Өнөөдөр ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн баярын өдөр. Монгол Улсыг өнөөгийн хөгжил дэвшилд хүрэхэд, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлэн алхахад 1992 онд батлагдсан Шинэ үндсэн хуулийн үзэл санаа юу юунаас илүү чухал үүрэгтэй байгааг энд зориуд тэмдэглэн хэлэх нь зүйтэй.
Жил бүрийн энэ л өдөр Монголчууд бид ардчилсан Үндсэн хуулиа батлан хэрэгжүүлсний өдөр болгон баяр ёслолын байдалтайгаар өнгөрүүлдэг болоод багагүй хугацаагү үзжээ.
Мэдээжийн хэрэг ардчиллын үнэт зүйлсийг тусган, хүний эрх, эрх чөлөөг тунхагласан Шинэ үндсэн хуулиндаа Монголчууд бид хүндэтгэлтэй хандах нь зүйн хэрэг боловч энэ хүндэтгэл эцэс сүүлдээ хэтэрхий “загвар”-ын шинжтэй болох боллоо.
Монголчууд бидний хувьд Үндсэн хуулийнхаа зүйл заалт бүрийг хэрэгжүүлэх нь, түүнийг сахин биелүүлж, мөрдөн ажиллах нь юу юунаас илүү эрхэм болохоос биш Үндсэн хуулиа дээдлэн шүтэх тийм ч чухал хэрэг биш байлтай.
Үндсэн хууль батлагдсан энэ өдрөөр Үндсэн хуулийн алт эрдэнээр урласан уг эхийг Төрийн музейд залж, Чингис хааны хөшөөнд цэцэг өргөж, монгол бөхийн өргөөнд бөх барилдах юм билээ. Мөн Үндсэн хуулийн энэ өдрөөр хуульч Б.Чимэд агсаны нэрэмжит шагналыг бий болгож байгаа гэнэ. Б.Чимэд гуай өөрөө амьд сэрүүн байсан бол үүнийг тууштай эсэргүүцэх байсан биз. Тэрээр амьд ахуйдаа Үндсэн хуульд улс төрийн зорилгоор оруулсан 7 өөрчлөлтийг хамгийн их шүүмжилдэг хүмүүсийн нэг байсансан.
Монголын ард иргэд та бид Үндсэн хууль батлагдсан энэ өдрийг улс төрчидтэй зэрэгцэн баярлан бахархах, алт мөнгөөр урласан Үндсэн хуулиндаа сөгдөж мөргөх биш, харин Үндсэн хуулиар иргэнд олгогдсон эрхээ улс төрчдөд сануулан, тэднээс Үндсэн хуулийн баталгааг хангуулж өгөхийг шаардан үгээ хэлэх өдөр болгомоор санагдана.
Монгол улсын Үндсэн хуулийн:
Тавдугаар зүйлийн 1-д: “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэжээ. Тэгвэл эдийн засагт хямрал нүүрлэсэн, ах ахуйн нэгжүүдийг татварын бодлого болон төрийн элдэв хүнд суртлаар дарамталсан, хүн амаа өсгөх дэмжлэгийг хаан боогдуулсан, нийгмийн хөгжил нь хангах биш хойш татахад чиглэсэн бодлого явуулж байгаа төр засгаа бид хэрхэх вэ?
Зургадугаар зүйлийн 1-д: “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заажээ. Монгол улсын газар нутаг, түүний баялаг ард түмний мэдэлд бус, эрх мэдэлтнүүдийн оролцоотойгоор гадна дотнын ямар хүмүүсийн халаасанд байна вэ, Төр засгийн зүгээс аймаг сум бүрийн газар нутагт олгогдсон лицензийг Засаг төрийн зүгээс ард түмэндээ Үндсэн хуулийн энэ өдрөөр нь ил тод нээлттэй зарлаж чадах уу?
Долдугаар зүйлийн 1-д: “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” – Монголын ард түмний биет болон биет бус соёлын өвүүд хилийн гадна гарч бусад улсын нэр дээр дэлхийд данслагдан бүртгэгдэж, шинжлэх ухааны байгууллага хийгээд судлаачид нь төр засагтаа гадуурхагдаж, монголын түүхийг дуртай нэг нь өөрийн дур зоргоор бурж, төрийн гааль хяналтын албан тушаалтнууд түүх соёлын дургалт зүйлийг хил давуулахад өөрсдөө гар бие оролцож байхад энэ бүхнийг хамгаалах үүрэгтэй төр засаг хаана байсныг сануулах хэрэгтэй биш гэж үү?
Үндсэн хуулийн II бүлгийн арван дөрөвдүгээр зүйлийн 1: “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” – эрх мэдэл, мөнгө хөрөнгөтэй нэг нь хууль зөрчиж, ял завшиж болдог байхад, эгэл энгийн ардууд 10, 20 мянган төгрөг хулгайлсан хэргээр олон жилийн ял эдэлж байгаа бодитой жишээг цөөнгүй ярих боллоо. Адаг сүүлд нь олны нүдэнд ил харагдах хүн амины ялт гэмт хэрэгтэн шүүхийн өмнө буруугүйдэж, ялийн зүйл анги нь өөрчлөгдөн, 3 жилийн ял авч байгаа жишээ нь хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байж чаддагийг илэрхийлж байгаа хэрэг үү
Арван зургадугаар зүйлийн 2: “ Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”– Улаанбаатард амьдарч байгаа иргэд бид эрүүл аюулгүй орчинд амьдарч чадаж байгаа билүү, Нийслэлийн агаарын байдал энгийн нэг агаарын бохирдлын хэмжээнээс нэгэнт давж өдгөө хорт утааны түвшинд хүрсэн атал төр засаг утаагүй зуух төдийхөнөөр асуудалд хандаж ирснийг бид хэрхэн ойлгох ёстой вэ?
Мөн зүйлийн 6-д: “Иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй” – мөнгө төгрөггүй, эмчийн гарын цайлгаж чадахгүй, эсвэл мэндийн даатгалгүй бол “хүн биш”-д тооцогдон, үхэлтэйгээ эвлэрэхээс өөр гарцгүй нөхцөл бодит байдал үүссэнийг бид хэрхэх ёстой вэ?
Мөн зүйлийн 16-д: “ иргэн бүр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” – Иргэдийг төрийн шүүмжилсэн, үзэл бодлоо илэрхийлсний нь төлөө бусдыг хянах, хэвлэн нийтлэсэн цахим мэдээллийг хэрэгслийг захиргааны болон бусад аргаар таслан зогсоох байдал ажиглагдаж байгааг яах ёстой вэ?
Үндсэн хууль батлагдсан энэ өдөр Үндсэн хуулийн дээрх заалтуудын хэрэгжилтийг иргэд олон нийт та бид эрх баригчдаас асуух нь зөв гэж ойлгож байна.
Сонирхуулаад хэлэхэд Үндсэн хуулийн заалтуудаас хамгийн сайн хэрэгждэг нь Гучин гуравдугаар зүйл буюу Ерөнхийлөгчийн бүрэн эрх хэсгийн 1.7 дэх заалт: “Ерөнхийлөгч улсын цол, цэргийн дээд цол хүртээх, төрийн одон, медалиар шагнах эрхтэй” гэсэн заалт юм.
Үндсэн хуулийн өдрийг Монголчууд бид баяр ёслолын байдалтай биш Үндсэн хуулийн хэрэгжилтийг сануулсан өдөр болгох, улмаар үндсэн хуулийн зөрчигдөж байгаа иргэний эрхийг улс төрчдөөс нэхэх өдөр болгон үзэх учиртай гэж дүгнэж байна.
Ц.Мөнх