Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн барьсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдэгдэл хийлээ. Тэрээр УИХ-ын чуулган Үндсэн хуулийг зөрчлөө. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудалд санал дүгнэлт гаргаснаас хойш 7 хоногийн дотор Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой. Уг хугацаа нь өнөөдрөөр дуусгавар болж байна. Ээлжит бус чуулганыг зөвхөн тодорхой асуудлаар зарлана гэж УИХ-ын тухай хуульд заасан байдаг. Өөр асуудлыг хэлэлцэх нь хуулираа хориотой. Энэ дагуу Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 30 гаруй гишүүний тавьсан саналын дагуу хуралдуулах шийдвэрийг гаргасан. Ерөнхий сайд болон Шадар сайдын бие биенийгээ тагнасан чагнасан гэх асуудал бол Засгийн газрыг огцруулах санал гаргасан 30 гишүүний огцруулах саналд огт байхгүйг хэлье.
Ямар шалтгаанаар огцруулах болсон бэ гэвэл. Хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн. Нэгдүгээрт, концесс. Энэхүү концессыг өмнөх Засгийн газрын үед гэж байгаа. нэгдмэл ашиг сонирхолтой Засгийн газрын гишүүдийн аж ахуй нэгжүүдэд Засгийн газрын концессын эрхийг өгсөн. Өмнө нь өөр аж ахуй нэгжид өгсөн байсан концессыг нэр бүхий гишүүд өөрийнхөө компаниад булааж авч зогсохгүй төсөвт өртгийг нь олон тэрбумаар өсгөсөн.
Тухайлбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын “МАК” компанид 78 тэрбум 752 сая 800 мянган төгрөг, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Бямбацогтын “Алтай трейст” компанитай 77 тэрбум 695 сая 100 мяанган төгрөг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын хамаарал бүхий “Засаг чандмань майз” компанитай 162 тэрбум 869 сая 200 мянган төгрөгийн үнийн дүн бүхий концессын эрх олгосон тухай асуудал юм.
Хоёрдугаарт, Төсвийн хууль болоод ашиг сонирхлын зөрчлийн хуулийг ноцтой зөрчсөн. Хүүхдийн мөнгө дээр Төсвийн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Та бүхэн мэдэж байгаа. Засгийн газар анх хүүхдийн мөнгөнд босго тогтоож олгоно гэсэн. Ингэхдээ тодорхой босгоос зөвхөн доош өгнө гэсэн. Үүний дараа Сонгуулийн өмнө төсөвт суулгалгүйгээр бүх хүүхдэд өгсөн гэтэл одоо бүх хүүхдэд мөнгө өгөх боломжгүй ноцтой нөхцөл байдал үүсээд байна.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” өнөөдөр эдийн засгийн 5.3 хувийг хангаж байгаа гол обьектуудын нэг нь юм. Ерөнхий сайд 4-р сард 2017 оны эдийн засгийн өсөлт -0.2 байна гэж хэлж байсан. Үүний улмаас 7 төрлийн татварыг нэмж, тэтгэвэрийн насыг нэмсэн. Гэтэл эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай байна. Эрдэнэс Тавантолгойг бусдад борлуулах, бүрэн ашиглахыг завдсан үйлдэл болсон. Үүнийг хийхдээ олон улсын Гэрээний тухай хуульд өөрчлөлт хийж, өөрөөр хэлбэл УИХ Үндсэн хуульд заасныхаа дагуу Олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах эрхийг нь хасч, үүний дараа УИХ-д оруулахгүйгээр Эрдэнэс Тавантолгойн 49 хувийг гадны этгээдэд 400 сая ам.доллараар худалдах буюу борлуулах гэрээ хэлэлцээрийг хийхийг завдсаныг УИХ дээр бид зогсоосон байгаа. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын үед Олон улсын зээлжих зэрэглэлийг хоёр удаа дараалан бууруулсан. Өнөөдөр Монгол Улсын зээлжих зэрэглэл САА1 буюу дампуурлын өмнөх үед авчирсан. Үүнийг тайлбарласан албан ёсны дүгнэлтэдээ Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг чадваргүй, удаан байдалтай холбон дүгнэсэн байдаг.
Түүнчлэн Ж.Эрдэнэбатын Засгийн газар МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэй нийцүүлсэн үйл ажиллагаа явуулаагүй. Ард түмнийхээ бус бүлэглэлийн эрх ашгийг явуулж, хууль хүчний байгууллагын оролцоотой, бизнес бүлэглэлийн оролцоотой үйл ажиллагаа явуулж үүнийгээ өнөөдөр өнөөдөр улайран хамгаалж байгааг нэр бүхий 30 гишүүн эсэргүүцсэн байгаа. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа завсарлага авах эрхгүй. Намын бүлэг дээр олонхи завсарлага авахгүй гэж шийдвэрлэсэн. Зөвхөн дээрх асуудлаар чуулган хуралдах ёстой. Энэ асуудлыг УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөртөө багтаан шийдвэрлэхгүй бол Дэгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болно. Иймд хуулийнхаа дагуу УИХ-ын чуулганыг хуулийн дагуу удирдан зохион байгуулах үүрэгтэй. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа бүлгийнхээ шийдвэрийг зөрчлөө. Ерөнхий сайд болон Шадар сайдын асуудал 30 гишүүний огцруулах саналд огт байхгүй” гэлээ.
Ш.Адъяамаа