“Мах, сүүний анхдугаар аян”-ны хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, махны экспортын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулетай ярилцлаа.
-Мах, сүүний анхдугаар аяны зорилго, зорилтын талаар танилцуулна уу?
-Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор “Мах, сүүний анхдугаар аян”-ыг зарласан.
Тус аяныг зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 45 дугаар тушаалаар баталсан. “Мах, сүүний анхдугаар аян”-ы зорилго нь хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, бүтээгдэхүүний экспортыг дэмжих юм.
“Мах, сүүний анхдугаар аян”-ыг дараах 5 зорилтын хүрээнд 50 арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна. Тодруулбал, аян хэрэгжих эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх, мах, сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж түүхий эдийн улирлын хамаарлыг бууруулах, мах, сүү бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, сүүний боловсруулах салбарыг хөгжүүлэх, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүний дотоодын хэрэглээ, экспортыг дэмжих зэрэг болно.
-Аяны эрх зүй, эдийн засгийн орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд ямар ажил зохион байгуулсан бэ?-Аяны эрх зүй, эдийн засгийн орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд 2017 онд УИХ-аар Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг батлуулсан. Мөн 2018 онд Засгийн газрын 12 дугаар тогтоолоор “Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг тус тус баталсан. Тухайн хуулийг дагаж гарах “Мал эмнэлгийн гэрчилгээ, түүнийг хэрэглэх заавар”, “Лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээ, түүнийг хэрэглэх заавар”, “Мал эмнэлгийн магадлан шинжилгээ хийх, баталгааны тэмдэг хэрэглэх журам”, “Мал бэлтгэх, тээвэрлэх, тууварлах, үйлдвэрт хүлээн авах үеийн мал эмнэлэг, хорио цээрийн журам” зэрэг шинэчлэн боловсруулсан журам, зааврыг боловсруулан батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулахаар ажиллаж байна.
Засгийн газрын 168 дугаар тогтоолоор “Гаалийн албан татвараас чөлөөлөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалт”-ыг батлуулсан. Уг тогтоолын хүрээнд мах, сүү боловсруулах салбарын импортоор авсан мах, сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж гаалийн албан татвараас чөлөөлөгдсөн.
-Мах, сүүний чиглэлийн аж ахуй эрхлэгч фермерүүдийг дэмжих чиглэлд ямар ажлууд хийж байна вэ?
-Засгийн газрын 2018 оны тавдугаар сард 7 аймгийн 60 сумын 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоосон. Уг шийдвэрийн дагуу газар тариалангийн бүс нутагт 2000 гаруй малчид, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн 60 гаруй хувь нь эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хослон эрхлэх, хамтран хөгжих боломж бүрдэж байна. Яамнаас эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг боловсруулсан. Удахгүй Засгийн газраар хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байна. Мах, сүүний эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, түүхий эдийн улирлын хамаарлыг бууруулах талаар олон арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Үүний нэг болох мах, сүүний чиглэлийн үхэр үржүүлж буй аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлж, нийт 800 сая төгрөгийн санхүүжилттэй төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Шалгарсан 52 аж ахуйн нэгжид үйл ажиллагаанаас нь хамааруулан тус бүр 10–20 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 5 жилийн хугацаатайгаар олгосон. Мөн сүүний чиглэлийн үхрийн аж ахуй эрхэлж байгаа нийслэлийн ойролцоох аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор малын чанарыг сайжруулах, фермийн байр засах, тэжээлийн нөөц бүрдүүлэх болон тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд нь зориулж, 27 аж ахуйн нэгжид 509 сая төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаатай олгох ажлыг зохион байгуулсан. Сүүний боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр тогтвортой хангах, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйг дэмжих зорилгоор “Сүүний хөргөлтийн танк, цахилгаан хөдөлгөөнт саалтуур”-ыг хөнгөлөлттэй нөхцөлөөр Мал хамгаалах сангаар дамжуулан олгож, эхэлсэн бөгөөд тэдний үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.
-Алслагдсан орон нутгийн нөөцийг ашиглах, сүүг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар ямар ажил хэрэгжүүлж байна вэ?
-Алслагдсан орон нутагт ашиглагдахгүй байгаа сүүний нөөцийг бүрэн ашиглах импортыг орлох, экспортод чиглэсэн дотоодын үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх зорилгоор “Монгол драй милк” ХХК-тай хамтран “Монгол хуурай сүү” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд орон нутагт эхний ээлжид 2017 онд Хөвсгөл аймгийн Их-Уул суманд нэг үйлдвэр бүрэн ашиглалтад орсон. 2018 онд Хэнтий аймгийн Баянхутаг суманд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг угсарч суурилуулан, ашиглалтад 2018 оны 4 дүгээр сарын 1-нд ашиглалтад орсон.
Мөн Дорнод аймгийн Баян-уул, Баяндун сум, Булган аймгийн Хутаг-Өндөр сумдад 5 сард хуурай сүүний үйлдвэр ашиглалтад орсон. 9 сард Хөвсгөл аймгийн Галт сум, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумдад үйлдвэр ашиглалтад орсон. Дараагийн 16 сумдын үйлдвэрийн барилгын ажил болон дэд бүтцийн ажил явагдаж байна. Үүнд: Сэлэнгэ аймгийн Ерөө, Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан, Өвөрхангай аймгийн Уянга, Бат-Өлзий, Богд, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дарьганга, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумууд орж байгаа.
Уг төсөл хэрэгжсэнээр эргэлтэд орохгүй байгаа малчдын шингэн сүүг эдийн засгийн эргэлтэд оруулах, малчдын үйлдвэрлэлийг дэмжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргах импортын хэрэглээг бууруулах, шинээр 2500 ажлын байр бий болох олон талын ач холбогдолтой юм. Мөн “Монголын ээдэмцэр”-ийн холбооноос санаачлан боловсруулсан “Алслагдсан орон нутагт сүүн бүтээгдэхүүнийг кластерын зарчмаар үйлдвэрлэж, импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх” төслийг бодлогын хувьд дэмжин ажиллаж байна.
-Махны экспортын өнөөгийн байдлын талаар танилцуулбал?
-Махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр манай яамнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогын үр дүнд махны салбарын экспорт сэргэж байна. 2018 оны 10 дугаар сарын мэдээгээр 27.2 мянган тонн мах, 16.0 мянган тонн дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн, нийт 43.2 мянган тонн тус тус экспортолсон нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн 50.0 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортлох зорилтын 86.4 хувьд хүрсэн үзүүлэлт бөгөөд дэвшүүлсэн зорилт бүрэн биелэх боломжтой хэмээн үзэж байна.
Мөн мах, махан бүтээгдэхүүний экспортын 2018 оны 10 сарын дүн мэдээгээр дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүний экспорт дээд хэмжээндээ хүрснээс гадна анх удаа 4 төрлийн мах экспортод гаргасан нь онцлог болно. Махны экспортын зах зээлийн хувьд, ОХУ-ын транзит зөвшөөрлөөр БНСВУ-ын чөлөөт бүсэд 955 тонн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон улсад нийт 22.5 мянган тонн адууны мах, Иран, БНСВУ, Малайз улс болон Хонконгд 3.8 мянган тонн хонь, ямааны мах тус тус экспортолсон.
-Ер нь экспортын эрхтэй үйлдвэр хэд байна. Ямар орнуудтай мал эмнэлэг ариун цэврийн гэрээ, хэлэлцээр хийж байна.
БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх бүхий үйлдвэр давхардсан тоогоор 38, ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй үйлдвэр давхардсан тоогоор 29, Вьетнам улсад дулааны аргаар боловсруулсан хонь, ямаа, үхрийн мах экспортлох эрхтэй үйлдвэр давхардсан тоогоор 4 байна. Махны экспортын зах зээлийг төрөлжүүлэх, экспортыг дэмжих зорилгоор Узбекистан, Хонконг, Европын холбоо, Саудын Араб, Кувейт, Малайз, Ливан, БНСУ зэрэг орны холбогдох байгууллагуудтай идэвхтэй яриа хэлцэл хийж байна.