УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газрыг огцруулах нь зөв гэж та гарын үсэг зурсан. Яагаад гарын үсэг зурах болсон юм бэ?
-Засгийн газар бол ард түмний санал бодлын толь байх ёстой. Ард түмний дунд Засгийн газрын нэр хүнд унавал тухайн үед нь засч, залруулах хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар МАН ялагдал хүлээсний том шалтгааны нэг нь Засгийн газрын өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажилд үнэлэлт өгсөн гэж бодож байна. Тэгэхээр бидэнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд муу дүн тавьчихсан. Нөгөө талаас иргэд сонгогчдынхоо дунд уначихсан тэр их итгэлийг яаж олж авах вэ гэдэг том асуудал. Тиймээс бид бодож байгаад Засгийн газраа өөрчлөх ёстой гэж үзсэн. Засгийн газар өөрчлөхдөө хүн солих биш бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ, ажиллах арга барилаа өөрчлөх шаардлагатай гэж харсан. Түүнээс надад сайд, дарга болох, албан тушаал авах бодол байхгүй. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын явуулж байгаа бодлого нь тодорхой бүлгийн бизнесийг дэмжсэн, УИХ-аас гаргаж байгаа зарим шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа байдал ажиглагдсан. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудал, зарим компаниудад өгч байгаа концесс гэх мэт. Бодлого нь өөрөө ард түмний төлөө биш тодорхой хэсэг бүлэг бизнесийг дэмжсэн бодлого явуулж байсан учраас огцруулах гарын үсэг зурсан. Засгийн газраа сольж, боловсон хүчин, бодлого үйл ажиллагаа, ажлын арга барилыг өөрчилснөөр 2020 оны сонгуульд оролцох боломжтой гэж дүгнэж байна. Түүнээс гадна 2016 оны сонгуулийн дараах үе, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах үе хоёрыг харьцуулахад, Засгийн газарт итгэх итгэл эрс буурсан байсан. Бид энэ байдлаар гурван жил явах боломжгүй юм байна гэдгийг ойлгосон. Өөр нүүр, бодлого, арга барилаар ажиллаж байж явах юм байна гэж бодсон учраас иргэдийн санаа бодол миний гарын үсэг зурах болсон шалтгааны нэг болсон.
-Шинэ Засгийн газар эмзэг эдийн засаг хүлээж аваад сэхээнд оруулаад байж байна. Оны дараа бондын эргэн төлөлт гээд ийм эмзэг цаг үед дараагийн Засгийн газар сайн ажиллана гэсэн итгэл байна уу. Дахиад л баахан сандал, суудал гэсээр цаг хугацаа алдах вий гэсэн болгоомжлол байна?
-ОУВС-ийн хөтөлбөр зогсоно, эдийн засаг хүндрэх нь гэсэн яриа их байна. ОУВС-гийн хөтөлбөр бол Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээ. Монгол Улсын Ж.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн гэдэг хүмүүстэй байгуулаагүй. Тиймээс ОУВС-гийн хөтөлбөр зогсоно гэж бодохгүй байна. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр хоёр эерэг үр дүн үзүүлсэн. 2016 долдугаар сард өндөр хүүтэй богино хугацаатай зээлийг урт хугацаатай хүү багатай зээлээр сольж чадсан. Өрийн дарамтаа багасгасан гэсэн үг. Мөн төсвийн сахилга сайжруулах, зардал бууруулахад тодорхой үр дүн үзүүлсэн. Тиймээс ОУВС-гийн хөтөлбөрийг дараагийн Засгийн газар үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Ингэхдээ бид гэрээн дээрээ дахин ярилцах, санал солилцох асуудал бий. Тухайлбал, нийгмийн хамгааллын чиглэлийн зарим асуудлыг төсвийн давсан орлогоороо шийдвэрлэх шаардлага байна. Багш, эмч нарын цалин, тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө зэрэг асуудлыг шийдэх шаардлагатай. Өнөөдөр эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарсан учраас энэ орлогоороо асуудлаа шийдэх боломжтой. ОУВС-тай хамтрахын тулд хэт хатуу бодлого баримталсны горыг бид сая амссан. Эдийн засагт өсөлт бий болсон, боломж байгаа учраас Засгийн газар солигдлоо гээд эдийн засаг унана гэж байхгүй. Харин бид сайн менежер хийх мэргэжлийн, зөв, туршлагатай, олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн баг гаргаж ирэх ёстой. Миний хувьд Засгийн газар солигдох ёстой, түүнээс доод албан тушаалтныг солих ёсгүй. Тэднийг солихын тулд улс төрийн өнцгөөр биш ажлын уялдаа холбоотой нь хариуцлагын асуудал ярих нь зөв.
–Парламентын жишгийг харж байхад сайд болохгүй гэж байсан нь сайд болж, бодлого өөрчлөгдөхгүй, халаа сэлгээ хийхгүй гэж ярьдаг боловч амьдрал дээр бүгд эсрэг байдаг. МАН Засгийн газрын гишүүдээс өөр халаа сэлгээ, томилгоо хийхгүй гэдэг дээр санал нэгдсэн үү?
-Гарын үсэг зурсан 31 хүн дотроос сайд болно гэж яриагүй. Бид тэрийг, энийг сайд болгоно гэж огт яриагүй. Би хувь хүний хувьд сайд, дарга болохгүй. УИХ-ын гишүүнд хийх ажил их байна, би түүнийгээ л хийнэ.
-Гарын үсэг зуруулахдаа хоёр хүний дунд нэг сайд амласан гэх яриа байна. Ер нь гарын үсэг зурах гишүүд дундаас сайд болох уу?
-Би тийм зүйл сонсоогүй. Сайд болох гэж байгаа хүн бүхэнд сайд өгнө гэвэл юу болох вэ. Засгийн газар байгуулахдаа одоогийн байгаа эрх зүйн зохицуулалт буюу үндсэн чиг үүргийн таван яам нь “давхар дээлтэй” байж болно гэсэн зарчмаа барих ёстой. Үүнээс олон “давхар дээлтэй’ сайд хэрэггүй. УИХ-ын гишүүн сайд болно гэвэл мэргэжлийн байх ёстой гэсэн зарчим баримталж, Засгийн газраа байгуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа, би. Түүнээс биш энэ сонгуулиар сайн зүтгэсэн, энэ намд гавьяа байгуулсан, энэ гарын үсэг зурахад нөлөөлсөн гэж бодож Засгийн газар бүрдүүлбэл солих хэрэг байхгүй шүү дээ.
-Гарын үсэг зурсан гишүүд Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт дээр саналаа нэгтгэсэн үү. Та гэхэд сайд нараас бусдыг нь халахгүй байх ёстой гэж байна. Бусад гишүүдтэйгээ саналаа нэгтгэсэн үү?
-Гарын үсэг зурсан 31 гишүүн биш МАН-ын 65 гишүүн л ярина. Гарын үсэг зурсан гишүүд дотор сайд болно, болохгүй гэж ярихгүй. Засгийн газрын бүтцийн асуудлыг 65-уулаа ярих ёстой. Ер нь бол тохироогоор албан тушаал хуваадаг асуудлаа болих хэрэгтэй. Монголд байгаа нэг том асуудлын нэг нь тохироогоор томилгоо хийдэг явдал.
-МАН дотор Бага хурлаас өмнө Ерөнхий сайдаа тодруулах үйл явц өрнөж байна. Дараагийн Ерөнхий сайдад горилогчид, дэвшүүлэгчид маш олон байна. Одоогийн яригдаж байгаа хүмүүсээс хамгийн боломжтой хувилбар нь хэн гэж та харж байна вэ?
-Бид өөрчлөлт хийх гэж өөрийнхөө Засгийн газраа огцруулсан. Би бол нэлээд том өөрчлөлт хийх ёстой гэж харж байна. Түүнээс хэд гурван сайд сугалаад нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Одоо л бид буруу Засгийн газар байгуулбал дахиж хэзээ ч сэхэхгүй. 2016 оны сонгуулиар ард түмэн бидэнд маш том итгэл өгсөн. Энэ итгэлийг бид Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулахдаа алдсан. Нуулгүй хэлэхэд, цөөнх байхад хандив өгсөн хүмүүсийг нэгдүгээр эгнээнд оруулснаараа нэр хүндээ алдсан. Тиймээс бид энэ алдааг яагаад ч давтаж болохгүй. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгийн хурал дээр ч өмнөх алдаагаа давтахгүй байх нь чухал гэдгийг онцолсон. Шинэ Засгийн газрын бүх бодлого, шийдвэр бүхэн ард түмний төлөө байгаасай гэж би хүсч байна.
-Гэхдээ хот, зүүний хүчний, Увс гээд олон бүлэглэл Ерөнхий сайдын төлөө өрсөлдөж буй. Энэ хүмүүс өөр өөрсдийн хүнээ дэмжээд л “хайрцаглаад” ороод ирвэл яах вэ?
-Энэ бүлэглэлүүдийг задлахын тулд гарын үсэг зурсан.
-МАН дотор задлах ёстой олон бүлэглэл бий юу?
-Олон бүлэглэл байгаа гэж би хэлж чадахгүй. Огцорсон Засгийн газар дотор эдийн засаг, бизнес, улс төрийн нам дамжсан бүлэглэл байсан. Би УИХ-д анх удаа сонгогдсон гишүүн. Өмнө нь хүмүүс МАНАН бүлэглэлийг устгана гэж ярихад үнэмшдэггүй байлаа. Яг дотор нь ороод ирэхээр улс төр, эдийн засгийн бүлэглэл байна. Энэ хүмүүс томилгоогоо хийдэг, бизнесээ хийдэг. Энэ бүхний эцэст ард түмэн л хохирдог. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд ч энэ бүлэглэлийг задлахын тулд ийм үйлдэл хийсэн гэж бодож байна.
-Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатыг нэг ч сайд нараа томилж чадаагүй гэж намынхан нь ярьдаг. Та шинэ Ерөнхий сайдыг ямар байгаасай гэж бодож байна. Гарын үсэг зурсан гишүүд Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг дэмжинэ гэж нэгдсэн байр суурьтай байгаа гэсэн яриа бас байна?
-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд, өөрөө Засгийн газрын сайд нараа томилоогүй гэдгийг би мэдэж байгаа. Одоо гарч ирэх Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийн ядаж 50 хувийг нь өөрөө сонгож аваасай гэж хүсч байна. МАН-д улс төрийн лидер гарч ирэх цаг нь болсон. Нам ч тэр, ард түмэн ч тэр лидер дагаж явдаг. МАН-д сайн лидер үгүйлэгдэж байна. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд саяхан уулзаж, саналаа солилцсон. Бидний хувьд хоёр асуудал дээр саналаа нэгтгэсэн. Нэгт, сайд дарга нар авах гэж, ойрын жижиг сажиг мэс ажилбар хийгээд энэ асуудлыг шийднэ гэж бодохгүй байгаа. Маш том өөрчлөлт хийх ёстой. Харин энэ санал дээрээ бүгд нэгдэх ёстой. Хоёрт, олонх гишүүд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх нь тохиромжтой гэж үзсэн. Нас, төрийн ажлын туршлага, улс төрийн ажлын хувьд ч тохирно гэдэг зүйлийг зарим гишүүд хэлж байсан.
-Шинэ Ерөнхий сайд МАН-ын дараагийн дарга байх уу, эсвэл?
-Одоо гарч ирсэн Ерөнхий сайд намын дарга байх ёстой. МАН дотор М.Энхболдын дараагийн үеийн лидерийг гаргаж ирэх цаг нь болсон. Н.Энхбаяр, Н.Багабанди, С.Баяр, М.Энхболдын үе гэж явж ирсэн. Энэ удаа Ерөнхий сайдаар М.Энхболдын дараагийн үеийн лидерийг гаргаж ирж, намын дарга болгох ёстой. Түүнээс зарим хүмүүсийн хэлж буйгаар хоёр сарын дараа өөр нэг хүн гаргаж ирнэ гэж байхгүй. Монголын төрөөр тоглож болохгүй.
-Мэдээж намын дарга хариуцлага хүлээж, огцорно гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ М.Энхболдын “хүн” Ерөнхий сайд болно гэсэн таамаг ч байна, олны дунд?
-Одоо манай намын удирдлагууд энэ асуудалд ухаантай хандах ёстой гэж бодож байна. Өөрчлөлтийн салхи нийгэмд ч, намд ч бий болчихсон. Үүнийг зөв мэдэрч, хүлээж авах ёстой. 1990 онд Г.Очирбат, 1997 онд Даш-Ёндон гауй нар яг энэ өөрчлөлтийг мэдэрч, хүлээж авч байсан. Намын дарга нар яг тэдэн шиг алсыг харж, хүлээж авах ёстой гэж харж байна.
-Зарим яамдын тоог сайд нартаа зориулж нэмж байгаа гэсэн. Энэ үнэн үү?
-Засгийн газрын одоогийн бүтцийг өөрчлөх шаардлагагүй гэж би бодож байна. Засгийн газрын бүтэц өөрчлөгдвөл түүнийг дагаад л баахан халаа, сэлгээ явагдана. Үүний дүнд, Монголын жирийн нэг төрийн албан хаагч хохирно. Төрийн албан хаагчдын 90 орчим хувь нь цалингийн зээлтэй. Тиймээс Засгийн газрын бүтцийг өөрчлөхгүй байх нь зөв.
-МАН-ын гишүүд нэг хэсэг нь огцруулсан, нөгөө хэсэг нь огцруулаагүй гэсэн хоёр хэсэг болсон харагдаж байна. Ирэх даваа гариг хүртэл энэ хоёр “тал” ширээний хоёр талд суугаад саналаа нэгтгэж чадах болов уу?
-Намын удирдлагуудын уужуу тайвуу, ухаалаг бодох ёстой. Бага хурлаа талцуулж, хэрэлдүүлээд, гарын үсэг зурсан, зураагүйгээр нь ялгах нь урагш явах ажил биш. Энэ бүгдийг мартаад ирээдүйгээ зөв харж, ард түмний төлөө юу хийх, 2020 оны сонгуульд хэрхэн орох вэ гэдгээ бодох ёстой. Гарын үсэг зурсан гишүүдийг намын эв нэгдлийг хагалсан гэж их цоллосон. Би олон жил орон нутгийн намд ажилласан. Эв нэгдэл хэрэгтэй. Гэхдээ шударга ёс, хариуцлага хоёрыг хэзээ ч эв нэгдлээр халхавчилж болохгүй. Эв нэгдэл нэрийн дор хуйвалдаж, муугаа хаацайлж болохгүй. Харин шударга ёс, хариуцлага дээр тогтсон эв нэгдэл бол маш сайн эв нэгдэл байдаг.
-Бага хурлын 330 гишүүд дотор хотын фракцын гишүүд олон бий. Тэгэхээр хотын фракцын сонгосон хүн Бага хуралд дэмжлэг авах боломжтой гэж хөндлөнгийн зарим судлаачид дүгнэж байна?
-Хотынхон одоо болих хэрэгтэй. МАН-ыг энэ хотынхон дуусгаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд хотынхон ялагдсан. Сонгууль болохоор хотынхон унагадаг, нам дээр хор найруулдаг, эрх мэдэл хуваарилдаг. Орон нутгаас сонгогдсон гишүүд бол олон түмнийхээ саналыг сонсдог шударга хүмүүс гэж бодож байна. Гэхдээ би хотынхныг бүгдээрээ муу гэж хэлэхгүй. Зарим нэг хүмүүс нь сонгууль болохоор нуугдаж, албан тушаал хуваарилах болохоор ил гараад ирдэг хүмүүс байна. Тийм учраас хотынхныг хор бага найруулаарай, намынхаа ирээдүйг бодоод бүр болохгүй бол дуугүй сууж байгаач гэж хэлмээр байгаа юм.
Эх сурвалж:News.mn