Монгол Улсад орчин цагийн төрийн албаны удирдах ажилтныг сургаж хөгжүүлэх тогтолцоо бүрдсэний 100 жилийн ойг угтсан цуврал үйл ажиллагаа, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө 2022-2031”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд Удирдлагын академи, MERIT төсөл, Жендэрийн үндэсний хороо, Сангийн яам хамтран зохион байгуулж буй “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт” үндэсний форум өнөөдөр /2023.04.11/ Удирдлагын академийн Төрийн албан хаагчдын сургалт, зөвлөгөөний төвийн их танхимд эхэллээ.
“Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт” үндэсний форумыг нээж Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг, Сангийн дэд сайд C.Мөнгөнчимэг, Канад улсын элчин сайд Кэтрин Ивкоф, MERIT төслийн Монгол дахь суурин төлөөлөгч Женнифер Адамс нар үг хэллээ.
Удирдлагын академийн захирал, доктор Д.Сүрэнчимэг “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт” Үндэсний форумыг нээж үг хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академийн хамт олон Үндэсний бахархал, эрх ашиг, эв нэгдлийг язгуур үнэт зүйлээ болгон төрийн албаны удирдах ажилтныг сургаж чадавхжуулах үүргээ гүйцэтгэж 100 шахам жилийн түүхийг хамтдаа бүтээж буй цаг үеийн сүүлийн жилүүдэд нэгэн шинэ агуулга, шинэ сорилт орж ирсэн нь жендэрийн асуудал билээ.
Энэхүү сорилт шинжлэх ухаан, технологийн хурдтай хөгжил, эко-системийн өөрчлөлтөөс үүдэлтэй дэлхий нийтийг хамарсан олон өөрчлөлт, улс орны нийгэм, эдийн засгийн хүрээнд түүний дотор төрийн албанд хийгдэж буй шинэчлэлд ч тодорхой байр суурийг эзлэх ёстой болохыг бидэнд харуулсаар байна.
Энэ ч талаасаа Монгол Улсын төрийн бодлогод жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудал тусгагдаж, эрхзүйн орчин нь бүрдээд байна. Энэ цаг үед бид жендэрийн тухай ярих нь зөвхөн эмэгтэй, эрэгтэй хүний хүйсийн асуудал биш болохыг ойлгож аливаа үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр ажиллаж ирлээ.
Өнөөдөр бид жендэрийн хувьд эрх тэгш байх, тийнхүү эрх тэгш байхад нь бодлого төлөвлөлтөө чиглүүлэх, төлөвлөсөн ажилдаа зориулах төсвөө хэрхэн бүрдүүлж, зарцуулах талаар ярилцах, дэлхийн улс орнуудад төдийгүй үндэсний хэмжээнд түүний дотор тодорхой салбар, орон нутагт хэрэгжиж буй сайн туршлагаас суралцах боломж бүрдэж байна.
Удирдлагын академийн Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын түвшинд хөгжлийн түнш байгууллагууд, донор орнуудын төслүүдтэй хамтран жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлтийг нэвтрүүлэх туршилтын төсөл, сургалтын хөтөлбөрийг Төрийн албан хаагчдын сургалтын агуулгад тусган хэрэгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, үндэсний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангасан бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээг салбар бүрийн бодлого, үйл ажиллагаанд нэвтрүүлж, нийгмийн ялгаатай бүлгүүд, эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн ялгаатай хэрэгцээг анзааран харж, аливаа асуудалд жендэрийн өнцгөөс хандаж сурах нь бидний зорьж буй “Иргэндээ ээлтэй, эрх тэгш, шударга байдлыг хангасан нийгмийг бүтээх”-д үнэтэй хувь нэмэр оруулах болон ” гэдгийг онцлон хэлсэн юм.
Монгол Улсын Засгийн газрын бүх яамд, 21 аймаг, аймгийн сумдын төлөөлөл, Нийслэлийн төвийн зургаан дүүргийн төрийн албан хаагчид болон Монгол Улстай хамтран ажилладаг олон улсын байгууллагын оролцогчдыг бүрэлдэхүүндээ багтаасан үндэсний хэмжээний анхдугаар форумыг танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд танхимаар 130 орчим оролцогч, цахимаар 400 гаруй оролцогч хамрагдаж байна.
Энэхүү форумын зорилго нь жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт, жендэрийн тэгш байдлыг хангах институцийн хэтийн төлөвийн талаар нэгдмэл ойлголттой болох, олон улсад болон дотоодод хэрэгжиж буй жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн сайн туршлагаас суралцах, Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр орон нутаг, салбар, үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжиж буй үйл ажиллагааг өргөжүүлэн эрчимжүүлэх хүрээнд тулгамдсан асуудал, амжилт, сорилтыг тодорхойлох, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг үндэсний хэмжээнд нэвтрүүлж, тогтвортой байдлыг хангахад төрийн өндөр түвшний оролцоог нэмэгдүүлэх энэ талаар төрийн болон орон нутгийн бодлого, салбар, байгууллага хоорондын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах зэрэг үндсэн агуулгын хүрээнд тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээл, ололт амжилтаа нээлттэй хэлэлцэж цаашид баримтлах чиглэлээ тодорхойлох юм.
Монгол улсад сүүлийн гурван жилд жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг олон талын оролцоо, дэмжлэгтэйгээр нэвтрүүлэх, нутагшуулах ажил эрчимтэй явагдаж байна.
Тухайлбал:
-Европын холбооны санхүүжилттэйгээр Дэлхийн банк, Сангийн яам хамтран үндэсний хэмжээнд болон салбарын яамдын түвшинд
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл” -тэй хамтран нийслэл, дүүрэгт
-Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжиж буй MERIT төсөл Удирдлагын академитай хамтран аймаг, сумдын түвшинд Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг үе шаттайгаар, өөр өөрийн онцлогтойгоор хэрэгжүүлж иржээ.
“Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт” форумаар дээрх төслүүдийн хүрээнд гарсан гол үр дүн, туршлага, сургамж болон цаашид Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг үндэсний хэмжээнд амжилттай хэрэгжүүлэхэд анхаарах асуудлыг тодорхойлох, санал зөвлөмж боловсруулах зорилт тавиад байна.
Мөн форумын үеэр 3 бүлэг сэдвийн хүрээнд панел хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Тухайлбал, Удирдлагын академи MERIT төсөлтэй хамтран орон нутагт хэрэгжүүлсэн “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт” төслийн үр дүн, туршлагыг Удирдлагын академийн профессор, MERIT төслийн үндэсний зөвлөх Л.Отгонтуяа танилцуулсан бол төсөл хэрэгжсэн Дорнод, Дундговь, Сүхбаатар аймгийн төлөөлөл ирж илтгэлээ танилцуулав.
Форумд “Нийслэл болон салбарын яамдад хэрэгжүүлсэн жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн туршлагыг түгээн дэлгэрүүлж, тогтвортой байдлыг хангах нь”, “Монгол Улсад жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг тогтвортой хэрэгжүүлэх бодлого, стратеги, тогтолцоо” сэдвүүдээр панел хэлэлцүүлгүүд өрнүүлэх юм.