Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 14 хоног тутамд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсдог. Уламжлал ёсоор хотын даргатай уулзах хүсэлт, өргөдлөө ирүүлсэн иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа агентлаг, газар, төрийн өмчит үйлдвэрийн удирдлагууд оролцсон юм.
Хотын даргатай уулзсан эхний иргэн Чингэлтэй дүүргийн иргэн Н.Төгссайхан байлаа.
Тэрээр БЗД-ийн 14-р хороо, 14-р хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хуаран” хотхоны орчимд зам тавиулах нэн шаардлагатай байгаа талаар Засаг даргад танилцуулсан юм. Түүний тавьсан асуудалд Нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын удирдлага зохих хариултыг өглөө. Ирэх дөрвөн жил төрийн өмчийн сургууль , цэцэрлэггүй хороо гэж байхгүй болгох зорилт тавьж байгаагаа хотын дарга хэллээ. 2017 онд гэхэд 31 сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийхээр үндсэн чиглэлд тусгасан гэдгээ хэлж, иргэн Н.Төгссайханы хүсэлт бол нийслэлийн иргэдээс тавьдаг нийтлэг санал учраас анхааран ажиллахаа ярьлаа.
Баянзүрх дүүргийн иргэн М.Бат-Очир СБД-ийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслангийн хойд талын орц, гарцыг хаасан асуудлаар хотын даргатай уулзлаа. Тэрээр “Тухайн газрыг 2016 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн орох гарах гарцгүй болгож хаана гэсэн мэдэгдэл өгсөн. Нийслэлээс газар өмчилж өгөх болон хувьчлахдаа иргэдийг боддог байх хэрэгтэй” гэв. Энэ талаар СБД-ийн Өмч, газрын харилцааны албаны мэргэжилтэн “Уг хэсэгт иргэн Л.Сосорбурам 14 га газартай. Анх өөрийн баталгаажсан талбайгаар хашаагаа бариагүй байсан бөгөөд одоо барьж байгаа. Энэ талаар иргэдээс маш олон гомдол мэдүүлж, Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандаад байгаа”-г мэдэгдлээ. Нэг иргэн 14 га газар эзэмшиж, хашаа хатгаснаас олон нийтийн эрх ашиг хөндөгдвөл төр газраа авч, орц гарц гаргаж, иргэдийнхээ эрх ашгийг нэгд тавина гэдгийг хотын дарга хэлсэн юм.
Үүнээс гадна Баянзүрх дүүргийн иргэн Т.Түмэн-Өлзий нийслэлийн төр, захиргааны байгууллагууд хүнд суртал ихтэй, өгсөн өргөдөл гомдлыг цаг хугацаанд нь шийдвэрлэдэггүй гэсэн гомдол гаргаж байна. Тухайлбал, 2016 оны 2 дугаар сараас эхлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар холбогдох байгууллагуудад материалаа бүрдүүлж өгсөн ч одоог хүртэл шийдтэй хариу өгөөгүй гэлээ. Хотын дарга С.Батболд түүний тавьсан гомдол саналыг судалж, холбогдох байгууллагуудад уламжлахаа хэлээд “Төр захиргааны байгууллагын алдаа оноог зөв харж чаддаг, нүд чих болж чадах залуусыг дэмжинэ. Мэргэжилдээ эзэн болсон, төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг мэддэг залуусыг удахгүй нээлттэй ажлын байранд урина. Таныг бас ажилд урьж байна” гэлээ.
Мөн үндэсний үйлдвэрлэгч “БЧГ” ХХК Улаанбаатар хотын хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх боломжтой талаараа танилцууллаа. Барилга угсралт, төмөр хийцийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг тус компани импортын тоног төхөөрөмжийг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Патентыг нь албан ёсоор авсан хог ачиж, буулгах, хадгалах тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнээ ашиглан, Улаанбаатар хотын хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх боломжтой гэв. Нийслэлийн Захирагчийн ажлын алба тус компанитай хамтран ажиллах чиглэлээр уулзалт хийх боломжтойг хэллээ. Хотын дарга ч импортыг орлох бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжихийг онцолсон юм.
Баянгол дүүргийн иргэн, ахмад эмч Б.Эрдэнээ мөн хотын даргатай уулзаж, саналаа уламжиллаа. Тэрээр Шастины нэрэмжит 3-р эмнэлэгт ажиллаж байх хугацаандаа архи, тамхи, хар тамхины хор уршгийн эсрэг эмчилгээ хийдэг байсан байна. Үүнийгээ улсын эмнэлгүүдийн эмч нарт зааж сургах хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. Ахмад үеийн, туршлагатай хүмүүсээ сонсч, тэднээс зөвлөгөө авч ажиллахаа хотын дарга хэллээ.
Хотын дарга иргэдтэйгээ нүүр тулан уулзаж, асуудлыг шийдэж, шийдэх гарц олохын төлөө ажиллаж байгаад иргэд талархаж байна. Нэг удаа уулзаад өнгөрөх биш асуудлыг хэрхэн шийдсэн мэдээллээ ч хотын даргад ирүүлэхийг холбогдох албаны дарга нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.