Өнгөрсөн 2015 оны арваннэгдүгээр сард Нийслэлийн дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд, тэтгэвэр хариуцсан байцаагч нар арилжааны банкуудтай үгсэн нас барсан ахмад настнуудын нэрээр тэтгэврийн зээл авдаг байсан нь илэрч нийгэмд дуулиан тарьж байсан. Тодруулбал, уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлж нэлээдгүй хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж прокурор руу шилжүүлж байсан билээ.
Гэтэл өнгөрсөн оны наймдугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ “Нийслэлийн дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд, тэтгэвэр хариуцсан байцаагч нар хууль тогтоомжийн дагуу албан үүргээ биелүүлээгүйгээс улсад хохирол учруулж, хувьдаа мөнгө завшсан хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж шалгасан. Энэ хэрэг Чингэлтэй дүүргийн хяналт дор явагдсан байгаа. Дээрх хэрэгтэй холбогдуулан эрх бүхий нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256.3, 272.2-т зааснаас яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан. Тэдгээр албан тушаалтнууд тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон.
Гэвч хөөн хэлэлцэх хугацаа буюу эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа нь өнгөрсөн байсан учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72.1.1, 24.1.1, 208.1.1-т зүйлд заасан үндэслэлээр шалгагдаж байсан хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэх мэдээллийг өгч олныг гайхшруулж байсан билээ.
Хэргийг хэрэгсэхгүй болгосон ч нэмэлт мөрдөн байцаалт хийхээр боллоо
Өөрөөр хэлбэл, мөнгө идэж уусан нь тогтоогдсон ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохоор хэргийг хаасан гэж ярьсан нь иргэдийн хууль хяналтын байгууллагад итгэх итгэлийг хөсөрдүүлж байсан билээ.
Тэгвэл энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй Нийгмийн даатгалын эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг дахин хууль хяналтын байгууллага руу шилжүүлж нэмэлт мөрдөн байцаалт хийхээр болсон байна.
Түүнчлэн хэрэгт холбогдсон зарим нэг хүмүүсийн үйлдлийг яагаад хэрэгсэхгүй болгосон, хэрэгсэхгүй болгосон нь хэр үндэслэлтэй байсныг дахин шалгахаар болсон талаар эх сурвалж мэдээлж байна. Ямартай ч улсад их хэмжээний хохирол учруулаад байсан эл хэргийг прокурорын шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэрэгсэхгүй болгоод байсан ч дахин шалгахаар болсон гэсэн үг. Хэдийгээр энэ асуудал тухайн үед засгийн эрхийг барьж байсан АН-ын үед болсон ч гэлээ одоогийн засгийн газар Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө болон уг асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлээд байсан нь ийн үр дүнд хүрчээ.
Ямар, ямар албан тушаалтнууд уг хэрэгт холбогдсон бол
Өнгөрсөн оны арваннэгдүггэр сарын 19-ны өдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө бага байгаа.
Тиймээс тус санд нэгдсэн том шалгалт хийхээр болсон талаар хэлээд зогсохгүй энэ бол зөвхөн эхлэл гэдгийг тус хурал дээр хэлж байсан юм. Түүнчлэн талийгаачдын мөнгийг хувьдаа завшсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг дахин хуулийн байгууллагаар шалгуулж хэн гэгч этгээд хэчнээн тэрбум төгрөг завшсан.
Хэргийг хэрэгсэхгүй болгосноор улс хэдэн тэрбум төгрөгөөр хохирсон бэ гэх зэрэг асуудлуудыг хөндөн ярьж байсан юм. Товчхондоо бол салбарын сайд нь энэхүү асуудлыг дахин сөхсөнөөр улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй тухайн үед эрх мэдэл бүхий албан тушаалыг хашиж байсан хүмүүст холбогдох хэргийг дахин нягтлахаар болсон нь энэ аж. Яг үнэндээ тухайн үед уг хэргийг өргөн цар хүрээнд шалгахын тулд хөдөө орон нутгийн цагдаагийн албан хаагчдыг дайчлан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан ч энэ нь үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрсэн юм.
Олон нийтийн зүгээс мөрдөн байцаах чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын ажилтнуудыг ажил хийхгүй, хүн хэлмэгдүүлж, ял оноолоо гэх мэтээр элдэвлэдэг.
Гэтэл мөрдөн байцаагчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд болохоос нь болохгүйг хүртэл явж, хавтаст хэрэгт нотлох баримт хангалттай бүрдүүлэхээр ажиллаж байхад дээд шатны хүмүүс нь хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан тохиолдлын нэг нь энэхүү хэрэг.
Өөрөөр хэлбэл, мөрдөгчид хэчнээн хоног, сараар нойр, хоолоо умартан зүтгэж, гэм буруутай үйлдлийг нь тогтоох гэж ажиллаж байхад прокурорууд нэг л өдөр хэргийг татаж хянах нэрээр авч яваад, хэрэгсэхгүй болгох тогтоол гэгчийг үйлдэж, мөрдөн байцаагчдын олон сарын хөдөлмөрийг ганцхан өдөр үзэгний үзүүрээр шийдчихдэг гэх асуудал олон ч яригдаж байсан. Ямартай ч энэ удаад Нийгмийн даатгалынхны далд бизнесийг цагдаагийнхан дахин шалгахаар болж гэм буруутай эсэхийг нь эцэслэн тогтоохоор боллоо.
Өглөөний сонин