Өнгөрсөн найман сарын 22-нд “Очир төв” зочид буудалд гарсан 13 настай охины амь насыг хөнөөсөн хэрэг өнөөдрийг болтол шийдэгдээгүй байна. Хэрэг ямар шатандаа явж байгаа талаар Ерөнхийлөгчийн зөвлөх, өмгөөлөгч, хуульч Р.Булгамаатай ярилцлаа.
-13 настай М гэх талийгаач охины амь насыг хохироосон хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэхдээ Эрүүгийн хуулийн хүчиндэх зүйл хэргээр шалгаж байгаа. Та өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйчлэл тохирч байгаа гэж үзэж байгаа юу?
-Хоёр этгээдийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгээр шалгаж байна. Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ялаар шийтгэдэг. Хэргийн зүйчлэлийн хувьд давхар Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор, 2.7-д хохирогчийн биеэ хамгаалах чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж, 2.11. бүлэглэж хүн алсан гэдэг зүйлээр зүйлчлэн шалгах ёстой. Уг гэмт хэрэг мөн дээрх Хүчиндэх гэмт хэрэгтэй адил ял шийтгэлтэй. Гэсэн хэдий ч хүн амины хэрэг гарч, Монгол Улсын иргэн амиа алдсан гэдэгт хэргийн гол зангилаа оршиж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тухайн хэрэгт хяналт тавьж буй прокурор зүйлчлэл өөрчлүүлэх хүсэлтийг хангаагүй тул Дээд шатны прокурорт хандаад байна.
Хэдийгээр Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 3-т Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй гэсэн байдаг. Эцэстээ энэ хэргийг давхар зүйлчлэхгүй ч, ялын хэмжээнд нөлөөлөхгүй боловч шудрага ёсны зарчмын дагуу гэм бурууг гүйцэд тогтоох учиртай.
-Шүүх шинжилгээний хүрээлэнгээс гарсан дүгнэлтээр талийгаач охин архинд хордож нас барсан гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?
-Талийгаач охин “Хүнд зэргийн согтолттой, архины хордлогын улмаас нас барсан нь тогтоогдсон” гэж Шүүх эмнэлгээс нас баралтын шалтгааныг тайлбарласан байна лээ. Цусан дахь спиртийн хэмжээ ийм өндөр гарсантай нь бид маргахгүй байгаа. Гэхдээ 13 настай жаахан охин 5.7 хувийн согтолттой болтлоо архи өөрөө уух уу. Тодруулбал, өөрийн хүсэл зоригоор уух боломжгүй. Учир нь уг согтолт нь маш хүнд бөгөөд насанд хүрсэн хүн 1.8 хувьтай болоход л өөрөө орчинтойгоо харьцах чадвараа алддаг. Мөн хоёроос дээш хувь болсон тохиолдолд хүн залгих чадвараа алддаг болохыг анагаахын эрдэмтэд тогтоосон байдаг юм билээ. Тэгэхээр энгийн логикоор бол талийгаач охин өөрийн хүсэл зоригт бус хүчирхийлэлд өртсөнийхөө дараа хүчээр архи цутгуулсан байх магадлалтай.
Иймээс өмгөөлөгчийн хувьд Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйл 19.1-д зааснаар нэмэлт шинжилгээ хийлгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа. Учир нь энэ дүгнэлт бүрэн бус, хангалтгүй байгаа юм. Мөн талийгаачийн ар гэрийнхэнд илэрхий харагдаж байсан шарх, сорви, гэмтлүүдийн талаар Шүүх эмнэлгийн дүгнэлтэд бичигдэж гарч ирээгүй. Тийм учраас хохирогчийн ар гэрийнхний зүгээс тодруулах шаардлагатай 9 асуулт бүхий хүсэлтийг ШШҮХ болон мөрдөгчид гаргасан болно.
Энэ долоо хоногт өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээн авч, хуулийн дагуу нэмэлт шинжилгээ хийгдэж байна. Бидний зүгээс тодорхой бодитой шийдвэр гарна гэж найдаж өндөр хүлээлттэй байна.
-Мөрдөн шалгах ажил хэр ахицтай явж байна вэ?
-Үнэнийг хэлэхэд ямар ч ахиц гарахгүй байна. Хүн амины хэрэг гарсан байхад сэжигтнүүдийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй нэг сар гадуур явуулсан. Хэргийг хариуцаж байсан хоёр прокурор ажилдаа хариуцлагагүй хайнга хандсаныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Үүнээс гадна өмгөөлөгчдийн зүгээс нэг зүйлд шүүмжлэлтэй хандаж байна. Өнөөдрийн байдлаар уг хэргийг шалгаж байгаа мөрдөгч гурван ч удаа солигдоод байна. Хэрэг гарсны эхний нэг сарын хугацаанд ажилласан мөрдөгчийн хувьд ажилдаа хариуцлагагүй хандсан төдийгүй, мөрдөн байцаагчийн ур чадвар, туршлага маш дутмаг байсан. Мөн хэргийн гол нотлох баримтуудыг цуглуулах, баримтжуулах тал дээр хойрго хандаж, түргэн шуурхай хандаагүй. Яагаад гэхээр шинэ хуулиар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар бүгд мөрдөгчид болсон. Тиймээс хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан тэрээр нэг л өдөр хуулийн өөрчлөлтийн хүрээнд мөрдөгч болсон. Хөнгөн хэргээс хүнд гэмт хэрэг дээр ажиллах болсон гэсэн үг л дээ. Хувь хүнийх нь хувьд буруутгахын аргагүй. Нөгөө талаас мэргэжил ур чадварын хувьд бүрэн бэлтгэгдээгүй цагдаагийн ажилтанд хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах үүрэг олгосон төрийн хууль зүйн салбарын алдаатай бодлогын нэг байх гэж бодож байна. Хоёр дах мөрдөгч энэ хэрэг дээр ажлаад удаагүй байж тэтгэвэрт гарах нас болсон гэх шалтгаанаар дараагийн мөрдөгчид ажлаа хүлээлгэж өгч байгаа. Энэ бүхнээс харж байхад цагдаагийн албан хаагчид дан ялангуяа мөрдөгчидийн хувьд ажлын ачаалал маш өндөр байна. Хавтастай хэргийнхээ ард гарч чадахгүй илүү цагаар ажиллах байдал түгээмэл байна. Ажлын үзүүлэлтийн хэдэн хэрэг шалгасан гэдэг тоон үзүүлэлтээр тогтоодог хуучин арга барилаа ч дарга нар нь өөрчлөх хэрэгтэй. Бодитой үр чухал гэдгийн албаны хүмүүс анхааралдаа авах нь зүйтэй.
Нөгөөтэйгүүр манай улсад тусгай субъектүүдийн үйл ажиллагаа, хууль зөрчсөн үйлдэлд тавих хөндлөнгийн хяналт, хариуцлага тооцох механизм сул ажиллаж байна.
–Та хуучин байсан прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албатай холбоотой асуудлыг хөндөж байна уу?
-Тиймээ. Улсын прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба 2003 онд байгуулагдан ажиллаж байсан. Гэхдээ 2014 оны нэгдүгээр сард татан буугдсан нь нийгмийн зүгээс ихээхэн шүүмжлэлийг дагуулж байсан. Уг нь энэ албыг дахин байгуулбал хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд прокуророос хяналт тавьж байх хугацаанд илэрсэн зөрчлийг бүрэн арилгах юм. Мөн мөрдөгч, прокурор, шүүх, АТГ, тагнуулын байгууллагын ажилтнуудын хууль зөрчсөн үйлдэл, хэргийг харьяаллын дагуу шалгаж шийдвэрлэхэд чухал үр нөлөөтэй механизм болох юм. Өнөөдрийн байдлаар иргэдийн хувьд хуулийн байгууллагын ажилтны хууль зөрчсөн, дур зоргоороо авирласан үйлдлийн талаар Улсын Мөрдөн байцаах газрын харьяа Тусгай субьектүүдийн гэмт хэргийг шалгах хэлтэст хандан шалгуулах хууль зүйн боломжтой хэдий ч бодит байдал дээр Цагдаа цагдаагаа шалгах асуудал үүсээд байдагт оршдог. Энэ тогтолцоо өнөөгийн нийгэмд үр өгөөжгүй бодитой биш гэдэг нь харагддаг.
Гэмт хэрэг үйлдсэн эзэн, холбогдогч нь тов тодорхой байхад хэрэг мөрдөн шалгах ажиллагаан дээр 70 гаруй хонож байна. Энэ нь хуулийн байгууллагын ажилтнууд хариуцлагагүй, мэргэжлийн ур чадвар дутмаг , ажилдаа сэтгэлгүй хандаж байгаагаас гадна авилга, шан харамж нууц хэлбэрээр оршин байна уу гэсэн хардалтыг нийгэмд үүсгээд байна.
Г.Санжааханд