Ард олондоо “БАГШГҮЙ АНГЛИ ХЭЛНИЙ УРНАА” хэмээн цоллогдсон багш, орчуулагч, хуульч Б.Уранбилэгтэй ярилцлаа.
-Таныг “Багшгүйгээр англи хэл сурцгаая” сурах бичгээр тань хүмүүс мэддэг болсон. Энэ сурах бичгийг бүтээх болсон түүхийг эхлээд сөхвөл сонин байх болов уу?
-Юуны түрүүнд танд болон танай сонины уншигчдад энэ гэгээн өдрийн мэндийг хүргэе. Би ер нь сонинд ярилцлага өгч байгаагүй юм байна. Энэ жижигхэн цэнхэр номыг анх бүтээж байх тэр үед надад ном бичиж мөнгө олно ч гэдэг юмуу, нэр төр алдар гавъяатай болно гэдэг ч юмуу хувийн ашиг, сонирхол талаас нь харах өчүүхэн төдий ч сэтгэл байгаагүй л дээ. Би ч зарим нэг хүмүүсийн ярьж байгаа шиг тийм сүрхий мундаг хүн биш шүү дээ. Ард түмнээсээ суралцаад боловсорч л яваа, монголынхоо ирээдүй болсон хүүхэд залуучуудын боловсрол мэдлэгт санаа зовниж явдаг хүний л нэг. Энэ утгаараа ард түмэндээ тустай зүйл хийе гэж зориг шулуудан 2008 оны 12-р сараас “Номын цагаан буяныг хамтдаа дэлгэрүүлцгээе” сайн үйлсийн аянаа эхлүүлсэн юм. Сүүлийн үед гадаад хэл сураад байгаа мөртлөө мэддэг ч юм шиг, үгүй ч юм шиг оюутан залуусын тоо эрс нэмэгдсэн.
Мөн англи хэлийг дунд сургуульд олон жил сурсан мөртлөө зарим үед үсгээ ч мэдэхгүй хүүхдүүдтэй алхам тутамд тааралддаг. Үүний шалтгааныг олохоор аймаг, сум, нийслэлийн сургуулиудын. ахлах ангийн хүүхдүүдийн дунд судалгаа явуулах ажил өрнүүлсэн. Гурван жилийн турш үргэлжилсэн судалгааныхаа хажуугаар ахлах ангийн сурагчдад “Боловсрол гэж юу вэ?”, “Мэргэжлээ сонгоход юу анхаарах вэ?”, “Гадаад хэл сурсаны ач холбогдол юу вэ?” гэсэн сэдвээр лекц уншиж байсан.
Мөн эцэг, эхчүүдэд зориулан “Хүүхдэдээ цаг гаргах цаг нь болсон, хүүхэд бүр авьяастай гэдгийг ойлгуулах үүднээс үнэ төлбөргүй лекцээ уншиж байлаа. Судалгааныхаа ажлын хажуугаар 36 өдөр дараалан хичээл орох программ боловсруулж түүнийгээ бүтэн, хагас өнчин хүүхдүүдэд үнэ төлбөргүй зааж байлаа. Энэхүү ажилд англи, швед, ирландаас найзууд маань ирж туслан их ч буян болсон доо. Буяны сайн үйлсийн аянаа өнгөрсөн жил амжилттай хааж тайлангаа хийсэн. Тайлангаа хийж дууссан тэр орой хүнд ачаанаас салсан юм шиг л мэдрэмж төрсөн шүү. Одоо дурсахад сайхан байна.
-Энэ номын давуу тал нь юу вэ. Үнэхээр 14 хоногт англи хэлийг сурах боломж бий юу?
-36 өдрийн программаар хичээллэх сонирхолтой олон хүний хүсэлтээр хэдий тайлангаа хамгаалсан ч дээрх программаа сурах бичиг болгон хэвлүүлсэн. Би энэ ажлынхаа хажуугаар жуулчидтай ажилладаг байлаа. Халуун зун говьд жуулчидтайгаа явж байхдаа энэ сурах бичгээ дуусгаж байсан юм. Энэхүү сурах бичгийн зорилго нь “Хамгийн хямд үнээр чанартай мэдлэгийг хүн бүрт олгоё” гэсэн уриатай. Үнэхээр энэ номыг өмнө нь англи хэл сурч байсан хүмүүс 7-14 хоног уншаад дүрмээ цэгцэлж чадаж байгаагаараа онцлогтой. Нэрний хувьд суралцаж байсан хүүхдүүдээрээ сонгуулсан. Миний хувьд хүүхдүүдийг номтой нөхөрлүүлэхийг хүссэнээс гадна монгол хэлээр англи хэлний дүрмүүдийг энгийнээр тайлбарлахыг оролдсон нь энэ номын давуу тал юм. Англи хэл сурахыг хүссэн нас насныхан миний номыг сонгон хэрэглэж байгаа нь өчүүхэн надад урам өгдөг.
-Англи хэлийг яавал хурдан хугацаанд сурах вэ?
-Олон удаа хэл сурах гэж оролдож байсан залуучуудтай ярилцаж байхад тэд сурах аргаа л сайн олохгүй яваад байсан юм билээ. Ер нь бол ганц англи хэл биш, ямарваа нэгэн зүйлийг сурахдаа тэр зүйлээ сурах чин хүсэлтэй сонирхолтой байх ёстой. Түүнчлэн сурах гэж байгаа зүйлийнхээ суурь цөм нь юу вэ гэдгийг л ойлгосон цагт аяндаа болно. Англи хэлний хувьд энэ хэлийг to-be, to-have, to-do….гэсэн үгүүдийн хувирал хэрэглээг сурахгүйгээр хичнээн үг цээжлээд хаанаас нь ч хамаагүй сурсан болоод хаяад байвал сайн сурч чадахгүй. Харин эхнээс нь цэгцтэй, суурь хэдэн дүрмийнхээ хэрэглээг сайн ойлгочихвол англи хэл тийм ч хэцүү тусгай авьяастай хүмүүс сурдаг зүйл биш юм.
Мэдээж энэ талаар өөр олон багш нар ондоо зүйлүүд ярих байх л даа. Миний чин хүсэл бол баян, ядуу, хот, хөдөөний гэж ялгалгүй бүх хүнд л англи хэл сурах урам өгч сурах аргад нь суралцуулахсан. Мөн сурган хүмүүжүүлэх арга барил нэлээд шингээсэн, эх орноороо бахархах үзлийг суулгаж өгөхийг хүссэн.
Түүнчлэн монгол хүнд хэрэгтэй гэсэн мэдээллийг бүтээлдээ багтааж өгсөн нь энэ хэлийг сурахыг хүссэн иргэддээ урам зориг нэмж байдаг гэж хэлмээр байна. Сурах аргаа олчихсон, ярианы дүрмүүдээ сурсан байхад дараа нь гадаадын багш нартай гэгдэх олон курст очоод ярианы хичээлд суух боломж их байна. Залуучууддаа хандаж хэлэхэд хэрвээ та нар энэ зууны хамгийн үнэт валют болсон цаг хугацааг хором ч алдалгүй юухныг ч гэсэн ичиж нэрэлхэлгүй сурч мэдээд, ганц олдсон амьдралаа утга учиртай өнгөрөөж аз жаргалтай амьдрах хэрэгтэй л гэж захимаар байна.
-Цэгцгүй мэдлэг зөвхөн англи хэл дээр ч биш ер нь боловсролын салбарын бүх түвшинд байгаа. Үүнийг яаж өөрчлөх вэ?
-Олон цэгцгүй мэдлэг, мэдээлэлтэй, хоцрогдолтой сурсан байдлыг гурав ангилж үзэж болно.
Нэгдүгээрт Сүүлийн үед монгол хэлний мэдлэг хүүхэд залууст маш тааруу болсон. Зөв бичих дүрмийн алдаа, ном унших багассан нь хүүхдүүдийг биеэ дааж өөрийгөө хөгжүүлэхэд хамгийн том саад болсон. Ерөнхий боловсролын хувийн болон төрийн сургуулиудын англи хэлний сурах бичгүүд нь нэг стандартад байдаггүйгээс сургуулиа төгсөөд дараагийн сургуульд элсэн суралцахад янз бүрийн мэдлэгтэй байдаг нь их дээд сургуулиудын сургалтын чанарт ч бас нөлөөлж байдаг. Уг нь дунд сургуульд англи хэлний суурийг нь сайн тавьж өгөөд нэг стандартаар мэдлэг олгодог, түүнийгээ сонгон нэрээр хэдхэн хүүхэдтэй илүү түлхүү ажиллах биш, хүүхэд бүрт л жигдхэн мэдлэг олгодог байвал хүүхэд бүр хоцрогдолгүй сурах боломжтой. Аливаа сурах зүйлд суурь муу байгаагаас дараагийн сурах судлах үйлсэд нь дутуу хагас сурсан байдал бий болдог. Ингээд л чанаргүй мэргэжилтний асуудал яригддаг.
Хоёрдугаарт манайд амьдралын боломжтой цөөн хэсэг гэр бүлүүд хүүхдүүдээ гадаадад сургах эсвэл нийслэлд байгаа өндөр төлбөртэй хувийн дунд сургуульд сургадаг. Харин хүн амын дийлэнх болсон жирийн ардын хүүхдүүд улсын нэртэй сургуулиудад сурдаг.Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу бол бүх хүүхэд сурч боловсрох эрхтэй ч үнэндээ өнөөдрийн байдлаар бүгд жигд мэдлэг авч чадахгүй л байна. Энэ нь зарим талаараа эцэг эхчүүдийн хайнга байдлаас ч болж байгаа тохиолдол бий. Одоо чинь 21-р зуун шүү дээ. Бүх хүмүүс л миний хүүхэд болж байвал гээд амиа бодоод байвал улам л баян ядуугийн ялгаа ихэснэ. Жирийн хүүхдүүд биеэ барьж нээлттэй байж хөгжих зам улам л хаалттай болно. Эцэг эхчүүд хүүхдээ ямар нэг дээд сургууль төгсгөөд авъя гэхээсээ илүү хүүхэддээ хүнтэй хэрхэн харилцахаас эхлээд юухныг ч гэсэн мэддэг чаддаг чадварт сургах хэрэгтэй. Боловсролыг сургууль багшаас гадна эцэг эхчүүд өөрсдөө хамтран зүтгэж байж хойч үеэ сайн чадварлаг хүн болгож үлдээнэ шүү дээ.
Гуравдугаарт ер нь бол ганц англи хэл, монгол хэл биш. Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийг яаралтай өөрчлөхгүй бол насанд хүрээгүй хүүхдүүд хэтэрхий олон цагийн хичээл, мөн хэтэрхий олон даалгавар хийх гэж хамаг цагаа зарцуулдгаас хүүхдүүд ядарч бас өөрсдийгөө хөгжүүлж чадахгүй байгаа юм. Хэрвээ хүүхдүүд өөрт таарсан хичээлээ цагтай, чөлөөт цагаа зохистой өнгөрөөх спорт заал, сэтгэхүй хөгжүүлэх тоглоомын клуб зэрэг байвал гадуур тэнэх, pc тоглох зэргээр буруу замаар явахгүй. Бид хүүхдийг алдсан хойно нь биш алдахаас нь урдчилан хамгаалж хайрлаж эх орныхоо ирээдүйг бэлтгэнэ. Хувь хүнийхээ хувьд хүүхдүүдийг зургаан настай сургуульд оруулах тийм ч таатай биш санагддаг, Мөн уралдаант шалгалтыг тестээр авах аргыг яаралтай өөрчлөхгүй бол нэг л хуурамчхан шалгалт болж байгаа харагддаг. Энэ талаар их дээд сургуулийн олон багш нар санаа нэгтэй байгаа л даа. Энэ мэтийн зүйлээс болж боловсролын гажуудал явсан гэж судалгаа хийсэндээ үндэслэж хэлэх хэрэгтэй байгаа юмаа.
-Таныг 2008 онд судалгааны ажилдаа гарахад чинь хүмүүс 2012 оны сонгуульд нэр дэвших бэлтгэлээ хийж байна гэх хүмүүс байсан. Гэтэл та одоо болтол боловсролын төлөө л зүтгэж байна. Ер нь улс төрд оръё гэсэн бодол байхгүй юу?
-Уучлаарай, би ямар нэгэн эрх ашгийн төлөө энэ аяныг явуулсан юм бол одоо би олон түмэнд өдий дайтай хүндлэгдэхгүй байсан байх. Ямар нэг ашиг бодож хүнд тусалбал тэр тус биш гэсэн сайхан үг байдаг даа. Энэ бол миний баримталдаг зарчим. Тухайн үед бас надаас улс төрд орох гэж байгаа юм уу гэж асуудаг байсан. Юун улс төр манатай. Хийж байгаа ажилдаа эзэн байх нь л энэ хэдэн жилийн зорилго байлаа. Гэхдээ би энэхүү гурван жилийн аянаа явуулж байхдаа таатай болон тааламжгүй олон зүйлтэй нүүр тулж явсан. Тухайлбал, улс төрөөс болоод ямар олон хүн гүтгэгдэн доромжлуулдаг, бас хэн нэгний золиос болж байгаа олон жишээг би мэднэ. Тиймээс бохирдсон улс төрийн хаалгыг татахыг нэг их хүсэхгүй нь ойлгомжтой.
-Та хоёр жилийн аянаа гурван жил болгон уртасгасан нь таны ажил нэлээд амжилттай явсантай холбоотой юу?
-Хэдийгээр 2009 оноос хойш зүтгэсэн 2 жилийн аян маань амжилттай явж байсан ч хувийн амьдралд тохиолдсон гачигдлуудаас болоод юу хийснээ ард олондоо тайлагнаж чадаагүй. Тиймээс гурван жил болгон сунгасан. Өнгөрсөн хугацаанд хөдөө орон нутгаар 8400 км явж 36500 иргэдтэй биечлэн уулзаж зөвлөгөө өгч бас тэдгээр хүмүүсээс суралцаж сониныг сонсон сэтгэлээ баясгаж өөрийгөө боловсруулж явлаа.
-Танд энэ аянаас үлдсэн хамгийн таатай бас хамгийн таагүй дурсамж юу байна. Сонирхуулахгүй юу?
-Ер нь бол их баян он жилүүд байсан гэж хэлж болно. Юугаараа баян байсан гэхээр аль болох олон хүнд хүрч үйлчлээд хэрэгтэй зүйлийг нь чадлаараа хэлээд өгчих юмсан гэсэн асар их оргилсон сэтгэлээр бас олон мянган хүний “баярласан шүү багшаа” гэсэн талархлаар баян он жилүүд байлаа. Энэ аянаас нэг л зүйлийг их сайн ойлгосон.Урд нь бол багшлаад, орчуулгаа хийгээд, хуулиа судлаад явдаг жирийн нэг л цагаан гартан байсан. Тэр үед намайг одоогийнх шиг олон хүн таньдаггүй байлаа. Харин хэн нэг хүн ард олныхоо төлөө зөв зүйлийг зориглоод хийсэн байхад “ард түмэн гэдэг чинь тийм хүнээ таньж чаддаг, хүндэлж чаддаг юм байна” гэдгийг ойлгосон. Би хийснээ яриад л сүржигнээд байх дургуй болохоор олон зүйл ярьмааргүй байна. Гэхдээ би нэгэнт асуусан болохоор дуугүй өнгөрч боломгүй. Манай залуу үе, өсвөр үеийнхэн маань согтууруулах ундаанд нэлээд орчихсон байгаа нь аймаг, суманд явж байхад олонтаа анзаарагдсан нь таагүй дурсамж байлаа. Тийм л үед улс орон маань хичнээн хүн амтай билээ. Тэдэнд маань ямар удирдагчид байгаа болоод ийм байдалд орчихов гэсэн гундуухан бодол төрдөг юм билээ. Монголын маань ирээдүйг оюунлаг хүүхэд залуучууд л авч явна шүү дээ.
-Сүүлийн дөрвөн жил хийсэн ажлаас тань дүгнэхэд та монголын боловсролын түүхэнд нэлээд хувь нэмэр оруулж байгаа нь тодорхой. БШУЯ таны ажлыг хэрхэн дэмжиж байв?
-Би хэн нэгнээр дэмжүүлэх гэж, бас хэн нэгэнд таалагдах гэж сайн үйлсийн аян явуулаагүй. Гэхдээ ажил явуулж байх үедээ яаманд хандах зайлшгүй шаардлага гардаг юм билээ. Харамсалтай нь манайхан чинь оюунлаг хүмүүсээ төдийлөн дэмждэггүй хэвээр л байна.
Харин энэ жил шинэ сайдтай “ТВ-9” телевизийн “Амжиж сонс” боловсролын нэвтрүүлгийн ачаар уулзаж, өөрийнхөө төлөө биш 3 жил судалгаа хийсэн хүний хувьд ард түмэнд, хүүхдүүдэд, багш нарт ийм л зүйл хэрэгтэй байна гэдгийг хэлж иргэдийнхээ дуу хоолой болж чадсандаа баяртай байгаа.
Одоо ажиллаж байгаа яамны бодлого ,шинэчлэл таалагдаж байгаа. Тун удахгүй бидний цөөн хэдэн нөхөд байгуулсан “Амьдралын төлөөх англи хэлний клуб” нь монголынхоо иргэн бүрийг англи хэлний мэдлэгтэй болоход туслах зорилготойгоор ард олныхоо боловсролын төлөө сүүлчийн гэж болох ажлаа явуулах гэж байгаа. Энэ ажил нь боловсролын яамны бодлоготой нийцэж байгаа тул үйл ажиллагааг маань дэмжиж байгаа. Гэхдээ би аль нэг яам дарга гэхээсээ илүү хэн нэгний явуулж байгаа үйл ажиллагаа нь иргэдийн маань сайн сайхны төлөө чиглэсэн амьдралд нь зайлшгүй шаардлагатай байж чадвал тэр л чухал гэж ойлгодог. Ард түмэн гэдэг чинь хүмүүсийн хийсэн ажилд дүн тавьдаг ухаантнууд байдаг юм шүү дээ.
-Яагаад та сүүлчийнх гэж яриад байгаа юм бэ?
-Яахав дээ. Хүн амьдралдаа бусдын төлөө гэсэн сэтгэлээр жигүүрлэж тодорхой хугацаанд юм хийж чадна гэдэг чинь утга учиргүй насаараа урсгалаар амьдарч явахаас их хол зөрүүтэй юм шүү.
Тиймдээ ч энэ хэдэн жил миний амьдралын чухал мөчүүд байлаа. Энэ жил ажлынхаа хажуугаар иргэн бүрийг англи хэлтэй болоход тусалж чадвал дараа нь өөрийнхөө хувийн амьдралаа бодох ёстой болоод л ингэж ярьсан хэрэг л дээ.
-Таны хувийн амьдрал гэснээс та лав маш жаргалтай хүн байх аа. Таны ард сайн гэр бүл байж л энэ амжилтанд хүрсэн байх?
-Энэ талаар олон зүйл ярьмааргүй байна. Ер нь хүний амьдралд гэр бүл хамгийн үнэ цэнэтэйг юунаас ч илүү мэдэрч байгаа. Дэмждэг гэр бүл гэхээсээ илүү сурах бичгийг маань гарсан цагаас хойш хуурамчаар хувилж олон ч удаа уйлуулсан тэр хүмүүс намайг нэлээд хурцалж өгсөн шүү.
-Та ард олны төлөө сайн үйлсийн аян явуулж, монгол хэл, англи хэлний хичээлийг чанаржуулах талаар судалгаа, хичээл, буяны үйлс явуулж байсан бол одоо бүр өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй хөтлөгч болсон байна. “Амжиж сонс” нэвтрүүлэг яг юунд чиглэсэн нэвтрүүлэг юм бэ?
-Гурван жилийн турш “Боловсрол гэдэг чинь олон диплом биш, тал бүрийн мэдлэгтэй байж үүнийгээ амьдралд ашиглаж чадахыг хэлнэ” гээд ярьж байсны буян юм болов уу даа. Би чинь 3 жилийн тайлангаа ноднин хийлээ шүү дээ. Одоо л ард түмэндээ цацах гэж байна. Телевизээр аяны хүрээнд нэлээд хэдэн удаан зочны ярилцлага өгч байсан болохоор 2013 оноос “дахиж телевизээр нэг их гарахгүй юм шүү” гэж бодож байлаа.
Гэтэл энэ оны нэгдүгээр сард “ТВ-9” телевизийн захирал дуудаж уулзсаны эцэст тус телевиз боловсролыг дэмжигч гэдгээ харуулж Монголд анх удаа боловсролын ток шоу зохион байгуулж би хөтлөх болсон юм. Гурван жил судалгаа хийсэн, хэлэх үгтэй болсон надад ард түмэндээ дуу хоолой нь болох боломж олгосон нэвтрүүлгийг дэмжсэн энэ телевизийн хамт олонд талархах ёстой. Энэ нэвтрүүлгийн зорилго нь мэргэжлээ буруу сонгосноос олон дипломтой ажилгүйчүүдийн тоог дахин нэмэхгүйн төлөө, хүүхдүүд оюутнууд иргэдэд олон талын мэдлэг мэдээлийг олгосон үзэгч олны хүлээж байдаг нэвтрүүлэг болсонд өчүүхэн би баяртай байгаа.
-Одоо та ямар ажил өрнүүлэхээр, юу төлөвлөөд явж байгаа талаар сонирхвол?
-Эхний ээлжинд судалгаанд үндэслэн бүтээсэн англи хэл сурахыг хүссэн бүх хүмүүст зориулсан 3 жилийн нандин бүтээлүүдээ ард түмэндээ таниулах гэж байна. Урд нь бол буяны сайн үйлсийн гэдэг утгаараа рекламдаж чаддаггүй байсан тул хөдөөний байтугай хотын зарим хүмүүс ч ийм юм байдгийг мэдэхгүй байсаар байна. Одоо энэ бүтээлээрээ гэрээсээ, ажлаасаа, ганцаараа, олуулаа, чөлөөт цагаараа “Багшгүйгээр англи хэл сурцгаая” гэсэн 2 ном 4 хичээлийг ард олондоо хүргэх хөтөлбөр эхлээд хэрэгжинэ. Дараа нь иргэдийнхээ англи хэлтэй болоход туслах зорилготой гадны байгууллагуудтай хамтарсан ажлууд шат дараатайгаар явагдана.
Ихэнх хүмүүс амьдралынхаа төлөө гэсээр завгүй ажиллаж байна. Бас дийлэнх нь тэр болгон сургалтад суух мөнгө хомс байна. Ард иргэд маань бүгд л англи хэлтэй болчихвол амьдрал нь дээшилнэ, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж чадна гэж би боддог. Ер нь бол монголчууд маань маш авъяаслаг, юмыг хурдан сурдаг гээд л магтаад байвал олон талаараа онцгой хүмүүс шүү дээ. Тийм болохоор өчүүхэн миний бие нь 3 жилд англи хэл гэж ярихаасаа илүү монгол хэлээ дээдлэе, хэрвээ та бүхэн монгол хэлээ сайн сурчихвал дараагийн гадны хэлийг судалбал илүү хурдан сурах болно гэж ярьж байснаараа олон хүнд сурах урам өгсөн гэж боддог. Өөрийн сурч яваагаасаа болон сурсан мэдсэнээсээ ард түмэнтэйгээ хуваалцахаар бүтээсэн бүтээлүүд маань нас харгалзахгүй монгол хэлээрээ уншдаг, бүх хүнд сурах боломж олгож байгаа нь англи хэлний дүрмийг тайлбарлаж байх явцдаа монгол хэлнийх нь дүрмийг эргээд нэг санах сэргээх дохиог өгч байгаагаараа онцлог юм даа. Саяхан боловсролын хүрээлэнгээс миний бүтээлүүдэд “Энэхүү сургалтын хэрэглэгдэхүүн нь англи хэлийг цэгцтэй сайн сурах хүсэл эрмэлзлэлтэй бүх насныханд зориулсан иж бүрэн сурах бичиг болсон төдийгүй, Монголынхоо үзэсгэлэнт байгалийг таниулахыг хүссэн албан бус боловсролын агуулгын хүрээнд ашиглаж болохуйц хэрэгцээтэй сайн бүтээл болсон байна,,, “гэсэн” шинжилгээний үнэлэлт дүгнэлт өгсөн байна лээ. Энэ талаар сонсоод манайд чинь үнэн шударга ажилладаг газар байдаг л юм байна гэж тэрхэндээ талархах сэтгэл төрсөн шүү.
-Таны бүтээлүүд хэзээ худалдаанд гарах вэ. Байгууллагууд ажилтнууддаа таны бүтээлээс авч сургах, шагнах мэт ажлууд зохион байгуулбал танайх хэр зэрэг хүлээж авах бол?
-Зурагттай айл бүр DVD тоглуулагч залгаад гэр бүлээрээ үзэх боломжтой, цагаан толгойгоос нь эхлүүлж монгол хэлний дүрэмтэй нь хослуулан тайлбар хийсэн дүрстэй хичээл, хоёр сурах бичгийн хамт энэ тавдугаар сарын 25-оос эхлэн дахин уншигчдын гар дээр очиж байна. Та хэдэн настай байх нь хамаагүй англи хэлний мэдлэгтэй болох хүсэлтэй л байвал монгол хэлээрээ уншиж чаддаг байхад энэхүү бүтээлээс сонирхоход илүүдэхгүй гэж хэлмээр байна.
Харин тэмдэглэлт ой эсвэл ажилчдынхаа оюунд хөрөнгө оруулахыг хүссэн байгууллага байвал бид та бүхэнтэй тал бүрээр хамтран ажиллахад бэлэн байгаа. Түмэн наст хээтэй гоёмсог хайрцагтай болсон манай бүтээл үнэхээр оюунлаг бэлэг, шагнал болно гэдэгтэй санал нэгтэй байна. Энэ нь нэг талаараа номын буян дэлгэрүүлэх үйлсэд хамтарч оролцож байгаа буянтай ажил шүү дээ. За ингээд энэ жил сургуулиа төгсөж байгаа нийт хүүхдүүддээ шалгалтанд нь чин сэтгэлээсээ амжилт хүсээд миний дүү нар мэргэжлээ л зөв сонгоорой гэж захимаар байна. Мөн 2009-2012 онд “Сайн үйлсийн аяны” судалгаа хийж явахад урам өгч тусалж байсан олон сайхан найзууд болон сэтгэлийн дэм өгч байсан нийт хүмүүстээ баярласан шүү гэж хэлмээр байна. Оюунлаг монголчууд маань эрүүл энх байж, үйлс нь өөдрөг бүтэмжтэй байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
Эх сурвалж: