Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам АН, МАН-аас тодорсон нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдэг асуултын хариуг олох гэж ард түмэн хичээж байна. Энэ удаа Монголын улстөрийн ууган хүчин Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд гэж чухам хэн бэ, ямар хүн бэ гэдэг дээр жаахан тогтоё. АН, МАН-ын хоёр нэр дэвшигчийн намтар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай явчихсан учир энд илүүг нуршаад яахав. Гэхдээ АН-ын нэр дэвшигчийн намтар дахь улстөрийн амьдрал, нөлөөлөл МАН-ын нэр дэвшигчийнхтэй харьцуулахад тун ч чамламаар байсан гэдгийг энд дурдах нь илүүц биз.
“Үндэсний эв нэгдлийн Засгийн газар” ба эдийн засгийн огцом өсөлт
2006 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр одоогийн УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдоор ахлуулсан “Үндэсний эв нэгдлийн Засгийн газар” байгуулагдаж байв. Тухайн үед өдгөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн толгойлж асан “Их эвслийн Засгийн газар”-аас тамгыг нь авч байсан санагдана. Яг энэ мөчөөс монголын эдийн засгийн сэргэлт огцом өндрөө авч Ц.Элбэгдоржийн Засгийн газрын 6.2 хувь дээр шигдчихсэн байсан эдийн засаг яах ийхийн зуургүй 10 хувь даваад явчихсаныг одоо ч эдийн засагчид дурсан ярьдаг. Энэ нь бидний сайрхан “дурсах” дуртай Сү.Батболдын Засгийн газрын үеийн 17.5 хувийн эдийн засагтай шууд утгаар холбогдоно. Зүй нь, 17.5 хувийн өсөлтийн эхлэл нь “Үндэсний эв нэгдлийн Засгийн газар”-ын үед тавигдсан байсан юм. Эдийн засгийн уг эерэг дүр төрх монголыг гадаадад зөвөөр харуулж чадсан. Мөн дотооддоо ард түмний нуруун дээрх ачааг хөнгөлж, Засгийн газар, Ерөнхий сайд зөв ажиллавал амьдрал сайжирдаг, дээшилдэг гэсэн итгэлийг төрүүлж чадсан билээ.
Миеэгомбын Энхболдоор ахлуулсан “Үндэсний эв нэдлийн Засгийн газар” их ажилдаа ханцуй шамлан орж байх тэр үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 42.500 төгрөг байсныг 90.000, төрийн албан хаагчдын цалин 92.000 төгрөг байсныг 300.000 төгрөг болгож нэмэгдүүлсэн нь өмнөх болон дараагийн Засгийн газруудад үзэгдээгүй үзэгдэл байлаа. Тухайн үеийн статистикийг ухаж үзвэл “Үндэсний эв нэгдлийн Засгийн газар” цалин, тэтгэврийг 230 хувиар нэмсэн тоо цагаан дээр хараар түүх болон үлдсэн байх юм. Өмнөх жил нь буюу Ц.Элбэгдоржийн толгойлсон “Их эвслийн Засгийн газар”-ын үед гадаад валютын нөөц 298 сая ам.доллар буюу 13 долоо хоногийн хэрэгцээг хангах хэмжээнд байсныг 2007 он гэхэд анх удаа нэг тэрбум 103 сая ам.доллар болгож дөрөв дахин нэмэгдүүлж байлаа, “Үндэсний эв нэгдлийн Засгийн газар”.
Ирэх жил буюу 2018 онд нээлтээ хийх олон улсын жишигт нийцсэн Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг барих анхны хэлэлцээрийг Миеэгомбын Энхболд “Үндэсний эв нэгдлийн Засгийн газар”-ын тэргүүнээр ажиллаж байхдаа хийсэн байдаг. Тодруулбал, 2006 оны гуравдугаар сард Япон Улсад айлчлахдаа тухайн үеийн Ерөнхий сайд Койзүмитэй уулзаж “Ази, Европыг холбосон агаарын хамгийн дөт зам Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дээгүүр өнгөрдөг. Дөт зам дагуу олон улсын нисэх онгоцны буудал барихад туслаач” хэмээсэн байдаг. Харин 2006 оны наадмаар Монгол Улсад айлчилсан Койзүми Ерөнхий сайд “Таны тавьсан саналыг судалж үзсэн. Маш зөв зүйтнй санал байна. Тодорхой ажлын хэсэг байгуулаад хэрэгжүүлэх үүрэг өгсөн” гэсэн юм. Ингэж л Хөшигийн хөндийг дагасан их бүтээн байгуулалтын ажил өрнөж монголчууд жил хүрэхгүй хугацааны дараа олон улсын стандартад нийцсэн шинэ нисэх буудалдаа анхны онгоцоо газардуулна. Энэ их ажлын эхлэлийг “Үндэсний эв нэгдлийн Засгийн газар”-ын тэргүүн Миеэгомбын Энхболд тавьсан нь маргашгүй үнэн. Товчхондоо, УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд хэлдэггүй хийдэг л хүн. Харамсалтай нь хийснээ энд тэнд яриад, рекламдаад байдаггүй нь түүний сул тал. Мөн эвийг эрхэмлэж, зөвийг зарчимлаж яваа нь түүний “Үндэсний эв нэгдлийн Засгийн газар”-ыг тэргүүлж байснаас болон бусад үйл явдлаас нь тов тодорхой харагдана.
“Үндэсний зөвшилцөл” буюу эв нэгдэл
2013 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дэд дарга Миеэгомбын Энхболд /тухайн үеийнхээр/-ын санаачилгаар монголын улстөрийн намуудын дарга нарын уулзалт анх удаа болсон нь монголын улстөрд шинэ, шинэлэг үзэгдэл болсон юм. Үүгээр ч зогсохгүй “Үндэсний зөвшилцөл” гэдэг үг, үгийн утга өөрөө бас шинэ, содон байсныг улстөрчид онцлон ярьдаг. Эл уулзалтаар улстөрийн намуудын дарга нар “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан. Тэрхүү санамж бичигт “Монгол Улсын Улс төрийн намуудын дарга нар бид улс эх орныхоо нийтлэг эрх ашгийг үндэс болгон ард түмнийхээ өмнө тулгамдаж буй асуудлаар байр суурь, үзэл бодлоо харилцан ойлголцож нэгтгэн нийгмийн зөвшилцлийг бий болгон Монгол Улсынхаа цаашдын хөгжлийг түргэтгэхэд хувь нэмрээ оруулан идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж дараах асуудлаар санал нэгдэн энэхүү санамж бичгийг байгуулж байна.
Нэг.Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо бататган баялгийн хуваарилалтыг монголын ард түмэнд тэгш, шударга хүртээх, тогтвортой хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллана.
Хоёр.Улс төрийн намууд болон сонгогч олон түмэнд эргэлзээ үүсгэхээргүй сонгуулийн шударга, ил тод, нээлттэй тогтолцоог бүрдүүлж, эрх мэдлийн тэнцвэр бүхий харилцан хяналттай төрийн тогтолцооны эрх зүйн орчинг бүрдүүлэхэд хүчээ нэгтгэнэ.
Гурав.Улс орны нийтлэг эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж, энэхүү санамж бичигт дурдсан асуудлыг дэмжиж үндэсний зөвшилцлийн тогтвортой бүтцийг бий болгон харилцан ойлголцож ажиллахаа илэрхийлж байна” гэсэн байдаг. Ингэж харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар цөөхөн монголчуудад ихэдсэн улстөрийн намуудын буруу амбицийг зөв голдиролд оруулах, эв нэгдэлгүй, нэгийгээ барьж идэхэд бэлэн болчихсон улстөрчдийн хэмжээ хязгаарыг тогтооход томоохон түлхэц болсныг улстөр судлаачид онцлон тэмдэглэжээ. Тэрбээр зөвхөн улстөрийн намуудын хүрээнд “Үндэсний зөвшилцөл” ярьсангүй. Анхны уулзалт болсны дараачаас шинжлэх ухаан, эдийн засаг, анагаах ухаан, түүх, соёл урлаг зэрэг салбар салбарын төлөөллүүдийн дунд “Үндэсний зөвшилцөл”-өө зохион байгуулсан юм.
Монгол Улсын хөгжлийн чиг хандлага, эв нэгдлийг хангахын тулд УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд чамлахааргүй ажил хийснийг тоочоод баршгүй. Түүний нэн тэргүүний баримталдаг зарчим нь “Үндэсний зөвшилцөл – Эв нэгдэл” гэдгийг дээрх хоёр жишээнээс бэлхнээ харж болно. Миеэгомбын Энхболд гэдэг хүний улстөрийн амьдралыг нь “онгичиж” үзвэл хэн нэгэн рүү дайрсан, довтолсон агуулгатай үг өгүүлбэр, үйлдэл нэгийг ч олж үзэхгүй. Харин эсрэгээрээ түүн рүү дайрсан, довтолсон үг, үйлдлийг хар мянгаар нь олж уншина, олж үзнэ. Цаг ямагт “эв нэгдэл”, “хариуцлага”, “үндэсний зөвшилцөл” ярьж ирсэн түүний үг, үйлдэл бүхэн эх орон, ард түмний төлөө байсан хоёрхон жишээг энд эш болгон татлаа. Тэр үндэсний хэмжээнд боддог бас сэтгэдэг хүн.