Ч.Сайхнаа:Залуучууд EQ буюу өөрлүүгээ өнгийх, бусдыг ойлгох чадвартаа анхаармаар санагддаг

“Өглөөний зочин” ярилцлагын булангийнхаа ээлжит зочноор “Амар Оюуны Хөрөнгө Оруулалт” ХХК-ийн захирал, Хувь хүний хөгжлийн багш Ч. Сайхнааг урьж ярилцлаа.

/Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд Хувь хүний хөгжлийн багш Ч.Сайхнаатай онлайнаар холбогдож ярилцсан юм./

-Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг танай гэр бүл хэрхэн даган, мөрдөж байна вэ?

Бусдын болон нийгмийн болон өөрийн сайн сайхны төлөө Улсын Онцгой комиссийн зааварчилгааг дагаж мөрдөж байна. Манай гэр бүлийн хувьд хөл хорионы энэ үеийг тодорхой хэдэн талаас нь харж, түүнийхээ дагуу өнгөрүүлэх гэж хичээж байгаа. Эхлээд энэ үе бол өөртөө амралт өгөх боломж, дараа нь өөрийгөө таних боломж, хөгжүүлэх, суралцах боломж гэж харж байна. Жишээ нь: Манай аавын хувьд анх удаа өөрөө пицца хийж үзсэн гэдэг ч юм уу, жижиг гэлтгүй зүйл дээр өөрчлөлт, хөгжлийг бүтээгээд дэмий өнгөрөөхгүйг л хичээж байгаа .

Карантины үеийг та хэрхэн үр дүнтэй өнгөрүүлж байна вэ?

Надад гэлтгүй ихэнх хүмүүст нойр солигдох, жин нэмэх, бухимдах гэх мэт нөлөөлөл бий болоод байгаа гэж харж байна. Миний хувьд аль болох жин нэмэхгүйг хичээж, зохих хэмжээний дасгал сургуулилалтыг хийж байгаа, өмнө нь төвлөрч суугаад нийтлэл бичих, номоо үргэлжлүүлэхэд саадтай байдаг байсан бол энэ хугацаанд гадагш гаралгүйгээр энэ бүхнийг амжуулж болж байна. Хөл хорионы үеийн тэмдэглэлүүдээ нийтлэл болгоод эхэлсэн. Хамгийн чухал нь өөртэйгөө ажиллах боломжийг өгсөн нь сайхан байна. Төлөвлөх, ирээдүйн карьер төлөвлөлтөө эргэн харах, сургалт зөвлөгөөнийхөө арга хэлбэрийг ахин бодож үзэх, шинэчлэх цаг болсон том өөрчлөлт байлаа.

Хөл хорионы өдрүүдэд ихэнх албан байгууллага, компанийн ажилтнууд гэрээсээ ажиллаж байна. Ер нь гэрээсээ ажиллаж байгаа хүмүүс сэтгэл зүйгээ хэрхэн удирдах вэ?

Бид юун түрүүнд цар тахлаас үүдэлтэй хүнд хэцүү нөхцөл байдал үүсээд байгаа гэдгийг ойлгомоор санагдсан. Энэ бол миний, таны хүсэл зоригоос хэтийдсэн зүйл. Хүсээд өөрчилж чадахгүй ийм үед аливааг хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй, одоохондоо өөрчилж болшгүй нөхцөлд санаа зовж, бухимдах зэрэг нь илүүц.

Шалгарал, дасан зохицох гэдэг бол бүхий л цаг үед байх ёстой ойлголт юм болов уу, тэгэхээр бид дасан зохицох, үүсээд буй нөхцөлийг ойлгох хэрэгтэй. Энэ цаг үед гэр бүлийн гишүүд хооронд маргаан, гэр бүл салалт ихсэж байгаа гэж үзээд байгаа гэтэл үүний шалтгаан нь бид нэгнээ ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас л эхлэлтэй. Энэ хүн “ би ийм байдалд орчихсон учраас бухимдаад байна” гэдгийг ойлгох, ойлгосны үндсэнд буруутгалгүй ярилцах л хэрэгтэй байна.

Би хааяа “аавдаа та хэрэггүй асуудал дээр бухимдаад байна, бухимдвал дархлаа уначихна шүү” гэж хэлдэг. Заримдаа танд ийм санагдаж байна уу гээд асуучихдаг тэр нь гэр бүлийн гишүүддээ тусалж байгаа нэг хэлбэр, үүн шиг өөр дээрээ ч ажиллах үе байна “Сайхнаа энэ бол жижиг асуудал гээд л хэлнэ дээ”. Миний хувьд өөрчилж чадашгүй нөхцөлд санаа зовнихын оронд ирээдүйдээ бэлтгэх, өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарах нь үр дүнтэй санагдаж байна, хүн төлөвлөгөөтэй, зорилготой байгаа тохиолдолд элдэв асуудалд хямрах нь бага, мөн урам зориг ч авдаг. Хөл хорионы үеийг би бүхэлд нь асар том хандлагын челленж л гэж дүгнэмээр байгаа, учир нь хэр эерэг, хэр цэгцтэй вэ, бэрхшээлийг давж чаддаг уу, соёлт хүн төрөлхтөн шиг хууль ёсоо дагаж чаддаг уу гэдгээ бүх нийтээрээ шалгуулж байна.

-Эдгээр өдрүүдэд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид теле хичээлд хамрагдан суралцаж байгаа. Мөн Их Дээд сургуулийн сурагчид цахимаар суралцаж байна. Энэ цаг үед гэрээсээ суралцаж буй сурагч, оюутнуудад зориулан зөвлөгөө өгнө үү. Тухайн цаг хугацаандаа хэрхэн үр дүнтэй суралцах вэ?

Онлайн сургалт маш үр дүнтэй хэлбэр гэхээр оюутан дүү нар минь бол санал нийлэхгүй байсан, мэдээж л дээ цахим хэлбэрээр суралцаж болох, болохгүй олон салбарын шинжлэх ухаан байгаа шүү дээ.

Би яагаад үр дүнтэй хэлбэр гэж үзээд байгаа вэ гэхээр сургалт /шинжлэх ухааны зарим салбарын хувьд/ мэдээлэл олж боловсруулах, дүгнэх дээр суурилдаг. Энэ процесс алдагдахгүй тохиолдолд хаанаас ч суралцах боломжтой гэж үзэж байна. Цахимаар хичээлээ үзэх нь мэдээлэл олж авах нэг л хэлбэр болохоор зарцуулах цаг хугацааны хувьд давуу талтай суралцах том боломж шиг санагддаг. Дутагдал бас байж л байгаа жишээ нь туршилт хийх гэх мэт. Оюутнуудаа өөрсдийн боломжит хэмжээндээ боломжоо 110% ашиглаж суралцахыг хичээгээсэй гэж хүсч байна.

-Ерөнхий боловсролын сурагчид, оюутнуудад хөл хорины үед хичээлээс гадна чөлөөт цагаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх тал дээр зөвлөгөө өгнө үү?

-Хүн ер нь сургалтын танхимаас гадуур суралцаж л байдаг, сурагч дүү нараа юун түрүүнд хүнийг хайрлах, ойлгох, хүний эрхийг хүндлэх тал дээр нэгийг ойлгоосой гэж боддог. Энэ нь хандлага-харилцааны тухай нэг том сургалт л гэсэн үг. Бидний сурагч байх үетэй харьцуулахад маш олон боломж одоогийн сурагчидад байна. Бас сурч, хөгжиж байна гээд харсан газар бүртээ очоод байж болохгүй. Өөрөө төлөвшөөгүй хирнээ багшилдаг хүмүүс ч их байна. Тэндээс хоосон амбиц, хөөрүү занг сурахаас хүн чанар, ёс суртахууныг орхигдуулдаг талтай. Нөгөө талаас сурагчид руу чиглэсэн хувь хүний хөгжлийн сургалт хомс байна. Тэгэхээр өөрийн хөгжлийн төлөвлөгөөтэй болох нь хамгийн үр дүнтэй. Хаана ямар сургалтаас, юуг суралцах вэ, багш нар нь хүссэн үр дүнг минь өгч чадах уу гэдгийг бодох нь зүйтэй.

Удахгүй 2020 он дуусах гэж байна. Энэ цаг хугацааг ашиглаад ирэх онд хийж хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах боломжтой шүү дээ. Та залуучууддаа зориулан төлөвлөгөө боловсруулахад анхаарах зүйлсийн хэлж өгнө үү?

Миний хувь эхлээд бодитой хэрэгжих боломжтой, цөөн зүйлсийг л оны эхэнд төлөвлөдөг. Тэгээд ерөнхийдөө тэдгээр ажлуудыг голчлон урт хугацаандаа хэрэгжүүлээд сар, сард нь шинэ ажлууд тэмдэглээд гүйцэтгээд явдаг. Хэдий үеэр юу болох талаар тооцож мэдэх нь л чухал санагдсан.

-Та манлайлал, залуучуудын хөгжлийн талаар олон үйл ажиллагаанд оролцож, төсөл хөтөлбөр боловсруулж байсан. Ажиллаж байсан туршлагаасаа харахад Монголын залуучуудын хөгжлийн талаар ямар байр суурьтай байдаг вэ?

Юуны өмнө хувь хүний хөгжил гэдгийг мундаг байх гэдгээс салгаж ойлгоод хүнлэг байх, ёс суртахуунлаг байх, өөрийгөө мэдэх гэдэгтэй уялдуулж ойлгож, өөрөөр тодорхойлох хэрэгтэй байна.

Учир нь нийгэмд цөөнх нь л хувь хүний хөгжилдөө анхаарч чаддаг, олонх нь чаддаггүй, тоодоггүй. Яагаад гэхээр олонх нь мундаг байх албагүй гэж боддог, хөгжил надад ямар чухал гэдгийг ойлгодоггүй. Ойлгуулах үүднээс хүн бүрт хүртээмжтэй байдлаар ойлгуулмаар, залуучууд маань бас ойлгомоор байна.

Олон залуучууд ид хөгжих боломжтой үе буюу 14-25 насаа сул өнгөрөөчихдөг хирнээ тодорхой албан тушаал ахих, байгууллага, баг хамт олон удирдах цаг нь ирэхээр тулгамддаг, чадвар дутаад, бүтэлгүйтээд ирэхээр өмнө нь тоож байгаагүй сургалтууд /илтгэх ур чадвар, манлайллын гэх мэт / сонирхоод ирдэг. Угтаа бол ийм байдалд орох эсэх нь боломжтой үедээ суралцаж л байх хэрэгтэй.

Энэ дээр нэг нийтлэг алдаа байна, нэг бол хичээл номоо хөөгөөд явчихдаг харилцааны чадвар дутуу нэгэн болдог. Гэтэл өдөр бүр дипломын дүн хэрэг болохгүй шүү дээ. Надад ч бас боломж байхад тоолгүй орхисон одоо харамсдаг сургалтууд байдаг л даа. Мөн аливаад суралцахдаа бол эрмэлзэл дүүрэн суралцмаар санагддаг. Хайнга биш, аргацааж биш, бүрэн дүүрэн бие, сэтгэлээ зориулж суралцах хэрэгтэй, тэгж байж л хүссэн үр дүндээ хүрнэ. Хоол захиалаад идэхдээ халбагадаад орхидоггүй биз дээ, амтархан таашааж иддэг, нэгэнт л өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн бол бүрэн дүүрэн суралцаарай. Дараагаар нь хамгийн том асуудал бол уншсан нэг номоороо, нэг хүний үгээр бусдыг дүгнэхээ болих хэрэгтэй. Суралцана хөгжинө гэдэг тасралтгүй процесс. Би хувьдаа одоо ч суралцдаг гэж хэлнэ.

-Залуучуудыг ямар чадвар дээрээ анхаарах хэрэгтэй гэж бодож байна вэ?

Залуучууд маань EQ буюу өөрлүүгээ өнгийх, бусдыг ойлгох чадвартаа анхаармаар санагддаг, дараагаар нь харилцааны чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Яагаад онцолж байгаа вэ гэвэл та бид залуу насандаа илүү хөнгөн, хуумгай хандах гээд байдаг, эрт нийлсэн гэр бүлүүдэд гэр бүл салалт их тохиолддог нь ч түүнтэй холбоотой, нөгөө талаас ажлын талбарт тогтвортой, амжилтанд хүрэхийн тулд биднээс чамгүй тэвчээр, итгэлцэл, хариуцлага, харилцааны чадвар шаардлагыг та бүхэн мэднэ.

Залуу насандаа бид алдаж, онож байгаад эцэст нь ойлгодог бол миний ажил эрт ойлгоход нь туслах, жишээ нь би бүх насныхан мэтгэлцээн заадаг маань гоё уран ярих, маргаж сургахад нь туслаад байгаа хэрэг биш өөрийгөө ялж сурахад, зөв ярьж сурахад нь дөхөм болгож байгаа хэрэг.

-Залуус зорилго тавихдаа хэт холын зорилго тавьдаг шүү дээ. Гол нь төлөвлөгөө гаргах нь чухал байх тийм үү?

-Мэдээж. Би бол ирээдүйд юу болохыг мэдэхийг хүсвэл төлөвлө л гэж хэлдэг. Ямар ч зүйлд төлөвлөгөөтэй байх нь түүний төгсгөлийг мэдэх арга юм. Хүмүүс эрсдэлгүй юм гэж байдаггүй ээ гэж ярьдаг ч эрсдэлийг ч түрүүлж харахыг хүсвэл төлөвлөх хэрэгтэй. Цар тахлын үед гэртээ байх нэг өдрөө төлөвлөөд үз, маргааш нь дүгнээд, сайжруулаад ахин төлөвлөөд үз. Удалгүй бүтэн жил, сарыг ч төлөвлөж чаддаг болчихно.

-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.

Урьж ярилцлага авсан танай хамт олонд баярлалаа. Та бүхэнд болон уншигчдаа амжилт хүсье.

Г.Нараа

Санал болгох мэдээ

МИАТ компани Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК  дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас …