“Өргүй Монголын төлөө 218.1″ хөдөлгөөний тэргүүн, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүтэй Рио Тинто, Хөрөнгө оруулалттай банкны хуулийн төслийн тухай болон банкны хүүгийн асуудлаар ярилцлаа.
-Рио Тинто Монголыг удирдаж байсан талаар та онцолж байгаа. Энэ талаар тодотгож хэлнэ үү?
– УИХ маань эх оронч сэтгэл гаргаж, санхүүгийн Төсвийн тодотголд юу зоож өгсөн юм бэ гэдэг асуудал анхаарал татаж байгаа. Уг төсвийн тодотголд Рио Тинтогоос ачигдаж байгаа Монголын баялгийн мөнгөний урсгалын тодорхой хэсгийг Монголын банкнаар явуулна гэсэн заалт оруулчихсан.
Гэтэл энэ заалтыг Рио Тинто үзээд, “юу яриад байгаа юм бэ” гэсэн хандлагаар Олон улсын валютын санд үүрэг өгч зогсоож байгаа юм. Тэгэхээр монголчуудын хамгийн том хожоо ололт юу вэ гэхээр олон жил таамаг төдий хардаад, ярьж байсан асуудал батлагдаж байгаа юм. Учир нь ОУВС-д өгсөн үүргээс авч үзэхэд Монгол Улсыг Рио Тинто удирдаж байсан гэдэг нь баталгаажиж байна. Энэ нь оношоо олсон үйлдэл боллоо.
-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг батлахаар хэлэлцэж байна. Энэ хууль батлагдвал гадаадын банк орж ирнэ. Ер нь Монголд энэ хууль батлагдвал ямар хожоотой юм бэ?
-Эзэнгүй айлд гадаадын ямар ч гоё нэртэй, зорилготой юм авчирч болно. Эзэнгүй айлд гадаадын хүн сайн юм хийхгүй. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтай банк гэж юу вэ, дотоодын санхүүгийн зах зээл, мөнгө хэвлэх гэж юу вэ, татвар авах гэж юу вэ гэх зэрэг суурь асуудлаа цэгцэлж байж Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль батлах, гадаадын банкыг оруулах тухай ярих юм. Одоо энэ асуудлыг ярих хэрэггүй. Манай эрх баригчид оношоо зөв тавьж, гаргалгаагаа зөв хийж чадахгүй байна. Гэтэл ард түмэн хүү багатай зээл хүсээд байгаад нь Засгийн газар дөрөөлж, ард түмний талд орсон маяг үзүүлж, “гадаадын банк хүү багатай зээл өгье” гэхээр нь оруулах гээд байна.
-Монголд гадаадын банк орж ирээд, хүү багатай зээл өгснөөр Монголын эдийн засагт төдийгүй монгол хүнд ашигтай гэж үү?
-Гадаадын банк хэчнээн хүү багатай зээл өгөх нь хамаагүй. Банкнаас зээл аваад төлөх гэж байгаа монголчуудын орлого олдог төгрөгний ханш нь унаад байвал хүү нь бүр өндөр болно. Тиймээс төгрөгийн ханшаа унагдаггүй эзэнтэй төр болгож хувиргаад, санхүүгийн тогтолцоогоо хянадаг болсны дараа энэ асуудал яригдах ёстой. Өнөөдрийн байдлаар Монголын банк, санхүүгийн системд гадаадын хүмүүсийг оруулах асуудал байж болохгүй. Хэрэв гадаадын банкыг оруулвал монголчууд дахин өрөнд орж, барьцаанд унана гэж бодож байна.
-Эзэнгүй айл гэдгийг ямар утгаар хэлж байна вэ?
-Өрхийн тэргүүн үр хүүхэд, эхнэрийхээ өмнө хариуцлага хүлээдэг. Үүрч байгаа хариуцлагатайгаа тэнцүү эрхийг эдэлдэг. Өнөөдөр Монголд гурван сая иргэдийн өмнө хариуцлагаа үүрч, түүндээ таарсан эрхээ эдэлдэг хуульчилсан төр байхгүй. Үндсэн хуулиасаа эхлээд дагалдаж гарсан төр, засгаас зохицуулдаг бүх хуулиуд зөрчилдөөнтэй байгаа. Гэтэл тодорхой хариуцлагын заалт хуульчлагдаагүй хэрнээ эрхээ эдлэх хуулийн заалтууд нь тодорхой хуульчлагдсан байдаг. Ер нь ард түмнийхээ өмнө цаазлуулах, буудуулах хүмүүс гишүүдийн дунд бий.
-Үндсэн хууль зөрчил ихтэй юм уу?
-Засгийн газар, УИХ ойрд яригдаж байгаа Үндсэн хуулийг эрс шинэчлээд, гурван сая ард түмний өмнө ийм ийм зүйлийг хариуцна гэж амлах хэрэгтэй. Хэрэв амлалтаа хэрэгжүүлж чадахгүй байвал огцруулъя. Хариуцлагаа үүрдэг хуультай төртэй болохын тулд Үндсэн хуулиа шинэчилье гэж ярьж байна. Бид тогтолцооны шинэчлэлийг хийхдээ Үндсэн хуулийг шинэчлэхээс эхлэх ёстой. Тэгэхдээ уг хуулинд хариуцлага нь энгийн, тодорхой байх хэрэгтэй гэж хэлмээр байна. Жишээ нь, төгрөгийн ханш тогтвортой байх, орон сууцны зээл, нийгмийн, хөрөнгийн санхүүжилт яаж явагдах вэ, гадаадын хөрөнөгө оруулагч нэртэй мөнгө хүүлэгчдийг биш, жинхэнэ хөрөнгө оруулагчдыг яаж татан оруулах вэ зэргийг нарийн заахдаа хариуцлагыг үүрүүлэх ёстой.
-Хас банкнаас орон сууцны 160 сая төгрөгний зээлийг зургаан жилийн өмнө аваад тэр үеийн биш одоо үеийн ханшаар төлж байгаа асуудал хөндөгдөн яригдаж байна. Хуулиар бол тухайн үеийн ханшаар төлөх ёстой юм байна. Гэтэл илүү мөнгө төлж, залилуулж байгаа иргэд хохирч байна.Та судлаачийн хувьд байр сууриа хэлээч?
-Иргэний хуулийн 218.1-р заалтыг ярьж байна. Жишээлбэл, та бид хоёр гэрээ байгуулж байх үед гэрээний нөхцөл байдал тухайн үед ямар байсан бэ гэдгийг хуулинд заасан байгаа юм. Тэр үеийн гэрээг хэрэгжүүлэхийн тулд энэ заалтаар хуульчилж, өгсөн. Хуулиар бол авсан үеийн ханшаар эргэж төлнө гэсэн заалт байгаад байдаг. Гэтэл Хас банк тэр үед хийсэн гэрээгээ зөрчиж, иргэдээс илүү мөнгө авч байгаа юм.
Б.Баярмаа
“Засгийн газрын мэдээ” сонин