Цөлжилт ба амьтдын амьдрах орчны доройтол

Цөлжилт ба амьтдын амьдрах орчны доройтол

Энэ сарын 20-21-ний өдөр Бээжин хотод “Хятад Монгол хоёр улсын хил орчмын бүс нутгийн зэрлэг амьтдыг хамгаалах менежмент’’олон улсын хуралд Монгол Улсаа төлөөлөн Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн захирал Я.Адъяа, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн хөхтөн амьтны лабораторийн эрхлэгч Б.Лхагвасүрэн, Байгаль орчин аялал жуулчлалын яамны мэргэжилтэн Н.Жамъянхүү, Ховор ховордсон амьтан ургамлын төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц /CITES/-ийн үндэсний зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн, Монголын амьтан ургамлын мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Л.Ганболд Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь суурин төлөөлөгч Б.Бүүвэйбаатар, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн зэрлэг амьтдын биологич Г.Наранбаатар, Г.Гантулга гэсэн хүмүүс оролцоод иржээ.

Энэхүү хуралд ховор ховордсон амьтан ургамлын төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц /CITES/-ИЙН үндэсний зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн, Монголын амьтан ургамлын мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Л.Ганболдын ‘“Цөлжилт ба амьтдын амьдрах орчны доройтол” сэдвээр гавьсан илтгэлийг хүргэж байна.

Өнөөдөр монголын нийт газар нутгийн 77,8 хувь цөлжилтөд нэрвэгдээд байна. Энэ нь манай улс түүхэндээ байгаагүй цөөхөн амьтан ургамалтай болсон гэсэн үг. Нэгдэлжих хөдөлгөөн 1959 онд ялснаар малчдад дөрвөн улиралд хаана байхыг нь улсаас хатуу зааж өгсөн. Ингэснээр улиралдаа тохируулан байгалийн бүс бүслүүрээр нүүдэг байсан нүүдлийн мал аж ахуйн уламжлалын мөн чанар бус хэлбэр нь үлдэж бэлчээр талхигдан цөлжилт эхэлсэн. Нэгдэлжих хөдөлгөөн ялснаас яг 15 жилийн дараа явагдсан бэлчээрийн хомсдолоос үүдэн, олон зуун мянган аргаль, угалз эх нутгаасаа дайжин нүүсэн их нүүдэл буюу 1974 оныг цөлжилт эрчимжиж эхэлсэн үе гэж үзэхэд буруутах зүйлгүй юм. Амьтдыг байгалийн индикатор гэдэг. Амьтан элбэг байвал ургамал, ус, агаар, хөрс экосистем хэвийн байна гэсэн үг. Гэтэл өнөөдөр монгол улс түүхэндээ байгаагүй цөөн амьтан, ургамлын нөөцтэй болжээ. Өөрөөр хэлбэл эх нутгийнхаа 78 хувийг цөлжүүлчхээд сууж байна.

ТЭГВЭЛ ЭНЭ ЦӨЛЖИЛТИЙГ ЯАХ ВЭ?

Үүний гол шалтгаан нь бог малыг олноор бэлчээн бэлчээрээ доройтолд оруулан цөлжүүлж буй явдал. Үүнээс гарах нэг арга нь орон нутгийнханд малаас олж буйгаас олон арав, зуу дахин их орлогыг ан амьтан, ашигт ургамлаас олох боломж олгон бог малын тоог цөөлж бэлчээрээ доройтлоос гаргах явдал. Аргаль, янгир, хар сүүлт зээр гэх мэт тууртан амьтад бэлчихдээ махан идэшт амьтдаас сэргийлж хоорондоо зайтай бэлчдэг, ургамал орхиж идээшилдэг тул бэлчээрийг доройтолд оруулдаггүй байна. Харин олон бог мал бэлчээрийн ашигт ургамлыг юу ч үгүй болтол мөлжин цөлжилт үүсгэдэг. Иймээс одоо хэрэгжиж буй хуулийн дагуу ан амьтан, ашигт ургамлыг орон нутгийн малчдад нөхөрлөлөөр дамжуулан эзэмшүүлэх хэрэгтэй. Ингэвэл малчид өөрийн хариуцсан амьтан, ургамлаа ашиглах эрх нь нээгдэнэ. Тэгж гэмээ нь ан амьтан, ашигт ургамал өснө. Ер нь олон мянган жилийн түүхтэй өрх гэр, хот айлын зориулалттай нүүдлийн малыг бэлчээрт нь өсгөж үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглана гэдэг бүтэшгүй ажил гэдгийг хаана хаанаа ойлгох цаг нэгэнт болжээ. Тэгээд ч өнөөдөр ан амьтан, ашигт ургамал дэлхийн зах зээлд малаас хэдэн арав, зуу дахин илүү үнэ хүрч байна. Тухайлбал, Европын холбооны улсууд манайхаас цөөн зүйл амьтан, ургамалтай атал энэ баялгаа зөв ашиглан жилд хэдэн тэрбум еврогийн орлого олж үүнийхээ ихээхэн хэсгийг нөхөгддөг баялгаа хамгаалж арвижуулахад зарцуулж байгааг мартаж болохгүй. Ан амьтан, ашигт ургамлыг орон нутгийнхан эзэмшин хангалттай орлоготой болсноор үйлдвэрлэлийн бус өрх, хот айлын хэрэгцээг хангах зориулалттай уламжлалт мал аж ахуйгаа хадгалан малын тоо толгойг бэлчээртээ гай болохгүйгээр авч явах боломж бүрдэнэ. Ашигт ургамлаа зохистой ашигладаг болно. Бас арьс шир, ангийн махаа ашиглана.

Мөн амьтан, ургамал унаган төрхдөө орвол аялал жуулчлал гэж том орлого бий.

Манай холбоо амьтдыг зохистой ашиглах асуудлыг УИХ-ын Байгаль Орчин Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байнгын Хороонд оруулсан. Энэхүү хорооноос 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулсан “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн хэрэгжилт” сэдэвт уулзалт-хэлэлцүүлгээс БОАЖЯ болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-д хандан “Зөвлөмж” гаргасан төдийгүй энэ ажилд мэргэжлийн холбоодыг оролцуулах тухай тус Байнгын Хорооны 2015 оны 07 сарын 09-ний 07 тоот Тогтоол гарсан. Ингэснээр байгалийн баялгийг зохистой ашиглах асуудал Монгол Улсын Засгийн газраас 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн дөрөвдүгээр бүлгийн 4.1.1-д орсон. Мөн манай холбооны эрдэмтэн судлаачид 2017 онд 2698 дугаартай “Хулан (Equus hemionus), цагаан зээр (Procapra gutturosa), хар сүүлт зээр (Gazella subgutturosa), монгол бөхөн (Saiga tatarica mongolica)-гийн тоо толгой, нөөцийг бодитоор тогтоох арга” ашигтай загвар, 8489 дугаартай “Өндөр уулын ан амьтдын тоо, нөөцийг зөв тогтоох арга”, 8487 дугаартай “Бэлчээр цөлжиж буй үндсэн шалтгаан, нөхөрлөлөөр дамжуулан цөлжилтөөс ангижрах хялбар арга” зохиогчийн эрхийн гэрчилгээг Монгол Улсын Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас авсан. Энэ бүх ажлын дүнд манай улс цөлжилтөөс ангижирч ан амьтдаа өсгөх асуудал хөрөнгө мөнгөнөөс бусад бүх саад арилсан гэж болно.

Монголын малчид малыг хамгаалах гэж бус ашиглах гэж 20 сая байсан малыг 27 жилийн дотор бараг 70 сая болгосон. Хэрэв тэдэнд ан амьтдыг нь эзэмшүүлбэл ан амьтан яг ингэж өснө гэдэгт бид бүрэн итгэлтэй байгаа юм. Ингэж гэмээ нь малын тоо цөөрч чанарын дэвшил гарна. Эх байгаль цөлжилтөөс ангижирч эргээд унаган төрхдөө шилжинэ. Хотоос хөдөөг зорих их нүүдэл эхэлнэ. Орон нутагт валютын орлоготой олон мянган ажлын байр бий болно. Малчид маань өнгөрсөн зууны бус энэ зууны малчид болно. Орон нутагт байгаа монголчуудын амьдрал эрс дээшлэх төдийгүй цөлжилтийг бүрэн ялж чадна. Энэ нь монголд хар сүүлт төдийгүй бусад амьтан ургамал өсөн нэмэгдэнэ гэсэн үг.

Иймээс та бүхэнд эх дэлхийн хамгийн чухал нэгэн бялаг болох Төв азийн бэлчээрийн экосистем, нөхөгддөг баялаг болох амьтан, ургамлыг хамгаалж хойч үедээ үлдээх энэхүү ариун үйлсэд оролцохыг албан ёсоор урьж бас уриалж буйг хүлээн авна уу.

Эх сурвалж: News.mn Л.Ганболд

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …