Брюсселийн номын яармаг бол ном хэвлэн нийтлэгчид, редакторууд, зохиолч уншигчдын том баяр юм. Ялангуяа зохиолчдын дунд ихээхэн алдартай агаад, бүр 12 жилийн өмнө энэ яармагийн тухай анх сонсож, очиж үзэхийг мөрөөдөн хүсч билээ. Гэтэл үзэхээр барахгүй, өөрөө оролцох завшаан тохиосон нь мэдээж франц бүсгүй Эмили Мэйн хүчин чармайлт. Эмили гадаадын 5 хэлээр чөлөөтэй ярьдаг, өндөр боловсролтой, хайрлам эгэл даруу зантай, Рапунзел шиг урт шаргал, сүлжсэн гэзэгтэй үзэсгэлэнт бүсгүй юм. Би түүний зургийг авах гээд үсээ задлахыг хүссэнд ийн сүлжээсээ тайлсныг та яг одоо харж байна. Хөөрхөн байгаа биз? Түүний нөхөр их сайн найруулагч агаад арт-хаус чиглэлийн олон кино хийжээ. Нэг киног нь бид тун удахгүй Монголын аль нэг телевизээр гаргахаар төлөвлөж байна.
Барууны хэвлэлийн газрууд ном бүтээлийг сонгон хэвлэхдээ чухам яагаад өндөр шалгуур тавьдаг вэ гэвэл эдийн засгийн бүх эрсдлийг өөрөө үүрдэг болохоор л тэр. Хэвлэсэн ном нь зарагдахгүй бол хэвлэлийн газрууд хэрхэн оршин тогтнох билээ дээ. Далай шиг их номон дундаас хаа байсан Монголын зохиолчийн номыг гадаадын уншигчид олж харж, худалдаж авах эсэх нь эргэлзээтэй. Тиймээс хэвлэж түгээх, уншигчдад хүргэх, ойлгуулан сурталчлах бүх зардлыг гаргах нь эгээ л мөрий тавьж буй юм шиг барьцгүй хатуу, барууны ертөнцөд бол бараг л эр зоригийн асуудал юм шиг санагдсан. Гадны хэвлэлийн газрууд гаргаж ирж буй зохиолчоо маш их сурталчилдаг аж. Эмили Мэй франц хэлт уншигчдад номыг минь танилцуулахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргасныг очиж байж л өөрийн биеэр үзэж мэдэрсэн. Европт өнгөрүүлсэн энэ хаврын Парис дахь өдрүүд л дэндүү завгүй байлаа. Парист 12 хонохоор төлөвлөсний 9 өдөрт нь уулзалт, ярилцлага, хэвлэлийн бага хурал, номын нээлт, хүлээн авалт, мэргэжлийн гэрэл зурагчнаар зургаа авахуулах гэх мэтийн, над шиг зожигдуу хүний хувьд бол огт хүсэмгүй түмэн ажилтай өнгөрсөн нь хэвлэлийн газрын төлөвлөгөөний дагуу л өрнөсөн, татгалзаж болохгүй зүйл байлаа. Харин эндээс барууны хэвлэлийн газрууд ажлаа хэрхэн явуулдгийг мэдэж, суралцав.
Хаа газар явж байхдаа бид монголчуудын тухай элдэв буруу төсөөлөл, дорд үзсэн хандлага, сөрөг мэдээллүүдтэй цөөнгүй тулгарч эмзэглэдэг. Монголчуудыг чин үнэнээсээ ойлгож, хайрлах гаднын хүн тийм ч олон биш. Харин Эмили монголчуудад хайртай. Ядуу улс орон гэж байдгаас ядуу урлаг соёл гэж байдаггүйг энэ ухаалаг бүсгүй сайн мэднэ.
Өлзийтөгс Лувсандорж /facebook/