Жүжигчин Р.Анхням “Чонон сүлд” уран сайхны кинонд тоглосныг уншигчид маань мэдэж байгаа. Киноны Галсмаа хэмээх гол дүрийн эмэгтэйд тоглосон тэрээр БНХАУ-д болсон киноны албан ёсны нээлтэд оролцоод өчигдөр эх орондоо ирлээ. Тэрээр “Оскар”-ын шагналт найруулагчийн “А” зэрэглэлийн киноны гол дүрийг бүтээсэн нь монгол эмэгтэй жүжигчдийн хувьд анхны тохиолдол болж байна. Өмнө нь, жүжигчин Б.Амарсайхан Холливудын “UNEW” агентлагт жүжигчнээр ажиллахаар гэрээ байгуулж, АНУ-ын “Нэтфликс” компанийн санхүүжилтээр бүтээсэн “Марко Поло” олон ангит кинонд тоглосон билээ. Монгол жүжигчдийн ур чадварыг дэлхийн тавцанд таниулах энэ мэт анхны гэсэн тодотголтой үйл явдлууд ар араасаа хөвөрсөөр л байна. Эмэгтэй жүжигчдийн хувьд олон улсын тавцанд гарах шанг татсан жүжигчин Р.Анхнямыг “Чингис хаан” нисэх онгоцны буудалд тосч уулзлаа.
-Олон улсын “А” зэрэглэлийн киноны гол дүрийг бүтээгээд эх орондоо ирсэнд баяр хүргэе. Монголын тайз дэлгэцийн мэргэшсэн жүжигчдийн холбооноос санаачилсны дагуу эх орондоо ирэхэд тань олон ч хүн тосч авлаа…
-Маш их баярлалаа. Найзууд маань ингэж угтаж чинээ санаагүй болохоор уйлах гээд байна. Киноны маань нээлт маш сайхан болсон. Гурван өдрийн үйл ажиллагаа үргэлжлээд өчигдөр /уржигдар/ дууссан. БНХАУ-ын намын төв хорооны байранд нээлтээ хийсэн. Монголоос БНХАУ-д суугаа Элчин сайд болон яамны төлөөллүүд оролцсон. Мөн эндээс найруулагч Золбаяр, жүжигчин Амарсайхан нар очсон. Маш их баяртай байна.
-Энэ бол таны хилийн чанадад тоглосон анхны кино биш. Тэгэхээр улсаа төлөөлөхдөө илүү хариуцлага үүрч, түүндээ хүрэх гэж ажилласан болов уу?
-Маш их хичээсэн. Улсынхаа нэрийг төлөөлж яваа учраас уран бүтээлээс гадуур ямар зүйл дээр алдаа гаргах эрхгүй байлаа. Өдөр болгон, цаг тутам хичээх шаардлагатай байсан. Хичээсний үр дүнгээ өчигдөр үзлээ. Маш сайхан кино болсон.
-Галсмаагийн дүрийг бүтээхдээ юун дээр хамгийн ихээр анхаарсан бэ?
-Монгол эмэгтэй дүрийг л гаргая гэж зорьсон. Хятад, Өвөрмонгол, Монголын олон жүжигчнээс сонгогдон шалгарсан болохоор алдаа гаргаж болохгүй. Монгол хүн ийм байдаг юм уу гэж хэлүүлж болохгүй биз дээ.
-Энэ дүрийг авах гэж хэдэн жүжигчин өрсөлдсөн бэ?
-Хэд гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. БНХАУ болон ӨМӨЗО-ны бүх алдартай эмэгтэй жүжигчидтэй өрсөлдсөн.
-Олон улсын хамтарсан уран бүтээлд ажиллахад хамгийн том асуудал бол хэлний бэрхшээл байдаг. Энэ бэрхшээлийг яаж давав?
-Хэлний бэрхшээл мэдээж гарна л даа. Англиар төгс ярьж чадахгүй ч найруулагчид, уран бүтээлчидтэйгээ ойлголцож байсан. Хятадаар хүртэл ярих шаардлагатай үе гарч байлаа. Киноны явцад бол бэрхшээлтэй зүйл олон гарна. Тэр бүрд хямраад байхгүйгээр аль болох хялбархан давж гарах гэж л хичээж байсан. Хэлний бэлтгэл хангасан. Зохиолтойгоо танилцаж, найруулагчтайгаа уулзах гээд киноны бэлтгэл хангаж нэг жилийн хугацаа зарцуулсан.
-Франц найруулагчтай, Хятадад зургийг нь авсан, Монголын тухайн өгүүлсэн кинонд ямар хэлээр тоглосон бэ?
-Хятад хүмүүстэй хятадаар, монголчуудтайгаа монголоор ярьж тоглосон. Дэлгэцнээ гарахдаа монголчуудад зориулаад өвөрмонголоор, Францад францаар, олон улсын зах зээлд англиар орчуулаад гаргана.
-Монголд хэзээнээс гарч эхлэх вэ?
-Ер нь, Азийн нээлт нь ирэх сард болно.
-Хамтран тоглосон уран бүтээлчдийнхээ талаар яриач?
-Хятадын хамгийн алдартай жүжигчин Пин Шао Пен, Дао Шо болон бидний танил “Чингис хаан” олон ангит киноны Чингис хааны дүрийг бүтээсэн Баасан ах маань байна. Бид дөрөв гол дүрд тоглосон.
-Энэ киног нээлтээ хийхээс ч өмнө Оскарт нэр дэвшинэ гэсэн таамаг гараад байгаа…
-Энэ талаар тодорхой сайн мэдэхгүй байна. Саяхан нэвтрүүлэгт ороход найруулагчаас энэ асуултыг асууж байсан. Тэр энэ талаар хэлж мэдэхгүй байна гэсэн.
-“Чонон сүлд” зохиолыг монголчууд их уншсан. Кино нь зохиолоосоо хэр өөр болсон бэ?
-Зохиолыг нь бүтэн уншсан хүнд бол маш их ялгаатай гэдэг нь харагдана. Ямарваа зохиол угаасаа кино болохоороо уран сайхны талаасаа ч өөрчлөгддөг шүү дээ.
-Энэ киног хийж дуусахад ер нь хэдэн жилийн хугацаа зарцуулсан бэ?
-Чононы бэлтрэгийг авч тэжээж, сургахаас эхлээд долоон жилийн хугацаанд бэлтгэсэн. Жүжигчдээ сонгож аваад кино зураг эхэлснээс хойш бол нэг жил зургаан сарын хугацаа зарцуулсан.
-Кинонд нүүдэлчин ахуйг харуулдаг. Түүх соёл, зан заншлын тал дээр бодит байдлаас зөрсөн зүйл гарч байв уу?
-Франц найруулагч Монголын тухай, нүүдэлчдийн тухай кино хийхээр алдаа гарч болно. Бид ч гэсэн Францад очоод тэдний тухай кино хийлээ гэхэд алдаа гарахыг үгүйсгэхгүй шүү дээ. Хамгийн гол нь Монгол соёл, нүүдэлчний амьдрал руу хандаж байгаа нь чухал. Дараа дараагийн удаа олон улсын уран бүтээлчид Монгол руу ирэх ч юм билүү.
-Хэдийгээр гадаад хүн найруулж байгаа ч гэсэн таны хувьд найруулагчдаа нүүдэлчин соёлын тухай хэлж зөвлөж байв уу. “Марко поло”-г гарсны дараа хэзээ монгол хүн нөмгөн дээлтэй явдаг юм гэх мэтээр шүүмж гарч л байлаа.
-Шүүмжлэлгүй гарах л байх. Угаасаа шүүмжлэлгүй өнгөрөх уран бүтээл гэж байдаггүй. Миний хувьд найруулагчдаа манайд ингэдэггүй гээд санал зөрөлдсөн үе олон гарсан. Гэхдээ найруулагч өөрийнхөө бодсон санаснаар л хийдэг. “Бид ямар нэг үндэстний ахуйн тухай кино хийгээгүй. Чононы тухай кино хийж байгаа. Хэн нэгний тухай биш хүн төрөлхтөний тухай хийж байгаа учраас тэр болгон дээр нарийвчилж анхаарч чадахгүй байна. Магадгүй дараа монгол хүний тухай уран бүтээл хийвэл нарийвчлалтай хандана” гэсэн тайлбар өгч байсан. Маш олон зүйл дээр маргалдаж, минийхээр шийдсэн зүйл ч бий.
-“Чонон сүлд” номын тухайд судлаач шүүмжлэгчид монголчуудыг доромжилсон бүтээл гэх зэргээр ханддаг. Та киногоо үзээд юу гэж бодсон бэ?
-Шүүмжлэгчид янз бүрээр л бичсэн. Энэ кинон дээр монголчуудыг их дөвийлгөж гаргасан. Тэнгэр үзэлтэй гэх мэтээр.
-Энэ киноноос үүдээд цаашид танд олон санал ирэх байх. Эхнээсээ ирээд эхэлчихсэн үү?
-Ирэх зун хийх уран бүтээлүүд маань тодорхой болж байгаа. Олон ч санал ирсэн. Мэдээж олон улсын чанартай том уран бүтээлд тоглох санаа байна. Төлөвлөсөн бодсон зүйл их бий.
-Монголын уран бүтээлчид дэлхийн тавцан дээр гараад эхэллээ. Удахгүй монголчуудын хийсэн уран сайхны кино гарах л байх. Гэхдээ та энэ салбар дотор байгаа хүний хувьд тэр цаг хугацааг хэзээ гэж харж байна?
-Манай уран бүтээлчид хаана ч чадвараараа гологдохгүй. Жүжигчин Амараагаас эхлээд чадвараа харуулж эхэлж байна. Тийм болохоор тэр цаг хугацаа удахгүй байх аа. Итгэж байна.
-Олон улсын “А” зэрэглэлийн кинонд тоглох, Монголдоо кинонд тоглох хоёр мэдээж ялгаатай. Тэр нь юу болохыг хэлээч гэвэл?
-Гадаадын кинонд ажиллаж уран бүтээлчдийн тоо олон. Манай кинонд л гэхэд 500 гаруй уран бүтээлч ажилласан. Энэ талаараа ялгаатай ч кино урлаг угаасаа мөнгөөр шийдэгддэг учраас мөнгөндөө баригдах үе гарна. Манайд бол кино урлаг хөгжиж л байна. Уран бүтээл талаасаа бол найруулагч жүжигчинтэйгээ хэрхэн харилцдаг зэрэг нь адилхан.
-Хэсэгтээ эх орондоо байх уу?
-Байна аа. Зунаас л төлөвлөсөн ажлууд маань эхэлнэ дээ.
Эх сурвалж: www.assa.mn