О.Сайнбаяр: Бидний шилжүүлж авсан газрыг эзэмшигч нь хотын даргын ах байсан нь энэ төслийг улс төртэй холбох шалтаг боллоо

“Зүүнбаян рефайнери” компани Туул голын эрэг дагуух хэдэн мянган бургасыг нэлэнхүйд нь хядаж, зөвшөөрөлгүйгээр барилга барьж байна гэх мэдээлэл олон нийтэд тархаад байгаа билээ. Үүнтэй холбоотой асуудлаар “Зүүнбаян рефайнери” компанийн захирал О.Сайнбаяртай ярилцлаа.

-Их Тэнгэрийн амны наахна, “Маршал”-ын гүүрний зүүн хэсэгт баригдаж байгаа барилга танай компанийн захиалгаар баригдаж байгаа юм билээ. Тухайн барилга ямар зориулалтын барилга вэ. Аялал жуулчлалын цогцолбор гэж сонссон үнэн үү?

-Санаа нийлсэн хэдэн залуус нэгдэж, Монгол Улсдаа томоохон бүтээн байгуулалт хийх зориг шулуудсан. Ингээд дэлхийн жишигт нийцсэн аялал жуулчлалын цогцолбор барья гэдэг санааг цаасан дээр буулгаж, төсөл болгосон нь “Их тэнгэр” төсөл юм. Цогцолборын барилга баригдаж буй талбайн 30 хувь нь барилга, 70 хувь нь ногоон байгууламжтай. Нийслэлийн иргэд болон гаднаас ирсэн жуулчид ая тухтай нөхцөлд амарч, зугаалах зориулалттай учраас тоглоомын талбай, усан оргилуур, бичил нуур, бассейн, үйлчилгээний төв зэргийг байгуулахаар зураг төсөл батлуулсан. Мөн иргэд амарч тухлах, хоноглох байдлаар guest house барихаар төлөвлөсөн юм.

-“Их тэнгэр” аялал жуулчлалын цогцолбор барих төслөө хэзээнээс хэрэгжүүлж, тусгай хамгаалалттай газрыг ашиглах зөвшөөрлийг хэзээ авсан юм бэ?

-“Их тэнгэр” аялал жуулчлалын цогцолбор барих төслийг 2010 онд анх бичиж, эхлүүлж байсан. Төслийг хэрэгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд газрын байршлыг зөв сонгох шаардлагатай болсон. Маш олон газар судалж үзсэн. Хамгийн сүүлд нь Их Тэнгэрийн амны ойролцоох газар хамгийн тохиромжтой газар болж таарсан юм. Тухайн газрыг судлаад үзэхэд “Зүүнбаян рефайнери” компани эзэмшдэг болохыг олж мэдсэн. Ингээд газар эзэмшигчийг хайж явсаар тухайн компанийн үүсгэн байгуулагч С.Уламбаяр гэдэг хүнийг олж уулзсан. С.Уламбаяр үүсгэн байгуулагч нь миний төрсөн ахтай хамт армид алба хааж байсан хүн болж таарсан. Тийм учраас ахаараа дамжуулаад С.Уламбаяр гэдэг хүнтэй дахин уулзаж, төслөө танилцуулсан. Тэрээр бидний саналыг сонсч, “Их тэнгэр” төслийг дэмжинэ гэдгээ илэрхийлж, газраа ашиглуулахыг зөвшөөрсөн юм. Бидний төсөл хэрэгжүүлэх дөрвөн га газрыг 2008 оны наймдугаар сарын 8-нд “Зүүнбаян рефайнери” компанид БОАЖ-ын сайдын тушаалаар аялал жуулчлалын чиглэлээр ашиглах зөвшөөрлийг олгосон байдаг.

-Тухайн газрын зөвшөөрлийг 2017 онд БОАЖ-ын сайдын тушаалаар цуцалсан санагдаж байна. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байсан гэх мэдээлэл байсан?

-“Их тэнгэр” төслийг эхлүүлэхэд Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас энэ төслийг хэрэгжүүлэхдээ хотын ерөнхий төлөвлөлтийн дагуу зохих стандартыг барьж ажилла гэсэн төлөвлөлтийн даалгавар юм. Техникийн нөхцөлүүдийг журмын дагуу хангасан. Мөн төслийн эскиз зураг, ажлын зураг зэргийг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар болон Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий Архитектор Э.Анар нар баталсан. Тийм учраас барилгын үйл ажиллагааг эхлүүлж байсан юм.

Ингээд барилгын ажил үргэлжлээд явж байтал 2017 оны зургадугаар сарын 20-нд Д.Оюунхорол сайд газар ашиглах эрхийг дуусгавар болго гэсэн тушаал гарсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонссон. Гэвч бидэнд албан ёсоор цуцалж байгаагаа мэдэгдээгүй. Түүнээс хойш цуцалсан тушаал, шийдвэрийг хөөцөлдөж явсаар 2018 оны тавдугаар сарын 8-нд хуулбарыг олж авсан. Энэ хүртэлх хугацаанд албан ёсоор барилгын ажлыг зогсоох шийдвэр ирээгүй учраас барилгын ажлаа үргэлжлүүлж байсан. Хэрвээ бидэнд 2017 оны зургадугаар сард албан ёсны тушаал шийдвэрээ авчирч өгсөн бол бид тухайн үед нь үйл ажиллагаагаа зогсоож, эрхээ сэргээлгэхээр шүүхийн байгууллагад  хандах байсан. Гэсэн хэдий ч бид жилийн дараа газар ашиглах зөвшөөрлийг цуцалсан талаарх тушаалын хуулбарыг олж аваад Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд газрын эрхээ сэргээлгэхээр хандсан байгаа.

-Танай компаниас хэрэгжүүлж байгаа төслийг хотын дарга С.Амарсайхантай холбож тайлбарлах нь байдаг. Энэ тал дээр та бодит тайлбарыг өгөх нь зүйтэй байх?

-“Зүүнбаян рефайнери” компанийн үйл ажиллагааг улстөрчид хотын даргатай холбож байгаа юм. Бид “Их тэнгэр” төслийг хэрэгжүүлэхийн тулд газрыг шилжүүлж авах шаардлагатай болсон. Гэтэл тусгай хамгаалалттай газрыг хувьд шилжүүлдэггүй юм билээ. Тиймээс бид төслөө “Зүүнбаян рефайнери” компанийн нэр дээр явуулахаар болж, үүсгэн байгуулагч С.Уламбаяраас компанийг нь шилжүүлж авсан юм. “Зүүнбаян рефайнери” компанийн үүсгэн байгуулагч С.Уламбаяр нь одоогийн хотын дарга С.Амарсайханы төрсөн ах байж таарсан. Үүнийг л улстөрчид бидэнтэй холбож завааруулаад байгаа юм. Миний хувьд С.Амарсайхан гэдэг хүнийг хотын дарга гэдэг үүднээс л мэднэ. Тэрнээс бусдаар бид уулзаад тусламж, дэмжлэг авч, түүний нөмөр нөөлгөнд явж байгаа хэрэг биш. Харин түүний ахтай нь төсөл хөтөлбөрийн хүрээнд компанийг нь шилжүүлж авахын тулд хэд хэдэн удаа уулзсан. Гэсэн хэдий ч С.Амарсайхан, С.Уламбаяр гэх хүмүүс төсөл хөтөлбөрт ямар ч тусламж дэмжлэг үзүүлээгүй. Бидний ард талд С.Уламбаяр, С.Амарсайхан гэдэг хоёр хүн байсан бол энэ төсөл аль хэдийн хэрэгжээд дуусах байсан юм. Энэ хүмүүс бидний ард байсан бол манай компанийн үйл ажиллагааг зогсоо гэж хэлэхгүй биз дээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …