Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд саяхан өөрчлөлт оруулж баталсан. Хуульд орсон гол өөрчлөлтийн талаар Замын Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбаттай ярилцлаа.
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд ямар өөрчлөлт оруулсан бэ?
-2015 оноос мөрдөгдөж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ жолоо барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулна” гэж заасан.
Энэ нь торгох, баривчлах шийтгэлийг давхардуулах зөрчилтэй байгаа юм. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн давтан үйлдсэн тохиолдолд авах арга хэмжээ тодорхой бус байснаас хариуцлага тооцдоггүй байсан. Шинэчилсэн найруулгаар үүнийг тодорхой болгож үндсэн шийтгэлийг давхардуулан олгох боломжгүй учраас торгох шийтгэлийг орхиж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27-гийн 3-аар 7-30 хоног баривчлахаар зохицуулсан. Зөрчлийн тухай хууль батлагдвал долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
-Хэзээнээс мөрдөгдөх үү?
-Хорих ял гэдэг бол баривчлах ял. 27.3-д 7-30 хоног баривчилна гэсэн байгаа. Одоо энэ мөрдөгдөөд явна. Тодруулбал, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болон эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөтэй бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол 7-30 хоног баривчилна”, “Энэ хуулийн 27.1-д заасан зөрчлийг давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаагаар баривчилна” гэсэн байна.
-Мансууруулах бодис хэрэглэсэн үедээ жолоо бариад осол гаргасан зөрчил илрээд байсан. Үүнийг хэрхэн шалгаж байна вэ?
-Хэт ядарсан уу, мансуурсан уу гэдгийг энгийн нүдээр харж ялгахад төвөгтэй. Сэжигтэй тохиолдолд Цагдаагийн байгууллага эмнэлгийн байгууллагад хандан тухайн хүмүүсийг шалгуулаад ядарсан, эсвэл мансуурсан байна гэдгийг тогтоолгож байгаа.
Яваандаа багаж хэрэгсэлтэй болохоор сэжиг илэрсэн хүнийг газар дээр нь шээс, шүлс, үнэр зэргээр илрүүлдэг багажаар шалгана. Ийм багаж цөөхөн бий. Согтууруулах ундааны зүйл эсвэл хэт ядарсан үедээ хөдөлгөөнд оролцвол жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахгүй нөхцөл байдал үүснэ. Мэдээлэл хүлээн аваад хариу үйлдэл үзүүлэх хугацаа нь уртсаад зам тээврийн осолд орох магадлал өндөр болоод байгаа юм.
-Олон улсын жолооны үнэмлэхийг хэзээнээс олгож эхлэх вэ?
-Олон улсад мөрдөгдөж байгаа “Интернэйшнл драйвер лиценз” нь үндэсний үнэмлэхийг үндэслэж олгодог орчуулгын баримт бичиг. Өмнө нь энэ баримт бичгийг жолооны курсууд өгдөг байсан. Энэ сарын 1-нээс Лицензийн төвөөс гурван жилийн хугацаатайгаар олгож эхлээд байна. Дэлхийн улс орнууд өөрийн нутаг дэвсгэр дээр явах хөдөлгөөний дүрмийг олон төрлөөр зохион байгуулсан. Жишээлбэл, АНУ муж бүр өөр. Вашингтон хотод Монгол Улсын жолооны үнэмлэхээр явуулж болно гэхэд Лос Анжелест “Та зөвхөн манай үнэмлэхийг авч, цагдаагийн байгууллагаас зөвшөөрөл авч хөдөлгөөнд оролцох ёстой “ гэдэг.
Конвенцид нэгдсэн 168 оронд өөрийнхөө үнэмлэхээр явах эрхтэй. Олон Улсын жолоодох үнэмлэх нь үндэсний үнэмлэхийг үндэслэж олгогддог. Мөн түүний хамт хүчинтэй байх эрх зүйн баримт бичиг юм. Хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд энэ үнэмлэхийг олгоод явдаг. Олон улсын дүрэмд заагаад та олон улсын жолооч гэсэн эрх зүйн хүрээнд олгож байгаа зүйл биш. Харин Монгол Улсын жолооны үнэмлэх дээр үндэслээд орчуулаад олгодог гэж ойлгох хэрэгтэй.
З.Цасанчимэг
Эх сурвалж:Зууны мэдээ