Улаанбаатар хотноо Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүд үргэлжилж байна. Соёлын өдрүүдийн нэг арга хэмжээ болох “Нахиа” Хятад, Монголын номын хэвлэлийн солилцооны төслийн хүүхдийн номын үзэсгэлэн хүүхдийн номын санд болж байна. 2015 онд ӨМӨЗО “Нахиа” Хятад, Монголын хэвлэлийн солилцооны төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд зохиогчийн эрхтэй худалдаа, зохиогчийн эрх шилжүүлэх, хамтдаа хэвлэн нийтлэх замаар Монгол Улстай хамтран ажиллах болсон юм.
Энэ жил ӨМӨЗО-ны Намын хорооны Суртал ухуулгын газар “Нахиа” Хятад, Монголын хэвлэлийн солилцооны төслийг соёлын өдрүүдийн нэг арга хэмжээ болгож, төслийн хэрэгжилтийн үр дүнг нэмэгдүүлсэн гэж албаныхан ярьж байна.
“Нахиа” төслийн арга хэмжээний хүрээнд Хятад, Монгол хоёр орны төлөөлөгчид Монгол Улсын хүүхдийн номын санд 1500 боть, 15000 ширхэг номыг хандивласан юм. Мөн “ХЯтадын шинэ үеийн амьтны үлгэр”, “Хятадын сонгодог үлгэр”, “Дэлхийн сонгодог үлгэр”, “Монгол үндэсний амьтны ёгт үлгэр” зэрэг хүүхдийн 200 гаруй шилдэг номыг дэлгэн, уншигч багачуудад толилуулж байна.
“Нахиа” төслийн нээлт, номын үзэсгэлэнгийн нээлтийн үеэр БСШУСЯ-ны Соёл, урлагийн газрын дарга Б.Сэргэлэн “Номыг дээдэлдэг, номонд хайртай хүүхэд багачуудад зориулсан сонирхолтой арга хэмжээ болж байна. БСШУСЯ-ны Соёл урлагийн газар болон ӨМӨЗО-ны Сонин мэдээ, ном хэвлэл, радио телевизийн товчоо гарын үсэг зурж, хоёр улсын хүүхдийн уран бүтээлчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, туршлага солилцох, харилцан хүүхдийн зохиол, бүтээлээ хэвлүүлэх, хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх чиглэлээр зорилго тавьж гурав дахь жилдээ хамтран ажиллаж байна. Төслийн хүрээнд ӨМӨЗО-ны төлөөлөгчид 2016 онд “Монгол үндэсний амьтны ёгт үлгэр”, 2017 онд “Дорно дахины шилдэг 20 үлгэр”, мөн “Дэлхий дахины шилдэг 20 үлгэр” номуудыг манай хүүхдийн номын санд хандивлаад байна. Өнөөдрийн арга хэмжээнд Хятад улсын алдарт хүүхдийн зохиолч Шень Си Шигийн шилдэг бүтээлүүдээс түүвэрлэн 10 зохиол болон “Дундад улсын орчин үеийн амьтны үлгэр” зэрэг 1500 боть, 15000 ширхэг номыг манай улсын сургуулийн номын сан, хүүхдийн номын санд хандивлаж байна. Энэ хүрээндээ манай улсын хүүхдийн зохиолчдын ном, бүтээлийг орчуулж, хэвлэх, хамтын ажиллагаа цаашид ч өргөжин дэвжинэ гэдэгт итгэж байна” гэв.
“Нахиа” Хятад, Монголын ном хэвлэлийн солилцооны төсөл нь хоёр улсын ном хэвлэлийн салбарын хамтын ажиллагааны гол төсөл гэдгийг оролцогчид онцолж байлаа.