О.Болд-Эрдэнэ: Одоогоор АНУ, ОХУ, Казакстан зэрэг орны жюүжицүчид бүртгүүлээд байна

Монголд анх удаа наймдугаар сарын 5-ны өдөр  жюүжицүгийн олон улсын тэмцээн болох гэж байна. Тус тэмцээний талаар Азийн жюүжицү бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын жюүжицү бөхийн холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэтэй ярилцлаа.

-Монголд анх удаа жюүжицүгийн олон улсын тэмцээн томоохон тэмцээнд зохиогдох гэж байна. Нийт хичнээн орны баг, тамирчид оролцох вэ?

-Монголд жюүжицү хэмээх спорт хөл тавиад арван жил болж байна. Бид арван жилийнхээ ойг угтаж, арван бүтээлч ажил хийхээр төлөвлөсөн юм. Түүний нэг нь Арабын нэгдсэн Эмират улсын жюүжицүгийн холбоотой хамтран “Ulaanbaatar international pro” олон улсын тэмцээн зохион байгуулах ажил байсан. Уламжлал болон зохион байгуулах жюүжицүгийн томоохон тэмцээнүүдийн нэг байх учир, манай холбооны зүгээс ихээхэн анхаарал хандуулж, ач холбогдол өгч байна. Шинэлэг, сонирхолтой байлгахын тулд халз тулаан хийх нөхцөл боломжийг мөн бүрдүүлсэн.

Тэмцээн маань жюүжицүгийн олон улсын тэмцээнүүдийн календарьт орсон. Тиймээс гадны тамирчид оролцохыг хүсвэл онлайнаар бүртгүүлэх боломжтой юм. Бүртгэлээс харахад АНУ, ОХУ, Казакстан зэрэг орнуудаас тамирчид оролцохоор болсон байна. “Ulaanbaatar international pro” олон улсын тэмцээн наймдугаар сарын 5-нд болох бөгөөд, бүртгэл 2-ыг хүртэл үргэлжлэх юм.

– Монголоос хичнээн тамирчид өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байгаа бол?

-Манай 100 гаруй тамирчид өрсөлдөх төлөвтэй байна.

– Таны хувьд жюүжицүгийн спортыг Монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа нэгэн. Ер нь анх яагаад энэ спортыг хөгжүүлэхээр болсон юм бэ?

-2007 онд л юм даа. Дашдаваа, Мөнхбаясгалан, Мягмардорж гээд жүдо бөхийн шигшээ багийн тамирчин хэдэн залуус жюүжицү гэж сонирхолтой спорт байдаг,  талаар мөн жүдо бөх тус спортоос үүссэн тухай мэдсэн л дээ. Тухайн үедээ “Монголдоо хөгжүүлье” гэсэн бодолтойгоор жюүжицүгийн холбоог байгуулсан. Улмаар туршлага судлахаар 2008 онд Киргизд болсон жюүжицүгийн тэмцээнд оролцсон юм. Тэрхүү тэмцээн нь Бразил жюүжицү биш, яг жүдо бөхийн үндэс болсон жюүжицүгийн тэмцээн байсан. Өшиглөх, цохих гэх мэт мэх, техникүүдтэй байсан учир бид бага зэрэг эргэлзсэн л дээ. Ямартай ч энэхүү спортыг хөгжүүлнэ гэж зорьсон учир тус спортоо судалсаар л байлаа. Харин удалгүй АНУ-д жюүжицүгийн тэмцээн болохоор болж, миний бие туршлага судлахаар явсан. Гэтэл бидний өмнө нь үзсэн жюүжицүгээс тэс ондоо жюүжицү угтаж авсан. Энэ нь бразил жюүжицү буюу бидний одоогийн мэдэх, хэвтээ барилдаан юм шүү дээ. Энэ спортын тухай мэдээд ч зогсохгүй, тэмцээнд нь оролцож хүрэл медаль хүртэн жюүжицүгээр Монголын анхны медалийг авчирч байлаа. Ингэж л Бразил жюүжицүг хүнд хэрэгтэй, маш гоё спорт юм байна гэж мэдээд, Монголдоо нутагшуулах чин эрмэлзлэлтэй ирсэн дээ. Ер нь жюүжицү нь хэвтээ барилдаан учир бэртэл гэмтэл авах эрсдэл бага, эрүүл мэндэд тустай ийм спорт л доо. Тиймдээ ч маш хурдацтай хөгжсөөр байна.

-Жюүжицү нь хэдийнээс үүссэн спорт юм бэ?

– Жюүжицү бол Дорно дахины эртний тулааны урлаг. Энэхүү тулааны урлагаар жүдо бөхийн үндэслэгч Жигоро Кано хичээллэдэг байсан түүхтэй. Улмаар түүний хувьд жюүжицүгийн мэх, техникт тулгуурлан олимпийн үзэл санаатай уялдсан жүдо гэх том спортыг үндэслэсэн байдаг. Тэрээр жүдоо бөхийн спортоо түгээн дэлгэрүүлэхийн тулд шавь нараа орон, орон руу илгээсэн байгаа юм. Түүний шавь нарын нэг Мацүё Маэда Бразилийг зорьсон нь Бразил жюүжицү үүсэх үндэс суурь нь болж өгсөн гэж болно. Учир нь тэрээр Бразилд очин жүдог сурталчилж явах үедээ Грейсигийн гэр бүлийнхэнтэй танилцсан байдаг. Грейси нь бие султай хүн байсан учир, өөртөө хялбар болгох үүднээс жүдогийн шидэх гэх мэт хүнд мэхүүдийг хасч хэвтээгээр барилдаан болгон өөрчилж, хөгжүүлж эхэлсэн байгаа юм. Ингэж Бразил жюүжицү үүссэн түүхтэй.

Мацүё Маэдаг Бразилд очиход жүдогийн гэхээсээ жюүжицүгийн тулаанч ирлээ гэж хэвлэл мэдээллээр нь цацагдаж байсан гэдэг. Тухайн үед Бразил ч гэлтгүй, япончууд өөрсдөө жюүжицү, жүдог хоёрыг ялгаж ойлгодоггүй байсан юм билээ. Тиймдээ ч жюүжицүгийн тулаанчид гэж эндүүрч зарлаж л дээ. Хэрэв хоёр өөр төрөл гэдгийг сайн мэддэг байсан бол Бразил жюүжицү биш Бразил жүдо гэж нэрлэх байсныг үгүйсгэхгүй аргагүй юм.

– Жюүжицү нь жүдотой адил бүсний ангилалтай шүү дээ. Монголд хар бүстэй тамирчид хичнээн байдаг вэ?

– Жюүжицүгийн нэг давуу тал нь цагаан, хөх, ягаан, бор хар гэсэн бүснээс гадна жин, насны ангилалтай байдаг. Тэгэхээр тухайн тамирчин ур чадвар болоод нас, жин яг адил тамирчинтайгаа өрсөлдөх боломжтой юм. Манай тамирчид 2015 оноос эхлэн хар бүстэй болж эхэлсэн. Одоогоор хар бүстэй гурван тамирчин бий. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Монголын жюүжицүгийн баг тамирчид есөн дэлхийн аварга, 11 ази тивийн аваргатай боллохын сацуу дэлхий, тив, олон улсын тэмцээн, наадмуудаас нийт 237 медалийг хүртээд байна.

-Тамирчид цаашид ямар тэмцээн уралдаанд оролцохоор бэлтгэж байгаа бол?

– Манай тамирчин Баярмаа Варшавт болж байгаа дэлхийн наадамд оролцохоор хүлгийн жолоо залаад байна. Үүний дараа манай баг тамирчдыг Ахмадуудын дэлхийн аварга, Азийн танхимийн наадам, Азийн аварга шалгаруулэх тэмцээн гэх мэт томоохон тэмцээнүүд хүлээж байна даа.

-Жюүжицүгийн тамирчдад зориулсан  нэгдсэн клуб байдаг уу?

Ер нь тамирчин хүн өдөр тутам тогтсон бэлтгэл сургуулилттай байж, амжилт гаргадаг. Үүнд бэлтгэл хийх, орчин нөхцөл зайлшгүй шаардлагатай л даа. Иймд жюүжицүгийн спорт хөгжихийн хэрээр өөрийн гэсэн клубтэй байх зайлшгүй шаардлага гарч ирсэн. Ингээд бид одоогоос хоёр жилийн өмнө Монголын анхны жюүжицүгийн клубыг “Garuda” нэртэйгээр байгуулсан. Ганцхан “Garuda”-аар ч зогсохгүй салбар клубууд нэмэгдсээр байгаа.

О.Ариунцэцэг

Санал болгох мэдээ

Т.Наранбат: Сонгогчид нэрийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авах үүрэгтэй

Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ сарын 1-ны өдрөөс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим …