МАН-ын “Ээлжит бус онц их хурлын төлөө” хөдөлгөөн МАН-ын дарга М.Энхболдод МАН-ын ээлжит бус хурлыг яаралтай хуралдуулах мөн зарим албан тушаалтанд хариуцлага тооцуулах шаардлагыг хүргүүлээд байгаа билээ. Энэ талаар тус хөдөлгөөний зохицуулагч Т.Баасанцогттой ярилцлаа.
-“МАН-аас байгуулагдсан засгийн газар мөрийн хөтөлбөрөөсөө ухарсан, цөөнхийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаа зэрэг МАН-ын дотоод асуудлыг шударгаар шийдвэрлэхийн тулд та бүхэн МАН-ын “Ээлжит бус онц их хурлын төлөө” хөдөлгөөнийг эхлүүлээд байгаагаа өчигдөр мэдэгдсэн. Тус хөдөлгөөнийг зүүний хүчний буюу У.Хүрэлсүхтэй холбоотой гэх хардлагыг олон нийтэд төрүүлээд буй. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье.
-МАСЗХ бол МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллага. Залуучуудын байгууллагын залуус дуу хоолойгоо илэрхийлж байхыг хараад Шадар сайд У.Хүрэлсүхээ хамгаалаад зохион байгуулалтад ороод байна гэж хардахаас өөр аргагүй юм. Учир нь У.Хүрэлсүх тэргүүтэй бидний хэдэн нөхөд МАСЗХ-г 1997 онд үүсгэн байгуулж байсан түүхтэй. Шадар сайд У.Хүрэлсүхийн шинэчлэлээр олон мянган залуусаар МАН-эгнээгээ тэлж байсан. Гэхдээ өнөөдөр МАН-ын дотоод ардчилал, эв нэгдэл хэрхэн доройтов гэдэг нь гурван шатны сонгуулийн үр дүнгээс хэн бүхний өмнө илт харагдаж байна. Тиймээс энэхүү хөдөлгөөнийг өрнүүлж байгаа юм. 1997 онд МАХН-аас (хуучнаар) гишүүд дэмжигчид нь гарч, “МАХН-ыг хөгшчүүл, цагаан толгойтнуудын нам” гэж нэрлэдэг байхад нь бид МАХН-ын (хуучнаар), дэргэд “Залуучууд хөгжил төв”-ийг байгуулж улмаар намын Их хурлаас МАСЗХ-г байгуулах эх суурийг тавьж байсан. Ингээд бид гишүүнгүй болж байсан намаа аваръя мөн үзэл баримтлалаа тууштай дэмжье гэдэг зорилгоор олон залуус нэгдсний үр дүнд намаа аварсан түүхтэй. Хэрвээ тэр үед МАХН-ыг шинэ залуу боловсон хүчнүүдээр бэхжүүлж, намаа авч үлдээгүй бол өдгөө ардчилсан нам дангаараа улс төрийг удирдаад явсан бол өнөөдөр Монгол Улсын хувь заяа хаана байх байсан бол гэдгийг бид дор бүрээ бодох хэрэгтэй. Бид анхнаасаа албан тушаалын төлөө яваагүй, анх МАСЗХ-г юу ч үгүй байхад нь зүтгэж бий болгосон. Тэр үеийн шилжилтийн нийгэм ямар хүнд байлаа даа. Бүгд л өөрсдөөсөө хөрөнгө мөнгөө гаргаж намынхаа төлөө зүтгэж байсан цаг. Засагт МАН гарвал МУ-ын эдийн засаг өсч байдаг харин АН гарвал эсрэгээрээ буурч байдаг үзэгдлийг бид өнгөрсөн хугацаанд олж харлаа шүү дээ.МАН УИХ болон орон нутгийн сонгуульд үнэмэхүй ялалт байгуулж, УИХ-д 65 суудал авсан. Гэтэл жилийн хугацаанд энэ бүхэн яаж буурав. УИХ-ын 65 суудал авсан явдал бол иргэд МАН-ыг мэргэжлийн засгийн газар байгуулаасай гэж итгэсэн, бүрэн эрх өгсөн ийм л явдал. МАН-аас байгуулагдсан засгийн газар мөрийн хөтөлбөрөөсөө ухарсан, цөөнхийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаа нь хүмүүст эргэлзээ төрүүлж байна.
-МАН-ын дотоод ардчилал, эв нэгдэл үгүй боллоо гэж ярилаа. Үүнийгээ хэзээ, хаана гээчихэв?
-Дотоод хямрал олон жилийн өмнөөс яригдсан. Үүнийг засах гэж залуус намын дотоод шинэчлэл, хөдөлгөөнгүүдийг хэдэнтээ өрнүүлж байсан. Ер нь шинэчлэл гэдэг нь өөрөө мөнхийн үйл явц. Бидний шинэчлэл үүний л нэг адил, гэхдээ үр дүнтэй шинэчлэл байх ёстой. Манай намд хариуцлагаа хүлээдэг, шударга хүмүүс олон байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ шударга ёс нь алдагдсан учраас ийм байдалд хүрээд байгаа юм. Нэгдүгээрт, албан тушаалын төлөөх, хоёрт, хөрөнгө мөнгөнд үйлчилсэн цөөн хэдэн нөхөд намыг удирдаад байна.
-Тэдгээр хүмүүсээс нэрлэвэл?
-Тэдний хэн нь хэн бэ гэдэг нь нийгэмд ил болсон. Тухайлбал, М.Энхболд дарга, мэргэжлийн засгийн газрыг байгуулна гэж гарсан атал өнөөдөр ямар хүмүүсээр засгийн газар бүрдчихээд байна уу гэхээр нөгөө л хөрөнгөтэй хүмүүсийн арми болж хувирсан. Үүнийг угтаа намын дарга нь засаж залруулж явах ёстой атал эсрэгээрээ өөрөө гар бие оролцоод явж байна. Мөн Ерөнхий сайд нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой гол субъек нь байтал өнгөрсөн хугацаанд мөрийн хөтөлбөрөөсөө ухарсан шийдвэрүүдийг олонтай гаргалаа. Бид иргэдийнхээ саналыг хулгайгаар авч, татварыг нэмэх гэж, албан тушаалын наймаа 60 тэрбумыг эхлүүлэх гэж мөрийн хөтөлбөр дэвшүүлээгүй. МАН ард түмний нам байсаар ирсэн. Гэтэл намын үндсэн зарчим алдагдаж эхэллээ.
–Өнгөрсөн сарын сүүлээр МАН-ын дарга М.Энхболд өөрийн нүүр хуудастаа “Бага хурлыг ирэх есдүгээр есөн сард хуралдуулах тухай мэдээлсэн байдаг ч энэ нь ташаа мэдээлэл болж хувирсан. Үүнээс харахад, шинэ дарга томилох асуудалд нэг их яарахгүй байгаа бололтой?
-Ер нь ямар ч тохиолдолд нүүр номын хуудас болон твиттер хуудаст нийтлэгдсэн мэдээлэл МАН-ын албан ёсны баримт бичиг биш, үүгээр үзэл бодлоо илэрхийлэх нь намын үзэл баримтлалын ёс зүйд ч нийцэхгүй. Намын дарга юу ч дуугарахгүй байна гэдэг нь Бага хурлыг хуралдуулахад яаравчлуулахгүй санаатайгаар удаашруулж буй хардлагыг бидэнд төрүүлж байгаа юм. МАН-ын үнэт зүйл гэж бий. Асуудал гарвал даруй гишүүдээрээ хэлэлцэж засаж залруулдаг, шүүмжлэх тал дээр ч зоригтой хэлж, ярьж шийдлээ олж чаддаг тийм л нам байсан. Гэтэл энэ үнэт зүйлээ одоо алдаж байна. Магадгүй бусдын ярьж байгаагаас харахад, Их хурлыг өвөлжилтийн бэлтгэл ажил, улсын төсөв батлах үетэй тааруулж арваннэгдүгээр сар хүртэл хийхгүй байх санаархал байна. Тиймээс 2017 оны наймдугаар сарын 25-ны өдөр МАН-ын бага хурлыг зарлан хуралдуулж их хурлын товоо зарлахыг шаардаж байгаа юм. МАН-ын дээд байгууллага нь Их хурал. Цаг алдаж болохгүй. Хугацаа алдах тусам монголын ард түмний хувь заяа шийдэгдэх гээд байна гэдэг үүднээс л бид Их хурлыг яаравчлуулаад байгаа юм.
-МАН-ын “Ээлжит бус онц их хурлын төлөө” хөдөлгөөн намын даргадаа шаардлага хүргүүлсэн байгаа шүү дээ. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол та бүхний дараагийн алхам юу байх вэ?
-Манай намд улс төрийн соёл гээч нь үгүй болсон. Нэгнээ мөшгөж, тагнах, улс төрийн албан тушаалтнууд нь хариуцлагагүй мэдэгдлүүд хийдэг зэрэг. Тэгвэл бид юуны түрүүнд улс төрийн соёлыг эрхэмлэж, намын үндсэн дүрмийнхээ дагуу МАН-ын дарга М.Энхболдод ээлжит бус Их хурлыг хуралдуулах талаар шаардлага хүргүүллээ.Бид цаашид ч гэсэн улс төрийн соёлыг эрхэмлэж хөдөлгөөнөө өрнүүлнэ.
-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд МАН-ын засаглал АН-д шинэчлэлийг өрнүүлүүллээ. Үүнтэй адил МАН-ын гишүүд дэмжигчид өөрчлөлт шинэчлэлийг хүсэж байгаа нь өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харж болохоор байлаа?
-Улс төрийн өөрчлөлт шинэчлэл байнгын явагдаж байдаг гэж дээр хэлсэн. Ингэхээс ч өөр аргагүй юм. Шинэчлэгдэхгүй яваад л байх юм бол түүний цаана монголын ард түмний эрх ашиг хөндөгддөг. Тиймээс аль ч нам өөрчлөлт шинэчлэлийг хийж байх ёстой.
-Монголын ард түмэн МАН-д 65 суудал өгсөн явдал нь асар том итгэл үзүүлснийх. Гэтэл тэр их итгэлийг өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрхэн хариулж байгаа нь тэдний гаргаж буй бодлого, шийдвэрээс илт харагдаж байна. Ийн байтал МАН-ын гишүүд дэмжигчид чимээгүй байгаа нь эргэлзсэнийх үү эсвэл итгэлээ тээсээр л байгаагийнх уу?
-Намын гишүүдийн итгэл үнэмшилтэй л холбоотой. Нам нь өөрөө итгэл үнэмшлээр нэгдсэн бүлэг хүмүүсийн нэгдэл. Итгэл үнэмшил нь эргэлзээнд хүргэснийх. Өөрөөр хэлбэл манай лидерүүдийн гаргаж буй бодлого шийдвэрүүдэд “Арай үгүй байлгүй дээ” гэсэн эргэлзсэн хандлагаар хандаж байгаа юм. Эргэлзээ үгүй болсон цагт манай гишүүд язгуур эрх ашгийнхаа төлөө нэгдэж дуугарч чадна. Тийм ч учраас энэхүү хөдөлгөөндөө нэгдэхийг уриалж байна.
Ярилцсанд баярлалаа.
Ш.Адъяамаа