Эзэнтэй эзэнгүй мэт явсан Эрүүл мэндийн сайдаар хэнийг томилох нь хүн бүрийн анхаарлыг татаад буй. Үүнтэй холбоотойгоор 1990-1996, 2000-2004 оны хооронд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан академич П.Нямдаваатай ярилцлаа. Мэргэжлийн Засгийн газар байгуулахад мэргэжлийн хүмүүсийн үг жинтэй байх болов уу.
-Засаг төр солигдоод хэчнээн яамтай ажиллах талаар ярьж байна. Удахгүй сайд нарыг томилж эхэлнэ. Эрүүл мэндийн салбарыг цөөнгүй жил удирдсан халуун тогоон дотор нь насаараа ажилласан мэргэжлийн хүний хувьд Эрүүл мэндийн сайдаар хэн томилогдохыг сонирхож суугаа байх?
-Засаг ээлжит удаагаа солигдож, хүн бүр юу болдог бол гэсэн байдалтай хүлээж байна. Энэ удаа сонгогчид Монгол Ардын Намд маш их итгэл хүлээлгэлээ. Энэ хэмжээгээр хариуцлага шаардана. Тэр дундаа Эрүүл мэндийн салбарыг хүнд байдалд орсныг харж, энэ салбарыг тогтвортой байгаасай гэж хүсэж байгаа. Зөвхөн энэ салбар бус нийгмийн бүх салбарын тогтолцоонд Засаг төр солигдохоор бүх зүйл өөрчлөгддөг жишиг тогтчихсон.Одоо бүр хуучин сайд нар явахаасаа өмнө сэлгэж эхлэдэг болж байх шиг байна.Тухайлбал, наадмаас хойших хэдхэн хоногт л Эрүүл мэнд, спортын ийн яамны газрын дарга нар, зарим мэргэжилтнийг солигдоод эхэлчихсэн байна.
-Эрүүл мэндийн салбар сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа нь муу, удирдлага нь тогтворгүй зэргээр олон нийт ам муутай байгаа. Энэ бүгд мэргэжлийн бус удирдагчаас шалтгаалав уу. Юунаас болж ийм байдалд хүрэв ээ?
-Эрүүл мэндийн өөрчлөлт, шинэчлэлийн эцсийн үр дүн нь 4-5жилийн дараагаас л харагддаг. Тиймээс энэ салбарт илүү бодлоготой, хүлээцтэй хандах шаардлагатай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхий нийтээр эрүүл мэндийн бодлого эдийн засгийн чадавхи, шинжлэх ухааны хөгжлөөсөө шалтгаалан иймэрхүү байвал тогтвортой хөгжиж, иргэд олон нийтэд үйлчилгээгээ хурдан, шуурхай, чанартай хүргэнэ гэсэн чиглэл гаргачихсан байдаг. Үүнийг л өөрийн орны нөхцөлд хэрэгжүүлэх хэрэгтэй. Цоо шинээр зохион бүтээгээд байх юм ховор шүү дээ. Бидний үед Эрүүл мэндийн яамны бодлого боловсруулахад тусалдаг Эрүүл мэндийн хөгжлийн агентлаг гэж байсан. Энэ агентлаг нь ямар ч засгийн өөрчлөлтийг дагаж хувирдаггүй, бодлогын залгамж чанарыг хадгалдаг байхаар бодсон байсан юм. Тэгж байж нэгдсэн бодлогоор тогтвортой хөгжинө. Гэтэл манайд эрүүл мэндийн бодлого алдагдчихсан.
Энэ нь мэргэжлийн бус сайд нарын л ажил. Гэтэл зарим мэргэжлийн бус сайд нар “мэргэжлийн хүнээс сайн ажиллаж байна” гээд бүр өөртөө итгэчихсэн, худалдагдсан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өөрийгөө худлаа магтуулах ажиллагааг ч хүчтэй хийж байна шүү дээ. Тодруулбал, эрүүл мэндийн бодлогыг барьж байдаг нэгжүүдийг устгасан. Эрүүл мэндийн салбарт хүний ам таглах, хэн нэгэнд түр зуур таалагдахын төлөө явсаар үндсэн бодлого алдагдаж буйг ард түмэн мэдрээд байна. Шинээр гарч ирсэн засгийг хуучны олон жил төр барьж байсан, туршлагатай улстөрийн хүчин гэж харж байна. Асуудлыг гартаа авсан учраас сүүлийн 10 гаруй жил дадчихсан буруу хэвшлээс гаргах ёстой. Шинэ Засгийн газар мэргэжлийн Засгийн газрыг бий болгоно гэсэн.
Хэлсэн амандаа хүрч яамдын сайд нараа мэргэжлийн хүнээр томилж үйл ажиллагааг нь явуулах хэрэгтэй.Олон жилийн нүүр үзсэн туршлагатай нам эрх барьж байгаа учраас үүнийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. нэг Засгийн газрын хугацаанд багтахгүй урт хугацааны бодлого зөвхөн эрүүл мэндийн ч бус олон салбарт үгүйлэгдэж байна. Урт хугацааны бодлого, чиглэл нэртэй зүйл боловсруулан баталдаг ч түүнээ ойр ойрхон сольж, алийг нь баримтлахаа ч мэдэхгүй юм болгочихдог тал байна. Урт хугацааны бодлогыг сольдоггүй, 2-3 жил тутам дүгнэж боловсронгуй болгож явдаг, хэдэн хүн гаргаад сарын дотор “машиндчихдаг” биш, ийм төлөвлөгөөн дээрээ байнга сууж ажилладаг, тогтвортой нэгжтэй байх ёстой юм. Үүнээс гадна аж үйлдвэрийг хөгжүүлж дотооддоо үйлдвэрлэе, өөрсдөө хийе гээд байгаа ч эрүүл мэндийн салбарт хамгийн дутагдалтай байгаа зүйлийн нэг нь энэ. Гаднын нэг эм ханган нийлүүлэгч татгалзахад манай эрүүл мэндийн салбар тухайн эм, тариагаар гачигдаж хүнд байдалд орно. Тэгэхээр эм, тариагаа дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй. 1930-аад оны үед өөрсдийн хийсэн вакцинаар Цагаан цэцэг өвчнийг устгасан. Гэтэл одоо ямар ч вакцин гаргаж авч чадахгүй байна. Манайд устгасан гэж байсан Улаанбурхан өвчин өнөөдөр дарагдахгүй гарсаар л байна. Сүүлийн 4-5 жил бодлого алдагдчихсан учраас засахад хэцүү. Тэр үед нь дарагдчихсан хэмээн олж харалгүй санаа амарчихсан. Өвчин гараагүй байх нь чухал биш гаргахгүй байхын тулд сэргийлэх арга хэмжээ авах нь чухал. Тарьсан вакцин нь дархлаа үүсгэж байгаа үгүйг байнга шалгах ёстой. Мэргэжлийн удирдлагуудын үед тийм л шаардлага тавьж ажилладаг байсан. Энэ мэт дутагдлыг арилгаж энэ салбарыг өөрчилж, хөгжүүлэхийн тулд яалт ч үгүй мэргэжлийн хүн шаардлагатай. Ард түмэн шинэ Засгийн газраас ярьдаг биш хийдэг хүнийг яамдын сайдаар томилохыг хүлээж байгаа.
-УИХ-ын гишүүд давхар дээл өмсөх явдал цөөнгүй бий. Энэ салбарын сайдыг гишүүдээс сонгочихвол яах вэ?
-Парламентийн гишүүд сайдаар давхар ажиллабал аль нэг чиглэсэн үүрэгт ажлаа л хийхгүй гэсэн үг. Нөгөө талаар Парламентаас Засгийн газарт тавих хяналт сулрана. Тиймээс олон улс оронд үндсэн чиг үүргийн гэгддэг гурван яамнаас бусад яамдын сайдыг Парламентын гаднаас томилдог нь манайд илүү тохиромжтой хувилбар байх. Манайх Парламентын засаглалтай орон тул Засгийн газрын ажилд Парламент хүчтэй оролцох ёстой гэж үздэг судлаачид бий. Яамдын Парламенттай ажиллах холбоог яамны Парламент хариуцсан дэд сайд буюу нарийн бичгийн дарга томилон шийдвэрлэдэг ёс ч зарим оронд байдаг юм билээ.
Нэг өдөр хоёр ажлын байранд байх нь тохиромжгүй үр дүн муутай байх болно. Мөн эмнэлэгт нэг үнэтэй аппарат аваад өгчихвөл болоод явчих юм шиг боддог.Хэрвээ орчин үеийн төхөөрөмж авч байгаа бол түүнийг ажиллуулдаг инженер техникийн боловсон хүчин байна уу, үгүй юу, шаардлагатай оношлуурын хэрэгсэл нь хэчнээн үнэтэй зэргээс эхлээд олон зүйл бий. Эдгээрийг тооцоолж, бодоогүйгээс болоод гаднын том компаниудын тоглоом болчих гээд байна. Тодруулбал, үнэтэй аппаратыг тусламжаар ч юм уу хямдруулж өгөөд шинжилгээнд шаардлагатай хэрэгслийг нь үнэтэй худалддаг. Нэг хүнийг оношилж, шинжилсэн зүйлийг дахин ашиглах боломжгүй тул энэ мэтээс болж үнэтэй авсан төхөөрөмжөө ашиглах боломжгүй зогсооход хүрнэ. Үүгээр юу илэрхийлээд байна гэхээр энэ бүгдэд бодлого хэрэгтэй. Ямар аппаратыг гаднаас авах, ямрыг нь өөрсдөө ажиллуулж, засварлах боломжтой, нэн тэргүүнд алийг нь авах, шинжилгээнд ашиглах дагалдах хэрэгслүүд нь хэр их үнэтэй зэргийг нь бүгдийг судалж бодлогоор зохицуулдаг. Үүнийг мэддэг хүн нь л ойлгож хэрэгжүүлнэ.
-Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль өнгөрсөн дөрөвдүгээр сард батлагдсан. Тэнд эмнэлгийн салбарыг бие даасан байдалтай болох боломжтой заалтууд бий. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг эхнээс нь болгоомжтой зөв хэрэгжүүлэх нь чухал. Учир нь эмнэлгийн байгууллага Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) байгуулснаар олон ургалч талын үзлээр асуудлаа шийдвэрлэдэг болно гэсэн үг. Энэ нь нөгөө талаар удирдлагын хүчтэй баг бий болгохыг шаардана. Үүнд хугацаа хэрэгтэй. Тэгж чадвал эмнэлгүүд бие даасан байдалтай болж яам болон ямар нэг төрийн байгууллагаас байнгын хараат байхаа болино. Гэхдээ хамтын удирдлагын багаа бүрдүүлж чадахгүй бол эмнэлэг дампуурч ч болох эрсдэлтэй. Шинэ хуулийг хэрэгжүүлэхэд нөлөөлөх гол хүмүүс нь эмнэлгийн дарга нар буюу эрүүл мэндийн менежерүүд. Энэ бол мэс засалч гэдэг шиг бие даасан нарийн мэргэжил. Хуучин цагт бол Эрүүлийг хамгаалахын зохион байгуулагч гэдэг байсан. Яам өөрчлөгдөхөд тухайн салбарын бодлогын агентлаг өөрчлөгддөггүй байх ёстой. Ингэж байж тухайн салбар тогтворжино. Үүнээс гадна аж үйлдвэрийг хөгжүүлж дотооддоо үйлдвэрлэе, өөрсдөө хийе гээд байгаа ч эрүүл мэндийн салбарт хамгийн дутагдалтай байгаа зүйлийн нэг нь энэ. Гаднын нэг эм ханган нийлүүлэгч татгалзахад манай эрүүл мэндийн салбар тухайн эм, тариагаар гачигдаж хүнд байдалд орно. Тэгэхээр эм, тариагаа дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй. 1930-аад оны үед өөрсдийн хийсэн вакцинаар Цагаан цэцэг өвчнийг устгасан. Гэтэл одоо ямар ч вакцин гаргаж авч чадахгүй байна. Манайд устгасан гэж байсан Улаанбурхан өвчин өнөөдөр дарагдахгүй гарсаар л байна. Сүүлийн 4-5 жил бодлого алдагдчихсан учраас засахад хэцүү. Тэр үед нь дарагдчихсан хэмээн олж харалгүй санаа амарчихсан. Өвчин гараагүй байх нь чухал биш гаргахгүй байхын тулд сэргийлэх арга хэмжээ авах нь чухал. Тарьсан вакцин нь дархлаа үүсгэж байгаа үгүйг байнга шалгах ёстой. Мэргэжлийн удирдлагуудын үед тийм л шаардлага тавьж ажилладаг байсан. Энэ мэт дутагдлыг арилгаж энэ салбарыг өөрчилж, хөгжүүлэхийн тулд яалт ч үгүй мэргэжлийн хүн шаардлагатай. Ард түмэн шинэ Засгийн газраас ярьдаг биш хийдэг хүнийг яамдын сайдаар томилохыг хүлээж байгаа.
-Энэ салбарын хөгжилд удирдах албан тушаалтнаас гадна нөлөөлж буй хүчин зүйлс юу вэ?
-Эрүүл мэндийн систем хөгжихөд саад болоод байгаа зүйлийн нэг нь эрүүл мэндийн үнэлгээ. Тодруулбал, манай эмнэлгийн ажиллах систем буруу. Эрүүл мэндийн яам эмнэлгүүдийн үйлчилгээнээс хамгийн сайныг нь ард түмэнд зориулж худалдан авах ёстой. Гэтэл манайд эсэргээрээ яам өөрийнхөө төсөвт таарсан үнээр эмчилгээг худал үнэлж, заавал тэр үнээр нь зарна. Шинэ хууль хэрэгжүүлснээр ТУЗ өртөг, орлого, зардлаа тооцоод худалдаж авч чадах үнээ тогтоох юм. Энэ нь тийм амар биш. Үүнийг мэргэжлийн бус ойлгож, мэдэхгүй хүнээр удирдуулбал хэрэгжүүлэхээс илүү эсэргээрээ болж хувирна. Тиймээс тухайн салбарын, бусад ажилтнууд нь хүндэлдэг, хийх ажлаа мэддэг тийм л хүнийг эрүүл мэндийн салбарыг удирдуулахаар томилох хэрэгтэй. Эмнэлгүүд нэг үеийг бодоход санхүүгийн эх үүсвэртэй, даатгалаас мөнгө авах бололцоотой болсон. Түүнийгээ өөрсдөө мэдээд зарцуулж чадахгүй байгаагаас Сангийн яам, Эрүүл мэндийн яамнаас хараат байгаагаас л мөнгөний дутагдал үүсээд байгаа гэж би боддог. Хувийн эрүүл мэндийн байгууллагууд болоод л байна шүү дээ. ТУЗ байгуулаад, мөнгөө шат дараалалтай зөв зарцуулах бүрэн боломжтой. Эрүүл мэндийн салбар өөрийн хүч чадлаар хийж чадах бүхнийг хийж тэдгээрээс хамгийн сайныг нь яам нь худалдаж авна. Өөрөөр хэлбэл нэн тэргүүнд шаардлагатай үйлчилгээний төлбөрийг Улсаас даатгалаар эсвэл нийтэд нь зарлаж байгаад төлж болно. Тухайлбал, вакциныг дархлаажуулалтын тухай хуулиар тэгж л төлдөг. Бүх төлбөрийг улс төлж чадахгүй учраас заримынх нь үнийг тодорхой зааж өгөх ёстой. Ингэвэл төсөвт захирагдаж юу ч хийж чадахгүй зүгээр сууснаас илүү эрүүл мэндийн салбар урагш нэг алхана.
Нөгөө нэг дутагдаад байгаа юм нь эрүүл мэндийн аж үйлдвэрийг хөгжүүлж байсан хэдийгээ устгаад дууслаа. Сүүлийн 3-4 жил иммунглобулины үйлдвэр, зогслоо. Нэг удаагийн зүү тариурын үйлдвэр байснаа зогсоочих шиг боллоо.
-Багагүй хугацаанд Ерөнхийлөгчийн зөвлөх, Эрүүл мэндийн салбарыг удирдсан хүний хувьд яамдын сайд нарын сонголтод санал, хүсэлтээ гаргаж байв уу?
-Хэрвээ надаас асуувал би зөвлөхөд хэзээд бэлэн. Асууж, лавлахгүй бол энд тэнд очиж, хүний ажилд саад болоод хэрэггүй гэж боддог. Гэхдээ би зөвлөх болбол, хэн нэгнийг заавал миний хэлснээр яв гэж шаардахгүй. Нэг талаар ийм, нөгөө талаар тийм боломж байна гэх мэт саналаа л хэлдэг. Өөрөө байх хугацаандаа хийх ажлаа хийсэн болохоор дахиж одоо ингэ, тэг гээд явах нь зохисгүй. Удирдах албан тушаалтныг мэргэжлийн чадварыг нь харагалзаж томилдог зарчмыг баримтлаад л явчихвал богино хугацаанд засах боломжтой. Засаг төр солигдсон ч тухайн салбарын бодлогыг байнга барьж байдаг миний дээр хэлсэн э рүүл мэндийн менежер зэрэг мэргэжилтнүүдийг төлөвлөгөөтэйгээр бэлтгэдэг байсан. Тухайлбал, миний үед нэг хариуцлагатай албан тушаалтан, ерөнхий мэргэжилтэн өөр шигээ гурван хүн бэлдэх үүрэгтэй дэг байсан. Надаас өөр хүн байхгүй гээд суух эрх байхгүй. Энэ зарчим одоо тасалдчихсан. Тиймээс бэлтгэгдсэн туршлага хуримтлуулсан салбарын эрүүл мэндийн менежерүүд дээр тулгуурлан ажиллах нь зүйтэй.
-Эрүүл мэндийн салбарт төсөв, санхүү хүрэлцэхгүй явдал жил бүр тохиолддог. Үүнийг хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ?
-Манай шийдвэр гаргагсад хүнээ барилгын материалаас л дор үзэж байна шүү дээ. Барилгын зарим материалыг гаднаас авахад гаалийн татваргүй болгосон. Гэтэл хүний эрүүл мэндэд зориулсан, энэ салбарт хэрэглэж байгаа эм, тариа, хэрэгслийг гаалийн татвараас чөлөөлдөггүй. Бид өөрсдөө хийж чадахгүй өндөр технологитой зүйлийг гаднаас авна. Тэр тоолонд гаалийн татвар төлөөд байгаа нь эрүүл мэндийн төсвийг зохиомлоор хөөрөгдөж, төсөв нь хүрэлцэхгүй байхад хүргэж байна. Гэхдээ эмнэлгүүд даатгалаас мөнгө авах боломжтой болсон болохоор түүнийгээ зөв зүйлдээ зарцуулаад явж болно.Гэтэл хувийн эрүүл мэндийн байгууллагууд болоод л, заримдаа улсын эмнэлэгт үзүүлж чадахгүй үйлчилгээ үзүүлээд л байна шүү дээ. Тиймээс улсын эмнэлгүүдийг ЭМЯ-ны харъяаллаас гаргаж, ЭМЯ хэрэгцээтэй үйлчилгээгээ хувийн болон нийтийн эмнэлгүүдээс худалдан авдаг, даатгалаар төлүүлдэг тогтолцоонд шилжих хэрэгтэй.
-Бүх насаа анагаахын шинжлэх ухаанд зориулж буй хүнээс одоогийн боловсон хүчний талаар асуухгүй өнгөрч болохгүй байх?
-Өнөөдөр гадаадад боловсрол эзэмшсэн, мэргэжилдээ сайн мундаг залуус цөөнгүй байна.
Гэвч нийтдээ чанар суларсан байна. Бидний үед байсан боловсон хүчин бэлтгэх шаардлага байхгүй болчихсон. Яамных нь сайд жил гаруй, асуудлыг шийдвэрлэх ёстой мэргэжилтэн хагас жил болж байгаагаас тогтвортой боловсон хүчин, мэргэжилтэн бэлдэхгүй байх шиг. Боловсон хүчин бэлдэх асуудалд эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага бараг оролцохгүй байна. ОХУ-д анагаахын бүх сургуулиуд, олон эрдэм шинжилгээний байгууллага нь ЭМЯ-даа харъяалагдаж байгаа шүү дээ. Манайд ч цэргийн, хуулийн сургуулиуд нь тэр салбарын яамандаа харъяалагддаг шүү дээ.
Бас мэдээллийн орчин өөрчлөгдчихөөд байхад манай эмч нар, ЭМЯ-ны мэдээлэлд хандах арга өөрчлөгдөхгүй байна. Одоо интернет сайн ашигладаг, англи хэлтэй, хэрэглэгчид маань зарим эмч нараас илүү мэдээлэлтэй байна шүү дээ. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрүүл мэндэд хортой мэдээлэл яваад байхад түүнд хариулт өгдөг алба алга. Тиймээс ч бидний үед байгаагүй “вакцин эсэргүүцэгчид” бий болчихоод байхад яах ч учраа олохгүй байсаар байгаа нь “устгасан” гэж байсан улаанбурхан зэрэг өвчин дахин сэргэж газар авахад ч ямар нэг талаар нөлөөлсөн л дөө. Мэргэжилтний гаргасан алдаанд хүлээлгэх хариуцлага суларчихсан. Бас эрүүл мэндэд хортой мэдээлэл түгээхэд ногдуулах хариуцлага ч байхгүй байна. Түүнийг тооцдог систем ч алга.
Ц.БААСАНСҮРЭН
ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН