-МУИС-ийн Эрдмийн их сургуулиас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Эрдэмтэн судлаачид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг эрс эсэргүүцсэн гэсэн. Яагаад ийм байр суурь илэрхийлэх болов?
–Аливаа хууль, эрхзүйн актыг боловсруулж батлах процедурт мэргэжлийн салбарын эрдэмтдийн үг маш чухал байдаг. Эрдэмтэн судлаачдын үг, зөвлөгөөг авдаггүйгээс эргээд хуульд дахин өөрчлөлт оруулах шаардлага гарах нь бий. Үүний нэг нь Үндсэн хуульдаа гар хүрэх гэж байгаа асуудал.
Хэлэлцүүлэг маш үр дүнтэй болсон. Хэлэлцүүлгийн хүрээнд нэгдүгээрт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад цаг хугацааны хүчин зүйл, шаардлага хангагдсан эсэх, хоёрдугаарт 1992 онд баталсан Үндсэн хуулийн үйлчлэл шавхагдчихаад байна уу, гуравдугаарт нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгагдсан заалтууд нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан, нийгэмд үүссэн бухимдлыг арилгахад чиглэгдсэн, хуульзүйн шинжлэх ухаанд үнэ цэнэтэй, шинэ түүхийг бүтээхүйц болж чадсан уу гэсэн асуудлуудын хүрээнд санал шүүмж солилцсон.
Хэлэлцүүлгийн үр дүнд эрдэмтэд зөвлөмж гаргалаа. Академич С.Нарангэрэл “Үндсэн хууль бол амьд хууль байх ёстой.Зүйл заалт бүр нь аль түвшинд, хэрхэн хэрэгжиж байна вэ, нэмэлт өөрчлөлтүүд нь шаардлага хангаж байна уу” гэдгийг үндэслэлтэй гаргаж тавьсан. Хууль тогтоох байгууллагад нэг намын төлөөлөл хэт давуу байр суурь эзэлж байгаа үед Үндсэн хуульдаа гар хүрэх нь буруу. Нөгөө талаас төсөлд нэг намын улстөрийн бодлогын өнгө аяс шууд шингэсэн байна гэж дүгнэсэн. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг бүхэлд нь дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Энэ санааг хэлэлцүүлэгт оролцсон 50 гаруй эрдэмтэн судлаачдын олонх нь дэмжиж байр сууриа илэрхийлсэн.
Ингээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа эсэхийг шинжлэн тогтоох. Хоёрдугаарт хуулийн төсөлд тусгасан нэмэлт өөрчлөлт нь төрийн эрх мэдлийн хуваарилалтын зарчим хандлага алдагдсан шинжийг илэрхий харуулж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн л дээ. Түүнчлэн өнөөдөр яригдаад байгаа хэсэгчилсэн нэмэлт өөрчлөлт нийгмийн шаардлагыг хангаж чадаж байна уу. Үнэхээрийн өөрчлөхгүй бол болохгүй болчоод байгаа зүйл заалтууд чухам юу байна вэ гэдэг нь асуулт анхаарал татаж байна.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчийн хууль санаачлах, хуульд хориг тавих, Засгийн газарт бүрэн эрхийнхээ хүрээнд чиглэл өгөх эрхийг хязгаарлаж байгаад эрс шүүмжлэлтэй хандаж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогддог, Монгол төрийн бодлогыг тодорхойлж, эв нэгдлийг хангах гол субьект.
Гэтэл төрийн тэргүүний бүрэн эрхэнд халдаж ард түмний сайн сайхан амьдралын төлөө хууль санаачлах, дуугарах эрхийг нь хязгаарлах гэж байна. Олон нийтийн эрх ашгийг ноцтой хөндсөн хууль, шийдвэрт хориг тавих эрхгүй болно гэдэг байж болохгүй зүйл. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгч гэдэг субьектийн эрхзүйн байдлыг дордуулсан, эрх зүйн чадамжгүй, бэлгэдлийн, нэр төдий болгох гэсэн оролдлого явж байна.
Ерөнхий агуулгаар нь харвал УИХ хэт их эрх мэдлийг өөртөө авах гэсэн хандлага ажиглагдаж байна. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах нь төрийн институтуудын хяналт алдагдаж, тогтворгүй байдал үүсэх аюултай. Нөгөө талаас төрийн тогтвортой байдал, харилцан тэнцвэртэй байх зарчмыг алдагдуулна гэдэг нь Монгол төрийн чадамжийг сулруулахад чиглэсэн бодлого гэж үзэж болохоор байгаа.
Ганц Ерөнхийлөгчийн эрх хэмжээний асуудал энд яригдаагүй. Бие даасан, ердийн хуулиудаар зохицуулж болох асуудлыг Үндсэн хууль руу татаж, Үндсэн хуульд тунхаглан оруулахыг оролдож байна. Тухайлбал Засгийн газрын эрх мэдэлтэй холбоотой чиглэлийн 5 яамтай байна гэж заажээ. Уг нь энэ асуудлыг Засгийн газрын тухай хуулиар зохицуулах бүрэн боломжтой. Хэрэв Үндсэн хуульд 5 яамтай байна гээд яс тас заачихвал дараа нь “Үндсэн хуульд заагаагүй юм чинь наад яам чинь байх хэрэггүй” гэх нөхцөл байдал үүсэх үүд хаалгыг нээнэ. Үүнийг эргэж харах шаардлагатай гэж үзэж байгаа.
-УИХ-ын дэргэд Хянан шалгах хороотой байх, тэр байгууллага нь эрх хэмжээ өндөр байхаар хуулийн төсөлд тусгасан. Энэ асуудал хэлэлцүүлэг болгон дээр хөндөгдөж байгаа. Үндсэн хуулийн ийм байгууллага үнэхээр хэрэгтэй юу?
–Энэ асуудал эрдэмтэн, судлаачдын дунд маш их шүүмжлэл дагуулж байгаа. УИХ-ын дэргэд Хянан шалгах хороотой байх зайлшгүй шаардлага үүссэн үү гэдгийг шинжлэн тогтоох шаардлагатай байна. Хянан шалгах хорооны чиг үүрэг , бүтэц нь ямар байх вэ гэдэг анхаарал татаж байна. Хэн байгуулах юм, ямар чиг үүрэгтэй ажиллах юм, хэн ажиллах юм гэх зэрэг.
Хуулийн төслийг нь уншиж байхад аудитын асуудал ч хариуцах юм шиг, авлигатай тэмцэх асуудал хариуцах ч юм шиг. Хүний эрхийн асуудал ч хариуцах юмуу, УИХ-аас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх юмуу, үнэндээ ойлгомжгүй. Миний олж харснаар чиг үүрэг нь тодорхойгүй, юу ч хийж магадгүй “хадны мангаа” гэдэг шиг л газар байгуулах гээд байна.
Монгол Улсад хариуцлагагүй байдал шат шатанд нүүрлэсэн нь үнэн. Гэхдээ тодорхой чиг үүрэгтэй байгууллагуудаа хариуцлагатай болгож, хуулийг чанд мөрдүүлдэг болгохын төлөө яагаад ажиллахгүй байгаа юм бэ. УИХ-ын дэргэд хяналтын гэх хадны мангаа шиг байгууллага байгуулснаар бүх асуудал цэгцрэх юм шиг, сайн сайхан болчих юм шиг ярих нь өрөөсгөл.
Хянан шалгах хороо гэгч нь Үндсэн хуулийн суурь бүтцийг эвдсэн, хэнд ч захирагдахгүй, эрх мэдлийн төвлөрлийг өөртөө шингээсэн, юу ч хийж болзошгүй Үндсэн хуулийн байгууллага байх нь л дээ.
-Хэлэлцүүлэг, санал асуулга Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу явагдаагүй. Түүхээ эргэн харахад улсын бага хурлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг 15 сар хэлэлцэж байж хэлэлцэн баталсан байдаг. Гэтэл энэ удаагийн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийг зургадугаар сарын 5-наас есдүгээр сарын 10-ны хооронд 300 мянган хүний дунд явуулсан гэж байгаа. Санал асуулга хэлэлцүүлэг олон нийтэд хүрсэн үү, олон нийт санал бодлоо тусгаж чадсан уу гэдэг нь хүн бүрт эргэлзээ төрүүлж байна.
Цаг хугацааны хувьд зуны амралт, сонгуулийн үе таарсан. Иргэд энэ талаар мэдээлэл маш дутмаг байна. Ажлын хэсгээс ийм ийм зүйл заалт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орж байна гэж иргэдэд тулгах байдлаар санал асуулга, хэлэлцүүлгийг явуулсан. Ингэж болохгүй. Иргэн Дорж, Дулмаагийн ямар санал тусгагдсан юм, зайлшгүй хийх шаардлагатай гэх саналуудаа эрэмбэлсэн зүйл байна уу, үүнийг л өөрчлөхгүй бол Үндсэн хуулийн суурь бүтэц ганхаад байна гэдгийг үндэслэлтэй, нарийвчлан шинжлэн тогтоож шинжлэх ухааны үндэслэлтэй хандсан уу гэдэг анхаарал татаж байгаа.
Шуудхан хэлэхэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл УИХ буюу хууль тогтоох байгууллагад нэг улстөрийн хүчин хэт давуу байгаа нөхцөлд үндсэн хуулийн төслийг боловсруулсан нь нэг намын улстөрийн бодлогын өнгө аяс илэрхий шингэсэн байна. Үндсэн хуульдаа гар хүрэхдээ улстөрийн хүчнүүдийн тэнцвэрт харьцааг хадгалсан парламент байх ёстой гэдэг заалт тусгасан байсан бол өнөөдөр бие биенээ хардах ийм нөхцөл байдал үүсэхгүй.
Ийм зүйл тусгагдаагүйгээс хуулийн цоорхойг ашиглаж МАН хэт олонх болсон үедээ Үндсэн хуульд намынхаа цаашдын бодлогыг шингээхийг оролдож байна.
– УИХ-аар томилогддог төрийн өндөр албан тушаалтнуудыг сонгон шалгаруулалтгүй томилдог асуудал олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулж байна. Хуульч мэргэжилтэй хэн бүхэн Улсын Дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, АТГ-ын дарга болохын төлөө өрсөлддөг болмоор байна шүү дээ. Эдгээр албан тушаалтныг сонгон шалгаруулалтаар томилдоггүй учраас өнөөдөр хэн нэгний үзэмжээр, УИХ-д олонх болсон намын нөхдийн дэмжлэгээр хуулийн байгууллагын өндөр албанд ханцуйн дотроо наймаалцахын наагуур томилогддог болсон нь нууц биш ээ.
Энэ ойлгомжгүй томилогооны тогтолцоо нь цөөн хүний гарт эрх мэдэл төвлөрөх нөхцлийг бүрдүүлж байна. Шинэ хуулийн төслөөр шүүгч нарыг 72 цагийн дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурж батламжилдаг болох нь. Шүүх эрх мэдлийн халдашгүй дархан байдалд ингэж бүдүүлгээр халдаж болохгүй. Үндсэн хуульд Шүүх эрх мэдэл халдашгүй дархан байна, шүүх эрх мэдэлд гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж заасан. Тэгвэл хэн нэгний гэм буруутай эсэхийг тогтоодог шүүгч, шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлага, шүүгч нарыг томилдог процесс нь шударга байх ёстой.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд хөндлөнгийн судлаач, хуульч, эрдэмтэд шүүмжлэлтэй хандаж байна. Мэргэжлийн байгууллагад ажилладаг, тэр тогоонд нь ажилладаг хүмүүс ч шүүмжлэлтэй хандаж байна. Үүнд хуулийн төсөл санаачлагчид хүндэтгэлтэй, зарчимтай хандах хэрэгтэй. УИХ хууль тогтоох эрх мэдлийн байгууллага. Шүүгч нарын томилгоо руу хэт орох шаардлагагүй. Шүүгч нарыг УИХ томилдог хаана ч байхгүй тогтолцоо руу орох гэж байна.
– Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсгийн гишүүн, Г.Занданшатар Финланд улсад Ерөнхийлөгч нь хууль санаачлах, хориг тавих эрхгүй, харин Засгийн газарт чиглэл өгөх эрхтэй байдаг. Манай Үндсэн хуулийн загвар Финланд улстай төстэй учир Ерөнхийлөгчийн эрх хэмжээг багасгах нь зүйтэй гэх байр суурь илэрхийлж байна лээ?
-Монгол Улсын хууль зүйн шинэчлэлийн хүрээнд анхаарал татаж байдаг нэг асуудал бол шинээр хууль баталж, түүнийгээ хэрэгжүүлэх тал дээр жигдрээгүй байтал дараагийн нэмэлт өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөөд ирдэг. Ийм үэд хууль тогтоогчид нэг их гадаадын ийм улсын жишээгээр гэдэг байр суурийг илэрхийлж харагддаг. Үүнтэй агаар нэг зүйл санагдсан. Энэ бол тогтворгүй байдал үүсгэж байгаа гол шалтгаан.
Ерөнхийлөгч АТГ-ын даргыг томилсноороо, шүүгчдийг томилсноороо ямар хуульзүйн факт үүсчихээд байгаа юм, ямар хуулийн зөрчил бий болоод байгаа юм гэдэг дээр тодорхой баримт жишээ байх хэрэгтэй шүү дээ. Тийм зүйл алга. Тэгсэн хэрнээ л Ерөнхийлөгч их эрх мэдэлтэй байна гээд байдаг.
Манай УИХ-ын гишүүд нийгмийн суурь харилцаа, ямар нэг эрхзүйн хэм хэмжээ тогтоохдоо яагаад заавал гадаадын аль нэг улсыг жишээ татдаг юм бэ. Ийм бүдүүлэг байдлаасаа татгалзах хэрэгтэй. Гадны юм болгон сайн гэсэн ойлголтоор явж таарахгүй. Монгол төрийн бодлого, төрийн дархлаа, уламжлалаа бодох ёстой. Монгол төрийн уламжлал, шинэчлэлийн бодлого зарим талаар алдагдаж байгаад би хувьдаа эмзэглэдэг.
Өөрийн гэсэн үндэсний язгуур үзэл санаа, хэв маягийг хадгалсан төрийн институтыг бий болгох ёстой. Монгол Улс цаашдаа төрийн институтын хувьд ямар хандлагаар явах вэ гэдгээ тодорхойлохын оронд аль нэг субьектын эрх мэдлийг хасъя гэсэн хандлагаар явж байгааг шүүмжлээд байгаа юм. Төрийн дээр нам гараад суучихсан. Төрийн бодлогыг нам тодорхойлж байгаа нөхцөлд УИХ-ын эрх мэдлийг хэт их нэмэгдүүлэх нь хор уршигтай. Ийм байдлаар явбал Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний сөрөг үр дагаварууд үүсэхийг үгүйсгэхгүй. Уг нь үндсэн хуульдаа намын эрх мэдэл, төрийн эрх мэдэл хоёрыг тусад нь болгох зүйл заалт тусгах ёстой.
-Судлаачийн хувиар хэлэхэд хүний эрхийн хөгжил, хүний эрхийг хангах тухай асуудлыг орхигдуулж болохгүй. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудлыг цогцоор нь авч үзмээр байгаа юм. Өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж зөвлөмжийн төдий үйл ажиллагаа явуулдаг газар байдаг. Энэ байгууллага хууль зөрчсөн тодорхой асуудал дээр яагаад хянан шалгаж, хариуцлага тооцож, таслан сэргийлэх чиг үүрэгтэй оролцож болдоггүй юм бэ. Ийм зөвлөмжийн байгууллага ямар хэрэгтэй юм.
Мөн монгол өв уламжлал, соёлын өв, удмын сангийн асуудлыг цогцоор нь авч үзмээр байна. Монгол хүнийг яаж төлөвшүүлэх, өв соёлоо хэрхэн хадгалж үлдэх, уламжлал шинэчлэлээ цаашид ямар бодлогоор авч явах вэ гэдгийг стратегийн түвшинд үндсэн хуулиндаа тусган тунхагламаар санагддаг.
Дараа нь засаглалын эрх мэдлийн завхарлыг засах, эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх, уялдаа холбоог хангах асуудлыг тодорхой болгох хэрэгтэй. Эцэст нь Үндсэн хуульд ямар нэг байгууллагын тухай үг өгүүлбэр бичигдэхэд л тэр нь Үндсэн хуулийн байгууллага гэсэн статусыг авчихаж байгаа юм. Тэгэхээр УИХ-ын дэргэд Хянан шалгах хороо гэдэг байгууллага байгуулах шаардлага үнэхээр байхгүй.
Ийм учир битүүлэг, эрхзүйн байдал нь тодорхойгүй байгууллага бий болгох шаардлагагүй. Энэ асуудалд хууль санаачлагчид анхааралтай хандаасай гэж хүсч байна. Үндсэн хуульд нэг зүйл орхигдоод байдаг зүйл юу вэ гэхээр Үндсэн хуульд Монгол Улсын нийгэм эдийн засгийн чиг хандлагыг тодорхой тусгамаар санагддаг. Өөрөөр хэлбэл зах зээлийн эдийн засгийг цаашид ямар хандлагаар хөгжүүлэх вэ гэдгээ тодорхой тусгах хэрэгтэй.
Нийгэмдээ үйлчилдэг эдийн засаг, ашиг орлогоо нэмэгдүүлдэг хувийн шинжтэй эдийн засаг гээд бүтцийн хувьд, сэтгэлгээний хувьд хэдийн өөр түвшинд гарчихсан. Тэгэхээр Эдийн засгийн хөгжлийг Үндсэн хуулийн зохицуулалтын хүрээнд яаж дэмжих вэ гэдэг маш чухал асуудал болоод байна. Мөн байгалийн баялаг, ногоон хөгжлийн асуудал. Байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэж Үндсэн хуульдаа заасан. Гэхдээ 100 хувийн мэдэлд байгаа юмуу, 20 30 хувь нь ард түмний мэдэлд байгаа юмуу гэдэг нь ойлгомжгүй. Ингээд яриад байвал олон асуудал бий.
Үнэхээр Үндсэн хуульдаа гар хүрэх гэж байгаа бол сонгууль болгоны өмнө улстөрийн намууд өөрсдөдөө тохируулж сонгуулийн тогтолцоогоо хэдхэн хоногийн өмнө эргүүлдэг зарчимгүй байдлаа ядаж больмоор байна шүү дээ. Үндсэн хуульдаа Монгол Улс сонгуулийн ийм тогтолцоогоор сонгуулиа явуулна гээд заачих хэрэгтэй.
Монгол төрийн сонгууль мөнгөний сонгууль болсон. Мөнгөтэй хүн сонгогдож, төрийн эрх мэдлийг мөнгөний хэрэгсэл болгож хардаг байдал даамжирсаар байна. Үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр таслан зогсоох хэрэгтэй. Нэмэлт өөрчлөлтийн төслийг бүхэлд нь шүүмжлэлтэй нүдээр харахгүй байна. Ач холбогдолтой, цаг үеийн шаардлагаар гарч ирсэн зөв зүйтэй заалтыг хувьдаа дэмжинэ.
Жишээлбэл шүүгч нарын насны доод хэмжээг нэмэгдүүлэх нь хамгийн зөв. Эргээгээд УИХ-ын гишүүдийн насны хязгаарыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үндсэн хуульд хэн тайлбар хийх вэ. Гадныхны жишгийг авч үзвэл Үндсэн хуулийн шүүхтэй байх нь түгээмэл. Манай Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд хууль зүй, улстөрийн өндөр мэргэжил, мэргэшилтэй гэсэн шалгуур тавьдаг. Улстөрийн өндөр мэргэшил гэж чухам юуг хэлээд байгаа нь тодорхойгүй. Үндсэн хуулийн шүүхтэй байхын тулд цэцийн гишүүдэд тавьдаг шалгуурыг эргэж хармаар байгаа юм.
Үндсэн хууль зөрчсөн байна гэдгийг тогтоох гэж байгаа бол гишүүд нь жинхэнэ мэргэжлийн хуульчид байх ёстой. Насны дээд, доод хязгаарыг тодорхой байх ёстой. Үндсэн хуульд байгаа үг, үсэг болгон салбарлаж биe даасан хуулиуд төрдөг. Тэгэхээр ямар нэг алдаа, эргэлзээ төрүүлэхүйц зүйл заалт байх учиргүй. Үндэсгүй мод ургадаггүйтэй адил эргэлзээтэй Үндсэн хууль баталвал салаа мөчрүүд нь ургахгүй. Тиймээс олон ургальч үзлээр авч үзэх ёстой.
-Иргэдээс Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгаа талаар танд мэдээлэл байна уу гэсэн асуулт тавьсан юм. Арван хүний нэг хоёр нь УИХ-н гишүүдийнхээ тоог нэмэх гэж байгаа гэж хариулсан. Олонх нь тэр талаар мэдээлэл хомс байсан л даа. Иргэд “Ядаж хүчингийн гэх зүй бус хэрэгт холбогдсон гишүүнээ эргүүлэн татчихдаг төртэй баймаар байна” гэсэн саналыг олонтаа хэлж байна лээ?
-Үндсэн хуульдаа хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй гэж заасан. Энэ заалт хүн бүрт тэгш үйлчилдэггүйн тод жишээ нь УИХ-ын гишүүн Д.Гантулгын нэр холбогдсон хэргээс шууд харагдаж байгаа юм. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хууль тогтоох байгууллага нөлөөлж байна. Энэ байдал бүр хэрээс хэтэрч байна.
Шударга хуульчид ажлаа хийхэд хүртэл амаргүй нийгэм бий болж болохгүй. Хууль, шүүхийн байгууллагын удирдлага дээрээс заавар авч ажилладаг хэвээр байвал Монгол Улсад шударга ёсны тухай ярих ч хэрэггүй болно. Ард иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсон УИХ-ын гишүүн Үндсэн хуульд захирагдах ёстой.
Хууль зөрчсөн Үйлдэл, эс үйлдэл гаргасан бол энгийн иргэний адил хариуцлага хүлээлгэдэг_ эгүүлэн татдаг систем үгүйлэгдэж байна. Ийм л асуудлыг Үндсэн хуульд тусгах ёстой. Ганцхан УИХ-ын гишүүн ч биш. Төрийн байгууллагын шат шатны албан тушаалтнуудыг ажлаас нь түдгэлзүүлдэг, хариуцлага тооцдог зарчим нээлттэй байх ёстой.
-Ярилцсанд баярлалаа.