А.Намхай: Байгалиа хамгаалах нь экологийн төдийгүй монгол хүний амьдрах орчин, ирээдүйг хамгаалах асуудал

Байгаль орчны гавьяат ажилтан, доктор, профессор А.Намхайтай Монголын байгаль хамгааллын уламжлал, өнөөгийн бодлого болон цаашдын чиг хандлагын талаар ярилцлаа.

-Монголчууд байгалиа хамгаалах уламжлал эртнээс байсан. Үүнийг Та хэрхэн тайлбарлах вэ?

-Монголчууд уул ус, байгалийн үзэсгэлэнт газраа хүндэтгэн дээдэлж, ан амьтан, ой модоо хайрлан хамгаалж ирсэн уламжлалтай ард түмэн. Байгаль дэлхийгээ зөвхөн ашиглах бус, харин хүндэтгэн хамгаалах ёстой гэсэн ойлголт нүүдлийн соёл, ахуй амьдралтай нь салшгүй холбоотой байсан. Энэ хандлага нь зөвхөн зан заншилд төдийгүй төрийн хууль цаазад хүртэл тусгагдсан байдаг.

Тухайлбал, Чингис хааны “Их засаг”, мөн “Халх журам” зэрэг хуульд ой мод, ус, ан амьтныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах тухай заалтууд орсон байдаг. Мөн Богдхан уул, Хан Хэнтий зэрэг олон уулыг онголон тахиж, ан агнах, мод огтлохыг хориглон дархалж байсан нь Монголчууд байгаль хамгаалах соёлыг эртнээс эрхэмлэж ирсний тод жишээ юм.

Энэ уламжлал нь өнөөгийн байгаль хамгааллын бодлогын суурь үнэт зүйлсийн нэг гэж хэлж болно.

-Монгол Улсад орчин үеийн тусгай хамгаалалттай газар нутгийн тогтолцоо хэрхэн бүрэлдсэн бэ?

-Орчин үеийн тусгай хамгаалалттай газар нутгийн тогтолцоо Монгол Улсад 1990-ээд оноос илүү системтэй хөгжиж эхэлсэн. 1994 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг баталснаар дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, байгалийн дурсгалт газар гэсэн ангилал бүхий хамгаалалтын нэгдсэн тогтолцоо бүрэлдсэн. Үүнээс хойш тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг үе шаттайгаар өргөтгөж, хамгаалалтын менежмент, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах чиглэлээр олон ажил хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улс нийт нутаг дэвсгэрийнхээ 20 гаруй хувийг улсын тусгай хамгаалалтад авч, байгалийн унаган төрх, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр бүс нутагтаа төдийгүй олон улсын хэмжээнд ч анхаарал татахуйц бодлого хэрэгжүүлж байна.

-Монгол Улс ямар учраас газар нутгийнхаа 30-аас доошгүй хувийг хамгаалах зорилт тавьсан юм вэ? Үүний нарийн учир шалтгааныг та тайлбарлаач…

-Сүүлийн жилүүдийн шинжлэх ухааны судалгаанууд экосистемийг тогтвортой хадгалж, биологийн олон янз байдлын алдагдлыг зогсоохын тулд газар нутгийнхаа хамгийн чухал 30 орчим хувийг хамгаалах шаардлагатай гэж үздэг. Өмнө нь дэлхий нийт газар нутгийн 10-17 хувийг хамгаалах зорилт тавьж байсан ч энэ нь байгаль хамгаалалд хангалтгүй болохыг тогтоосон. Иймээс НҮБ-ын Биологийн олон янз байдлын конвенцын хүрээнд улс орнууд 2030 он гэхэд газар болон далайн 30 хувийг хамгаалах “30х30” зорилтыг дэвшүүлсэн.

Энэ нь зэрлэг амьтдын амьдрах орчныг хадгалах, экосистемийн тэнцвэрийг хамгаалах, улмаар биологийн олон янз байдлыг бууруулах бус харин сэргээх боломжийг бүрдүүлэх стратегийн зорилт гэж үздэг. Өөрөөр хэлбэл, байгаль хамгаалалд 30 хувь гэдэг нь зүгээр нэг тоо биш, харин экосистем тогтвортой оршиход шаардлагатай доод түвшний хамгаалалтын босго юм. Монгол орны хувьд зэрлэг амьтдын нүүдэл, тал хээрийн өргөн уудам экосистем, усны эх үүсвэрүүд хоорондоо уялдаа холбоотой байдаг учраас байгалийн тэнцвэрийг хадгалахад хангалттай хэмжээний нутаг дэвсгэрийг хамгаалалтад авах нь чухал. Иймээс Монгол Улс “Алсын хараа-2050” зэрэг бодлогын баримт бичигт 2030 он гэхэд газар нутгийнхаа 30 хувийг хамгаалах, улмаар 2050 он гэхэд 35 хувийг хамгаалах зорилт тусгасан.

-Цаашид Монголын байгаль хамгааллын бодлогын чухал чиглэл юу байх ёстой вэ?

-Зөвхөн газар нутгийг тусгай хамгаалалтад авах төдий биш, хамгаалалтын менежментийн чанарыг сайжруулах нь илүү чухал болно. Өөрөөр хэлбэл, хамгаалалттай газар нутаг бүрт үр дүнтэй удирдлага, тогтмол мониторинг, шаардлагатай санхүүжилт, мэргэжлийн боловсон хүчинтэй байх нь хамгаалалтын бодит үр дүнг тодорхойлно. Мөн орон нутгийн иргэд, малчид, нутгийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх нь байгаль хамгааллын тогтвортой байдлыг хангахад чухал.

Байгаль хамгааллыг зөвхөн төрийн байгууллагын ажил гэж бус, тухайн нутгийн хүмүүсийн хамтын оролцоонд тулгуурласан тогтолцоо болгон хөгжүүлэх шаардлагатай.

Нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, усны нөөцийн хомсдол зэрэг шинэ сорилтууд нэмэгдэж байгаа энэ үед тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг шинжлэх ухаанд суурилж, экосистемийн уялдаа холбоог харгалзан хөгжүүлэх нь чухал болж байна.

Ингэснээр байгаль хамгаалал нь зөвхөн экологийн ач холбогдолтой төдийгүй ус, бэлчээр, ой мод, зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалж, улмаар улс орны тогтвортой хөгжлийн чухал тулгуур болж чадна.

Төв аймаг, Мөнгөн морьт сум, Бурхан халдун хайрхан

Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ

Монгол орны газар зүй, геологийн өвөрмөц тогтоц, ховор, ховордсон амьтан, ургамал бүхий экосистем болон түүх соёлын дурсгалт зүйл, байгалийн үзэсгэлэнт газруудын хэв шинжийг хадгалах, хувьсан өөрчлөгдөх зүй тогтлыг нь судлах, танин мэдэх зорилгоор тодорхой газар нутгийг хамгаалалтад авч, тэдгээрт хамгаалалтын дэглэм, горимыг тогтоож, хэрэгжүүлснээр Монгол орны байгалийн унаган, эмзэг төрх хэвээр хадгалагдаж, хүрээлэн буй орчны тэнцэл хангагдах нь өөрийн орноор тогтохгүй бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой болно.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн тэр цаг үеэс эхлэн Монгол Улсын төр, засгийн газраас улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тоо, талбайн хэмжээг нэмэгдүүлэх талаар дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлсэний үр дүнд 1990-1996 онд 10.7 сая га талбай бүхий 22 хэсэг газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээг 2.9 дахин өсгөн улмаар 16.3 сая га-д  хүргэсэн. Харин 1996-2000 онд шинээр 4.2 сая га талбайтай 13 газрыг улсын тусгай хамгаалалтад авч, түүний нийт нутаг дэвсгэрт эзлэх хувийг 13.1 хувьд хүргэсэн  юм. 2002-2006 онд шинээр 1,549,700 га талбай бүхий 13 газрыг улсын тусгай хамгаалалтад авч тусгай хамгаалалтай газар нутгийн нийт талбайг 23,281,300 га болгон нийт нутаг дэвсгэрийн 14.88 хувьд хүргэсэн байна.

Тэгвэл 2008-2012 онд УИХ-ын 2008 оны 26, 2010 оны 06, 2011 оны 01 ба 18, 2012 оны 57 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг гол төлөв дархан цаазат, байгалийн цогцолборт, байгалийн нөөц газрын ангилал бүхий 3,818,100 га талбайтай 29 газраар нэмэгдүүлсэн нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 17.4 хувийг эзлэх болов. Энэ хугацаанд улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн талбай нь сүүлийн 20-иод жилд байгаагүй дээд амжилт болсон бөгөөд Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан энэ чиглэлийн зорилтыг хугацаанаас нь өмнө ханган биелүүлсэн томоохон ажил юм. 2016-2020 онд нийтдээ 4.7 сая га бүхий 34 газрыг УТХ-д авч ТХГН-ийн сүлжээг 32.8 сая га-д болгон нэмэгдүүлж нийт газар нутгийн 20.88 хувьд хүргэжээ.  Дараах хүснэгтэд 2025 оны байдлаар Улсын тусгай хамгаалалтад байгаа нийт газар нутгийг ангиллын хувьд нь харуулав.

Монгол Улсын тусгай хамгаалалттай газрын ангилал, хэмжээ

Улсын тусгай хамгаалаттай газар нутгийг ангиллын хувьд авч үзвэл:

  • Дархан цаазат газар 13,816,913.32 сая га буюу нийт газар нутгийн 8.82 хувь,
  • Байгалийн цогцолборт газар 13,620,186.42 сая га буюу  нийт газар нутгийн 8.69 хувь,
  • Байгалийн нөөц газар 5,184,842.21 сая га буюу нийт газар нутгийн 3.30 хувь,
  • Байгалийн дурсгалт газар 104,556.38 мянган га буюу нийт газар нутгийн 0.06 хувь байна.

Ийнхүү улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг нь байршилаараа аймаг нийслэл, сум дүүргийн 120 газар нутгийг хамарч тоогоороо 107 газар байна.

УИХ-ын тогтоолоор 1992-2024 онд дараах 120 газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, Монгол Улсын тусгай хамгаалалтай газар нутгийн сүлжээг бий болгожээ.

  1. Хөвсгөл нуур БЦГ
  2. Увс нуурын ДЦГ
  3. Түргэн уулын ДЦГ
  4. Алтан элсний ДЦГ
  5. Цагаан шувуутын ДЦГ
  6. Дарьгангын БЦГ
  7. Горхи-Тэрэлжийн БЦГ
  8. Говь гурван сайханы БЦГ
  9. Угтамын БНГ
  10. Шарга БНГ
  11. Манхан БНГ
  12. Говийн их ДЦГА хэсэг
  13. Говийн их ДЦГБ хэсэг
  14. Хөх сэрхийн нурууны ДЦГ
  15. Богдхан уулын ДЦГ
  16. Хасагт хайрхан уулын ДЦГ
  17. Хан Хэнтийн ДЦГ
  18. Нөмрөгийн ДЦГ
  19. Дорнод монголын ДЦГ
  20. Монгол дагуурын ДЦГА хэсэг
  21. Монгол дагуурын ДЦГБ хэсэг
  22. Отгонтэнгэр уулын ДЦГ
  23. Хорго-Тэрхийн цагаан нуурын БЦГ
  24. Батхаан уулын БНГ
  25. Нагалхаан уулын БНГ
  26. Лхачинвандад уулын БНГ
  27. Уран-Тогоо-Тулга уулын ДГ
  28. Ээж хайрхан уулын ДГ
  29. Хүйсийн Найман нуурын ДГ
  30. Говийн бага ДЦГ А хэсэг
  31. Говийн бага ДЦГ Б хэсэг
  32. Алтай таван богдын БЦГ
  33. Хангайн нурууны БЦГ
  34. Загийн усны БНГ
  35. Их нартын БНГ
  36. Алаг Хайрханы БНГ
  37. Бурхан буудайн БНГ
  38. Эргэлийн зооны БНГ
  39. Сүйхэнтийн дурсгалт газар
  40. Хорьдол-Сарьдагийн ДЦГ
  41. Хар-Ус нуурын БЦГ
  42. Ноёнхангайн БЦГ
  43. Тосон-Хулстайн БНГ
  44. Хар ямаатын БНГ
  45. Яхь нуурын БНГ
  46. Хөгнө-Тарнын БЦГ
  47. Хустай БЦГ
  48. Молцог элс БЦГ
  49. Цамбагарав уулын БЦГ
  50. Сийлхэмийн нурууны БЦГ А хэсэг
  51. Сийлхэмийн нурууны БЦГ Б хэсэг
  52. Хан Хөхийн нуруу БЦГ
  53. Хяргас нуурын БЦГ
  54. Тарвагатайн нурууны БЦГ
  55. Онон- Балжийн БЦГ А хэсэг
  56. Онон- Балжийн БЦГ Б хэсэг
  57. Тужийн нарсны БЦГ
  58. Мянган-Угалзатын нурууны БЦГ
  59. Намнан уулын БНГ
  60. Хан Жаргалант уулын БНГ
  61. Мөнххайрханы БЦГ
  62. Орхоны хөндийн БЦГ
  63. Даян Дээрхийн агуй ДГ
  64. Тэсийн голын сав  БНГ
  65. Их Богд уулын БЦГ
  66. Монгол элсний орчмын БЦГ
  67. Улаагчины хар нуур орчмын БЦГ
  68. Алтан Хөхий уул орчмын БНГ
  69. Хүрэн бэлчир ДГ
  70. Булган гол-Их Онгогийн БЦГ
  71. Тэнгис-Шишгэдийн голын ай савын БЦГ
  72. Зэд-Хантай-Бүтээлийн нурууны ДЦГ
  73. Улаан Тайгын дархан цаазат газр
  74. Чойрын Богд уул БНГ
  75. Бүрдэнэ булаг БНГ
  76. Арван наймын Богд уул БНГ
  77. Дэлгэрхангай уул БНГ
  78. Онгон таван булаг БНГ
  79. Бага газрын чулуу ДГ
  80. Чингэлтэй хайрхан уул орчмын БНГ 1-р хэсэг
  81. Чингэлтэй хайрхан уул орчмын БНГ 1-р хэсэг
  82. Заг Байдрагийн голын эхэн сав нутгийн БЦГ
  83. Чигэртэйн голын ай сав нутгийн БЦГ
  84. Өндөрхаан уулын БЦГ
  85. Их Газрын чулууны БЦГ
  86. Хар Азаргын нуруу БНГ
  87. Хүрээмандал уул БНГ
  88. Баянцагааны тал БНГ
  89. Дархан уулын БНГ
  90. Хэрлэн Тооно уулын БНГ
  91. Булганхангай уулын БНГ
  92. Мөнгөт Цахир уулын ДГ
  93. Хангал нуур ДГ
  94. Биндэръяа хан уулын ДГ
  95. Дарханхаан уулын ДГ
  96. Тост, Тосон бумбын нуруу БНГ
  97. Тэсийн гол, Булнайн нурууны БЦГ
  98. Гүн гашууны хоолойн БНГ
  99. Баяндун уулын БНГ
  100. Халхын таван уулын БНГ
  101. Мэнэнгийн цагаан хоолойн БНГ
  102. Жаран тогооны тал “А” хэсэг БНГ
  103. Жаран тогооны тал “Б” хэсэг БНГ
  104. Ташгайн таван нуур БНГ
  105. Хөх нуурын БНГ
  106. Дулаан хайрхан уулын БНГ
  107. Зотол хаан уулын БНГ
  108. Сутай хайрхан уулын БНГ
  109. Улз голын эх БНГ
  110. Дэлгэрхаан уулын БНГ
  111. Цагаан дэлийн агуй ДГ
  112. Ноён уул ДЦГ – 1
  113. Ноён уул ДЦГ – 2
  114. Ачит нуур-Дэвэлийн арлын БЦГ
  115. Хомын талыг БЦГ
  116. Гутайн даваа-Хөмүүл голын эхийн БЦГ
  117. Хөх нуур-Бумбат орчмын БНГ
  118. Хурх-Хүйтний хөндий орчмын БНГ
  119. Баянхонгор хайрхан уул ДГ
  120. Булган уулын ДЦГ

(Аюушийн Намхай, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгууд, 2026 номоос)

#ӨНӨ_МӨНХИЙН_МОНГОЛЫГ_ХАМТДАА_БҮТЭЭНЭ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Дэ Нейче Консерванси Монгол дахь төлөөлөгчийн газар – The Nature Conservancy in Mongolia (TNC)

Монголын Байгалийн Өв Сан – Mongolian Nature’s Legacy Foundation

“Өнө Мөнхийн Монгол” хөтөлбөр

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Гадаадын иргэдийн 50 гаруй хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна

Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж буй гадаад иргэдийн 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор …