Өсөхөөсөө авахуулаад үргэлж өрсөлдөөн дунд явах ардчилсан нийгэм гэдэг хүний амьдралын яг зөв зарчим мөн үү?
Би Солонгост амьдарч байсны хувьд нэг ийм зүйлийг мэднэ. Сургуулийн насны хүүхэд хичээлээсээ гадуурх ямар өндөр үнэтэй хэдэн дугуйланд явдаг вэ гэдгээрээ тухайн гэр бүлийн зэрэг зиндаа нь илтгэдэг. Өглөө зургаад босоод хичээлдээ яваад үргэлжлүүлж олон дугуйландаа явсаар шөнө гэртээ орж ирэх тохиолдол хэвийн үзэгдэл. Хэрэв цөөхөн дугуйланд явдаг бол тухайн хүүхэд сургууль дээрээ ад үзэгдэх магадлалтай.
Байрны байршил болон метр квадратаар тухайн айлын зэрэг зиндаа илтгэгдэнэ. Ойр орчим амьдарч байгаа хүмүүстэйгээ өрсөлдөхийн тулд машин, гэрийн тавилга, цахилгаан бараа, гар утас зэргийг үргэлж шинэчилж байх ёстой… гэх мэт бүх зүйл өрсөлдөөн дунд өрнөнө. Тийм учраас Сөүл хотоор явахад байшин сав, дэлгүүр хоршоо, бараа бүтээгдэхүүн гээд бүх зүйл хүмүүст шинэхэн мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд үргэлж шинэчлэлт хийж байдаг.
Тэгвэл “Аз жаргалтай орон”-ы жагсаалтын хоёрт шалгарсан Швейцарь улсын Женев хотоор нэг удаа аялах боломж надад таарсан юм.
Үнэндээ нүд хужирлачихмаар сонин содон гял, цял зүйл юу ч харагдаагүй. Бүх зүйл хуучны 70, 80 онд эргээд очсон юм шиг санагдаж билээ. Нүд эрээлжлэм реклам сурталчилгаа үл тусна. Том хотуудаар явж байхад сүүлийн үеийн киноны реклам. алдартай одуудын зурагтай янз бүрийн сурталчилгаа заавал байдаг бол энд тийм зүйл огт үзэгдсэнгүй. Намайг харж байхад л лав хотын төвөөр нь замын түгжрээ гэх зүйл үзэгдээгүй. Түгжрээ битгий хэл машингүй ч үгүй. Ийм байхад ч иргэд нь гэрлэн дохион дүрмээр зам хөндлөн гарч байлаа. Орон сууцуудаар нь орж үзсэн. Яг манай хуучны 40, 50 мянгатын эсвэл 1 дүгээр хороолол, 3, 4 дүгээр хороолол шиг жижигхэн лифттэй юм билээ.
Миний мэдэх Франц нөхөртэй Монгол бүсгүй байдаг юм. Нөхөр нь цалин өндөр авдаг. Гэхдээ машингүй. Нөгөө өндөр цалингаа аваад, аялаад л аялаад л бас дахиад аялаад л. Үнэтэй буудал, үнэтэй ресторанд орж хоол идсээр байгаад таардаг гэсэн. Байрны лизинг бараг 100 жилийн хугацаатай аваад үр ачаараа дамжуулан маш багаар төлөөд явдаг учраас амьдрал, аялалд нь дарамт болдоггүй.
Эндээс дүгнэхэд хүний хүсэл их. Үргэлж шинийг хүсч байх тусам аз жаргал үгүй болдог. Байгаа чанартай зүйлээ нураахгүйгээр тэрэндээ сэтгэл хангалуун байх тэр л аз жаргал юм байна.
Нэг мөрөөдлийн жишээ хэлье л дээ.
Бид ардчилсан замаар хөгжилтэй орон болохоор явж байгаа. Өндөр, өндөр байшинтай ч баян, ядуу нь холилдон хотдоо шавцгаана. Баяр наадам, зугаа цэнгэл гэх мэт илүү тансаг хэрэглээ ихсэх тусам юмны үнэ улам өсч, цалин багадана. Энэ бол хөгжилтэй орын жишээ.
Тэгвэл манай улс аз жаргалтай орон байвал ямар байх вэ гэж төсөөлөөд үзье. Хуучны байшингуудаа чанартай засаж сэлбээд хэвээр нь ашиглана. Хамгийн сүүлд баригдсан байшин гэвэл 3, 4 дүгээр хороолол. Өөр нэмж байшин барихгүй. Дундаж цалин таван сая төгрөг байлаа гэхэд шатахуун нэг литр нь 500 төгрөг, байрны лизингдээ сардаа 200.000 төгрөг төлнө. Үүнийгээ 100 жилийн хугацаатай. Төлнө.
Өглөө зургаан цагт бүх ажил эхэлж, орой найман цагт дэлгүүр хоршоо, баар сав бүгд хаана. Эрт унтаад, эрт сэрнэ. Ингэснээр хүний дархлаа сайжирна. Орон даяар дундаж цалин таван сая төгрөг учраас хотод шаваад байх шаардлагагүй болно. Эндээс утаа, түгжрэл ч буурна гэсэн үг.
Боловсролын ялгаагүй өндөр цалин авах тул хүн бүр байгалиас заяасан авьяас чадлаараа ажил хийж, цалингаа авна. Тиймээс чанаргүй боловсрол, хэрэггүй диплом, дургүй ажил гэсэн ойлголт үгүй болно. Байгалиас заяасан жинхэнэ удирдах чадвартай хүн удирдлагын ажлаа хийх тул шийдвэрүүд нь үргэлж зөв байна. Мөнгөний төлөө ажиллана. Мөнгөний төлөө худлаа ярина, авлига, хээл хахууль авна гэсэн ойлголт үгүй болно.
Цалин өндөр учир хулгай, дээрэм, залилан, сүлжээ гэх мэт шунхайн сэдэлтэй гэмт хэргүүд гарахгүй. Ингээд муу хүн байхгүй болчихвол харьцуулах сайн хүн ч гэж байхгүй болж дээдийн дээд гэдэг шагнал урамшуулал ч үгүй болно. Тэгэхээр эрх мэдэл, эд мөнгөний төлөө зүтгэх шаардлагагүй болж, ард түмэн олон намд хуваагдаж нэгийгээ хэт муулах, хэт магтах шаардлагагүй болно. Мэдээж гэмт хэрэггүй учраас шүүх байгууллага ч хэрэггүй. Хулхи бараа, хямд хүнс, хуурамч эм тариа гэж байхгүй. Нийтээрээ сэтгэл санаа тайван учир мухар сүсэг, шашин хөгжиж, баян лам нар алга болж, уул овоо, ургаа модыг хадгаар, боож, бохирдуулахаар болино. Уг нь шашин бол мөнгө зарцуулбал хүсэл биелүүлэгч бэрд биш өөртэйгөө ярилцаж өөрийгөө өөрчлөх бясалгал гэдгийг ойлгочихмоор байгаа юм.
Цааш нь үргэлжлүүлье. Ард иргэд нийтийн тээврээр үйлчлүүлээд сурсан учир хөдөлгөөний дутагдал, таргалалт болон олон өвчнөөс ангижирна. Айл болгон машинтай байна гэсэн ойлголт байхгүй. Үүнийг дагаж түгжрэл арилах бөгөөд зам тээврийн осол аваар ч багасах юм. За тэгээд машингүй иргэд нь хөдөө гадаа явахдаа машин түрээслээд явчихдаг дэлхийн жишгийг дагана. Хотын хүн ам бага, дуу шуугиан багссан учир туулын усанд шувууд цугларч, хотын төвөөр уулын буга бэлчинэ.
Өрсөлдөх эсвэл даган дууриах улс байхгүй учир хэт их үндсэрхэг үзэл байхгүй. Үнэтэй машин, өндөр лизинг, тансаг хэрэглээ, банкны зээлийн карт бүгд алга болно. Цалин хангалттай учир үр хүүхэддээ мөнгө хураах тухай бодолгүй дэлхийгээр аялахаас өөрөөр мөнгө үрэх шаардлагагүй болж байгаа юм.
Цөмийн зэвсгээр зэвсэглэн өндөр хөгжилтэй орнууд хиймэл оюун ухаан, генийн өөрчлөлт гэх мэт өөрсдийн зохиосон олон зүйлээс айн дараагийн амьдрах гариг, ертөнцөө аль хэдийн хайж эхэлсэн бол! Аз жаргалтай орны иргэд олон зүйлд санаа зоволгүй олон зуун жилийн өмнө барьсан байрандаа үе удмаараа амар тайван амьдарсаар л байна.
Сэрэлт кино нь дээр гардаг шиг “Энэ бол манцанковын дарга аа. За ингээд миний мэддэг Орос хэл дууслаа шүү. Үүнээс цааш өөрсдөө учраа олоорой” гэдэг шиг мунхаг би хар ухаанаараа бодоход гадны хүн харахад уйтгартай мэт санагдавч “аз жаргалтай орон” гэж нэг иймэрхүү зүйлийг хэлээд байгаа юм шиг
Бид ээж аавыгаа солих боломжгүй шиг эх орноо ч бас солих боломжгүй. Гэхдээ сонголт хийх боломж бүгдэд байна. Гэр бүлээ өндөр хөгжилтэй болгох уу, эсвэл аз жаргалтай болгох уу?
Эх сурвалж: Дэлхийгээр аялагч Bat Munh