П.Гомболүүдэв: Ирэх өвөл өмнөх бичин жилүүдээсээ ч дулаан байна

2nce950bd83biqn3mbmg58cbh2Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн Уур амьсгалын секторын эрхлэгч, доктор П.Гомболүүдэвтэй ярилцлаа.

-Энэ өвөл олон жилийн дундажтай харьцуулахад хүйтэн болж зуд болно гэж иргэд ярьж байна. Ялангуяа бичин жилийн зуд болно гэж их ярьж байна. Энэ хэр үндэслэлтэй вэ. Ер нь яагаад заавал бичин жил гантай зудтай байдгийг шинжлэх ухааны үүднээс нь тайлбарлаж болох уу?

-Уур амьсгалын өөрчлөлт урвалын эрчмийг илэрхийлдэг уольфын тоо гэж байдаг л даа. Энэ тоо ихэсвэл дэлхийн бөмбөрцгийн гадарга дээр харьцангуй нарны цацрагийн энерги нь их байдаг. Тэр үед дэлхийн дундаж давхаргын температур өндөр буюу олон жилийн дунджаас халуун байдаг. Мэдээж багасах юм бол хүйтэн байдаг. Энэ халуун хүйтний давтамж 10-12 жилийн циклтэй явдаг. Энэ цикл бичин жилд таарах нь элбэг байсан юм. Манайх 1940-өөд оноос эхлэн ажиглалт хийж эхэлсэн. Энэ хугацаанд 1990-иэд оны эхэн хүртэл 10-12 жилийн цикл үргэлж ажиглагдаж байсан. Ялангуяа волфын тоо нь хамгийн бага утгадаа доод цэгт хүрэх мөчид Монгол Улсад ган, зуд болох магадлал ажиглагдаж байна. Гэтэл 1990 оноос хойш 10-12 циклтэй процесс алдагдаж эхлээд байгаа. Давтамжийн хугацаа ойртож, цаг агаарын тогтвортой байдал баг багаар алдагдсан. Жишээ нь 2001-2003 оны ган зуд болж, маш хуурайшилтай жилүүд үргэлжилсэн. Ер нь 2004, 2005 оны дундуур Монгол орон гандуу байсан. Дараа нь, дахиад 2009 онд зуд болсон. Харин сүүлийн таван жил зуншлага сайхан болж өвөл нь дулаан байдаг болсон. Ер нь нийт нутгийн 50-иас дээш хувь гантай байвал ган зуд болно гэж ярьж эхэлдэг. Энэ жилийн хувьд хүн ам илүү суурьшсан, мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгаар гантай, хуурайшилттай байсан нь хүмүүст зуд болох нь гэж ярихад нөлөө үзүүлсэн гэж ойлгож байна. Гэвч бодит байдал дээр Монгол орныг баруун, зүүн нутгаар нь дундажлаад харвал ган зудгүй хэвийн жил болох магадлал нь өндөр байна.

-Яагаад 10-12 жилийн давтамжтай байдаг уур амьсгалын цикл алдагдаад байна вэ?

-Гол шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой. Цаг агаар, цаг уурын өөрчлөлт биш уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, байгалийн биш хүний хүчин зүйл цаг агаарын байдал нөлөөлж байна гэсэн үг л дээ. Хүн төрөлхтөний ялгаруулж байгаа хүлэмжийн хий байх ёстой хэмжээнээсээ хэдэн дахин нэмэгдэж цаг агаар сөргөөр нөлөөлж байна. Жил ирэх тусам метан хий, цахилгаан станц, машин, хөдөө аж ахуйн эрхлэлтээс хүлэмжийн хий байнга ялгарч байна. Үйлдвэрлэл аж ахуйн нэмэгдэж, улс орон эрчимтэй хөгжих тусам хүлэмжийн хийн ялгарал нэмэгддэг. Мянган агаарын молекул доторх хортой хүлэмжийн хий агууламж жилээс жилд өссөн. Тиймээс л 1990 оноос хойш цаг агаарт хүчтэй өөрчлөлт мэдрэгдэж эхэлсэн.

-Өвөл хэт дулаанхан болсон нь хүлэмжийн хий нэмэгдэж байгаатай холбоотой юу?

-Ер нь бол тийм. Хүлэмжийн хий агаар мандлыг дулааруулж эхэлсэн. Өмнө нь байгалийн хүчин зүйлээс шалтгаалж 10-12 жилийн циклээр цаг агаарт гэнэтийн өөрчлөлт болдог байсан. Гэтэл өнөөдөр хүлэмжийн хийн ялгарал нэмэгдсэнээс зуны улирал хэт халуун удаан үргэлжил, өвөл хүйтрэхгүй дулаан байдаг болсон. Нэмэлт дулаарлыг хүний хүчин зүйлээр бий болгож байгаагаас байгалийн тогтсон горим алдагдаж байна. Өөрөөр хэлбэл, бүслэг дэлхийг тойроод эргэдэг байсан бол уур амьсгалын өөрчлөлтөөс болж бүслэг биш өргөргийн дагуу хөдөлж эхэлж байна. Ер нь өргөргийн дагуу хөдөлж эхлэхэд дэлхийн нийтэд аюултай, гамшигт, гантай байдаг. Дээшээ өсвөл хэт дулаарч, халуун ган болдог. Доошилбол хэт хүйтэн, зуд болдог. Манай улсын хувьд энэ урсгал нь ихэсч байна.

-Энэ зуны хувьд ямар процесс нь илүү давамгайлж ажиглагдсан бэ?

-Энэ зуны хувьд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой маш хориг процессууд илэрсэн. Мэргэжлийн хувьд хориг процесс гэж нэрлэдэг л дээ. Газрын гадарга дээр өндрийн гүвээ үүсч, дулаарал эрчимтэй явагдаж байна. Жишээ нь, Улаанбаатар хотод энэ долоо хоногийн эхний өдрөөс эхэлсэн халалт ирэх долоо хоногийн даваа гариг хүртэл үргэлжлэн хална. Өөрөөр хэлбэл, удаан хугацааны тогтвортой өндөр хориг үүссэн байгаагийн шинж. Гэтэл баруун, зүүн тал, Увсын хотгорт бороо орж байх жишээтэй. Энэ нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үзэгдэл. Мэдээж өмнө нь ийм процессууд болдог байсан. Гэхдээ одоо илүү их давтамжтай, ойр ойрхон тохиолдож байгаа нь хүний хүчин зүйлээс хамаарч өөрчлөлт орж байгаагийн нөлөөлөл л дөө. Ер нь өнгөрсөн зургадугаар сарыг дуустал ихэнхи нутгаар хуурайшилттай байсан. Ялангуяа Төвийн бүсийн нутаг асар их хуурайшилтай байсан. Үүнтэй холбоотой түймэр их гарсан.

-Ирэх өвлийн хувьд олон жилийн дундажтай харьцуулахад хэр хүйтрэхээр байгаа вэ?

-Ер нь 78 жилийн уур амьсгалын өөрчлөлт, прогнозоор Монгол орон 2.1 градус дулаарсан тухай судалгаа гарсан байгаа шүү дээ. Энэ дулаарал бүх улиралд ажиглагдаж байгаа. Өвөл нь хур тунадас ихэсч, зун нь хур тунадсаа хадгалж бууруулах төлөвтэй. Өөрөөр хэлбэл, ордог хур тунадсын хэмжээ хэвээрээ байхад температур нь халаад байвал хур тунадас амархан ууршаад алга болдог болсон гэсэн үг. Зуны улиралд хуурай уур амьсгал давамгайлж байна. Энэ төлөвөөр харвал ирээдүйд өвөл хүйтрэхгүй, дулаардаг болох магадлал өндөр болоод л байна . Тодорхой хүйтрэх циклд цаг агаар хүйтэрнэ. Гэхдээ одоогийн цаг агаарын хүйтрэлт 1940-өөд оныхтой харьцуулахад юу ч биш болсон. Жишээ нь, арваннэгдүгээр сард эрс хүйтэрч, гэрээсээ ч гарч чаддаггүй байсан. Гэтэл өнөөдөр арван нэг, арванхоёрдугаар сард хүмүүс толгой нүцгэн, хавар намрын гуталтай явдаг болсон. Энэ бол дулаарсны шинж шүү дээ. Ер нь ирээдүйд асар их дулаарна.

-Яагаад, ямар үндэслэлээр ингэж хэлж байна вэ?

-Учир нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг судалдаг байгууллагууд ирээдүйд хамгийн хүйтэн температур зургаан градусаар багасна гэдгийг мэдээлсэн байгаа. Өөрөөр хэлбэл, өвөл хамгийн ихдээ хасах 30 градус хүрч хүйтэрдэг байсан бол хасах 24 градус болж буурна . Нарийн тооцоогоор 2100 онд 4-6 градус дулаарна. Өнөөдөр 2.1 градусаар дулаарсан байхад ямар нөлөөлөл үзүүлж байгааг харж ирээдүйн прогнозыг хийж байна.

-Тэгэхээр энэ өвөл эрс хүйтрэхгүй, зуд болох магадлал бага гэсэн үг үү?

-Ирэх өвлийн албан ёсны прогнозууд хараахан гараагүй байна. Харин дэлхийн том төвүүдээс мэдээ ирж байгаа. Түүнээс үзэхэд, харьцангуй халуун өвөл болно гэж үзэж байна. Харин ирэх өвөл өмнөх жилүүдийнхээс цас их орох төлөвтэй байна. Жишээ нь, ес, арав, арваннэгдүгээр саруудад олон жилийн дунджийн орчим, арванхоёрдугаар сараас хойшхи гурван сард олон жилийн дунджаас харьцангуй их цас орно гэсэн төлвийг дэлхийн уур амьсгалын төвүүд өгч байна. Зундаа гантай байсан нутгуудад цас их орох төлөвтэй байгаа. Цас их орвол цагаан зуд болох аюул байдаг .

-Өнгөрсөн долдугаар сараас эхлэн Хангайн уулархаг нутгаар цас орж байна. Ер нь цас эрт орох төлөвтэй байгаа юм биш үү?

-Хориг процесс нийт нутгийн нэг талд нь явагдаж хэт халалт үүсч байхад нутгийн баруун, зүүн хэсэгт хэт сэрүүсэлт өгч уулархаг нутгаар цас орж байгаа. Долдугаар сард Завхан, Архангайд цас орсон. Ирэх даваа гаригаас цаг агаар сэрүүсч, Хангай уулархаг нутгаар цас орох магадлал өндөр байгаа. Дээр үед малчид тариаланчид параметр хэрэглэж даралт хэмжигч ашигладаг байсан. Даралт нь унавал цаг агаар муудах гэж байна гэж аливаа гэнэтийн эрсдэлд бэлдсэн байдаг. Энэ нь маш зөв хандлага л даа.

-Малчид энэ жил зуд болно гээд малын 50 хувийг нядална гэж ярьж байна. Яамнаас ч тийм чиглэл өгсөн?

-Байж болох эрсдэлээс сэргийлж арга хэмжээ авч байгаа учраас буруутгах аргагүй. Хэрвээ зуд болбол малынхаа 50 хувийг үрэгдүүлж байснаас нядлаад мөнгө болгосон нь дээр шүү дээ. Энэ бол уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож байгаа хэлбэр. Манай улсын хувьд хүлэмжийн хийн ялгаралтыг зогсоох арга байхгүй. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ч үүнтэй тэмцэж байна. Тэгэхээр хүлэмжийн хийн ялгарал эрчимтэй нэмэгдэж байгаа учраас хүн ам дасан зохицохоос өөр аргагүй болно . Малаа хорогдохоос сэргийлж нягталдаг, ганд тэсвэртэй ургамал хүртэл тарьж эхэлж байна.

-Ер нь хүлэмжийн хий ялгарал жилд дунджаар хэдэн хувиар нэмэгдээд байгаа вэ?

-1994 оноос хойш 21 жилийн хугацаанд 340 PPM байсан бол одоо 400 руу дөхсөн. Энэ хэрээр агаар мандал дахь хүлэмжийн хий ахиад л байна. Гаднаас ирж байгаа богино долгионы цацраг газарт буугаад урт долгионтой болдог. Түүнийг нь хүлэмжийн хий агуулга өндөртэй учраас шингээж, буцаагаад газар руу цацруулдаг. Уг нь агууламж багатай бол буцаад сансар руу гаргаад явуулах ёстой юм. Энэ нь өнөөгийн дулааралтын гол механизм болоод байна. Өөрөөр хэлбэл, хүлэмжид ногоо тарихад хүлэмж рүү нарны цацраг оруулж, буцаад дулаанаа хадгалж, гаргадаггүй. Үүнтэй адил эпет үзүүлдэг гэсэн үг. Хүлэмжийн хий байх ёстой хэмжээ гэж бий. Байхгүй, бүгдийг нь соруулаад авчихвал хүн амьдарч чадахгүй шүү дээ. Харин хэмжээнээсээ хэтэрвэл уур амьсгалын хориг өөрчлөлт мэдрэгдэж байна.

-Хүлэмжийн хийг багасгах боломж байна уу. Дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Улс орнууд хүлэмжийн хий ялгаруулалтаа багасгаж, бууруулах чиглэлд ажиллаж байна. Зарим орон бүр хоорондоо өрсөлдөж байна. Цахилгаан станц, нүүрснээс татгалзаж, ногоон эдийн засагтай байгальд халгүй сэргээгдэх эрчим хүч ашиглахад анхаарч байна. Бид бас цаашдаа энэ чиглэлд анхаарах хэрэгтэй байна.

Энхтайван МӨНХЦЭЦЭГ сэтгүүлч

http://itoim.mn/index.php/site/news/1732

Санал болгох мэдээ

Т.Наранбат: Сонгогчид нэрийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авах үүрэгтэй

Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ сарын 1-ны өдрөөс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим …