Япон судлаач, орчуулагч Д.Төмөрбаатартай шударга ёсны талаар ярилцлаа.
–Шударга ёс гэдэг маш өргөн сэдэв. Олон ч талаас нь тайлбарлаж, тодорхойлж болох байх. Шударга ёстой салшгүй холбоотой магадгүй заавал өмнө нь дурдах ёстой нэг зүйл бол ёс зүй. Таныхаар ёс зүй гэж юу вэ?
-Шударга ёс, ёс зүй хоёр бол нэг юмны л хоёр тал.
Ёс зүй гэдэг бол их энгийн зүйл л дээ. Товчхон хэлбэл, хүн ажил амьдралдаа баримтлах дүрэм л юм шүү дээ. Ахас ихсээ хүндэтгэх, хүүхэд багачууд эмэгтэйчүүддээ тусалж дэмжих, ядарсан зүдэрснийг аварч хамгаалах, хэлсэн ярьсандаа байх, хуурч хумсалж болохгүй, энэ бүхэн чинь ёс зүй. Ёс зүй гэдэг нэршлийг албаны хэллэг гэж хэлж болох байх, харин монголоор бол “жудаг”, “хүн ёс” ч гэж хэлдэг. Бас Монголчууд ярьдаг даа, “мөн ч тулхтай хүн шүү” гэж, итгэж найдаж болох хүнийг ингэж хэлдэг. Энэ бол ёс зүй.
Шударга ёс гэхээр арай өргөн ойлголт гэж хэлж болно. Шударга ёсыг бид нийгмийн харилцаанд, өөрөөр хэлбэл, нийгэмд хүн биеэ авч явах тохиолдолтой холбогдуулж авч үзэх гээд байдаг. Бүр тодорхой хэлбэл, тодорхой хувь хүн нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа болон үнэн зөвийг олох маргаан мэтгэлцээн, аливаа асуудал хэрэг зөрчил дээр үнэн зөв байж чадсан уу, хууль журмыг баримтлав уу гэдэг дээр шударга ёсыг сөхөн ярьдаг. Хууль журмыг биелүүлэх тухайд шударга ёсыг илүү их авч хэлэлцдэг.
-Ёс зүйтэй хүн шударга байж чадна гэдэгтэй та санал нийлэх үү?
-Санал нийлнэ. Нийгэм дунд, гэр бүлийнхээ хүрээнд, найз нөхдийнхөө өмнө зөв, сэтгэлээрээ байж чаддаг, жудагтай хүн нийгмийн харилцаанд буюу нийгэм нийтээрээ баримтлах ёстой хууль журмыг биелүүлэх үед шударга байж чадна.
-Өнөөдрийн нийгэмд залуу үеийнхэн ёс зүйтэй, шударга байж чадаж байна уу. Энэ талаарх таны бодол?
-Залуу үе, дунд насныхан, ахмадууд аль нь ч байсан тухайн нийгмийн тусгал. Нийгэм уруудаж доройтоход ард иргэдийн ухамсар, ёс зүй ч бас уруудна. “Одоогийн залуус болохоо байлаа” гэдэг үгийг аль ч цаг үед хэлж л байдаг. Хэдийгээр бүхэлд нь аваад үзвэл, өнөөгийн залуусын ёс зүйг эрхэмлэж байгаа эсэхэд миний сэтгэл дундуур байдаг ч үүнийг тэдний буруу гэж хэлж чадахгүй.
Яагаад гэвэл, үүнд бидний буюу ахмад үеийн буруу тун их бий. Ялангуяа, нийгэм тэр чигээрээ төлөвшөөгүй, улс төр нь төлөвшөөгүй өнөөгийн нөхцөлд залуусыг буруутгах нь эсрэгээрээ, ёс зүй шударга ёсыг тогтоох үйл явцыг удаашруулж мэднэ. Залуу үеийн дийлэнх нь ёс зүйтэй, шударга ёсыг эрхэмлэдэг болчихвол нийгэмд маш том өөрчлөлт бий болно. Энэ чиглэлд оновчтой зөв бодлого баримталж, их ажил хийх шаардлагатай юм шиг санагддаг даа.
-Та ёс зүй, дүрэм журмыг ягштал баримталдаг Япон хүмүүстэй ойр байдгийн хувиар шударга ёс, шударга байдалтай холбоотой өөрт тохиолдож байсан явдлаасаа хуваалцана уу?
-Япончуудаас суралцах юм их бий. Дэлхий дахинаараа л суралцдаг. Гэхдээ энэ нь Японд бүх юм сайхан гэсэн үг биш. Авлига ,хээл хахууль, гэмт хэрэг гээд аймаар мэдээ сонсогдож л байдаг. Харин, иймэрхүү ёс бус үйлдэл хийгчид хүн амын хэдэн хувь нь вэ, түүнчлэн, нийгэм нийтээрээ эвтэй найртай ёс зүйтэй амьдарч байна уу гэхээр өөр дүр зураг харагддаг.
Бид ёс зүй, шударга ёс гэхээр их том юм бодоод байдаг л даа. Тэр улстөрч төдөн тэрбум төгрөгийг ард түмний хөрөнгөнөөс хулгайлжээ, тэр нэг ээж хүүхдээ галын хайчаар хайрчээ гэх мэтийг сонсоод л толгой сэгсэрч, шударга ёс, нинжин сэтгэл нэхдэг. Энэ бүхэн муухай л даа. Гэхдээ ёс зүй, шударга ёс хаанаас эхлэхийг бид бодмоор байна.
Японд монгол хүүхдүүдийг аяллаар авч явж байх үед хүүхдүүд маань “энэ ах намайг урдаа оруулаад л, өөрөө сандал дээр суухгүй байсан”, “тэр эмээ автобусны голд байсан хогийг аваад цүнхэндээ хийчихлээ”, “энэ япон хүмүүс дандаа л цуварч явах юм аа” гэлцээд л, нийгэм дунд биеэ зөв авч явах ёс зүйд суралцаж байгаад л ирдэг байсан. Би юу гэх гээд байна вэ гэхээр, ёс зүй, шударга бол ёс өчүүхэн багаас эхлэнэ, биднээс хүн бүрээс эхлэнэ, гэх гээд байна. Өчүүхэн багаас эхэлсэн ёс зүй, шударга ёс өсч том болж, нийгэм нийтээрээ баримталдаг зарчим болно. Хүн амын олонх нь ёс зүй, шудрага ёсыг сахиад ирэхээр тэр нийгэмд болохгүй бүтэхгүй хүмүүст гишгэх газар үгүй болох юм л даа. Ёс зүй, шудрага ёсыг хүүхэд залуусын ухамсарт суулгаж өгвөл ирээдүйд манай нийгэм сайн сайхан болох байх.