?
-Хохь нь л гэж хэлэх байх даа.Яагаад гэвэл өөрийгөө аль болох чөлөөлж явах тухай бодохгүй байна. Бодит байдлыг мэдэхгүй л бухимдаад байна шүү дээ.Зурагтаар гарч байгаа мэдээг хар л даа .Ямар ч бухимдах шаардлагагүй зүйлд бухимдаад байгаа биз дээ. Тавантолгойн төсөл хөдөлж байна шүү дээ. 29 ам. Доллараар өгдөг байсан нүүрсийг 71 ам.доллараар өгдөг боллоо. Хятад руу нүүрс гарч эхэллээ.
Гэтэл “Дэлхийн ханш 150 ам.доллар байгаа шүү дээ” гээд бас л шүүмжилж байна. Энэ бодит зүйл биш. Бид хоёр том гүрний дунд оршдог. Хятадаас өөр нүүрс авдаг газар одоогоор алга. Бүр өгөхгүй байснаас 71 ам.доллараар нүүрсээ өгөөд өрөө дарах шаардлага бидэнд бий биз дээ. Яагаад үүнийг зөв бодож чадахгүй байгаа юм бэ. Бодитоор харж чаддаг бол бухимдахгүй зүйл зөндөө л байна.
-Та төмөр замчдын ажил үйлсийг чухам ямар өнгөөр хардаг вэ?
-Хамаагүй дээрдсэн. Бодоод үз л дээ. 1990 оны эхээр ардчилал дөнгөж гарч байхад ямар байлаа. Хятадаас ирж байгаа вагон гахайгаар дүүрэн Хүн суух зайгүй овоолсон ачаа бараан дээрээ тав тухгүй унтаж амарсан болоод л явдаг байлаа.
Ганзагын наймаачдын эх захгүйг хэлэх үү, дүүрэн архи, тамхины дунд л явдаг байсан. 1990 оны дунд үеэс маш цэвэрхэн болж эхэлсэн. Одоо ямар сайхан байна вэ. Зүтгүүрээ өөрсдөө хийж байна. Энэ хөгжил биш гэж үү. Агаарын тээврийнхэн л гэхэд гадаадын онгоцыг захиалгаар засч, хуучин онгоцныхоо буудлыг сургалтын төв болгох тухай ярьж байна.
Өөрсдийгөө голдог өвчтэй л болохоос биш бид өдөр өдрөөр л сайжирч байна шүү дээ. Тэгэхэд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд саяхныг хүртэл Оросын мэргэжилтнүүдээр л ийм төрлийн ажлаа хийлгэсэн. Жишээ нь, Манж гэж хүчирхэг гүрэн байсан. Одоо 64.000 орчим манж хүн байдаг гэж ярьдаг. Тэд эх хэлээрээ ч ярьдаггүй. Бид тусгаар тогтносон Монгол Улс гурван саяулаа болчихоод хөгжиж цэцэглэж байна. Түвд л гэхэд 60 жилийн өмнө газрын зурагнаас хасагдаж, Хятадын нэг хэсэг болсон. Гэтэл манай улсын газрын зураг байгаа биз дээ. Тэгэхээр хий дэмий зүйлд бухимдаж цагаа гарздах нь илүүц юм.
-Ярилцсанд баярлалаа, танд сайн сайхныг хүсье!
Эх сурвалж: “Ганзам” сонин