Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, монгол түмний хайртай дуучин Даваасүрэнгийн Отгонжаргалтай уулзаж хөөрөлдлөө. Түүний “Хайрлахын жаргал” уран бүтээлийн бие даасан хоёр дахь тоглолт гуравдугаар сарын 6-ны 19 цагт Монгол бөхийн өргөөнөө болох гэж байгаа аж.
-Баянхонгор аймгийн Заг сумын түүхт ойгоор таарч нутгийн найрагчдын “Биндэрьяа Хөх нуурын бийваа ятгын эгшиг” номыг гардуулж байснаа санаж байна. Өөрийг тань манай нутгийн охин гэдгийг тэгэхэд л мэдсэн хэрэг. Уугуул нутгийнхаа талаар яриач!
-Тийм ээ, би Баянхонгор аймгийн Заг сумын уугуул хүн. Миний өвөө Бадарч, аав Даваасүрэн нар маань Заг-Байдрагийн голын Хүрэн бэлчирт төрсөн хүмүүс. Энэ Хүрэн бэлчирт эзэн Чингис хаан маань цэргээ засан очиж Найманы Таян хаантай тулалдаж байсан, бас хожим Халх-Ойрадын их чуулган болж байсан түүхт газар л даа. Хүрэн бэлчир газар нутгийн харьяаллаараа Заг суманд ордог. Заг сумынхаа түүхт ерэн жилийн ойгоор очихдоо энэ сайхан нутгаас төрсөн Монгол Улсын алдар цуутай олон хүнтэй танилцаж байлаа. Нутаг ус гэдэг бол үр хүүхдээ, ач зээ нараа, өвөр бэлд нь төрсөн хүмүүсээ үргэлж ивээж тэтгэж, харж хайрлаж явдгийн жишээ болсон олон сайхан хүмүүс тэндээс төрөн гарчээ. Миний аав Бадарчийн Даваасүрэн төрсөн нутаг усандаа нэртэй хүндтэй хүн байлаа. Хүмүүс “Аварга Даваасүрэн” гэдгээр нь сайн мэддэг юм билээ.
-Аварга гэхээр их л мундаг хүн байж дээ?
-Аавын үеийн хүмүүс “Аварга Даваасүрэнг мэдэлгүй яахав, бурхан болоод олон жил боллоо доо, хөөрхий” гээд андахгүй юм билээ. Яагаад аварга гэх болсон юм бол гэсэн чинь эрхэлсэн ажил бүхнээ сайн хийдэг, маш олон удаа аймгийн хөдөлмөрийн аварга болж байсан болохоор хүндэтгэж нэрлэсэн хоч нь гэж байсан. Тэр үед ааваараа үнэхээр бахархаж байсан даа.
-Манай Заг сумын Хүрэн бэлчирийн гайхамшигт бүсгүйчүүд Монголын түүхэн кинонуудын гол дүрийг бүтээсэн байдаг. Тухайлбал, Цэндийн Намсрайн охин, Монгол Улсын төрийн соёрхолт, ардын жүжигчин Сувд “Мандухай сэцэн хатан” киноны Мандухай, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Өөлүн хатан эхийн, “Хүргэн хүү” киноны гол дүрээрээ олны танил болсон жүжигчин, нэвтрүүлэгч Батсүрэн “Цөвүүн цагийн Богд” киноны Ханджамц хатны, та гэхэд “ану хатан”-ы дүрийг Монголын ард түмний сэтгэлд хоногштол бүтээлээ. Үүнд ямар нэгэн учир холбоо байдаг бол уу?
-Үүнийг би ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсан багшийг хэлэхээр анзаарсан. Сүүлд нь бодож байхад “Нээрээ л их учир жанцантай юм байна даа” гэж бодсон. Намайг “Ану хатан” кинонд тоглож байх үед энэ талаар бидний хэн нь ч мэддэггүй байсан. Кино зохиолч Шүүдэрцэцэг, Болдхуяг ах хоёр ч мэдээгүй. Загийн гол, Хүрэн бэлчрийн охид эмэгтэйчүүд Монголын ийм том түүхэн кинонуудад тоглох учир ерөөлтэй байсан юм байлгүй дээ. (инээв. сур) Маш сайхан. Баяртай л байдаг даа.
–“Сайн явахад садан мундахгүй” гэсэн үг байдагчлан таныг бас Дарханыхан булаалдах шинжтэй юм билээ?
-Намайг зургаан нас хүрч байхад аав маань бурхан болсон юм. Ээж маань зургаан хүүхэдтэйгээ үлдээд Дархан хот руу манайх ерэн хоёр онд нүүсэн. Ээжийн дүү нар бүгд энд суурьшсан байсан л даа. Дарханд хорин нэгэн аймгийнхан аж төрдөг их сайхан залуу хот. Дунд сургуулийн үе маань Дархантай яах аргагүй холбоотой байлгүй яахав. СУИС-д 2001 онд Дарханаасаа ирж шалгалт өгөн элсэн орж байлаа.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу