Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хот дотроо багтахаа байчихсан хэдэн мянган авто машинаа зохицуулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт гэгчийг хэрэгжүүлээд бүтэн жил гаруй хугацаа өнгөрсөн.
Энэ хугацаанд замын хөдөлгөөний ачаалал нэлээд саарч, иргэдийнхээ машин унах эрхэнд халдлаа гэж бухимдацгааж байсан нийслэлчүүд аль хэдийнэ зохицож дассан. Тиймээс ч хүмүүс дугаарын хязгаарлалтад ам сайтай байдаг юм билээ.
Гэтэл дугаарын хязгаарлалт боловсролын салбарт, бүр тодруулбал цэцэрлэгт хэрэгжиж эхэлсэн тухай хөөтэй, хөгтэй мэдээлэл бидэнд ирлээ.
Цэцэрлэгүүд энэ хичээлийн жилд ачааллаа даахгүйд хүрч, олон айлын хүүхэд гэртээ цоожлуулахаас өөр аргагүй байдалд ороод байгаа. Энэ асуудлыг зохицуулахын тулд байгаа хэдэн цэцэрлэгийнхээ байшинг нуртал хүүхэд чихэж, багш, ажилчдынх нь ачаалал ч эрс нэмэгдсэн тухай хэвлэл мэдээллээр сарын турш шуугисан.
Цэцэрлэгийн ачаалал нэмэгдсэн нь хүүхэд төрүүлсэн эцэг эхчүүд, тэднийг хүлээн авч буй багш ажилчдын ч буруу биш. Харин хүн амаа өсгөх бодлого баримтална гэчихээд нэмж цэцэрлэг бариагүй төр засаг л буруутай.
Гэтэл энэ асуудлыг цэцэрлэгүүд аль аль талд нь эвтэйхнээр зохицуулж, багш ажилчдынхаа ачааллыг багасгахаар шийдсэн бололтой юм. Хотын төвд орших Чингэлтэй дүүргийн 39 дүгээр цэцэрлэгийн зарим анги хүүхдүүддээ нэрсийн хязгаарлалт тогтоож, долоо хоногийн ажлын таван өдрийн нэг өдрийг гэрт нь өнжөөдөг болжээ.
Тус цэцэрлэгийн дунд ангийн нэг бүлэг 58 хүүхэдтэй байна. Уг нь цэцэрлэгийн дунд ангид 25 хүүхэд суралцах нормтой байдаг аж. Гэтэл байх ёстой ачааллаасаа хоёр дахин хэтэрсэн энэ цэцэрлэгт ангийн багш, туслах багш хоёр нь яаж ч хичээгээд хүүхэд бүртэй тулж ажиллаж чадахгүй нь ойлгомжтой. Ямар 10 мутартай бурхад биш. Тэднийг ингэж албадах ч ёсгүй.
Тиймээс ч цэцэрлэгийн удирдлага, багш нар зохицуулалт хийж, Үүл даргын гаргасан дугаарын хязгаарлалтын санааг хэрэгжүүлж эхэлжээ. Ингээд эцэг эхчүүдийн саналыг авч, долоо хоногийн аль өдөр хүүхдээ цэцэрлэгт нь өгөхгүй байх боломжтой талаар судалгаа явуулсан байна. Улмаар бүх хүүхдээ хуваарилалтад оруулж, нэрсийн хязгаарлалт гэгчийг тогтоожээ. Жишээлбэл Анужин даваа, Билгүүн мягмар, Хүслэн баасан гарагт цэцэрлэгтээ ирэх “эрхгүй”. Яг л дугаарын хязгаарлалтаар долоо хоногийн аль нэг гарагт замын хөдөлгөөнд оролцдоггүй машин шиг. Энэ маягаар өдөрт нэг ангиас 10 гаруй хүүхэд хичээлдээ ирэхгүй байхад багш нарын ачаалал бага ч атугай буурдаг бололтой юм.
Инээдтэй боловч энд эмгэнэлтэй хэд хэдэн асуудал босч ирж байгаа юм. Долоо хоногийн нэг өдөр цэцэрлэгт явж чадахгүй болсон хүүхдүүд гэртээ цоожлуулах, эсвэл хэн нэгнээр харуулахаас өөр сонголтгүй.
Хүүхдийн цэцэрлэг нь хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих сургалтын байгууллага.
Тийм ч учраас цэцэрлэгүүдийн анги, бүлэг бүрт тухайн хичээлийн жилд суралцах ёстой хөтөлбөр, стандарт гэж бий. Тухайлбал энэ хичээлийн жилд бага бүлгийн хүүхдүүд дүрс ялгаж, гараа зөв угааж, хувцсаа зөв өмсөж, зураг зурж, урлан бүтээж, дуулж хөгжимдөж, бүжиглэж сурна гэсэн норм, норматив байдаг. Гэтэл долоо хоногийн нэг өдөр цэцэрлэгтээ очоогүй хүүхэд эдгээр хөтөлбөр, стандартыг бүрэн сурч, зөв хүн болон төлөвшинө гэдэг эргэлзээтэй болоод явчихна. Хичээлдээ 100 хувь хамрагдаж чадаагүй хүүхэд сурах ёстой зүйлээ бүрэн эзэмшиж чадахгүй.
Үүнээс гадна нэг өдөр цэцэрлэгээсээ гадуур хооллож ундалж, ямар орчинд өнжсөн нь тодорхойгүй хүүхэд бусдадаа халдварт өвчин тараах гээд асуудал захаасаа ундарна.
Энэ бүхэнд цэцэрлэгийн удирдлагууд, багш нарыг буруутгахыг хүссэнгүй. Харин машин биш, хүүхдүүддээ хязгаарлалт хийхэд хүргэж байгаад төр засагт сонордуулах гэсэн юм. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан нөгөө олон цэцэрлэг хэзээ хаалгаа нээж, нэрсийн хязгаарлалтад хэлмэгдэж суугаа бяцхан үрсийг баярлуулах юм бол оо.