Оюутан, залуусын зуны амралтад зориулан “Өглөөний зочин” ярилцлагын булангийнхаа ээлжит зочноор Хувь хүний хөгжлийн сэдвээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг “Амар Оюуны Хөрөнгө Оруулалт” ХХК-ийн захирал Ч. Сайхнааг урьж ярилцлаа.
-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Ч. Сайхнаа гэдэг. Шихихутуг Их сургуулийг 2013 онд Эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн. Одоо “Амар Оюуны Хөрөнгө Оруулалт” ХХК-ийн захирлаар ажилладаг. Үндсэндээ хувь хүний хөгжлийн чиглэлээр сургалт , зөвлөгөө өгдөг.
-Хувь хүний хөгжил рүү чиглэсэн сургалтын үйл ажиллагааг явуулаад хэдэн жил болж байна вэ?
-2010 оноос эхлэн Шихихутуг Их сургуулийнхаа мэтгэлцээний клубийн сургалтыг хариуцан ажиллаж, шинэ элсэгч нартаа зориулж илтгэх урлаг, мэтгэлцээн, имиж бүрдүүлэлт сэдвээр хичээл ордог байсан. Харин 2014 оны тавдугаар сараас эхлэн албан ёсоор сургалтын төвд багшаар ажиллаж эхэлсэн.
-Анх оюутан, залууст зориулсан сургалтын төв байгуулах санаа хэрхэн төрсөн бэ?
-Сургалтын төвд ажиллаж эхлэхээсээ өмнө мэргэжлээрээ ажиллаж үзсэн л дээ. Мөнгөний төлөө бид хаана ч ажиллаад байх боломжтой. Гэхдээ тэр ажиллаж буй ажлаасаа хэр сэтгэл ханамж авч чадаж байна вэ, сэтгэл зүрхээ зориулж чаддаг байх талаас хараад “ер нь миний дуртай зүйл юу вэ гээд бодоод үзэхэд мэргэжлээсээ илүү бусдад сурсан мэдсэнээ хуваалцах нь надад илүү таалагддаг байсан, тэгээд би өөрийгөө л хөгжүүлье гэж бодоод сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн л дээ. Гэхдээ ганцаараа байгуулаагүй, зорилго нийлсэн хоёр найзтайгаа хамт байгуулсан.
-Хувь хүний хөгжилд голлон нөлөөлж буй хүчин зүйлс юу вэ?
-Хамгийн эхлээд залуустаа хувь хүний хөгжлийн ойлголтын талаар засч өгөхгүй бол болохгүй юм шиг санагдаад байгаа. Хувь хүний хөгжлийн сургалт, лекцийг ойлгохдоо дандаа манлайлалтай холбодог. Манлайлалтай холбож ойлгохоор энэ нь “Захирал, удирдагчид”-ын асуудал юм шиг ойлгогддог. “Өнөөдрийн Ч. Сайхнаа дараа жил хандлагынхаа хувьд хэр их өөрчлөгдсөн вэ, дутуугаа нөхөж чадсан уу гэдэг л” ойлголт л доо. Хувь хүний хөгжилд хамгийн их садаа болдог зүйл бол найз нөхдийн хүрээлэл. Би залуустаа хандаж хэлэхэд Нэгдүгээрт “аль болох янз бүрийн хүмүүстэй нөхөрлөөсэй тэр хүмүүсээс суралцдаг, зөв үлгэрлэл авдаг байгаасай гэж зөвлөмөөр байна. Хамгийн их нөлөө үзүүлдэг хүмүүс бол найзууд. Хоёрдугаарт хувь хүний хандлагын асуудал чухал. Адилхан 24 цаг өгөгдсөн байхад нэг нь унтах нойроо багахан хасаад ном уншчихдаг, гэтэл нөгөө хэсэгт нь өөрийн завгүйгээ гайхсан хүмүүс их байдаг. Тэгсэн хэрнээ би мундаг л болмоор байна гэж ярих нь их. Энэ чадаад байхад би яагаад болдоггүй юм бол гэж бодож болно шүү дээ. Сарын дараа гэхэд нэг нь бүтэн хоёроос гурван ном уншчихсан нөгөө нь хөгжих тухай бодож санааширснаас өөр үр дүнгүй л болдог.
-Та сая хандлагын асуудал чухал гэж ярилаа шүү дээ. Залуус Монголдоо мэргэжлээрээ ажиллахаас илүү, гадаадад сурч, амьдрахыг илүүд үздэг болж, энэ тал дээр таны бодол.
-Залуучуудын хувьд боловсролын тогтолцоо, сургалтын агуулгаасаа хамаараад гадаадад боловсрол эзэмших нь илүү ашигтай байгаад л байна даа. Монголдоо суралцаж буй оюутан, залуус гадаадад боловсрол эзэмшиж буй залуустаа адилхан мэдлэгийг өөрсдөө илүү сайн хичээвэл, авч чадна шүү дээ. Харин эндээс л тэр хандлагын асуудал гарч ирээд байгаа юм. Цалин бага, хамаг ажил танил талаар явдаг ийм улсад амьдрах хэцүү байна би эндээс явна гэвэл тэр хүний л эрхийн л асуудал гэтэл ийм нөхцөлийг бий өөрчилнө, би өөрөө боловсролын тогтолцоог, чанартай боловсролыг бий болгоноо ч гэж бодож болно. Зүйрлэвэл цөлөрхөг газар мод тарьснаас илүү үржил шимтэй нутагт мод тарьсан нь дээр л дээ, гэхдээ тэр шимгүй хөрсийг арчлаад өөрчлөх, модоо тарих тухай л асуудал
-Таны бодлоор залуусын мөрөөдөлдөө хүрэхэд юу саад болж байна гэж хардаг вэ?
-Эхний ээлжид хүн өөрөө л саад болж байгаа юм шиг санагддаг. Хүн болгоны мөрөөдөл өөр л дөө. Тууштай байх хэрэгтэй. “Би анхандаа сайн багш болно гэдэг мөрөөдөлтэй байсан.” Тухайн үед дэврүүн сайхан мөрөөдөл юм шиг. Одоо бодоод үзэхэд бас л дутмаг, сайн багш дээрээ нэмээд юу хийх хэрэгтэй вэ гэдэг тал дээр бодож л байх ёстой юм шиг санагдсан. Нэгдүгээрт, Хамгийн том саад бол хувь хүн өөрөө, Хоёрдугаарт, Нийгмийн асуудал. Жишээлбэл “Энгийн нэгэн засварчин залуу мөрөөдлийн засварын газраа нээе гэхэд 30 сая төгрөг хэрэгтэй байна” гэдэг. Тэгж хэлэхэд нь би “ЖДҮХСангаас зээл аваад үзээч гэж хэлэхэд би нарт өгөхгүй” гэж хариулдаг. Иймээс төр засгаас ийм бодолтой залуусаа бодитоор дэмждэг байх хэрэгтэй юм шиг байгаа юм л даа.
-Залуус зорилго тавихдаа хэт холын зорилго тавьдаг шүү дээ. Гол нь төлөвлөгөө гаргах нь чухал байх тийм үү?
-Тэгэлгүй яахав. Ер нь хувь хүний хөгжлийн чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг багш нарын гол заадаг зүйл нь төлөвлөлт, дадал бий болгох, сэдэлжүүлэх байдаг. Зорилго жижиг, том ямар ч байж болно л доо. Хамгийн гол нь жижиг зүйлийг төлөвлөөд сурчихвал, томыг төлөвлөхөд амар болчихдог. Ер нь бол долоо хоногт хийх ажлын жагсаалтаа төлөвлөөд сурчих хэрэгтэй. Өнөөдөр энэ ажлыг хийнэ л гэсэн бол заавал хийж дуусчихдаг байх ёстой. Манайхан яадаг вэ гэвэл “ энэ ажил ирэх долоо хоногт юм чинь гээд хийхээсээ залхуураад хойш нь тавьдаг” энэ бол буруу. Дээр нь “хэрэгтэй, хэрэггүй”ажлаа ялгаж сурах хэрэгтэй.
-Манай улсад өөрчлөх, хөгжүүлэх зүйл байгааг та илүү гярхай ажиглаж, дүгнэлт хийдэг байх л даа. Өөрчлөхийг хүссэн зүйл таныхаар бий юу?
-Шууд эх орны хөгжил ярихаар ахиад хандлагын асуудал руу ороод явна л даа. Аймгийн 90 жилийн ойг тэмдэглэлээ гээд бодоход “90 жилийн хөгжил иймхэн байгаа юм уу гээд ярьдаг шүү дээ. “нөгөө л нэг модон хашаа, худгаас ус заадаг хүүхдүүд хэвээрээ л байгаад байдаг”.Гэтэл нийгэмд шинийг санаачлагч бүтээлч хүмүүс байсан л байгаа. Тэгэхээр шинийг санаачлагч, бүтээлч сэтгэлгээтэй хүмүүс олон болох л хэрэгтэй. Ядахдаа хүн бүр алхам тутамдаа бүтээлчээр хандвал улс маань хөгжмөөр санагддаг. Бид нар шүүмжлээд л байдаг хирнээ шүүмжилсэн шигээ шийдэл гарцыг нь ярьдаггүй, шийдлийг нь олоод харчихсан бол хэрэгжүүлэх гэж хичээдэггүй. Зүгээр л ам амандаа л бувтнаад өнгөрдөг. Мэдээж би зам тавьж чадахгүй ч зам тавьдаг компанид, цаашид ч зам тавих хүмүүст шаардлага тавьж бол чадна. Гэтэл бид ийм асуудал дээр ч үзэл бодлоо зөв, үр дүнтэй илэрхийлдэггүй.
– Хүн өөртөө итгэлтэй байхын тулд бусадтай өөрийгөө харьцуулдаггүй байх хэрэгтэй байх л даа. Таны хувьд юу гэж хардаг вэ?
-Янз бүр л байдаг л даа. Гэхдээ “нөгөө харьцуулаад байгаа хүн нь өөрт чинь атаархдаг байж болно шүү дээ”. Бүрэн дүгнэлт хийгээгүй байж сэтгэлээр унах хэрэг байхгүй.
Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх хүчин зүйлс бидний дотор байдаг юм шиг ээ. Зарим нь сайхан хувцаслалтаасаа, хайртай хүмүүсээсээ, бусдын үгнээс бүүр бүтэлгүйтлээсээ ч түүнийг олдог хүмүүс байдаг. Тайван ажиглаад үзвэл бидний өөртөө итгэлтэй болгох маш олон зүйл бидний дотор байдаг ч бид л түүнийгээ анзаардаггүй. Өөртөө итгэлтэй байдал инээмсэглэн алхахаас эхэлнэ шүү дээ. Хэцүү байсан ч инээгээд би давчихнаа гэж хэлээд үзээрэй.
-Та хүмүүст зөвлөснөө өөртөө хэр хэрэгжүүлдэг вэ?
– Бусдаас тусламж гуйлгүй өдийг хүртэл зүтгэхэд алдах үе олон байсан. Зарим нь өөрөөс минь заримдаа хамтран зүтгэгчдээс минь болж сургалт бүтэлгүйтэх үе цөөнгүй байжээ. Одоо бодоход уналтын дараа босох тэнхээ, бусдын төлөө өөрийгөө зориулах хүч энэ бүхэн л намайг өдий зэрэгт хүргэсэн. Найзуудыгаа багшлуулах гээд дуудчихсан гэтэл дорвитой орлого байдаггүй. Сайн гүйцэтгэгчээс удирдлагын түвшинд шууд оччихсон захирал найзуудаа загнаж, хариуцлага тооцож чадахгүй ч үе байсан. Энэ мөчид эргээд харахад би үзэж туулсан, бие сэтгэлээрээ мэдэрсэн бүхнээ сургалтын үеэр хуваалцдаг юм байна. Тэгэхээр би бусдад заадгаа өөрөө туршаад, алдаад үзчихсэн мэддэг зүйлээ, цаашид ч хэрэгжүүлэх зүйлсээ л бусдад хэлэхийг хичээдэг юм байна. Төгсгөлд нь бахархалтайгаар хэлэхэд би унаж үзсэн, би ядарч үзсэн, энэ бүхэн одоогийн намайг бүтээжээ.
-Танай сургалтын байгууллага ерөнхий боловсролын сурагчдын зуны амралтад зориулсан сургалтыг энэ сарын 16-27-ны өдрүүдэд явуулах гэж байгааг дуулсан. Энэ талаараа хариулна уу?
– Тийм ээ, өмнө нь насанд хүрэгчид, оюутнууд руу хандсан сургалт арга хэмжээнүүдийг голчлон зохион байгуулдаг байсан. Гэтэл ирээдүйн идэвхтэй иргэдийг бий болгоход тус дөхөм болгох сургалтууд хэрэгтэйг анзаарсан. Ерөнхий боловсролын сурагчдын зуны амралтад зориулан 11 хоногийн хугацаатай Харилцаа, илтгэх, мэтгэлцэх ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрийг зарласан. Энэ удаагийн хөтөлбөрөөс чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ үнэт зүйлс, ёс суртахуун эрхэмлэсэн сургалтуудыг зохион байгуулахыг зорьж эхэлсэн.
Энэхүү хөтөлбөрийн онцлог:
1. Ерөнхий боловсролын сурагчдын насны онцлогт тохирсон сонирхолтой аргаар сургалтаа заана
2. Мэтгэлцээн илтгэх урлагийн мэргэжилтнүүд хичээлийг удирдаж явуулна.
3. Харилцааны ур чадварын хичээлийг нэмэлтээр оруулна.
4. Бид онолын мэдээллийг баталгаажуулах, дасгал ажиллуулна.
-Эцэст нь залуучууддаа хандаж юу гэж хэлмээр байна вэ?
Нэгэн хүн хэлсэн байдаг 20 жилийн дараа хийж үзсэнээсээ илүү хийж үзээгүй зүйлдээ их харамсдаг гэж. Би хүмүүсийг олон зүйлийг тэнцвэртэйгээр оролдож үзээсэй , болж өгвөл чадваруудаа хөгжүүлээсэй л гэж боддог. Зураг сайн авдаг шигээ бусадтай тэгж харилцаж чаддаг, уран илтгэдэг шигээ эерэг хандлагатай, зөв бодолтой тэвчээртэй, хамаатай гэж үзсэн асуудалдаа сэтгэлээсээ ханддаг байгаасай л хүсье.
-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. Сургалтад нь амжилт хүсье.
-Баярлалаа.
Г.Нараа