Гэр бүлийн хүчирхийллээс болж 49 хүн амиа алджээ

логоҮндэсний өдөр тут­­­мын “Өглөөний со­нин”-ы нийтлэлийн бод­­логын зөвлөлийн ху­­ралдааны шийвэрээр энэ жил манай хамт олон “Гэр бүл, эмэгтэй­чүүд, хүүхдийн хүчир­хийллийн эсрэг” ажил­лахаар болсон билээ. Тиймээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон тө­рийн бус байгууллага, иргэдтэй хамтран ажил­лах бө­­­­гөөд нийг­мийн ха­риуц­­­­­лагаа хамтран хэ­рэг­жүүлэхдээ таатай байна. Энэ удаагийн ду­гаа­раас эхлэн бид нийгэмд тулгамдаж буй гэр бү­лийн хүчир­хийллийн эсрэг мэ­дээ, мэдээлэл, сур­вал­жилгуудыг хүр­гэж, асуудлыг шийдвэр­лэхэд хувь нэмрээ оруу­лах болно.

Хүчирхийллийн эсрэг ганц төв хүчрэхгүй нь

Одоогоос хоёр жи­лийн өмнө гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй шүүх хурлаас гарч яваад нөхрийнхөө гарт амиа алдаж, хойд эцэгтээ хэлэлгүйгээр халаас­наас нь 300 төгрөг авсныхаа төлөө хэвтэрт ортлоо зодуулсан хүү, найз  залуудаа 48 ца­гийн турш зодуулж амиа алдсан эмэгтэй гээд нийгмийг бүхэлд нь цочирдуулсан хэр­гүүд гарсаар байна. Хохирогчид нь дан­даа хүүхэд, эмэгтэй­чүүд. Ер нь гэр бүлийн хүчирхийллийн хо­хи­рог­чид хүүхэд эмэг­тэйчүүд байдаг бөгөөд энэ төрлийн гэмт хэр­гийн тоо жил ирэх ту­сам нэмэгдэж, олныг түг­шээх болов. Хүчирхийллийн эс­рэг үндэсний тө­вөөс гар­­гасан судалгаа­гаар манай улсад та­ван өрхийн нэг нь хүчир­хийл­­лийн ха­рил­­­цаатай, таван эмэг­­тэйн нэг нь ямар нэгэн байдлаар эр нөхөр­төө зодуулж, хоёр хүү­хэд тутмын нэг нь хүчир­хийлэлд  өртдөг гэх  сэт­гэл  сэрт­хийлгэсэн тоо гарчээ.

Энэ нь дээрх төрлийн бусармаг гэмт хэрэгтэй улсын хэмжээнд ганцхан Хүчирхийллийн эсрэг үндэсний төв тэмцээд хүчрэхгүй гэдгийг харуулж байгаа юм. Учир нь жилээс жилд тус төвд хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд болон өндөр настнууд хандах нь нэмэгдэж байна. Тиймээс төр засгийн зүгээс энэ асуудалд анхаар­лаа хандуулж гэр бүл болон бэлгийн хүчирхийлэлд өрт­сөн хохирогчдод тусламж үзүүлэх, тэднийг хамгаалах, цаашлаад хууль эрх зүйгээ чангатгах шаардлагатай байна.

Г.Түвшинжаргал: Мэдэгдэхгүйгээр хэчнээн хүн амиа алдаж байгааг таах аргагүй 

 “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн Үйлчилгээний менежер, сэтгэл судлаач Г.Түвшинжаргалаас зарим зүйлийг тодруулав.

-Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амь насаараа хохирсон олон хэрэг гарсан. Хамгийн сүүлд л гэхэд 21 настай эмэгтэй найз залуудаа зодуулж амиа алдлаа. Эл хэрэгт танай төв анхаарлаа хандуулж, ямар нэгэн арга хэмжээ авч байна уу?

-Бид талийгаач эмэгтэйг өмнө нь манай төвд хан­даж байсан  эсэхийг  нь   архиваасаа шүүж үз­лээ. Харам­салтай нь нэг ч удаа хандаж байгаагүй юм бай­на. Гэхдээ талийгаач эмэг­тэйн хүчирхийллийн түүхийг судалж үзсэн. Нэ­­лээд даамжирсан, эрс­дэл­тэй болчихсон байсан нь харагдсан л даа. Хэрэв эрт­хэн манайд хандсан бол амь насыг нь хамгаалах боломж байлаа.

-Манайд хүчирхийллийн эсрэг хууль байдаггүй. Гэр бүлийн хүчирхийллийн ту­­­хай хууль аль 2004 онд бат­лагдсан ч амьдралд хэ­рэгж­дэггүй, хэрэгжих бо­ломжгүйг олон хүнээс сонч байлаа?

-Тийм ээ. Гэр бүлийн хү­чирхийллийн тухай хууль батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй. Бараг хэрэгж­дэггүй гэхэд болно. Иймээс олон эмэгтэй хүнд бэртэж  амь насаа алдаж бай­на. Түүнчлэн олон жил гэр бүлийн хүчирхийлэлд байс­наас болж гэмт хэрэгтэн бол­чихсон ял эдэлж байна.Уг нь хуулиараа цаг­даа­гийн байгууллагын төлөө­лөгч хүчирхийлэл үйлдсэн хүнд хариуцлага тооцох, хо­­хирогчийг хам­гаалах үүрэг­­­тэй. Гэтэл тэд үүнийгээ хэрэгжүүлдэггүй. Гэр бүлийн хүчирхийллийг маргаан тө­дий зүйлээр ойлгодог. Үүнээс болж хүчирхийлэл улам даам­жирч, гэмт эт­гээ­дийг өөг­шүүл­дэг.

-Гэр бүлийн хүчирхий­лэлд өртсөн иргэдийг хам­гаалах хууль, эрх зүйн ор­чин байхгүйгээс танайхыг зорих хохирогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа байх нь ээ?

 -Хүчирхийллийн эсрэг үндэсний төв 1995 онд бай­гуулагдсан цагаас эхлэн жил бүр үйлчлүүлэгчдийн тоо өсч байна. Бидэнд анх 29 хүн хандаж байсан бол өнгөрсөн оны байдлаар 2035 болсон байгаа. Хүчирхийлэлд өрт­сөн иргэдийн ихэнх нь “Үнэхээр болохоо байлаа” гэсэн аюултай үедээ манайд ханддаг.

-Ингэхэд зөвхөн гэр бү­лийн хүчирхийллээс болж хэчнээн иргэн амиа алдаад байна вэ?

-Цагдаагийн ерөнхий газ­раас гаргасан судалгаанаас харахад сүүлийн гурван жилийн дотор гэр бүлийн хүчирхийллийн улмаас 49 эмэгтэй амиа алдсан. Гэхдээ энэ бол зөвхөн мэдэгдэж байгаа нь. Мэдэгдэхгүйгээр хэчнээн хүн амиа алдаж байгааг таах аргагүй.

-Гэр бүлийн хүчир­хий­лэлд ихэвчлэн хүүхэд, эмэг­­тэйчүүд өртдөг. Гэхдээ танай  төвд залуучууд хан­дсан тохиолдол бий юү?

-Харьцангуй бага л даа. Өнгөрсөн онд л гэхэд бэл­гийн хүчирхийлэлд өрт­сөн хоёр эрэгтэй, 10-аад хүүхэд бүртгэгдсэн. Тэд бүгдээрээ эрэгтэйчүүдийнхээ зүгээс хү­чирхийлэлд өртсөн байсан.Хүчирхийллийг бие мах­бодийн,  сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэж дөрвөн хэлбэрт авч үз­­дэг. Өмнөх жилүүдэд бие махбодийн хүчирхийлэл түл­хүү байсан. Харин сүү­лийн үед сэтгэл санаа болон эдийн засгийн хүчирхийлэл нэмэгдэх хандлагатай байна.

-Танай хамгаалах бай­ранд хэчнээн хохирогч хоргодож байна вэ?-Манай хамгаалах бай­­­ранд 22 иргэн байна. Бүгд хүчирхийллийн дээд цэгт хүрчихсэн. Харин ар гэрийнхэн болон ойр дот­ныхон нь туслах, хамгаалах боломжтой болон насанд хүрсэн эрэгтэй хүнийг авдаггүй.-Хэр хугацаагаар байл­гах уу?

-2008 онд гарсан хам­гаалах байрны стандарт гэж бий. Бид нэг хохирогчийг гурав хүртэлх сараар байл­гадаг. Гэхдээ бид “хугацаа чинь болчихлоо гар” гэж хэлдэггүй. Хүчирхийлэлд өртөх эрсдэл нь буурсан эсэхийг нь судалж байж гаргадаг. Дээрх 22 хүний ихэнх нь нөхөртөө олон удаа зодуулсан эмэгтэйчүүд.  Тэд гар хөлөө хугалуулсан зэрэг нэ­лээд хүнд бэртэлтэй байгаа.

-Тэдний өдөр тутмын хоол хүнс, ахуйн хэрэглээг яаж зохицуулдаг вэ?-Нийгмийн хамгааллын яамнаас багахан хувийг өгдөг. Үлдсэнийг нь янз бү­рийн төсөл, хандив, тус­ламжаар болгодог доо.-Хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалсныхаа тө­лөө дарамтлуулах тохиол­дол гарна биз?-Тэгэлгүй яах вэ, биднийг хүчирхийлэл үйлдэгчид хэл амаар дайрч давшилж дарамтлах нь энүүхэнд. Өнгөрсөн жил ма­най төвийн нэг зөвлөгчид хүчирхийлэгч хутга тул­гаж байсан.-Хүчирхийлэлд өрт­сөн иргэд та нарын хамгаа­лал­тад байхдаа дахин хүчир­хийлэлд өртсөн тохиолдол бий юу?-Яг хамгаалалтын бай­рандаа хүчирхийлэлд өртөж байсан тохиолдол байхгүй. Харин байрнаасаа гараад цагдаа, шүүх рүү явж бай­гаад хүчирхийлэлд өртсөн тохиолдол бол бий. Үнэнийг хэлэхэд шүүх, цагдаагийнхан үнэхээр сонин. Хохирогч, хүчирхийлэгч хоёрыг яг нэг цагт дууддаг. Үүнээс болж дахин хүчирхийлэлд өртөх явдал гардаг.

Танихгүйгээс илүүтэй танилаасаа болгоомжил

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс бага насны охидыг хүчирхийлэгчдийн 51 хувь нь танил нь, бүр цаашлаад ах дүү, аав, өвөө нь байсан  гэх  аймшигтай,  сэтгэл сэрдхийлгэм мэдээл­лийг өгч байна. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд насанд хүрээгүй 50 гаруй охин бэлгийн дарам­тад өртжээ. Гэтэл хүмүүс тэднийг гу­дам­жинд явж байгаад хү­чиндүүлсэн, эсвэл дуртай­даа бэлгийн харьцаанд орсон мэтээр ойлгодог. Үнэн хэрэгтээ хүчир­хий­лэлд өртсөн нийт охидын 23 хувь нь садангийн ах, дүүдээ хүчиндүүлсэн бол 14 хувь нь хойд, 10 хувь нь төрсөн эцэгтээ, хоёр хувь нь өвөөдөө, үлдсэн нь төрсөн ах, дүүдээ хүчиндүүлжээ. Нөгөөтэйгүүр төрсөн охиноо,  ач  зээгээ,  охин дүү­гээ эр хүний нүдээр харж хүсэл тачаалаа тайлж байгаа энэ мэт бусармаг явдал цаашид нэмэгдэх ханд­­лагатай байгаа нь түг­шүүр төрүүлж байна. Ад­гуус амьтан хүртэл үр төлөө сүүдрээс хамгаалдаг бай­­тал ухамсарт хүмүүний сэтгэхүйд адгууснаас ч дор бодол төрж байгаа нь дэндүү харамсмаар.Хамгийн эмгэнэлтэй нь дээрх төрлийн гэмт хэр­­­гийн дийлэнх хувь нь мөр­дөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болдог байна. Энэ нь гэмт этгээдүүдийг өөгшүүлж, дахин хэрэг үйл­дэх сэдлийг төрүүлдэг аж.

Амьдралд хэрэгждэггүй хуулийг чангатгана 

Аль 2004 онд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль батлагдсан ч амьдралд хэ­рэгждэггүй, хэрэгжих бо­ломжгүй хуулиудын жаг­саалтад багтаад байгаа. Учир нь иргэд төдийгүй хүчирхийлэлд өртсөн хү­мүүст туслах үүрэгтэй хууль хяналтынхан ч уг хуу­­­­лийн талаар мэдээлэл муу­­­тайгаас хохирогчид хо­хирох тохиолдол олон гардаг байна. Тэгвэл Хууль зүйн яамны эрх зүйн шинэчлэлийн бод­­логын хүрээнд Гэр бү­лийн хүчирхийллийн эс­рэг хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж байгаа аж. Өмнө нь хуулийн хэрэг­жилт тааруу, наад зах нь хүчирхийлэлд өртсөн хо­­хирогч хаана хандах, ямар тусламж авахаа мэд­­­дэг­гүй. Үүнээс болж хүчир­­хийлэгчийг давраах, да­хин хүчирхийлэлд өртөх нөх­цөлийг бүрдүүлдэг бай­жээ.

  Бодит байдал дээр хуулийн байгууллага ч гэр бү­лийн хүчирхийллийг ахуйн асуу­­дал мэтээр тоохгүй ор­хих, сайндаа л долоо хо­ног баривчлаад өнгөрөөх нь хүчир­хийлэгчдийг оод­руу­лаад байгаа юм.Харин Хууль зүйн яамны шинэчлэлийн бодлогын хү­­рээнд гэр бүлийн хүчир­хийллийг гэмт хэрэг гэж үзэж, хариуцлагын тог­тол­цоог чангатгах хуу­лийн тө­сөл санаачлаад байна. Өөрөөр хэлбэл хүчир­хийлэл үйлдсэн нь тогтоогд­сон бол эрүүгийн гэмт хэ­рэгт тоо­цож 1-3 жилийн ял оноох хуулийн шинэ орчин бий болно. Энэ хуульд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүнд ямар тусламж үзүүлэх, эмнэлэг, түргэн тусламжийн үйлчилгээг яаж хүргэх, цагдаа хэрхэн бүрт­гэх зэргийг нарийвчлан тусгах аж.   Д.Дуламсүрэн: Г.Алтанхүүд охиныг минь алах ямар нэгэн шалтгаан байсан байж таарааӨнгөрсөн оны сүүлээр гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хоёр ч эмэгтэй  амь насаараа хохирсон. Тухайлбал арваннэгдүгээр сарын 14-нд 21 настай эмэгтэй найз залуугийнхаа гарт амиа алдсан билээ. 48 цагийн турш зодуулж нас барсан талийгаач Б.Цэдэн-Ишийн ээж Д.Дуламсүрэнтэй ярилцлаа.

-Танд болон танай гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Шүүх эм­нэлгийн хоёр ч удаагийн дүгнэлт “гадны  нөлөөгүй” гэж гарлаа шүү дээ. Үнэхээр охин тань ямар нэгэн  суурь өвчтэй байсан юм биш биз?-Үгүй ээ, миний охинд ямар нэгэн суурь өвчин байгаагүй. Үнэхээр л гадны нөлөөгүй амиа алдсан бол ГССҮТ-ийн эмч нар хүлээж авахгүй шүү дээ. -Ингэхэд эмнэлэгт анх хүр­гэгдэж ирэхдээ охины тань биеийн байдал нь ямар байсан юм бэ?

-Маш хүнд. Анх ГССҮТ-д ирэхдээ биеийн ихэнх хэсэг нь няцралттай, цөс нь хагарсан байдалтай ирсэн юм билээ. Биеийнх нь ихэнх хэсэг нь хавдчихсан, нүүрний нэг тал, мөрний хэсэг, хоёр гар нь хөхөрсөн, хавирга нь хугарсан ирсэн гэсэн. Охиноо харахад зодуулсан нь илт. Биеийн зарим хэсэгт нь зодуулаад удсан зарим нь шинэ шарх байсан.

-Гэтэл Шүүх эмнэлгийнхэн охиныг тань “Бөөрны цочмог ду­тагдлаас болж нас барсан” гэх дүг­нэлт  гаргасан  нь ямар учир­тай юм бол?

-Үнэхээр их гайхаж, цо­чирд­сон. Дахин хэлэхэд охинд маань ямар нэгэн суурь өвчин байгаагүй. Түү­гээр ч барахгүй амиа алдах хүрт­лээ эмнэлэгт хэвтэж аав, ээжий­гээ зовоож байгаагүй хүүхэд. Бид Шүүх эмнэлгийн дүгнэлт үнэн зөв, шударга гарна гэдэгт итгэж байсан. Харамсалтай нь бидний хүлээж байснаас тэс хөнд­лөн дүгнэлт гарлаа. Нас барсан шалтгаан нь “Гадны нөлөөгүй, бөөрний цочмог дутагдлаас болж нас барсан” гэсэн байна лээ. Үнэ­хээр гомдолтой байна.

-Талийгаачид  анх  задлан хийх­­дээ ар гэрийнхнээс нь зөв­шөөрөл авах нь битгий хэл огт дуулгаагүй гэж сонссон юм байна?

-Тийм ээ. Охин маань өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-нд нас барсан. Тухайн үед би Баянхонгор аймгийн Загд суманд байсан. Намайг Улаанбаатар хотод ирэхэд охин маань хэдийн амьсгал хураачихсан байсан. Нас барснаас нь хойш хоёр хоногийн дараа задлан шинжилгээ хийсэн юм билээ. Анхны задланг хийхдээ би­дэнд огт дуулгаагүй.

-Талийгаачид задлан хийснийг яаж мэдсэн юм бэ?

-Охины маань амь настай хол­боотой хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийн мөрдөн байцаагч Ч.Буянт шал­гаж байгаа. Энэ хүн бидэнд танил­цуулахдаа “Охинд тань задлан хийсэн. Шүүх шинжилгээний үндэсний хү­­рээлэнгийн эмч Б.Долгормаа ахалж орсон” гэж л хэлсэн. Тэгээд ч   эхний  задланд    бид­нийг оруулаагүй болохоор бүрэл­дэхүүн муутай оролцсон гэх шалт­гаанаар маргааш нь буюу арваннэгдүгээр сарын 17-нд хоёр дахь  задлан шинжилгээг хийлгэсэн. Шүүх эмнэл­гийн дүгнэлт 14-21 хоногийн дотор гарна гэж байсан ч 24 хонож гарсан. Шүүх эмнэлгийн анхны дүгнэлтийг сонсоод би ухаан алдаж унасан.

-Гурав дахь задлан шинжил­гээний дүгнэлт хэзээ гарах вэ?

-Бид гурав дахь шатны шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээж байна. Бидэнд хэлэхдээ Монголын сор болсон эмч нар орж ажилласан гэсэн. Тиймээс  энэ  удаа үнэн зө­вөөр гарна гэдэгт итгэж байгаа. Үнэ­хээр үнэн гэж байдаг бол “гадны нө­лөөтэй” гэдэг нь тогтоогдох байх. Харин хариу нь ирэх долоо хоногт гарна. Ганц охиноо хү­ний гарт алдчихаад байж суух газраа олохгүй л явна. Бид талий­гаачийнхаа төлөө хаа хүртэл явж болох тэр хүртэл нь явна. Бүхий л арга, гарцыг судалж байна.

-Талийгаач танай хоёр дахь хүүхэд байсан гэл үү?

-Тийм. Би хүү, охин хоёртой. Дараа нь нэг хүү өргөж авсан. Гурвуулаа нэг нэг насны зөрүүтэй. Талийгаач маань манай хамгийн бага, ганц охин минь байсан. Миний охин арван жилийн сургуулиа 16 настайдаа төгссөн. Их сургуульд сурч байхдаа Япон явж өнгөрсөн жил ирсэн. Гэтэл ингээд хүнд алуулчих юм чинээ хэн санах билээ.-Өмнө нь охин тань найз залуудаа зодуулж, дарамтлуулдаг байснаа хэлж байсан уу?-Үгүй ээ, нэг ч удаа хэлж бай­гаагүй. Даанч яав даа, миний муу охин ядаж ээждээ хэлчихгүй дээ. /уйлав/-Сэжигтэн Г.Алтанхүү­тэй үерхэж, хамт амьдарч байгааг нь хэзээ мэдсэн бэ?-Өнгөрсөн долоодугаар сард мэдсэн. Охин маань “Найз за­луутай болсон, хамт амьдарч байгаа” гэхээс өөр зүйл хэлээгүй. Найзтайгаа харилцаж байсан мес­­сеж энэ тэрийг нь уншихаар үнэхээр хэлэх үг олдохгүй юм.

-Ингэхэд та Г.Алтанхүү­тэй уулзаж байсан уу?-Үгүй.-Ядаж утсаар ч болтугай ярьдаг байсан биз дээ?

-Үгүй. Нөхөр маань л хааяа ярьдаг байсан. Бүр “миний хүү” гэж ярьдаг байсныг яана.

-Г.Алтанхүүгийн ар гэ­рийхэн саяхан таны төрсөн дүү Д.Хандсүрэнг шүүхэд өгсөн. Тэдний зүгээс ямар нэгэн дарамт, шахалт үзүүлж байна уу?

-Тэд биднийг хөдөөний, юм мэдэхгүй хүмүүс гэж л санаад байх шиг байгаа юм. Дүүг маань Г.Алтанхүүг “алуурчин” гэж хэлс­нийх нь төлөө шүүх, цагдаад өгсөн  байна лээ.

Хүн өвчин зовлон үзээд, уйлж унжаад явж байхад “алуурчин” гэж хэлсний төлөө шүүхэд өгнө гэдэг чинь нэг төрлийн дарамт шүү дээ. -Ямар учраас Г.Алтанхүү охины аминд хүрэх болсон юм бол?

-Нэг л зүйл байсан байж таараа. Ямар нэгэн алах шалтгаан байсан байх гэж боддог. Миний охин нэг л нууц зүйлийг нь мэддэг байв уу. Ямар нэгэн шалтгаан байгаа. Тийм биш юм бол яах гэж охины минь аминд хүрэх юм бэ.

-Г.Алтанхүүг өмнө нь эхнэр хүүхэдтэй байсан гэдгийг мэдсэн үү?

-Би тэр өмнөх эхнэр гээд байгаа хүний ярилцлагыг уншсан. Надад тэр эмэгтэйд мөнгө өгөөд худлаа яриулсан шиг санагдсан. Харин миний сонссоноор Г.Алтанхүү хуу­лийн сургуульд сурдаг байхдаа дөрвөн жил нэг хүүхэнтэй үерхсэн юм билээ. Тэгэхдээ түүнийгээ байнга зодож, нүддэг байсан гэсэн. Охиноо нас барсан өд­рийнх нь орой Сүхбаатар дүүр­гийн Цагдаагийн II хэлтэст Г.Алтанхүүгийн аавтай нь уулзсан. Тэгэхэд л анх удаа аавынх нь барааг харсан.

Тухайн үед аав нь бидэнд нэг ч үг хэлээгүй. Тэрнээс хойш Г.Алтанхүүгийн гэрийн­хэнтэй уулзаагүй. Уулзаад ч яах юм билээ. -Уучлаарай, талийгаач охины тань талаар иргэд янз бүрээр л ярьж байна. Нэг хэсэг нь “Найз залуудаа зодуулж суухын оронд зугтчихаж  болоогүй  юм  байх  даа” гэж байхад зарим нь “Г.Алтанхүү нь их мөнгөтэй учраас охин тань салж чадахгүй явсаар амиа алдлаа” гэх зэргээр ярьж байна?-Хүмүүс  янз бүрээр ярьж бай­гаа байх. Гэхдээ би охиноо хүний түрийвч рүү өнгийж хардаг тийм ёс суртахуунтай өсгөөгүй. Бид хүүхдүүдээ юугаар ч дутаагаагүй. Би охиныхоо нэг найзаас сонссон л доо. Охин маань нас барахаасаа өмнө долоо хоног ажилдаа яваагүй юм билээ. Тэгэхэд Г.Алтанхүү хаалгаа дотроос нь түжээд зоддог, салах юм бол ална гэж сүрдүүлдэг байсан гэсэн. Энэ мэт дарамтаас болоод охин маань салж чадахгүй явсаар амиа алдсан байх гэж бодож байна. Түүнээс биш тэрний хэдэн халтар  төгрөг охины минь аминаас л үнэтэй байв гэж дээ. -Нөгөөтэйгүүр таныг ч бас “Тэр эх нь одоо яачихсан хүн бэ, бүхэл бүтэн гурав, дөрвөн сар зодуулж, нүдүүлж байхад нь мэддэггүй.

Эх хүн байж үр хүүхдээ хайхраагүйгээс болж л ийм хэрэг гарч байгаа юм”  гэж буруутгаж байна. Үнэхээр охин чинь танд юу ч хэлээгүй гэж үү?-Би охиндоо, үр хүүх­дүүддээ санаа тавь­даггүй, хайр­лаж халам­жилдаггүй эх хүн биш. Байнга утсаар ярьж байдаг. Харин Улаан­баатар хотоос 900 гаруй км-ийн хол байсан нь л миний алдаа боллоо. Ойрхон байсан бол охинооо хэлээгүй байсан ч эх хүн чинь гадарлана шүү дээ. Зовж зүдэрч, зодуулж нүдүүлж байгааг нь мэдэх байсан. Гэтэл миний муу охин даанч яав даа. Бүх зүйлээ ээжээсээ нууж байсан юм билээ. Зодуулж дарамтлуулдаг талаараа надад нэг ч үг  хэлж байгаагүй. Би өөрийгөө буруутгаж байна. Охин дээрээ нэг удаа ч болов ирэх минь яав даа.  /уйлав/

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …