Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарилга гаргаж, “Манай гэр” төвийн захирал, багш Н.Гаамааг Монгол Улсын гавьяат багш цол тэмдгээр шагнасан билээ. Н.Гаамаа багш асрамж халамжийн салбарт 20 гаруй жил ажилласан бөгөөд энэ хугацаанд хүний өөрийн, хагас болон бүтэн өнчин олон хүүхдийн хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн эрхэм гавьяатан юм.
–Юуны өмнө танд МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ хэмээх эрхэм алдрын эзэн болсонд баяр хүргэе. Та хүүхдийн салбарт ажиллаад хэдэн жил болж байна вэ?
-Баярлалаа. Миний бие асрамж халамжийн салбарт 21, боловсролын салбарт 16 жил ажилласан байна. Энэ хугацаанд ээжийн, эмээгийн хайраар хүүхдүүдээ хүн болгож, өсгөж, өргөж, хүмүүжүүлж, амьдралд хөл залгуулах юмсан гэж хичээн ажиллаж байна. Үүний ач буянаар өнөөдөр энэ эрхэм гавьяа цолыг авлаа.
–Анх хүүхдийн салбарт орж ажиллах шийдвэрийг хэзээ, хэрхэн гаргаж байв?
-Хан-Уул дүүргийн 46 дугаар цэцэрлэг гэж бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа хүмүүсийн хүүхдүүдийг авдаг цэцэрлэгт, энэ салбараас төрсөн анхны гавьяат багш С.Майдаржавын удирдлага, заавраар хүүхэдтэй ажиллах гараагаа эхэлж байлаа. Намайг хүүхдийн салбар луу эргэлт буцалтгүй оруулсан хүмүүс гэвэл яах аргагүй 46 дугаар цэцэрлэгийн хамт олон минь юм. Энэ хугацаанд хүүхдүүд маань эрүүл саруул, боловсролтой хамгийн гол нь зөв хүн болж төлөвшөөсөй л гэж бодож, санаж түүнийхээ төлөө ажилласаар ирсэн. Одоо 6 хүүхэд маань дээд сургуульд суралцаж байна. Нэг хүүхэд маань сургуулиа төгсөөд БНСУ-д гэрээгээр ажиллаж байна. Бас нэг хүү маань цэргийн албанд өөрийнхөө саналаар яваад ирсэн гээд хүүхдүүд маань ажил мэргэжилтэй л явна.
–“Манай гэр” асрамж халамжийн төв анх хэрхэн байгуулагдаж байв. Та энэ төвийн захирлаар чамгүй олон жил ажилласан байх шүү?
-“Манай гэр” асрамж халамжийн төв маань 2003 онд байгуулагдсан. Анх 1998 онд Сонгинохайрхан дүүрэг дээр Япон улсын иргэн Арэтэмэ Кэн гэдэг настай хүнтэй танилцаж байлаа. Тэр хүн Япондоо асрамжийн газар ажиллуулдаг, хүмүүнлэгийн үйлсэд гар, бие оролцдог мундаг хүн байсан л даа. Арэтэмэ Кэн гуай тухайн үед Монголд ирж, орчин нөхцөл, хүүхэд асрах байгууллагын үйл ажиллагааг нь судлахаар ирсэн байсан юм. Ингээд тэр хүн манай ХХҮТ-д хандсан юм билээ. Үүний дараа ХХҮТ-өөс бидэнд энэ хүнтэй хамтарч ажиллавал ямар вэ гэдэг саналыг тавьсан. Үүнээс хойш тэр хүн Монголд ирж, очин байж байгаад 2003 оноос албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, асрамжийн газар нээж байсан.
-Таныг хэвтэрт байсан олон хүүхдүүдийг асарч, хөл дээр нь босгосон гэж ярьдаг. Хөгжлийн бэрхшээлтэй, саажилттай хүүхдүүдийг асарна гэдэг амаргүй. Танд хэцүү байна гээд шантрах үе байв уу?
-Хэцүү гээд орхих юм бол бүх ажил хэцүү. Миний хувьд би л үүнийг хийхгүй юм бол өөр хэн хийх билээ гэж өөртөө байнга хэлж ирсэн. Анх бид зургаан хүүхэд авч байлаа. Тэдний гурав нь хэвтрийн, саажилттай хүүхэд байсан. Тэгэхэд хүүхдүүдээ хөл дээр нь босгоно гэж зүтгэж явснаас биш тэднийгээ хэзээ ч тээршааж байсангүй. Миний төрсөн хүүхдүүдээс ялгаагүй. Мэдээж хөгжлийн бэрхшээлтэй, саажилттай, биеэ хянаж чадахгүй хүүхдүүдийг асарна гэдэг амаргүй. Гэхдээ л би анх авсан гурван хүүхдээ хөл дээр нь босгосон. Зургаан сарын дараа мөлхдөг болгоно, жилийн дараа алхдаг, гүйдэг болгоно доо гээд л зүтгэсэн. Энэ маань ч талаар болоогүй. Одоо тэдгээр хүүхдүүд маань 17,18 орчим насны том залуучууд болсон. /инээв/ Ер нь надад шантрах, асрамжийн төвд ажиллахаа болих тухай бодол нэг ч удаа орж ирж байгаагүй. Мэдээж өдөр бүхэн инээгээд сууна гэж юу байх вэ. Хэцүү, бэрх өдрүүд алийг тэр гэх вэ. Гэвч тэр бүхнийг даван туулах гэж л хүний олон хүүхдийг өсгөж, хүмүүжүүлэх үүрэг хүлээсэн хүн шүү дээ. Энэ чинь нарийн яривал миний ч хүүхэд биш дээрээ хараа, хяналттай, төрийн хүүхдүүд. Асрамжийн газрынхан гэхээрээ л муу, муухай байх ёсгүй гэж боддог. Тиймээс ч хүүхдүүдээ сайхан хувцаслаж, цэвэр цэмцгэр байлгахыг хичээсээр ирсэн дээ.
-Танд баярлалаа.