О.Мөнхсайхан:Засгийн газар уралдааны товыг цуцлаагүйгээрээ шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн

Төв, Говь-Алтай, Хөвсгөл аймгуудад явуулах морины уралдааныг товлох тухай Засгийн газрын тогтоолын хэсгийг түдгэлзүүлэх нэхэмжлэлийг хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэтэл Засгийн газар энэ шийдвэрийг биелүүлээгүй талаар сүүлийн үед нэлээд яригдах болсон. Үүнтэй холбогдуулан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайханаас зарим зүйлийг тодруулсныг сонирхуулъя.

-Та бол хурдан морь унадаг хүүхдүүдийн эрхийг хамгаалах талаар нэлээд судалгаа хийсэн судлаач. Саяхан болж өнгөрсөн “Дүнжингарав” уралдааны үеэр хичнээн хүүхэд гэмтэж бэртсэн талаар ямар мэдээлэлтэй байна?

– Гуравдугаар сарын таванд “Дүнжингарав” уралдаан болсон. Өнгөрсөн ням гаригт Говь-Алтай, Хөвсгөл аймагт хаврын уралдаан болсон. Албаны тоогоор бол нийт 50 хүүхэд мориноос унасан. Тэднээс тав нь хөнгөн, хүнд гэмтсэн. Эрүүний яс цуурсан, гарын шуу болон хөлийн шилбэ бэртсэн зэрэг хүнд гэмтэл авсан хүүхдүүд байгаа гэнэ. Эмч нарын ярьж байгаагаар мориноос унаж байгаа хүүхдүүд бол нэг хэрэг. Морь унаад давхиж байгаа хүүхдүүд нь доргилтоос үүсч олон гэмтэл авдаг. Энэ нь шууд илэрдэггүй бөгөөд ноцтой гэмтэлд тооцогддог. Би нэг жишээ дурдъя. Анагаахын доктор Т.Баясгалан гэдэг хүн хэлэхдээ бага насандаа хурдан морь унаж байсан гэх бөөр, давсагны өвчтэй хэд хэдэн хүн өөр дээр нь ирж эмчлүүлж байсан. Олон жил морь унаснаас бөөр унжих, шээсний сувгийн механик гэмтэл үүсэх мөн төмсөг хагарсанаас яваандаа үргүйдэх аюултай. Саяын уралдаануудад иймэрхүү дотоод гэмтэл аль зэрэг их гарсныг бид хэлж мэдэхгүй.

-“Дүнжингарав” уралдааныг товлосон Засгийн газрын тогтоолыг эсэргүүцэн хүүхдийн эрхийг хамгаалах хоёр байгууллага Захиргааны анхан шатны шүүхэд хандаж шийдвэр гаргуулсан. Гэтэл шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлээгүй нь нийгэмд нэлээд шуугиан тариад байна.

-Бодит баримт байна. Тэгэхлээр хавар хурдан морь унуулж байгаа нь яагаад хүүхдийн эрхийг зөрчиж байгаа гэдгийг юуны өмнө тайлбарлая. 1996-2016 онд нийт 25 хүүхэд хурдан мориноос унаж амиа алджээ. Жил бүр доод тал нь хоёр унаач хүүхэд амиа алддаг гэсэн үг. Мөн, жил бүр хэдэн зуун хүүхэд мориноос унаж байгаагаас 300 орчим нь гэмтдэг, эдний 180-220 нь хүнд бэртэл авч, эмнэлэгт хэвтжээ. Зарим нь насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болдог. Ийм олон хүүхэд амь насаа алдаж, гэмтэхийг Монголын төр зөвшөөрч байгаа нь манай Үндсэн хууль төдийгүй бусад хуулийг ноцтой зөрчиж байгаа хэрэг. Дөрвийг нь нэрлэе. Нэгд, манай Үндсэн хуулийн 16.1-д төр хүүхдийн ашиг сонирхлыг хамгаална гээд маш тодорхой заачихсан. Хүүхэд аав, ээжийн өмч биш, эцэг эх нь хүүхдийн ашиг сонирхлын үүднээс шийдвэрээ гаргах ёстой. Энэ үүргээ биелүүлж байгаа эсэхээс үл хамааран төр хүүхдийн ашиг сонирхлыг давхар хамгаалах үүрэгтэй. Амьд явах, эрүүл өсөж бойжих бол хүүхдийн хамгийн чухал ашиг сонирхол. Амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулсан үйл ажиллагаа болох хурдан морийг хүүхдээр унуулахыг зөвшөөрч байгаа нь хүүхдийн энэ чухал ашиг сонирхлыг хамгаалах үүргээ төр биелүүлэхгүй байгаа хэрэг. Хүүхэд хүсч байна, аав ээж нь зөвшөөрч байна гээд бид хүүхдийг машин унуулдаггүй шүү дээ. Автомашин унах амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй бөгөөд хүүхэд энэ эрсдлийг мэдэж хашиж байх чадвар суугаагүй байдаг учраас заавал насанд хүрсэн байхыг шаарддаг. Гэтэл адгуусыг унана гэдэг үүнээс илүү эрсдэлтэй. Үүнийг төр зөвшөөрч байгаагаар хүүхдийн амь нас, эрүүл мэндийг эрсдүүлж байгаа юм. Хоёрдугаарт, томоохон уралдаанд хүүхдээр морь унуулсанаар Монгол Улс нэгдэн орсон олон улсын хэд хэдэн конвенцийг зөрчиж байна. 1990 оны Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцид оролцогч улс “Хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана”, “Хүүхдийн эрүүл мэндийг хохироох уламжлалт дадлыг устгах зорилгоор бүх арга хэмжээг авна” гэж тус тус заасан. Томоохон уралдаанд хүүхдээр морь унуулах нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд халтай уламжлалт дадал байтал Монголын төр үүний эсрэг зохистой арга хэмжээ авахгүй байна. Гуравдугаарт, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенци хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэхийг хориглохыг шаарддаг. Хурдан морь унадаг хүүхдүүдийн олонх нь хэн нэгэн уяач, хувь хүний морийг төлбөртэй төлбөргүй унадаг тул энэ нь хөдөлмөр. Хүүхдийг амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй учраас тэвчишгүй хөдөлмөрт тооцогддог. Дөрөвдүгээрт, манай Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хүүхдийн сурч боловсрох эрх ч зөрчигдөж байгаа хэрэг. Хаврын уралдаанд оролцож байгаа хүүхдүүд нь бэлтгэл хийх, уралдаанд оролцох зэргээр хичээл сургуулиа тасалдаг, завсарддаг. Хэдийгээр хурдан морь унаач хүүхдийн эрхийн дээрх зөрчлүүд хавар, зуны аль ч уралдааны үед гардаг боловч хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд зөвхөн хаврын уралдааныг цуцлуулах агуулгатай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. Учир нь, олон судлаачдын олж тогтоосноор монголчууд өвөл, хаврын цагт хурдан морь унуулдаггүй байсан тул энэ нь манай уламжлал биш юм билээ. Мөн, хаврын уралдаанд халтиргаа гулгаа, хүйтэн цаг уур зэргээс хүүхдэд учрах эрсдэл нь нэмэгддэг байна.

-Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Засгийн газрын тогтоолыг хянах эрхгүй талаар нэлээд яригдсан. Гэвч өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн хэрэгжиж буй хуулиар бол ийм эрхтэй гэдэг. Хамгийн гол нь шүүхийн шийдвэр гарчихаад байхад түүнийг биелүүлсэнгүй. Судлаачийн хувьд энэ талаар ямар бодолтой байна?

-Хавар, зуны хурдан морины уралдааны товыг Засгийн газар өнгөрсөн сарын 22-ны өдөр гаргасан. Энэ тогтоолдоо хавар гурван аймагт болох уралдааны товыг тогтоосон. Төрийн үйлчилгээг авах зорилгоор Морин спорт, уяачдын холбоо Засгийн газраар тогтоол гаргуулаад байна гэж харагддаг. Цагдаа, эмч, хүүхдийн асуудал хариуцсан байгууллагын ажилтан зэрэг олон төрийн албан хаагч ажиллаж, улсын болон орон нутгийн төсвөөс мөнгө зарцуулагддаг. Тиймээс, эдгээр уралдаан нь Уяачдын холбооны төдийгүй төрөөс зөвшөөрч оролцсон үйл ажиллагаа болж байна. Ийм товыг гаргангуут хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг хоёр байгууллага Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан юм билээ. 2016 онд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай шинэ хуульд зааснаар нийтийн ашиг сонирхлыг хамгаалсан этгээд хүүхдийг эрхийг зөрчсөн асуудлаар захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болсон. Үүний дагуу унаач хүүхдийн эрхийн төлөө дээрх байгууллагууд нэхэмжлэл гаргасан юм байна.

Хаврын уралдаан болсны дараа хууль зөрчсөн арга хэмжээ боллоо гэж хэлбэл шүүхийн шийдвэр ямар ч ач холбогдолгүй болно. Тиймээс, шүүх бол хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн байдал үүссэн тул хаврын морины гурван уралдааны товыг тогтоосон Засгийн газрын тогтоолын хэсгийн биелэлтийг нь түдгэлзүүлсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэгчдийн хүсэлтээр дагуу захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх арга хэмжээг авсан. Энэ хуулийн 108.2-т зааснаар “Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй” болдог. Тэгэхээр шүүх шийдвэрээ гуравдугаар сарын гуравны өдөр гаргасан. Өөрөөр хэлбэл уншиж танилцуулсанаар хүчинтэй болсон. Дээр нь ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга энэ хэлэлцүүлэгт биечлэн суусан гэнэ лээ. Мөн Шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүхийн вэб сайтанд энэ шийдвэрийн агуулгыг гуравдугаар сарын гурвандаа тавьсан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон учраас Засгийн газар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.2-т зааснаар уг шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд эс тэгвээс албадан биелүүлнэ. Мэдсэн эсэхээс үл хамааран биелүүлнэ. Монгол Улсын Засгийн газар шүүхийн шийдвэрийн дагуу “Дүнжингарав” хаврын гурван уралдааны товыг цуцлаагүйгээрээ шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн гэсэн үг.

-Засгийн газар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх нь ямар үр дагавартай вэ?

-Энэ нь маш ноцтой үр дагавартай. Монгол бол эрх зүйт төртэй улс. Үүний илрэл болсон хууль дээдлэх зарчим нь иргэдээс хууль мөрдөхийг шаардахын сацуу төр, ялангуяа Засгийн газар өөрөө хуулиа биелүүлдэг байх ёстой. Өөрөөр хэлбэл Засгийн газар иргэдэд үлгэр жишээ үзүүлэх ёстой байтал энэ үүргээ зөрчиж байна. Шүүхийн шийдвэрийг Засгийн газар биелүүлэхгүй байгаа юм чинь бид биелүүлэх ёстой юм уу гэсэн асуудлыг иргэд тавьж байна. Засгийн газар эргээд иргэдээсээ хуулиа биелүүлэхийг шаардах ёс суртахууны эрхгүй болох нь. Энэ нь 25 жилийн туршид бүрэлдэж ирсэн эрх зүйт төрийн төлөвшилд ноцтой үр дагаврыг авчирч байна. Засгийн газар үүнийг мэдсээр байж шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь маш аюултай үзэгдэл. Хэрвээ бид хуулийн дагуу гарсан шүүхийн шийдвэрт үндэслэн асуудлаа шийдэж чадахгүй бол хуулиар хэнийх нь зөв бэ гэдгээр биш, хэн хүчтэй, мөнгөтэй, нөлөөтэй гэдгээрээ л асуудлыг шийднэ гэсэн үг. Ингэснээр нийт иргэд хохирдог. Судлаачдын хувьд үүнд анхаарч үгээ хэлэхгүй байхын аргагүй байна.

Ю.ДЭЛГЭРМАА

 

Эх сурвалж: Өдрийн сонин 2017.03.15

Санал болгох мэдээ

Т.Наранбат: Сонгогчид нэрийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авах үүрэгтэй

Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ сарын 1-ны өдрөөс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим …