Шинэчлэлийн Засгийн газрын сайд нарын лхагва гарагийн сэтгүүлчидтэй уулздаг цагийн энэ удаагийн зочноор ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл оролцож яамныхаахэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. Сайдын сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг тоймлон хүргэж байна.
-Шинээр эмхлэн байгуулагдсан ССАЖ-ын яамны гол бодлого, зорилтоор яриагаа эхлэх үү?
-Цоо шинээр байгуулагдсан ССАЖ-ын яамнаас барьж байгаа бодлогын нэгдүгээрт соёл, урлагийн асуудал орж байгаа. Энэ дотроо соёлын өвийн бодлогыг тусгайлан авч үзэж байна. Хоёрдугаарт биеийн тамир, спортын бодлого зангидаж байна. Эцэст нь аялал жуулчлалын цогц бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ гурвыг нийлүүлээд үндэсний брэндийг гаргаж ирэх нь ССАЖ-ын яамны гол зорилго юм.
-Гурван томоохон бодлогын хүрээнд өнөөдөр ямар ажлууд хийгдэж байгаа вэ?
-Он удаан жилээр хуримтлагдсан соёлын өвийн асуудлыг тусгайлсан бодлогын хүрээнд цогцоор нь шийдвэрлэхээр ажиллаж эхлээд байна. Өнгөрсөн есөн сарын хугацаанд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж бэлэн болгоод Засгийн газрын энэ долоо хоногийн хурлаар хэлэлцүүлэх гэж байна.
-Энэ хуулийн төсөлд яг ямар заалтууд, журам дүрэм, шинэчлэлийн бодлого явж байгаа юм бол?
-Урьд нь төдийлөн анзаардаггүй байсан соёлын өвийг сэргээн засварлах тухай нэлээн ач холбогдол өгч, олон заалт оруулж өгсөн. Соёлын өвийг авран хамгаалах, судалгаа шинжилгээ хийх бүрэлдэхүүнийг нэлээн томруулан оруулж ирж байгаа. Аймаг, орон нутаг бүр харьяандаа байгаа соёлын өвийг хамгаалах тогтолцоо бүтцийг цоо шинээр бий болгон оруулж ирсэн. Номын сангийн тухай хуулийг бэлэн болгоод Засгийн газраар оруулахаар бэлдэж байна. Мөн Үндэсний номын сангийн тухай хуулийн төслийг бэлэн болгоод эдгээр гурван хуулийг ирэх хагас сайн өдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулах гэж байна.
-Өөр төсөл нь явж байгаа танай яамны бодлого, чиглэлтэй холбоотой хууль эрх зүйн баримт бичиг байгаа юу?
-Байлгүй яах вэ. Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулга явж байна. Энэ хуулийн төсөл дотор спортын барилга байгууламжын асуудлыг тусад нь авч үзэхээр болж байгаа. Мөн биеийн тамир, спортын сан байгуулах тухай асуудлыг төлөвлөөд явж байна.
Цаашдаа биеийн тамир спортыг хэрхэн санхүүжүүлэх вэ гэдэг нь зайлшгүй яригдах ёстой асуудал учир сангийн талаар нухацтай ярих шаардлагатай. Одоогоор хуульчлагдаагүй байгаа спортын уралдаан тэмцээний үеэрх бооцоо, хонжворт сугалаа зэрэг нь биеийн тамир спортыг санхүүжүүлэх эх үүсвэр болж орж ирэхээр төлөвлөгдөөд явж байна.
Цаашлаад Соёлын тухай, Киноны тухай хуулийн төсөл дээр ажлын хэсэг гарч нэлээн идэвхтэй ажиллаж байгаа. Мөн судалгааны чиглэлд явж байгаа хэд хэдэн хуулийн төсөл байна. Энд Музейн тухай хууль, Уламжлалт мэдлэгийн тухай хуулийг нэрлэж болно.
-Аялал жуулчлалын хууль эрх зүйн орчин өнөөдрийн шаардлагыг хангаж байгаа хэрэг үү?
-Яалаа гэж. Харин ч хууль эрх зүйн орчныг нь яаралтай засч, сайжруулах хэрэгтэй байгаа юм. Энэ ч үүднээс Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажил боловсрогдож дуусаад үзэл баримтлалыг батлуулахын өмнөх шатандаа явж байгаа. Аялал жуулчлалын хууль дотроо аялал жуулчлалын байгууллагуудынхаа стандартыг сайжруулахаас гадна аялал жуулчлалын амин сүнс болсон байгаль орчин, жуулчлалын орчны бүсийг яаж хамгаалж хойч үедээ үлдээх вэ гэдэг асуудлыг цоо шинээр оруулж ирэхээр төлөвлөсөн.
Аялал жуулчлалын орчны бүсийн асуудал дээр ганц жишээ авахад Бурхан халдун уул гэх мэт онгон дагшин газруудыг яаж хамгаалахын зэрэгцээ хэрхэн тусгай аялал жуулчлалын, ажиглалтын бүс болгох вэ гэдэгт тусгай бодлого гаргахаар ажиллаж байна.
-Урлагийн байгууллага болгон үндэсний брэндтэй болох асуудал юу болж байна?
-Бид “Соёл ба хөгжил” үндэсний чуулган зохион байгуулах үедээ “Театр буюу урлагийн байгууллага болгон өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй болъё” гэдэгт бүгд санал нэгдсэн. Зөвхөн орон нутагтаа байдаг өвөрмөц соёл, урлагтайгаа хослуулсан өөрийн гэсэн брэндтэй болооч гэсэн ССАЖ-ны уриалгын хариуд Увс, Хөвсгөл аймгууд төслөө ирүүлж, манай яамны зүгээс дэмжлэг, туслалцаа үзүүлээд байна. Хөвсгөл аймаг гэхэд бөөгийн бүжгийн дэглэлт бүхий томоохон брэнд концерттой болно гээд ажлаа эхлээд явж байгаа. Увс аймгийн театр орон нутгийн домгоос сэдэвлэсэн жүжгийн төсөл хэрэгжүүлж байна.
-Аймаг, орон нутагт аялж яваа жуулчид хамгийн түрүүнд музей үзэж сонирхдог. Музейн шинэчлэлтийн талаар ямар бодлого барьж байна?
-ССАЖ яам байгуулагдаад хамгийн түрүүнд аймаг, орон нутаг, нийслэлийн музейнүүдэд хандаж өөрийн гэсэн брэнд үзмэрүүдээ тодорхойлооч гэсэн хүсэлт гаргасан. Үүний дагуу музейнүүд өөрийн брэнд үзмэрүүдийг тодорхойлсны дагуу тухайн музей өөрийн брэнд үзмэрээр дамжуулсан бүтээгдэхүүн хийж борлуулах эрхийг нэлээн их өгсөн. Соёл урлагийн сангаас музейн үзмэр, сувенир үйлдвэрлэх, соёлын өвөө сурталчилсан бэлэг дурсгал үйлдвэрлэхэд зориулан музейнүүдэд ихээхэн дэмжлэг үзүүлж байна.
-Биеийн тамир спортын салбарт ямар ажлууд хийгдэж байна?
-Ноднин намраас эхэлсэн оюутны спортын универсиад наадмаа өнгөрсөн тавдугаар сард амжилттай дуусгалаа. Бүтэн долоон сар үргэлжилсэн энэ наадмаас шалгарсан оюутнууд энэ долоодугаар сард ОХУ-ын Казань хотод болох дэлхийн оюутны универсиад наадамд өргөн бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэлээ базааж байгаа. Мөн бид үндэсний шигшээ багаа бүрэлдүүлж бүх тамирчидтай нэг бүрчлэн гэрээ байгуулснаар байнгын бэлтгэл сургуулилтыг тасралтгүй хийж байна.
Ерөнхийлөгчийн зарлигаар олимп, дэлхийн медальтай тамирчдад сар бүр олгох мөнгөн урамшууллыг өнгөрсөн нэгдүгээр сараас ССАЖ-ын яам зохион байгуулж, улсын төсөвт хөрөнгө мөнгийг нь тусгуулан олгоод явж байгаа. Энд нэг сайхан жишээ хэлэхэд Монгол Улс амжилт гаргасан тамирчдаа бүх насаар нь мөнгөн урамшуулалтай болгосноор өмнө нь гадаадын иргэн болоод гараад явсан тамирчид эх орондоо буцан ирж үлдсэн амьдралаа Монгол Улсынхаа төлөө зориулахаа батлан илэрхийлээд байна.
Ерөнхийлөгчийн энэхүү зарлигийг Засгийн газрын тогтоолын хэмжээнд саяхан баталгаажуулсан нь тамирчид амжилт гаргаж чаддаг л юм бол бүх амьрал нь баталгаатай болсон гэсэн үг юм. Засгийн газраас амжилт гаргасан тамирчдад олгодог байсан урамшууллын систем үндсээрээ өөрчлөгдөж байгаа. Одоо бол өндөр зэрэглэлийн тэмцээнээс өндөр шагнал авсан тамирчин бага зэрэглэлийн тэмцээнээс адилхан шагнал авсан тамирчнаас хамаагүй илүү шагнал авах хууль, эрх зүйн орчинг бүрдүүлсэн.
Мөн сонсголын бэрхшээлтэй тамирчдын шагналыг паралимпийн тамирчдын шагналд дөхөж очихуйц хэмжээтэй болгон шинэчиллээ. Энэ нь спортын салбарт гаргасан хүний эрхийн цоо шинэ бодлого гэж ойлгож болно. Мөн оюуны спортын тамирчдын шагналын хэмжээг шинэчлэн тогтоосон байгаа. Багийн спортын шагналыг огцом нэмэгдүүлсэн нь энэ төрлийн спортыг монголын төрөөс ихээхэн анхаарч байгаагийн нотолгоо юм.
-Аялал жуулчлалын салбарт дотоодын аялалаас илүүтэй даяарчлагдаж байгаа дэлхий ертөнцтэй танилцах гадаад руу чиглэсэн аялалын маршрутыг нэмэгдүүлэх шаардлагатай санагддаг. Энэ талаар ССАЖ-наас ямар бодлого баримталж байгаа вэ?
-Та яах аргагүй маш чухал асуудлыг хөндлөө. Манай аялал жуулчлалын байгууллагууд бол олон жилийн турш ёстой л бор зүрхээрээ яваа газрууд байдаг юм. Энэ жилээс эхлэн аялал жуулчлалын сезон эхлэхээс өмнө бүх төрлийн аялалын маршрут, зураг, сурталчилгааг нь төрөөс хийж өгөхөөр болсон. Берлиний кино наадмын үеэр анхны томоохон сурталчилгааг хийсэн.
Монгол Улсын аялал жуулчлалын гадаад сурталчилгааг хийх сувгаар “National Geographic”-ыг сонгож аваад албан ёсны гэрээ хэлцэл байгуулан ажиллаж эхлээд байна. Тэднийхээс гаргадаг “Аялагч” сэтгүүлийн сүүлийн дугаарт монголын бүх л тур операторын хаяг, байршил гээд бүх талын мэдээллийг гаргасан байгаа. Одоогоор энэ сэтгүүлтэй албан ёсоор 16 орон хамтран ажилладаг юм билээ. 20 сая уншигчтай дэлхийн хэмжээний сэтгүүлтэй хамтран ажилласнаар энэ жил монголд ирэх жуулчдын тоо эрс өсөх нь дамжиггүй.
Үргэлжлэл бий…
Эх сурвалж: