МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Увс аймгийн Улаангом хотноо иргэд, сонгогчидтой уулзлаа

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Увс аймгийн Улаангом хотод иргэд, сонгогчидтой уулзах үеэрээ тус аймагт хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг танилцуулахын зэрэгцээ тус бүсэд нэр дэвшиж буй нэр дэвшигчдээ онцлов.

Увс аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 472.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлжээ.

Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жилд Увс аймагт долоон сургууль, 10 цэцэрлэг, таван соёлын төв, долоон дотуур байр, долоон спортын заалны барилгыг шинээр барьж, ашиглалтад оруулжээ. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн 50 ортой хүүхдийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн өргөтгөл, сумын Эрүүл мэндийн дөрвөн төвийг шинээр барьж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангажээ.

Дэд бүтцийн тухайд Увс нуур-Улаангом чиглэлийн хатуу хучилттай автозамын төслийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, эхний үе шатны 26.3 км замын тендерийг зарласан байна. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Ховд-Улаангом чиглэлд 163.3 км хатуу хучилттай автозам тавихаар тендер зарлаж, сонгон шалгаруулалт хийж эхэлжээ.

Түүнчлэн “Боршоо боомт”-ыг өргөтгөн шинэчилж, нийт 4,680 ам метр талбайг шинээр барилгажуулж, нэвтрэх зорчигчийн тоог 4.8 дахин, ачаа тээврийн хэрэгслийн тоог гурав дахин, суудлын машины тоог 6.7 дахин нэмэгдүүлсэн байна.

Мөн олон жил гацсан, нутгийн иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн Увс аймгийн хөгжимт драмын “Ойрад” театрын барилга угсралтын ажилд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, ашиглалтад оруулахаар ажиллаж эхэлсэн байна.

УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрог буюу баруун бүс 10 мандаттай бөгөөд тус тойрогт Монгол Ардын Намаас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг манлайлан, хэрэгжүүлж буй Д.АМАРБАЯСГАЛАН, УИХ-д дарааллан сонгогдон ажиллаж буй туршлагатай парламентч С.БЯМБАЦОГТ, Ч.ХҮРЭЛБААТАР, Б.ЧОЙЖИЛСҮРЭН, Б.БАЯРСАЙХАН, баруун бүсийн хөгжлийг цогцоор нь төлөвлөх, эдийн засгийн коридорын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, хойд, урд хөрш болон гадаад харилцаагаа хөгжүүлэхэд Э.БОЛОРМАА, Шинэ сэргэлтийн бодлого, төмөр зам, авто замын шинэ төслүүдийг хэрэгжүүлэх, баруун бүсийн хөгжлийг шинэ шатанд гаргахад Ц.ЦЭРЭНПУНЦАГ, мал аж ахуйн салбарыг шинэ шатанд гаргаж малчдын ахуй амьдралыг дээшлүүлж,  эрүүл хүнсийг хэрэглэх боломжийг бүрдүүлэхэд З.МЭНДСАЙХАН, эрүүл мэнд болон нийгмийн салбарын шинэчлэл, иргэн төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд С.ЭНХБОЛД, мерит зарчмаар бэлтгэгдсэн шударга төрийн албан хаагчдын төлөөлөл Б.ЗАЯАБАЛ нарыг идэвх зүтгэлтэй, хариуцлагатай ажиллаж чадна гэдгийг тодотгоод Монгол Ардын Намын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг уриаллаа.

 

Санал болгох мэдээ

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 …