С.Амарсайхан: Бид олонх гээд буруудсан үед нүдээ боож, чихээ бөглөж явах ёсгүй

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч С.Амарсайханы талаар хэвлэлээр янз бүрийн мэдээлэл гарах болсон.Тэрээр НИТХ-ын даргад нэр дэвшиж байгаа билээ. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-НИТХ-ын даргыг өнгөрсөн даваа гаригт тодруулах ёстой байлаа.Хурал дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч, асуудлыг шийдсэнгүй. МАН-ын бүлэг яагаад шинэ даргын асуудал дээр байр сууриа нэгтгэж чадахгүй байна вэ?

-НИТХ дахь МАН-ын бүлэг дотоод асуудлаа хэлэлцэж, тодорхой байр сууриа нэгтгэж, НИТХ-д асуудлаа оруулах ёстой. Гэтэл АН-ын бүлэг завсарлага авснаас хойш нэг ч удаа хуралдаагүй. Дахин завсарлага авахдаа шалтаг хэллээ. Энд бүлгийн бүх гишүүн бус харин бүлгийн ахлагч тэргүүтэй хэдхэн хүний эрх ашиг явж байна. Тэд эрх мэдлийнхээ хүрээнд, бүлгийн ажлыг гацааж, будлиантуулж, тодорхой бус байдлаар асуудлыг хойшлуулж, дахин завсарлага авлаа.

-Завсарлага авсан тав хоногийн хугацаанд НИТХ дахь МАН-ын бүлэг яг ямар ажил хийв?

-Энэ л асуудал юм. Иргэдийн хурал дахь МАН-ын бүлгийн 16 төлөөлөгч гарын үсгээ зурж, нийслэлийн ажил, амьдралтай холбоотой зарим асуудлыг шийдвэрлэх, үр дүн нэхсэн. Мөн тодорхой шаардлагууд тавьж, зарим албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой гэсэн. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд НИТХ-ын үйл ажиллагаа ямар хэмжээнд явсан бэ. Хэр ил тод нээлттэй байв. Хэний эрх ашгийн төлөө ажиллав гэдгийг өрнөсөн үйл явдлууд хэлээд өгч байна.

-Танд “Нэрээ тат” гэсэн шахалт ирсэн юм биш үү. Яагаад таныг “Нэрээ тат” гэж шахав?

-Нэр дэвшсэн цагаас хойш элдэв шахалт, шаардлагууд ирсээр байгаа. Гэхдээ энэ зөвхөн өнөөдөр бүлгийн хурал дээр яригдаж байгаа цоо шинэ асуудал биш. Бүлгийн хурал гэхээр бүлгийн нийт гишүүний тухай яриад байна гэж ойлгож болохгүй. Өнөөдөр бүлгийн 34 гишүүнээс нэр бүхий 3-4 гишүүн л энэ бүхнийг шийдэж байна. Тэд бүлгийг хуралдуулахгүй байж чаддаг. Асуудлыг шийдэхгүй гэвэл шийдэхгүй. Шийднэ гэвэл өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлдэг. Ийм л явцуу үйл ажиллагаа явагдаж байна.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд нийслэлийг энэ л жишгээр удирдаж, ард иргэдийн өмнө тулгамдсан асуудал гэхээсээ өөрсдийн эрх ашгийг өмнөө тавьж, шийдвэрлэсээр ирсэн. Ийм л жишгээр явж, нийслэлийн олон ажил гацаж, өнөөдрийн энэ олон асуудал бий болоод байна.

-Өнгөрсөн санал хураалтаар АН-ын 10 төлөөлөгч цагаан хуудас өгсөн. Харин танай бүлгийн 17 төлөөлөгч эсрэг санал өгсөн. Та ямар дүгнэлт хийв?

Хоёр нэр дэвшигчийн асуудалд байр сууриа илэрхийлж буй манай бүлгийн төлөөлөгчдийн асуудал, илэрхийлэл гэж харж болно. Нөгөө талаас намын бодлого нэрээр ойлгомжгүй асуудал оруулж ирсэн учраас зарим төлөөлөгч төөрөлдсөн байж болзошгүй. Мөн зарим төлөөлөгчийг албан тушаал, эрх мэдэл, хувийн мэдээллээр нь дарамталж, барьцаалсан. Үүнийг нуух шаардлагагүй.

-Төлөөлөгчид хоёр нэр дэвшигчийг хүлээн авахгүй байна гэсэн яриа гарсан. Та үүнтэй санал нийлэх үү?

-Авах, авахгүй гэдэг бол өөр асуудал. Хэрвээ бид шийдэл бодлоготой тэр нь хэсэг нөхдийн биш нийтийн эрх ашигт нийцэж байвал хүлээн авах боломжтой. Гэтэл тэр боломжийг л нээлттэй байлгахгүйгээс болоод өнөөдрийн энэ нөхцөл байдал үүсчихээд байна.

-Яагаад нээлттэй бус гэж. Намын бүлэг дээр нэр дэвшигчийг тодруулаад оруулж ирсэн. Бүх зүйл дүрмийн дагуу болсон гэдэг?

– Бид анхнаасаа НИТХ-ын үйл ажиллагааг илүү нээлттэй болгоё гэж асуудлыг хөндсөн. Нийслэлийн төр захиргааны байгууллагын шат шатанд аливаа асуудлыг хуулийн хүрээнд хариуцлагатай, ёс зүйтэй, сахилга баттай гүйцэтгэх учиртай. Гэтэл цөөн хүний эрх ашигт нийцүүлж, асуудлыг шийдвэрлэдгээс болоод нийслэлийн өмнө тулгамдаад буй олон ажил гацлаа. Бид үүнийг шийдвэрлэе гэсэн. Гэтэл албан тушаал дээр очихоороо бусдад нөлөөлж, нийтийн эрх ашгийг умартаж байна. Үүнд санал өгч, гарын үсэг зураагүй зарим төлөөлөгчийн асуудал ч холбогдож байгаа.

-Та хурлын төлөөлөгчдийг барьцаанд орсон гэж хэлэв үү?

-Янз бүрийн байдлаар шахалт дарамтанд орж буй төлөөлөгчид бий. Бүгд биш шүү.

-Та яагаад НИТХ-ын дарга болох гэсэн юм бэ?

-Бидний амьдарч байгаа хотын асуудал нэг юм. Амьсгалж буй агаар нэг. Алхаад гарахад гудамж нэг шүү дээ. Тийм учраас би иргэдийг төлөөлж энэ хуралд суугаа учраас үүргээ биелүүлж байна. Тулгамдсан асуудлаа цаг алдалгүй шийдээд явах учиртай. Тиймээс л НИТХ-ын төлөөлөгчид намайг ажил хий, хамтарч асуудлыг шийдвэрлэе, чамд ажлыг аваад явах чадвар, боломж байна гэж үзэн итгэл хүлээгдэж дэмжсэн болов уу гэж ойлгож байгаа. Миний хувьд хоёр дахь удаагаа сонгогдож, НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байна. Энэ удаа Нийслэлийн төсөв санхүү, эдийн засгийн хороог даргалж байна.

Бид энэ удаад олонх болсон. Гэхдээ олонх болчихлоо гээд болохгүй байгаа зүйлийг хамгаалж, хаацайлж, олонхоороо түрж, нүдээ боож, чихээ бөглөж явах ёсгүй. Өнөөдөр ажил хийе, асуудал шийдье гэхээр хаана ч гарсан явахгүй гацчихаад байна. Нийслэлийн хэмжээнд хийхээр төсөвлөсөн томоохон төслүүд гацаж, өдөр тутмын ажлууд шат шатандаа удааширсан. Агентлаг, албадууд нь хоорондоо уялдаа холбоогүй, зохион байгуулалтгүй, хэн нь яг юу хийгээд байгаа нь тодорхойгүй байна. Үүнийг бидний хэсэг нөхөд зүгээр хараад сууж чадсангүй. Энэ бол дан С.Амарсайхан, Д.Баярсайхан, эсвэл МАН-ын асуудал биш юм. Нийслэлийн 45 тойргоос сонгогдсон төлөөлөгч бүрийн асуудал юм. Бид нийтээрээ сайхан амьдарья гэсэн хүсэл, зорилготой. Үүнийг намчирхаж, туйлшруулж болохгүй. Бидний гол зорилго бол нийслэлийн ажлыг урагшлуулах юм.

Бид эндээ хоосон улс төржиж тэмцэлдээд байх уу, эсвэл ирээдүйд эдийн засгаараа, оюуны чадавхаараа, хүний хөгжлөөрөө, хот төлөвлөлтийн дэвшлээрээ, дэлхийд тэргүүлэх байр суурьтай болох уу гэдгийг ярьж хөндөхөөс аргагүй.

Иргэн болгон, ирсэн зочин болгон энэ хотод аятай тухтай, эрүүл, аюулгүй оршин суух нөхцөл боломжийг бүрдүүлэх учиртай. Үүнийг л цаг алдалгүй хийж хэрэгжүүлэх ёстой юм.

-Ц.Сандуй “намынхаа эв нэгдлийг хангахын тулд албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна” гэж олон шалтгаанууд дундаа дурдсан байдаг. Гэвч Ц.Сандуйг албан тушаалаа өгснөөс хойш НИТХ дахь МАН-ын бүлэг улам л эв нэгдэлгүй болчихлоо. Магадгүй С.Амарсайхан, Д.Баярсайхан нараас өөр хүн НИТХ-ын дарга нэр дэвшвэл намын дотоод асуудал шийдэгдэх юм болов уу?

Миний хувьд өөр сонголтыг үгүйсгэхгүй. Иргэдийн хурал илүү нээлттэй, шударга, тодорхой байх ёстой. Гэвч эхний асуудлаа шийдвэрлэж чадаагүй байж дараагийн асуудал руу хууль зөрчиж орж болохгүй. Ингэвэл асуудал улам л даамжирна. Миний нэрийг дэвшүүлсэн, би зөвшөөрсөн. Гэвч С.Амарсайхан ч бай, хэн ч бай хотын ажил зогсолтгүй явж, хуулийн хүрээнд энэ бүх асуудал шийдэгдэх ёстой.

Ц.Сандуйгийн тухайд би байр сууриа илэрхийлсэн. Сонгуулийн тактик боловсруулж байгаа нэрээр намаа болон намынхаа даргын нэр хүндийг унагаж, хэдэн мянган удаа зөв гэж хэлээд ч зөвтгөж боломгүй алдаа гаргасан. Тийм учраас хариуцлага хүлээх нь зөв. Ажил хийж байгаа хүн алдаа гаргаж болно. Гэвч энэ тохиолдолд яавч хүлээн зөвшөөрч болохгүй. Ёс зүйн хариуцлага хүлээх, хүлээгээд явахдаа явсан шиг яв гэсэн асуудлыг намын гишүүд тавьсан.

-Нийслэлийн төсвийг ярих цаг болчихлоо. Шийдлээ хүлээсэн олон асуудал хүлээгдэж байна. МАН асуудлаа яагаад дотооддоо шийдэж чадахгүй байна вэ?

Нам дотроо асуудлаа шийдээд явах ёстой. Гэтэл нам эвтэй байна гээд эвгүй зүйлийг өөгшүүлж, элдэв асуудлыг нуун дарж, бугшуулснаас болоод хэсэг нөхдийн л эрх ашиг яригдаж, тэд л хожиж, эцсийн хохирогч нь иргэд, олон нийт болж байна. Дөрвөн жилээр бус 20 жил, 40 жилээр хохирогч болж байна. Нөгөө талаас 90 жилийн түүхтэй энэ намд буруугаа олж харж чадаж байгаа эрүүл тогтолцоо явагдаж байна гэж миний хувьд бодож байна. Зөв зүйлээ дэмжиж, бурууг шүүмжилж, алдааг нь тухайн цаг бүрт засч залруулаад явах чадамж бидэнд байна. Энэ ганцхан манай намын асуудал биш. Монголын ард түмний асуудал болоод байна. Монгол Улсын ирээдүй, тусгаар тогтнол, үнэ цэнийн асуудал учраас дарга ч байсан хамаагүй алдааг нь шүүмжлэх нь эрүүл тогтолцоо.

-Хэн нэгэн албан тушаалтны талаар хар, цагаан олон мэдээлэл гардаг. Таны хувьд Зайсан толгойд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хэрхэн олж авсан бэ.

-2007 онд Байгаль орчны яамнаас холбогдох бичиг баримтыг нь бүрдүүлж, хууль тогтоомж, зориулалтынх нь дагуу буюу аялал жуулчлалын чиглэлээр Зайсан толгойг хөгжүүлэх төслөө боловсруулсан. Зөвшөөрлөө аваад бүх шатанд нь хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Нөгөө талаас Зайсанд баригдаж буй олон барилгаас зориулалтынхаа дагуу, аялал жуулчлалын зориулалтаар баригдаж буй цорын ганц барилга юм. Зайсан толгойд бид бүтэн байгуулалт хийсэн. Өмнө нь хогонд дарагдсан байсан. Ийм л газарт бид эрсдэл үүрч, хөрөнгө оруулж, нийгмийн шинж чанартай бүтээн байгуулалт өрнүүлж байна. Үүнийг дагаад ажлын байр ч нэмэгдсэн. Хэрвээ амин хувиа бодсон бол аятайхан үнэ өртөгтэй орон сууц барьчихаад зарж борлуулаад алга болж болох байсан. Гэвч бид тэгээгүй. Энэ бол нийгмийн чанартай бүтээн байгуулалт. Эргээд иргэд л сайхан орчинд үйлчилгээ авч, амрах цогцолбор болж хотын өнгө төрхийг дээшлүүлэх юм.

Эх сурвалж:Undesten.mn

Санал болгох мэдээ

Т.Наранбат: Сонгогчид нэрийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авах үүрэгтэй

Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ сарын 1-ны өдрөөс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим …