М.Зоригт: Төмөр замын даргатай ажиллахгүй, МИАТ-д японууд менежмент хийнэ

12399297_1065833193459243_1694962367_nЗам тээврийн сайд М.Зоригттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та сайдаар ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. УИХ-ын гишүүн байхдаа зам тээврийн салбарт юу болж байгааг, ажил нь яаж явдгийг мэддэг байсан уу. Эсвэл огт мэддэггүй байсан байна уу?

-Төрийн яамд, агентлагууд хөндлөнгөөс өнгө зүстэй, их гоё харагдаад байдаг. Яг дотор нь ороод ирэхээр “гал тогоо”-ндоо бол их хэцүү, зовлонтой л байдаг юм байна. Хувийн хэвшлээр бол муу засаглалтай, ядмагхан компани шиг. Энэ нь хүмүүс нь ур чадваргүйдээ биш, удирдлага менежментэд, бодлогоо хэрэгжүүлэх арга хэлбэрт алдаа байдаг юмуу даа. Улс төрийн албан тушаал гэхээр зөвхөн томилгоо, хуваарилалт, дахин хуваарилалт гэж ойлгодог. Улстөрчид ч төсөвтэй холбоотой төрийн эрх мэдлийг авах, авснаа хувааж хуваарилахаа илүүд үздэг, тэр өнцгөөс нь эхэлж хардаг. Би энэ салбарын өмнөх, Төмөрхүү сайдын үйл ажиллагаанд үнэхээр шүүмжлэлтэй хандаж байсан. Сайдаас нь болиулна, би өөрөө сайд болъё гэдгээ чуулган дээр шууд хэлж байсан. Болохгүй байна гэдгийг нь олж харчихаад тэгж хэлсэн. Орж ирээд болохгүй байсныг нь одоо бүр илүү мэдрээд л сууж байна.

-Та хувийн хэвшилд ажиллаж байсан хүн. УИХ-ын гишүүн хэдий ч зарим талаараа төрийн яам бол танд шинэ орчин. Хувийн хэвшилд хэрэгжүүлдэг менежмент, төрийн сайдын ажлын уламжлалт дэг жаягт зөрчил байна уу, та аль талыг нь илүүд үзэж ажиллаж байна вэ?

-Нэгд, аливаа ажлыг хүн л хийж гүйцэтгэдэг. Ямар ч сайн бодлого, хөрөнгө санхүү байгаад түүнийг хүн сэтгэлээсээ хүсч хийхгүй, зохион байгуулахгүй бол ажил явдаггүй, амжилтад хүрдэггүй. Хоёрдугаарт, тухайн ажлыг гүйцэтгэх хүн мэргэжлийн, салбараа мэддэг байвал илүү сайн. Манай яаманд өмнө нь сайдын, даргын ширээн дээрээс доошоо үүрэг өгдөг байсан. Ихэнх яаманд тийм байх. Одоо манай яаманд бол аливаа шийдлийг халуун цэг дээр нь сууж байгаа мэргэжлийн хүмүүс гаргаж, тэрэн дээр нь би сайдын хувьд гарын үсэг зурж шийдвэр болгодог зарчимтай. Сурсан мэдсэнийг нь, туршлагыг нь яг шийдвэр гаргах төвшинд ашиглаад ирэхээр манай яамныхан их баяртай, урамтай байгаа. Хамгийн энгийн жишээ хэлэхэд л би саяхан Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн галт тэргээр зорчиж, цувааны бүх вагоноор явж, олон проводниктой уулзлаа. Тэдэнд ажлаа яриад, тэднээр ажлыг нь яриулаад, ярьж байгаа хүндрэлийнх нь шийдлийг өөрсдөөр нь хэлүүлэхээр их урамтай. Манай яамныхан яг тэгж л ажилладаг схемтэй болсон.

-Нэгэнт төмөр зам ярьсных УБТЗ-ын Монголын талын хувьцааг Төрийн өмчийн хороо төлөөлдөг байсан. Сая ТӨХ-г татан буулгалаа. Тэгэхээр УБТЗ-ын хувьцааг буцаагаад Зам тээврийн яамны мэдэлд өгөх үү?

-ТӨХ-г татан буулгах процесс хараахан дуусаагүй учир одоогоор Сангийн яаманд байгаа. Ер нь бол хувьцааны эрх мэдэл хаана, хэнд байх нь тийм чухал биш. Гол нь салбарын бодлого, салбарын мэргэжлийн хүмүүсийн санаа бодол хөрсөн дээрээ бууж, хэрэгждэг л байх ёстой. Бид ОХУ-тай, Оросын төмөр зам, холбогдох яам, төрийн албаны хүмүүстэй нь хэд хэдэн удаа уулзсан. Тэдний зүгээс аргагүй мэргэжлийн чиг хандлагатай, ажлаа мэддэг хүмүүс шиг “төмөр замаа ингэж шинэчилмээр байна, орчин цагийн төмөр зам ийм болсон, дохиолол холбооны систем нь тийм болсон, хурд нь ингэж өөрчлөгдлөө, үнэ тарифын бодлого ийм байх ёстой” гээд маш олон санаа хэлж, саналууд тавьдаг. Харамсалтай нь, Монголын тал болох ТӨХ-ны хэдэн нөхөд өөдөөс нь хараад суудаг байсан. Салбарын бус, тэгсэн хэрнээ салбарынхыг нь сонсдоггүй түшмэд хийе, хэрэгжүүлье гэсэн санаануудыг нь сонсохоос цааш өөрөөр юу ч хийгээгүй. Харамсалтай, хайран цаг.

-Хувьцаа нь ТӨХ-нд ч, төмөр зам бол зам тээврийн салбарын нэг гол функц. Сайдын хувьд төмөр замын асуудалд оролцоход танд эрх мэдэл дутагддаг юм уу?

-Тийм, дутагдаж байна.

-УБТЗ-ын дарга таны үгэнд орохгүй байна гэж үү?

-Ордоггүй учраас л салбарын сайдын эрх мэдэл дутаж байгаа шүү дээ. Яамд ажил бүтээл, хууль эрх зүйн хэрэгжилтээр хоорондоо уралддаг. Манай яам хамгийн түргэн шуурхай ажилладаг, хамгийн бүтээмжтэй нэр зүүгээд яваад байдаг. Тэгсэн ганцхан УБТЗ-аас болоод оноогоо хойш чирж, бусад бүтцийнхээ амжилтыг унагаж байгаа байхгүй юу. Энэ тухай УБТЗ-ын даргад, “толгой” нь болсон Төрийн өмчийн хороонд би нэг биш удаа хэлсэн. Шилэн дансны хуулийг мөрдүүлэх тухай санамж бичиг өглөө, үүрэг өглөө, хариуцлага тооцохыг хүслээ. Бүгд байхгүй, усанд хаясан чулуу шиг таг. 1949 оны гэрээ хэлэлцээрийг бид хүндэтгэнэ. 1949 оны гэрээг өөрчилье л гээд байдаг юм. Гэтэл яг ажил хийхэд тэр гэрээ садаа болдоггүй. Харин ажил хийх, хийхгүй аргацаах хандлага садаа болж байна.

-Тэгэхээр УБТЗ-ын хувьцааг яамандаа буцааж авах хэрэгтэй юм байна, тийм үү?

-Удирдана, удирдахгүй гэдэг бол чухал биш, гучдугаар асуудал. Монгол төрийн, салбарын нэгдсэн бодлого тэнд хэрэгжиж байна уу, үгүй юү гэдэг л хамгийн чухал. Бодлого, ажил л явах хэрэгтэй. Түүнээс биш, сайд гэхээрээ л өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцоод, удирдаад, боловсон хүчнийх нь бодлогод нөлөөлөх гээд байхгүй. Манай яамны хийдэг ч ажил биш. Жишээ нь, Шилэн дансны хуулийг хэрэгжүүлье гэхэд хаа хаанаа татгалзсан, гэрээгээр хорьсон зүйл байхгүй. Ганцхан Замын даргын хэмжээнд хүсэхгүй байгаа учраас хийхгүй байгаа юм. Одоо эмх цэгцэндээ орох хэрэгтэй. Монгол Улсын хууль хаана л бол хаана л үйлчилж байх ёстой. Би тэрийг л шаардаж байгаа.

-Эмх цэгцэндээ орох ёстой гэдэг нь юу гэсэн үг вэ, УБТЗ-ын даргыг өөрчлөх үү?

-Би тэр хүнтэй хамтарч ажиллахгүй гэдгээ хэлчихсэн. Ийм байдлаар Монгол Улсын хуулийг уландаа гишгэдэг хүнтэй хамтарч ажиллаж чадахгүй. Замын даргад өөрт нь албан ёсоор хэлээд гаргасан. Өчигдөрхөн ч хэлсэн. Холбогдох албаны хүмүүст нь хандчихсан. ОХУ-ын төмөр замын томоохон албан тушаалтнууд Улаанбаатарт ирээд төмөр замын асуудлаар яамнаас дээш төвшинд хэд хэдэн уулзалт хийсэн. Тэгж байхад тэр үеэр УБТЗ-ын дарга нь орлогчоо дагуулаад Францад гэр бүлтэйгээ л явж байсан. Ид ажлын үеэр санаа бодол нь өөр газарт явж байгаа ийм хүнээр алба хашуулна гэж байхгүй. Ерөнхий инженер нь эрх ашгийн зөрчилтэй, “Жемнэт” гэж хувийн компанийн байр нь төмөр замын өмч шиг байгаа юм. Төмөр замд байрыг нь өгөхгүйн тулд тэнд очоод удирдах шатанд нь ажиллаад ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрүүд гаргуулаад сууж байдаг юм болов уу гэж хардсан. Иймэрхүү хүмүүстэй би хамтарч ажиллахгүй.

-Та яг ажлаа бодож салбарын сайдын хувиар төмөр замын даргын асуудалд хандаж чадаж байгаа юу. Яагаад гэвэл үе, үеийн сайд нар төмөр замд намынхаа фракцын, эсвэл бизнесийн бүлэглэлийн томилгоог хийдэг. Одоо байгаа замын даргыг АН-ын “Алтан гадас” фракцын хүн гэдэг. Та өөрөө МоАХ фракцынх. Тэгэхээр та фракцыг фракцаар л солих гээд байгаа юм биш үү?

-Би түрүүнд хэлсэн. Хэн байх нь бус, ажил хийдэг, хууль биелүүлдэг хүн байх нь чухал гэж. Миний шалгуур ердөө тэр. Энэ байгууллагад сонгуулиас сонгуулийн хооронд бүлэглэл, улс төрийн фракцууд ээлжилж томилгоо хийдгийг болиулъя. Мэргэжлийн, салбараа мэддэг хүнээр удирдуулахгүй бол ажил явахгүй байна. Энэ хандлагаасаа татгалзах хэрэгтэй.

-Төмөр замын ажил нь ямархуу яваа вэ, энэ салбарт юу хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Дарга хэн байхаас үл хамаараад өмнөх ажлаа сайн хийдэг ажилтнуудтай аль ч байгууллага амжилтад хүрдэг. Тийм төмөр замчдын зүтгэл, оросуудын идэвхтэй оролцоотойгоор төмөр замын ажил өнөөдөр боломжийн, сайн яваа. Замын-Үүдийн ачаа дамжин өнгөрөх байгууламжийн хүчин чадлыг арав дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Транзит тээврийг Монголын нутгаар нэвтрүүлэх тал дээр хоёр талтай зарчмын тохиролцоонд хүрлээ. Яам хөөцөлдөж байж 2015 оны сүүлчээс “Роснефть” компанийн түүхий нефтийн транзит тээврийг эхлүүллээ. Жилдээ 3.2-4 сая тонн түүхий нефть тээвэрлэх гэрээг хийж өглөө. Цаашид транзит тээврээ бууруулахгүй улам бүр нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд Монгол Улс, ОХУ, Хятад улсын транзит тээврийн хамтарсан компани байгуулах санаачилгыг бид гаргасан. Бичиг баримтаа боловсруулж, хоёр талд саналаа тавиад явж байгаа. Энэ оны нэгдүгээр улиралд багтаан хамтарсан компанийн асуудал дээрээ зөвшилцөнө. Хамтарсан компаниа байгуулж чадвал төмөр замын транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, санхүүгийн чадамжийг өсгөхөд маш чухал алхам болно. Ачаа тээврийг нэмэгдүүлэхээс гадна УБТЗ-ын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадамжийг нэмэгдүүлнэ. Ойрын хугацаанд хөрөнгө оруулалтын асуудлыг үр ашигтайгаар шийдвэрлэхийг зорьж байна. Ингэхийн тулд олон жил яригдаж байгаа дохиолол холбооны системийг сайжруулах төслийг хэрэгжүүлж эхэлж байна. Энэ төсөл хэрэгжвэл нэвтрүүлэх чадамж доод тал нь 30 хувиар нэмэгдэнэ. Жилд нэвтрүүлдэг ачааны хэмжээ 36 сая тоннд хүрэх боломжтой. Одоо бол жилд 22-24 сая тонн ачаа л нэвтрүүлж байгаа. Нөгөө талаар бид хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг түлхүү дэмжих бодлого барьж байна. Төмөр замын салбарт, Эрдэнэт-Овоотын чиглэлийн 575 орчим км замын суурь бүтцийг барих ажлыг хувийн хэвшилд концессоор өгсөн. Энэ концессын замыг цааш үргэлжлүүлээд ОХУ-ын Кызылтэй холбосон төмөр замыг бий болгоод хамтарсан байдлаар эзэмшиж ачаа тээврийн хэмжээгээ нэмэгдүүлэх боломжтой. Энэ төмөр замыг барьж байгуулбал жилдээ 30 орчим сая тонн нөөц баялгийг тээвэрлэнэ гэж харж байна. Өмнөд хөрш рүү болон ОХУ-аар дамжин далайн боомт руу тээвэрлэх боломжтой. Мөн бага хэмжээний төмөр замын бүтээн байгуулалтын ажил Сэлэнгэд хийж байна. Операторынх нь ажлыг ч хамтад нь шийдээд явна гэсэн чиглэл барьж байгаа.

-Одоо “МИАТ”-ын тухай асууя. “Turkish Airlines” орж ирээд МИАТ-ийн зах зээлийг эзлэх гээд байна гэх яриа нэлээн явж байна. Үнэхээр “Turkish Airlines” онгоцоо томруулъя, нислэгийн тоогоо нэмэгдүүлье гээд байгаа юм уу. “Turkish Airlines” Гүржийн агаарын тээврийн салбарт хэрхэн монополь эрхтэй болсон тухай “Форбес”-т гарсан нийтлэлийн талаар нэлээд яриа өрнөж байна?

-Танай www.iToim.mn дээр гарсан “Форбес”-ийн нийтлэлийг уншсан л даа. Манай зарим сайд, Ерөнхий сайд хүртэл над руу линкийг нь явуулж санаа аваарай гэсэн. Гүржид үнэхээр нисэх буудлуудыг нь Туркийн компаниуд эзэгнэж, хамгийн оргил цагийн нислэгүүдийг нь авсан, бусад авиа комппани өрсөлдөх орон зайгүй болсон тал бий юм билээ. Гол алдааг нь тэр нийтлэлд сайн гаргасан байна лээ. Манайхны хувьд Хөшигийн хөндий 2017 оны нэгдүгээр сарын 7-нд ашиглалтад орж, тууз хайчилна. Жилийн дараа гэсэн үг. Бид Японоос таван тэрбум ам.долларын зээл авсан. Энэ зээлийг авахдаа хэд хэдэн үүрэг хариуцлага хүлээсэн. Тухайлбал, нэгдүгээрт зээлээ буцааж төлөх ёстой. Зээлээ буцааж төлөх эдийн засгийн суурь нөхцөлөө бүрдүүлэхийн тулд Хөшигийн хөндийн буудал ашиглалтад орсон өдрөөс “Чингис хаан” нисэх буудлыг нисэх буудлын зориулалтаар ашиглахгүй. Хоёр нисэх буудал дээр орлого хуваагдах эрсдэлтэй учраас тэр. Хоёрдугаарт, “МИАТ”-ээс өөр компани нисэхгүй гээд тэврээд хэвтээд байдаг сэтгэлгээг задлах хэрэгтэй. Тэгж байж олон улсын нислэг бууж, суудаг, явдаг болно. Жил хүрэхгүй хугацааны дараа МИАТ-ийг эрх хүүхэд шиг угжаад явдагаа болино. Хөшигийн хөндий Монголын нэртэй, Монголын газар нутаг дээр байгаа хэдий ч олон улсын нисэх онгоцны буудал. Сингапур, Осака, Франкфурт шиг олон улсын авиа компаниуд нисч, буудаг дэлхийн нисэх буудал болж байгаа юм. Олон улсын стандарт, зах зээлд чанартай үйлчлэх төвшний өндөр зэрэглэлийн нисэх буудал. Түүнийгээ дагасан үнэ тарифтай байна. Тэр өрсөлдөөнд МИАТ өнөөдрийн сэтгэхүйтэйгээ, өнөөдрийн өдөр аргацаасан бодолтой орвол удахгүй сөхрөөд унана. Сөхөрч унахыг нь мэдсээр, харсаар байж юу ч хийхгүй суух нь өөрөө гэмт хэрэг. Тийм учраас МИАТ-д эрс шинэчлэл хийх хэрэгтэй. Уг нь УИХ-ын хэмжээнд тогтоол гаргаж Иргэний нисэхийн салбарт төрөөс баримтлах бодлогоо баталж, түүгээрээ дамжуулж МИАТ компанид давуу эрх олгосон баримт бичиг байгаа. Тэрийг нь уншихаар 60-70 хувь нь огт хэрэгждэггүй.

-Бодлогынхоо хэмжээнд ажиллаж чаддаггүй гэсэн үг үү?

-Тийм, тэр бодлогыг нь уншихад МИАТ Монгол Улс гэсэн “малгай”-тай боловч цаанаа Солонгосын “KAL” /Korean Airlines/ гэж авиакомпанийн ашиг сонирхлын, тэдний эрх ашгийн төлөө захиалгаар хийсэн л бодлого мэт уншигдаад байгаа юм. Өнөөдөр Монголын иргэний агаарын тээврийн орон зай бол зөвхөн “KAL”-д үйлчилж байгаа. Энэ бодлогыг тодорхойлдог, гардан хийдэг, хэрэгжүүлдэг хүмүүс нь бүх шатандаа “KAL”-ын цэргүүд шиг л сууж байна гэж хардахаар. Өнөөдөр Туркийн авиакомпанийн бодитой аюул гэж байхгүй, Солонгосын “KAL”-ын асуудал л бий. Гуравхан онгоцтой МИАТ туркуудтэй тулалдаад байгаа юм биш. Олон зуун онгоцтой Солонгосын “KAL” болон “Turkish Airlines” хоёр Монголын зах зээл дээр тулалдаад байгаа юм. Гадаадын энэ хоёр том компани Монголд ирээд ашиг сонирхол нь зөрчилдөж, үүндээ манайхныг хутгаад байгаа асуудал л бий. Өнөөдөр “МИАТ”-ыг харж үзээд шийдвэр гаргасан ч хамгийн өндөр ашгийг “KAL” л хүртэж байна. Манайхан ч тэр талдаа үйлчлэх маягтай, сүлжээ шиг. МИАТ-ийн одоо байгаа удирдлагууд ажилчдынхаа дунд “Зоригт сайд Туркийн авиа компанид тавдугаар эрх өгсөн” гэсэн цуу яриа тараасан байсан. Тавдугаар эрх гэдэг нь товчдоо Улаанбаатараар дамжиж өөр тийш нисэх эрх гэсэн үг. Би монгол, хэнээс ч дутахааргүй эх оронч хүн. Хэзээ ч гаднын компанид тавдугаар эрх өгөөд суух тэнэг биш. Харин “Turkish Airlines” нь ч юмуу, “KAL” нь юм уу Монголд ирж хоорондоо өрсөлдөж байгаа нь Монголын талд ашигтай байх ёстой болохоос хэн нэгнийх нь талд илт үйлчилж болохгүй. Аль аль нь Улаанбаатарт ирээд буцаад явдаг байх ёстой. Түүнээс бус, Улаанбаатараар дамжиж өөр тийшээ явдгийг нь зогсоох ёстой.

-Гэхдээ тусгаар улс л юм бол үндэсний агаарын тээврийн компанитай байх ёстой. Улс ч бодлогоор дэмжих ёстой байх?

-МИАТ-ийг хувьчлаад, үнэгүйдүүлээд авчихъя гэсэн мянган цуглуулга явдаг. Зам тээврийн сайдын хувьд ч, зам тээврийн бодлогын үндсэн чиглэл ч МИАТ компанийг хувьчилж болохгүй гэж үздэг. Тийм учраас яамны бодлогын төвшинд МИАТ-ийн 51-ээс доошгүй хувийг концессын зүйлийн жагсаалтад менежментээр өгөх асуудлыг шийдүүлнэ. Ондоо багтаагаад шийдэхийг зорьж байгаа. Энэ бол МИАТ олон улсад өрсөлдөх чадвартай болох, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад нь чухал нөлөө болох ёстой. Бид өнөөдөр хоёр хөршийнхөө нийслэлд шууд очиж чадаж байна. Гурав дахь хөршүүд болох Япон, Солонгос, Европ руу шууд нисч чадаж байна. Нэгд, үүнийг бид хадгалж ажиллах ёстой. Хоёрт, АНУ руу шууд нисдэг болох ёстой. Энэ зорилгын төлөө ч ажиллах нь миний хамгийн том зорилт. Цаашдаа дотоодын нислэгийг бүрэн шийдэх ёстой. Бүх аймгийг нислэгтэй болгож, сумдыг нислэгтэй болгох ёстой. Эдгээр ажлыг ярихад их том юм шиг мөртлөө шийдэхдээ тулбал хялбар шийдэгдэх боломжтой. МИАТ өнөөдөр чөдрийн ганц биш, уралдааны морь шиг байх ёстой. Улсад чөдөртэй, хонины морь шиг авиакомпани хэрэггүй. Харин олон улсад өрсөлдөж чадах хурдан ажнай л байх ёстой.

-МИАТ-д ажиллах менежментийн багаа ерөнхийд нь тооцчихсон уу?

-Японууд хамтарч ажиллая гэж байгаа. Энэ дагуу менежментийн концесс зарлаж, Японы томоохон компаниудын консорциум байгуулагдсан байгаа. Японы Нарита нисэх онгоцны буудал тэргүүтэй дөрвөн компани Монголтой хамтран Хөшигийн хөндийн менежментийг хэрэгжүүлэхээр болж байгаа. Манайх өр төлбөрөө барагдуулж дуустал хамтарсан компани ажиллана. Тэр хугацаанд Японы тал 51, Монголын тал 49 хувийн харьцаатай байна гэж Абэ Ерөнхий сайдын айлчлалаар тохирсон. Өр төлбөр барагдуулж дууссаны дараагаар энэ концессын гэрээ дуусгавар болно. Энэ хугацаанд бид туршлага хуримтлуулж, олон нисэх онгоцны буудал барих чадалтай, менежменттэй л үлдэнэ. Би нэг жишээ хэлье. Японы “JAL” /Japan Airlines/ компани 2010 онд 25 тэрбум ам.долларын өртэй, жилийн 1.8 тэрбум ам.долларын алдагдалтай ажиллаж байсан. Яг МИАТ-ийн өнөөгийн нөхцөл байдал шиг. Тухайн үед Японы Засгийн газар бага хэмжээний санхүүгийн эх үүсвэртэй санг хөрөнгө оруулах санал тавьсан. Менежментийн концессын гэрээ байгуулсан. Тухайн сангийн 50 хувийг Японы Засгийн газар эзэмшдэг байсан. Өнгөрсөн 2015 онд менежментийн концессын гэрээ нь дууссан. Өнөөдөр “JAL” дэлхийн шилдэг агаарын тээврийн компанийн нэг болж чадсан. Өнгөрсөн хугацаанд Японы Засгийн газар “JAL”-ыг татварын бодлогоор дэмжиж нэг ч иенийн татвар аваагүй. Үр дүнд нь “JAL” шилдэг агаарын тээврийн компани боллоо. Тиймээс японуудтай Хөшигийн хөндийд хамтарч ажиллахад ашиг орлоготой байя гэж байгаа бол “JAL”-ыг өр алдагдлаас нь салгасан аргаар МИАТ-ийн менежментийг хамт хийх санал тавьж байгаа.Миний санаа бол тийм л байна. Заавал Хөшигийн хөндийг ашиглалтад орсны дараа биш, одоо шууд ярьмаар байгаа юм. Ингэвэл, улстөрийн нам, бүлэглэл, иргэний нисэхээс хамаарсан захиралгүй, ажлаа хийх мэргэжлийн удирдлагатай, зөв менежменттэй болбол МИАТ тэс өөр болно. Бид энэ салбарт ганцхан МИАТ-ийг харж ажиллахгүй шүү дээ. Хөшигийн хөндий шинэ нисэх буудлаа цогц болгоно. Төсөлтэйгөө уялдуулаад шинэ нисэх буудлын ойр орчимд төмөр зам, хурдны зам, тээвэр логистикийн асуудлыг шийднэ. Хурдны замыг нь ирэх гуравдугаар сараас тавьж эхэлнэ. Зорчигч тээврийн болон тээвэр логистикийн төмөр зам барихаар судалгааны ажлаа хийж байна.

-Агаарын тээврийн салбарт гадаад талдаа ямар ажлууд төлөвлөж байгаа вэ?

-Хятадтай манай улс нэлээд их хэмжээний газар нутгаар хиллэдэг. Зүүн өмнөд Азиас Европ руу чиглэдэг нислэгүүдийг Монголын нутгаар дамжин өнгөрүүлэх, тоог нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар хамтарсан дүгнэлт гаргах ажлын хэсэг ажиллаж байна. Хятадын талын ажлын хэсэг энэ долоо хоногт Монголд ирж ИНЕГ- т ажиллана. Мөн Хятадын баруунаас зүүн чиглэлд нисдэг нислэгүүд, зүүнээс баруун тийш чиглэлийн онгоцууд Монголын нутгаар тойрч нисдэг. Энэ нислэгүүдийг Монголын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрүүлэх, ингэснээр зай, цаг хугацаа, хөрөнгө хэмнэх, аюулгүй байдлын төвшиндөө боломжийн гэж үзсэн учраас хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн бизнесээ үргэлжлүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлээд, хамтраад ажиллаж болох юм байна гэж үзсэн. Хятадын талтай дотоодын чиглэлийн хоёр ч нислэгийг үндэслэн бизнесээ үргэлжлүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлээд, хамтраад ажиллаж болох юм байна гэж үзсэн. Хятадын талтай дотоодын чиглэлийн хоёр ч нислэгийг Монголын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрүүлж болох юм гэж харж байгаа. Нөгөө талаар Хятадын талтай манай улс агаарын коридорын зургаан хаалгатай. Сая Хятадад болсон уулзалтаар нэмэлт нэг хаалгаа нээе, энэ хаалгаар Зүүн Өмнөд Азиас Европ руу нисэж байгаа онгоцуудыг оруулъя гэж ярилцаж байгаа.

-Таныг сайд болсноос хойш хэдэн км авто замыг ашиглалтад оруулав аа. Тоо хэлэх боломжтой юу?

-Хөгжлийн банк, улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 1000 гаруй км авто зам барьсан байна. Энэ онд хэд хэдэн томоохон замын ажил эхэлнэ. Концессын гэрээгээр эхэлсэн замууд байна. Ховд-Увсын замын ажлын гүйцэтгэл 40 хувьтай явж байгаа гэсэн мэдээллийг сая өгч байна. Нисэхийн хурдны зам, Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 126 км, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км, Тосонцэнгэл-Завхан чиглэлийн 114 км, Дорнодын 143 км замын ажлууд энэ ондоо багтаад дуусна. 2012 оны сонгуулийн дараа анх дэвшүүлж байсан 21 аймгийг хатуу хучилттай замаар холбох ажлууд үргэлжилж, энэ онд хэд хэдэн аймгийг холбож дуусгах төлөвлөгөөтэй байгаа.

-Хотын зам яаманд хамаарахгүй юу, ямар ямар чиглэлд шинээр зам барих юм бол?

-Хотын замыг шууд утгаар нь яам мэдэхгүй. Гэхдээ салбарын бодлого, стандарт мэдээж тэнд явна. Хамгийн том бүтээн байгуулалт гэвэл Налайхын замыг 4-6 эгнээгээр шинэчилнэ. Яг хуучин шиг чанартай, чадвал цементэн суурьтайгаар олон жилийн насжилттай зам тавих бодлого бий.

-Тэгвэл орон нутагт энэ онд хаана, хаана ямар зам барих вэ?

-Энэ онд голдуу гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр барьж байгуулах замын ажлууд бий. Баруун-Урт-Бичигт чиглэлд зам тавина. Энэ замыг хойшоо ОХУ-тай босоо тэнхлэгээр холбох зүүн чиглэлийн авто замыг барьж байгуулахыг зорьж байна. Энэ замаа дагасан Хөөтийн нүүрсний уурхайг түшиглэн Хөөт-Бичигт-Чойбалсан-Эрээнцав- Соловьевск гэсэн чиглэлийн төмөр замыг барьж байгуулах бодлогод анхаарлаа хандуулж ажиллана. Баруун босоо тэнхлэгийн тухайд Ховд-Өлгийн чиглэлийн 189 км замыг барьж байгуулах ажил эхэлж байна. Энэ ондоо багтаад ашиглалтад өгөхөөр зохион байгуулж байна. Баруун босоо тэнхлэгийн зам олон улсын маршрутынх гэж нэрлэгдсэн ганц зам. Монголын нутгаар дамжуулаад хойд урд хөршийг холбосон стратегийн чухал зам юм. Мөн Замын-Үүд-Алтанбулаг чиглэлийн хурдны замыг олон улсын маршрутад оруулахаар ярьж байна. Авто замаа дагаад тээврийг хөгжүүлэх ёстой. Бид Авто тээврийн тухай гурван улсын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрийг энэ онд байгуулна. Энэ хэлэлцээр дотроос гурван улсын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр их чухал. Оны эхний хагаст гэрээгээ албажуулахаар хоёр хөрштэйгөө тохиролцоод байна. Ирэх гуравдугаар сараас Улаан-Үүдээс Тяньжин боомт хүртэл туршилтын тээвэр хийж эхлэх төлөвлөгөөтэй байгаа.

-Авто замчид, замын компаниуд гүйцэтгэлийнхээ санхүүжилтийг бүрэн авч чадахгүй яваад байгаа. Замын ажил эхлэхээс өмнө нөхөж өгөх үү?

-Гүйцэтгэл маш их хэмжээгээр дутуу байгаа. Ер нь бол Монголын авто зам барилгын салбарт ажиллаж байгаа мэргэжлийнхэн маш их сэтгэл зүтгэл гаргаж ажиллаж байгаа. Жинхэнэ эх орончид. Өнгөрсөн оны ажлын гүйцэтгэл одоогийн байдлаар 70 орчим тэрбум төгрөгөөр дутуу байна. Энэ юуг харуулж байна гэхээр, манай зам барилгын компаниуд өөрсдийн боломж бололцоогоор ажлаа гүйцэтгэж, замаа тавьсан гэсэн үг. Тийм учраас хувийн хэвшлийнхнээ дэмжих, хийсэн ажлынх нь гүйцэтгэлийг олгуулахын тулд салбарын яам шаргуу ажиллана.

-Одоо улс төрийн юм асууя. Та намын ажилдаа хэр оролцож байгаа вэ?

-Би ҮЗХ-гы гишүүн. Удахгүй энэ сарын 20-доор хуралдана. ҮЗХ-ны гишүүний хувьд, Сүхбаатар аймгийн намын хорооны гишүүний хувьд оролцоод явдаг.

-АН бол фракцын нам. Таныг би МоАХ фракцын квотоор сайд болсон гэж ойлгож байгаа, зөв үү?

-Би Н.Төмөрхүү сайд энэ салбарын олон чухал зүйлүүдийг яаж будаа болгож байгааг хараад, манай Сүхбаатар аймгийн Бичигт-Баруун-Урт чиглэлийн автозам, төмөр замын асуудлыг унагааж байгааг хараад, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төлөвлөсөн ажлуудыг унагааж байгааг хараад олны өмнө ил зарлаж байгаад сайдад өөрийгөө нэр дэвшүүлсэн. “Ерөнхий сайд ч дэмжсэн. Тэгж ярьвал намайг сайд болоход манай намаас Х.Баттулга, Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг, Гарамгайбаатар, Г.Батхүү гишүүн нар миний эсрэг санал өгсөн. Өөрөөр хэлбэл, би өөрөө сайд болъё гэж гүйж байж болсноос биш, ямар нэгэн фракцын хүчээр гарч ирээгүй.

-Гэхдээ та МоАХ фракцын гишүүн мөн биз дээ?

-Мөн байлгүй яах вэ. Факц гэдэг чинь хэвлэлийн та нарын бичдэгээр албан тушаалын хуваарилалт дээр хамгийн их нэгддэг гээ биз дээ. Гэтэл намайг, Ерөнхий сайд нэр оруулаад ирж байхад манайхан дэмжээгүй. “Зоригоо бидний санасан бодсоныг хийхгүй юм байна” гээд Л.Эрдэнэчимэгийгээ зүтгүүлээд явсан. Би ч өөрийнхөөрөө явна гэдгээ ч илэрхийлж байгсан. Өөрөөр хэлбэл, би сайд болохдоо ямар нэг бүлэглэлийн дэмжлэгээр гарч ирээгүй. Ажил хийх гэж гарч ирсэн, ямар нэг нөлөөлөл, шахалтгүй ажлаа хийгээд явж байгаа. Нэг ёсондоо аль нэгэн фракц, хэн нэгэнд өргүй сайд гэх юм уу даа.Тийм учраас яамтай холбоотой бүтэц зохион байгуулалт, томилгоотой холбоотой асуудлаа би өөрөө 100 хувь шийдээд явж байгаа. Хүмүүс намайг “А.Гансүхийн хүмүүсийг авчихлаа, Х.Баттулгын хүмүүсийг авчихлаа” гээд байна. Гэтэл Н.Төмөрхүү сайд ирээд энэ яаманд 30-аад хувийн өөрчлөлт хийсэн байдаг юм. Томилгоонууд нь их ядуу. МАН-ынхан чинь хүнийг мэргэжил, ажил хийх чадвараас нь илүүтэй намын харьяаллаар нь хатуу шүүдэг шүү дээ. Тэгсэн байгаа юм. Тэрийг нь би буцаагаад ажлаа мэддэг, мэргэжлийн хүмүүсийг байранд нь тавьсан. Тэдгээр хүн нь өмнө нь яамандаа байсан, А.Гансүх, Х.Баттулга сайдын үед ажиллаж байсан, салбараа, асуудлаа мэддэг хүмүүс байж таарсан.

-Иргэн Зоригт чөлөөтэй байж болно. Гэтэл төрийн сайд хүн хэт чөлөөтэй байгааг чинь шүүмжилж байгаа тохиолдол байна уу. Жишээлбэл, машинаа өөрөө жолоодож байна. Сайд хүний амь нас ганц таных юм биш. Сайд учраас Монгол төрийн хамааралтай болсон. Гэтэл задгай машиныг өөрөө жолоодоод, Засгийн газрын хуралдаанд албаны хувцасгүй, жийнсэн өмдтэй сууж байх шиг. Бас сошиалд хэт их цаг зарцуулдаг гээд л.

-Яалаа гэж дээ. Би Төрийн ордонд костюмтой, зангиатай л байдаг. Төрөө хүндэтгэлгүй яах вэ. Энэ бол хууль. Өрөөндөө хувцсаа сольчихоод гарахдаа чөлөөт хувцас өмсчихдөг. Задгай машинтай явдаг болохоор их зузаан өмд өмсөнө, гоё костюм өмсөх боломжгүй. Сошиалын хувьд тэгж их цаг зараад байдаггүй ээ. Миний нэрээр твиттер, фэйсбүүкт бичихийг манай зөвлөх, туслахууд, баг хийдэг. Итгэлтэй хэд хэдэн хүн бий. Заримдаа өөрөө ч жиргэнэ. Зургийг ч адилхан, гэхдээ ихэнхдээ өөрөө авна. Харин цаг гарвал сошиалыг уншиж мэдээлэл авна, хүмүүсийн үзэл бодлыг сонсоно, хандлагыг харьцуулж уншдаг. Түүнээс бус, зам тээврийн салбар бол завтай, чөлөөтэй хүн ажил хийдэг салбар биш шүү дээ. Бүх яам л чухал үүрэгтэй ажил ихтэй. Гэхдээ миний бодлоор Зам, тээврийн яам бол онцлогтой. Маш том салбар. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийнхний тоо маш их. Зохицуулалтын шинжтэй үйл ажиллагаа давамгайлдаг. Хууль дүрэм журмыг чамбайруулж, чанаржуулах шаардлага байгаа. Манай салбарын үйл ажиллагаа хойд, урд хөрштэй ямар нэгэн байдлаар холбогдож хөгжих учиртай. Хоёр хөрштэйгөө хэдий чинээ улс төр, санхүү, бизнесийн харилцаа сайн байна, төдий чинээ энэ салбарын үйл ажиллагаа сайжирч, үр өгөөж нь нэмэгдэнэ. Тийм учраас харилцааг сайн байлгах нь бидний үүрэг. Үүний тулд бодлогын хувьд шинэчлэл хийх цаг үе нь ирсэн.

-Ярилцсанд баярлалаа

Г.Отгонбаяр

itoim.mn

Санал болгох мэдээ

Т.Наранбат: Сонгогчид нэрийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авах үүрэгтэй

Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ сарын 1-ны өдрөөс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим …