Хувь тэнцүүлсэн тогтолцоог халсан Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авснаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэн, гишүүдийн 72.4 хувийн саналаар дэмжин баталлаа. Ингэснээр холимог системээр сонгуулийг явуулах 2015 оны арван хоёрдугаар сарын 25-нд баталсан хууль хүчингүй болж, Сонгуулийн шинэ хуульд абсолют мажоритар системээр сонгуулийг явуулахаар хуульчилж өглөө. Нэг үгээр хэлбэл УИХ-аас “Жижиг 76 тойргоор сонгууль явах нь зүйтэй” хэмээн үзлээ.
УИХ-ын сонгууль 48 том тойргоор явагдана гэж Сонгуулийн тухай хуульд заачихсан байдаг. Энэ заалтыг ҮХЦ-ээс буруу гэж гаргаагүй. Тэр ч утгаараа намууд, бие даагчид томсгосон тойргоор мөрийн хөтөлбөрөө өгсөн билээ. Гэтэл МАН, АН-ынхан жагсаалтын 28-ыг яаж 48 тойрогтоо шингээх вэ гэж ярихын оронд шууд жижиг 76 тойрог болгож өөрчиллөө. УИХ-ын тухай хуульд цэцийн дүгнэлтэд зохих өөрчлөлтийг хийх ёстой гэж заасан байдаг болохоос биш бүхэлд нь өөрчил гэсэн заалт байдаггүй аж. Хэрвээ шууд жижиг 76 тойргоор сонгууль явуулах хүсэлтэй байсан бол энэ тохиолдолд хууль санаачилж оруулж ирэх ёстой байсан байна. Гэтэл тэд ахиад л хуулиа зөрчиж орхилоо.
Өнөөдрийн байдлаар намуудын дунд ид өрнөж буй асуудал нь жагсаалтын 28 мандатыг хэрхэн, яаж хуваах тохиролцоог хийх явдал юм. Шинэ хуульд зааснаар намууд тавдугаар сарын 20-23ны хооронд нэр дэвшигчээ тодруулах ёстой. Үүнээс өмнө парламентад суудалтай хоёр том нам жагсаалтын 28-ыг яаж хуваахаа тохиролцсон байх ёстой. Намууд тойрог дээрээ тохиролцоход ердөө 14 хоногийн хугацаа үлдэж байна.
Жижиг мажоритар нь улсыг 76 бүсэд хуваагаад, тойрог тус бүрт нэг хүний нэрийг дэвшүүлнэ. Сонгуульд өрсөлдөхөөр аль эртнээс төлөвлөж, бүтэн дөрвөн жилийн хугацаанд тойрогоо эргэж манаж байсан гишүүд дундаас 76 хүнийг шигшиж олно гэдэг намын дарга нарын хувьд ачаалалтай ажил болж үлдэх нь мэдээж. Үүнээс гадна фракциудынхаа эрх ашгийг хангах, өөрийнхөө эрх ашгийг гүйцэлдүүлэх гээд хоёр Энхболдын хувьд нойргүй хонох, хамгийн хүнд өдрүүд эхэлж буй юм.
Жагсаалтын 28-д орно гэдэгтээ бат итгэсэн гишүүд олон бий. Тэд намын жагсаалтаар гарна гэдэгтээ итгэж тойрогоо эргэж тойрох нь битгий хэл улсдаа хийсэн ажилгүй дөрвөн жилийг өнгөрөөсөн байгаа.
Энэ тохиолдолд тойргоо өөрчлөх, шинэчлэх гээд аль, аль нам дотор тойргийн тохиролцоо эвдэгдэж, дахин хуваарилалт шинээр өрнөх нь гарцаагүй асуудал болж байна. Жишээлбэл, жагсаалтад орохоор горилж явсан хүмүүс тойрогтойгоо үлдэх гэж, тойргоо тордож явсан хүмүүс нь түүнийгээ хамгаалах гэж намуудын дунд халуухан зодоон болно. Өмнөх сонгуулиудаар намдаа тэрбум төгрөг хандивлаж, тойрог олж авсан гэх улстөрчдын тухай яриа байдаг. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар тойргийн ханш хэд дахин нэмэгдэх магадлал өсч байна. Мөнгөтэй нэг нь тойрогтой үлдэж, мөнгөгүй нэг нь лааз өшиглөж үлдэх юм.
Үүнээс үзэхэд ард иргэд сонгууль өгч сонголтоо хийхээс өмнө аль хэдийнэ, сонгууль болоод өнгөрсөн мэт харагдаж байна. Учир нь тойрогоо булаацалдсан гишүүд эрдэм чадлаараа бус хөрөнгө мөнгөөрөө тойрогтой үлдэх юм. УИХ-д мөнгөтэй гишүүд нь хэд билээ, мөнгөгүй гишүүд нь хэд байгааг иргэд мэдэж байгаа. Өнгөрсөн долоо хоногт АТГ-аас гаргасан ХОМ-ээс харахад насаараа ордны “буг” хийсэн гишүүд хамгийн их хөрөнгөтэй хэмээн харагдаж байсан. Тэгэхээр хүссэн хүсээгүй намын жагсаалтаар гардаг нөгөө л хэдэн баачка нар нэр дэвших болж байна.
Уг нь сонгууль гэдэг чинь ард иргэд өөрийн итгэл үнэмшлээрээ гаргах гэж буй хүндээ саналаа өгч гаргадаг бус уу. Гэтэл энэ удаагийн сонгуулиар нөгөө л хэдэн улиг болсон улс төрчид гарч ирэх сонгууль болох дүр зураг харагдаж байна. Залуу улс төрчдөд залгамж халаагаа үлдээж суудлаа тавьж өгөөд нэрээ татах зориг хэзээ манай улс төрчдөд бий болох вэ? Үнэнийг хэлэхэд саарал ордон дотор болиоч ээ, одоо тэтгэвэрт гараад гэртээ суу гэж хэлмээр улс төрчид олон бий.
Эдгээр хүмүүст гавьяаныхаа амралтад гарах эр зориг бий болов уу
Монгол Улсад 1989 оны сүүлчээс нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтийн үйл явц өрнөж, Ардчилсан хүчний эвлэл, холбоод үүсч байгуулагдан улс төрийн олон намын эхлэл тавигдсан билээ. Монгол Улсын Их Хурлыг сонгох анхдугаар сонгуулиар байгуулагдсан 1992-1996 оны УИХ –аас өдийг хүртэл энэ танхимд сууж саарал ордны “буг” хийсэн гишүүд цөөнгүй бий. Эдгээр хүмүүс энэ жилээс эхлээд дараагийн залуу улс төрчдөд байр сууриа үлдээж Монголын улс төрөөс яваасай билээ. Тухайлбал: УИХ-ын гишүүн Р.Гончигдорж насаараа төрийн эрх мэдэл бүхий албан тушаалыг хашсан энэ эрхэм гавьяаныхаа амралтанд гарах цаг нэгэнт болжээ. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл 1992 оноос хойш намын эрх мэдэл бүхий албан тушаал хашхаас гадна УИХ-ын гишүүн болон Сайдын албыг хашиж байсан. Одоо тэрээр мөн л дараагийн залуу улс төрчдөө суудлаа тавьж өгөх цаг болсон.
Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан, М.Энхболд, Сү. Батболд, Д.Арвин, С.Эрдэнэ, Г.Батхүү, С.Баярцогт, Ө.Энхтүвшин, З.Энхболд, Н.Энхболд, Д.Тэрбишдагва, Д.Лүндээжанцан зэрэг эдгээр хүмүүс энэ удаагийн сонгуульд оролцохгүй улс төрийг цэвэршүүлж, цус сэлбэх боломжыг гаргаж өгөхгүй юм байхдаа. Хааны алба халаатай, Эзний суудал ээлжтэй гэдэг шиг улс төрийн суудлаасаа буугаад дараагийн улс төрчдөө гаргаж ирэх ухамсар тэдэнд байдаг болов уу. Намууд УИХ-ын гишүүний суудалд насаараа шигдсэн эдгээр нөхөдөө бодохоос илүү залуу хүмүүст боломж олговол намаа бодож иргэд сонголтоо хиймээр байх юм даа.
Эх сурвалж: amjilt.com