Нийслэлд өнө удаан жил шийдлээ хүлээж буй нэг асуудал бол агаарын бохирдол, түүний гол хүчин зүйл болох утаа. Энэ талаар олон арга хэмжээ авч байгаа ч төдийлөн үр дүнд хүрээгүй.
Хэдийгээр жилд дунджаар 6-7 мянган барилга ашиглалтад орж байгаа ч төвийн шугам сүлжээнд холбогдож чадахгүй тохиолдол их байна.
Тэгвэл дээрх асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулах шинэ технологийг Монголд нэвтрүүлэх ажлыг эхлүүлжээ.
Тодруулбал ШУТИС-ийн профессор, доктор Д.Басандорж нүүрсний оронд ус “түлдэг” эко зуухыг Монголдоо нэвтрүүлэх саналыг БШУЯ-нд тавьснаар ажил хэрэг болоод эхэлсэн байна.
Хүйтний улирал шувтарч ус түлдэг эко зуухны баг хамт олон ч өөрсдийн ажлын үр дүнг шалгуулахад бэлэн болоод буй энэ үед сонины сурвалжлах баг энэхүү зуухыг манай улсын нөхцөл байдалд хэрхэн тохирч байгаатай танилцсан юм.
Эко зуухны технологио өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургууль, Хан-Уул дүүргийн 29 дүгээр цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн биеийн тамирын заалыг халааж туршсан байна. 71 дүгээр сургууль, 29 дүгээр цэцэрлэг өмнө нь уурын зуухнаас дулаан авдаг байж.
Харин 14 дүгээр сургуулийн биеийн тамирын заалыг төвийн дулаан хүрэлцэхгүйн улмаас ашиглахгүй орхиод цахилгаан халаалт тавьсан ч өртөг зардлыг нь дийлэхгүй больсон сурагтай. Тиймээс ийнхүү шинэ технологийг турших ажлыг эхлүүлжээ.
Зөвхөн цахилгаан халаалт гэлтгүй жижиг уурын зуухтай сургууль, цэцэрлэгүүдийн халаалтын зардал өндөр байна гэсэн шүүмжлэл их гардаг учраас энэхүү технологийг БШУ-ны яамтай гэрээ хийн, ашиглалтын зардлыг нөхөх замаар туршилтаа явуулсан гэдгийг төслийн удирдагч Д.Басандорж хэлж байсан юм.
Туршилтын үр дүн ч сайн байгаа талаар төсөл хэрэгжүүлж буй 14 дүгээр сургуулийн инжнер техникийн ажилчид хэлж байв. Тодруулбал тус сургуулийн сантехникч Ч.Бамбаа “Манай ажилчид энэ технологи дээр гурван ээлжээр ажиллаж байна.
Бидний хийж байгаа гол ажил бол кВт-аа л бичиж байна даа. Хоногт дунджаар өвлийн их ачаалалтай үед 20 кВт гарч байсан бол одоо 14 кВт гарч байна. Ямар нэгэн гэмтэл эвдрэл гарвал шар гэрэл нь асаад дохио өгдөг” гэв.
Энэхүү тооцоогоор бол сард хамгийн ихдээ 600 кВт цахилгаан зарцуулах бөгөөд энэ нь сард төлөх цахилгааны мөнгө нь 60 мянган төгрөг болохоор байгаа юм.
Эко зуухнуудыг Солонгост байдаг роботын үйлдвэрт захиалж хийлгэжээ. Титан бэлдэц гэх мэт нарийн эд ангиудтай учраас Монголд хийж чадахгүй байгаа аж. Нэг зуух нь 60-аад мянган ам.долларт босдог. Гэхдээ уг технологийн оронд уурын зуухны тоног төхөөрөмж авъя гэвэл 180 мянган доллар болох тооцоог албаныхан хэлж байв. Эко зуух амралт сувилал, өрхийн эмнэлэг, хорооны байр, цэргийн анги, сургууль, цэцэрлэг, зочид буудлын жижиг барилгуудыг халаахад тохиромжтой. Нэг эко зуух нь 1400-1800 метр квадрат талбайг халаах хүчин чадалтай аж. Дулаан баригч аккумляторт дулааныг тодорхой хугацаагаар хадгалан, 2-3 цагийн хугацаанд мотор нь зогсдог учраас эрчим хүчний хэмнэлт гаргах боломжтой юм байна.
Утааг бууруулах биш утааг шууд зогсоох технологийн шийдэл нь эко зуух юм
Ингээд энэхүү утааг хашраах ус “түлдэг” зуухны эдийн засгийн үр ашиг, нийгэмд үзүүлэх нөлөөний талаар ШУТИС-ийн профессор, доктор Д.Басандоржтой ярилцлаа.
-Монголд нэвтгүүлж байгаа энэхүү халаалтын зуухыг үр дүн сайтай байгаа талаар та бүхэн ярьж байна. Ямар үр дүн үзүүлээд байгаа талаар тодруулахгүй юу?
-Нэг метр квадрат талбайг уурын зуухаар халаахад 1200-1800 төгрөг, төвийн халаалтын системээс 376 төгрөг төлдөг. Харин эко зуухыг ашигласнаар 12-20 төгрөг төлөх юм. Энэ төхөөрөмж бойлертой харьцуулахад 40-60 хувь хямд. Агаарын бохирдол ихтэй хот, аймгийн төвийн жижиг уурын зуухнуудыг эко зуухаар соливол утаагүй орчинд амьдрахад нь хувь нэмрээ оруулна гэж найдаж байна.
-Манай агаарын бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын айл өрхүүдийн яндангаас гарч буй утаа. Тэгэхээр энэхүү зуухыг гэр хорооллын айл өрхүүдэд тавих боломж байна уу?
-Амины орон сууцанд уг төхөөрөмжийг тавибал, хэрэглээний ус халаана. Амины орон сууцанд туршилт, судалгаа хийх зардлыг гаргуулахаар Засгийн газар, Цэвэр агаарын санд санал тавиад байгаа.
Туршилтын ажилд 30-аад сая төгрөг шаардлагатай байгаа юм. Санхүүгийн асуудал шийдэгдвэл бид энэ зундаа туршиж үзээд, ирэх өвлөөс хэрэгжүүлээд явчихаж болно.
Манайхан утааны хэмжээ, агаарт цацагдаж буй хорт хийг нь бууруулна, тэдэн хувиар буурууллаа гэж яриад байдаг. Тэгвэл утааг бууруулах биш утааг шууд зогсоох технологийн шийдэл нь эко зуух юм.
-Энэ зуухыг дэлхийн бусад улсуудад хэрэглэж байгаа юу. Нарийн технологи талаас нь тайлбарлаад өгөөч?
-Уг нь усыг задлахад дулаан ялгардаг онолын үндсийг Альберт Эйнштейн тавьсан юм билээ. 1930-аад оны үед АНУ, ОХУ-ын эрдэмтэд уг технологийг судалж байсан ч хэрэглээнд нэвтрүүлээгүй. Тэгээд усыг задалж, дулаан үйлдвэрлэх ажлыг саяхнаас хийсэн учраас XXI зууны технологи гэх тодотголтой. Дэлхийн бусад оронд ч хэрэглээнд нэвтрүүлээд гурван жил болж байгаа шинэхэн шийдэл.
Эко зуух нь метр 80 см хэмжээтэй. Уг зуухыг байрлуулахын тулд барилгын бүтцийг өөрчлөх шаардлагагүй. Жижиг өрөөнд оруулж тавиад холболтууд хийдэг.
-Эко зуух нь ус, цахилгаан хэр их шаардагддаг вэ?
-Пааранд байгаа усыг л эргүүлдэг, нэмэлт ус шаардахгүй. Цахилгаан бага зарцуулна. Өвлийн ид хүйтэнд 80 кВт нь 6400 орчим төгрөг л болдог. 29 дүгээр цэцэрлэг хувийн уурын зууханд халаалтын зардал гэж сар бүр 3.6 сая төгрөг төлдөг байсан бол Эко зуухнаас халаалт авснаар 840 мянган төгрөг болж зардал нь буурсан.
Одоохондоо жижиг хэрэглэгчдэд тохирсон бага оврын зуух оруулж ирээгүй байгаа ч цаашид бага оврын эко зуух оруулж ирэх боломж нөхцөл байгаа талаар ярилцаж байв. Эндээс гэр хорооллын айл өрхийг эко зуухаар хангачихвал утааны асуудлыг нэг мөр шийдэх боломж харагдаж байна.
Биднийг 14 дүгээр сургууль дээр очих үед хувийн хэвшлийн төлөөллүүд ч ирж сонирхож байгаа харагдсан. Тэд “Одоо барилга бариад төвийн шугамд холбуулаад халаалт авна гэдэг хэцүү болсон байна. Бөөн зөвшөөрөл бичиг баримт шаарддаг.
Хувийн уурын зуух бариулахгүй гэж байгаа. Харин энэ зуухыг аваад тавьчихвал сард 60 мянган төгрөг төлөөд халаалтынхаа асуудлыг шийдэж болохоор байна.
Төвийн шугам сүлжээнд холбогдсон тохиолдолд хүссэн хүсээгүй тавдугаар сарын 1 хүртэл дулааныхаа мөнгийг төлдөг. Эко зуухыг суурилуулчихвал дулаан үед халаалтаа багасгах, зогсоох зэрэг арга хэмжээг авч болохоор байна” хэмээж байлаа.